УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 17.10 цагийн орчимд эхэлж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 42 нь дэмжиж, 72.4 хувийн саналаар тогтоолыг баталлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Ингэснээр 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон УИХ Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг томиллоо. Харин шинэ Засгийн газрын тэргүүн ирэх өдрүүдэд танхимаа бүрдүүлэх ажилд орно.
Түүнийг Ерөнхий сайдаар томилохын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар бүтэцтэй байх, мөн ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд ямар тактик барьж ажиллах, Засгийн газарт хамтарч ажиллах “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл стратегийн орд газрыг 100 хувь ард түмний мэдэлд шилжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө заасан. Энэ асуудал дээр ямар байр суурь барьж ажиллах талаар хариулт өгөхийг хүсэв. Тодруулбал,
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: -Засгийн газрыг байгуулахдаа одоогийн төрийн албан хаагчдын тоонд багтааж Засгийн газрыг байгуулна гэж бодож байна уу. Эсвэл яамдын тоог нэмэх бодолтой байна уу. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулж, инфляцийг бууруулахад ойрын хугацаанд ямар арга хэмжээ авах вэ?
Н.Алтанхуяг: -Тодорхой ажлыг тодорхой хүнд даалгана, эргээд хариуцлага тооцоход хялбар. Одоо байгаа орон тоонд нь багтаана гэж бодож байгаа. Үнийн өсөлт дээр юу ярих вэ дээ, сонгууль гээд явж байх зуур үнэ талийсан. Та бүхэн надаас юу хийх вэ гэж асуухаасаа өмнө та бүхэн юу хийж байгаа вэ гэдгээ бодох ёстой. Хөгжлийн банк өнөөдөр өдөрт 120 сая төгрөгийг хоосон төлж байна. Үүнийг бид цэгцэлнэ, гол нь та бүхэн дэмжээрэй. Бодлогын хувьд алдаатай зөрүүтэй юм байвал өөрчилнө.
Н.Энхболд: -Танайтай хамтраад Засгийн газар байгуулж байгаа намууд стратегийн ордыг 100 хувь ард түмний мэдэлд өгнө гэж заасан. Үүнийг та юу гэж бодож байгаа вэ, хамтарсан Засгийн газрын үед энэ асуудлыг арай өөрөөр ярьж байсан. Засгийн газрын мэдэлд 100 хувь авахыг хэлээд байна уу, эсвэл?
Н.Алтанхуяг: -Газрын доорх баялгийг ард иргэддээ үлдээе гэдгийг зөв гэж бодож байгаа, эвслийнхний. Хэдэн хувийг хүртээх вэ гэдэг дээр маш зөв шийдэл гаргах ёстой.
А.Тлейхан: -Ажилгүй иргэдийг нэг бол ажлаар хангах, эс бөгөөс хоол хүнсээр хангах ёстой. Хүний хөгжлийн сангаас 21 мянган төгрөг өгч байсан нь үнэхээр хэрэг болсон. Жилдээ 800 тэрбум төгрөгийг зарцуулж байсан. Одоо бол хуулийн үйлчлэх хугацаа дууссан. Гэхдээ ажилгүй иргэдээ хоол хүнсээр хангах зорилгоор тэдэнд өмнөх 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох талд ямар байр суурьтай байна вэ?
Н.Алтанхуяг: -Ажилгүйдлийг арилгах олон арга бий, хамтарсан Засгийн газрын үед ярьсан олон зүйл бий. Түүнийг хэрэгжүүлнэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ерөнхий эрдмийн боловсрол дээрээ анхаараад, ажилчин болгох талд анхаарч чадахгүй байна. Ажил олгогчдын хүсэн хүлээж байгаа ажилтныг бэлтгэхэд түлхүү анхаарна. Хоосон юм яриагүй, өнгөрсөн дөрвөн жилд хамтраад хийж байсан ажлыг шинэ шатанд гаргаж ажиллана. Тэгэхдээ бага зэрэг өөрчлөлт хийнэ, Хөдөлмөрийн яамыг байгуулна. Одоогийн Засгийн газар 3000 залуу, 9000 залууг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургасан, тэд нар одоо ажилтай байж чадаж байгаа юу. Үр дүнг чухалчилна. 3000 иргэнийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургахад ядаж 1000 нь ажилтай болсон байх ёстой, түүнээс сертификат олгосноор ажилгүйдэл буурахгүй. Тиймээс иргэнээ ажилтай, орлоготой болгоход манай Засгийн газар анхаарч ажиллана. Нийгмийн халамж шаардлагатай хэсэгт халамж өгөөд л явна. Төрийн халамжаас гадуур орхихгүй.
С.Бямбацогт: -Ардчилсан нам барууны үзэл бодолтой, МАХН зүүний үзэл бодолтой. Нэг нь төрийн зохицуулалтыг дэмжинэ нөгөөх нь хувийн хэвшлийг дэмжинэ гэж.. Үзэл бодлын зөрүүтэй хоёр нам яаж Засгийн газарт хамтарч ажиллах вэ?
Н.Алтанхуяг: -Өнгөрсөн 3.6 жилийн хугацаанд Ардын нам, Ардчилсан нам хоёр хамтраад ажилласан, тэрэн шиг л хамтраад ажиллана. Тэр байтугай л зүйлийг хамтраад хийж байсан, гар нийлж ажиллана.
Ийнхүү асуулт, хариулт өрнөсний дараа гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчид хандан саналаа хэлэхэд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Цөөнхдөө хүндэтгэлтэй хандаарай, өмнө нь МАН-тай Ардчилсан нам хамтарч Засгийн газар байгуулж байх үед та Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан. Тэргүүн шадар сайдаар томилогдохдоо “Хөөсөн ч Хамтарсан Засгийн газраас гарахгүй” гэж хэлж байсан, гэвч хөөгөөгүй байхад хаяад явсан. Ийм алдаа бүү гаргаарай” гэсэн бол УИХ-ын гишүүн М.Сономпил “УИХ-ын даргаа томилоод байнгын хороодыг байгуулаад, Ерөнхий сайдын асуудлыг оруулж ирсэн нь сайн байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Алтанхуяг нь Засгийн газрыг тэргүүлээд явах чадвартай, энэ хэмжээний туршлага хуримтлуулсан улстөрч. “Шударга ёс” эвсэл нь Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулахаар гэрээ байгуулаад явж байна. Үзэл бодлын хувьд ойролцоо, гол нь Монгол үндэсний эрх ашиг дээр тулгуурлаж байх ёстой, мөрийн хөтөлбөрийн хувьд хоёр намын хувьд зөрчилдөж буй зүйл байхгүй. “Шударга ёс” эвслийн хувьд таван зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Тэр бүхнээс бараг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусч байгаа” гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Хүнд нөхцөлд Засгийн газрын тэргүүнийг баталж байгаа ч гэлээ цаашид урт удаан хугацаанд тогтвортой ажиллах ёстой. Эдийн засгийн хувьд амаргүй байна, гэсэн хэдий ч үнийн өсөлт, инфляцийн хөөрөгдлийг бууруулахын төлөө ажиллах ёстой гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Ц.Нямдорж шударга дүр гаргаж ярьдаг байсан гэхдээ монголын ард түмэн одоо хүлээж авахаа больчихсон. Биднийг тэр урвагч гэж ярьж байна, Ц.Нямдорж олон жил МАХН-аас нэр дэвшсэн, тиймээс түүний ярьсанд нь битгий эмзэглэ. Н.Энхбаярыг шоронд оруулсан хүн Ц.Нямдорж, баривчлах үед нь унтсан хүн тэр. Би бол түүн шиг улстөрийн зөнөглөл хийхгүй, шударга үнэний төлөө, хэлмэгдүүлэлтийн эсрэг ажиллах болно гэдгээ хэлье. Н.Алтанхуяг даргадаа амжилт хүсье гэсэн юм.
Ийнхүү УИХ элэг бүтэн хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг томиллоо. Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам УИХ-д 31 суудлыг авснаар ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулахаар болж гэрээг байгуулсан бөгөөд түүнд Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томилуулна гэж заасныг ийнхүү баталгаажууллаа.
Г.ДАРЬ