Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Д. Нацагдорж “Миний нутаг”
Утга зохиол

Д. Нацагдорж “Миний нутаг”

Урлаг Урлаг28/03/2012Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойрон бүрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхүйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнүүд
Хүлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороот газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хүүхдийн үржиж өссөн газар
Таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хүннү, Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хүчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн нутаг

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавьяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

П.Цагааны “Гэгээ ’96 он” номын нээлт боллоо

27/05/2025
Утга зохиол Урлаг

Сэтгүүлч Р.Оюунжаргал “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номоо малай хэлээр хэвлүүлжээ

26/05/2025
Утга зохиол Урлаг

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна

31/05/2025

ФОТО: “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны зургаас

30/05/2025

Аймшигт Чаки хүүхэлдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 61 насандаа таалал төгсжээ

30/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.