-УИХ-ын бүтцийг бүрдүүлж, Төсвийн байнгын хорооны даргаар таныг сонгосон. Төсвийн байнгын хороо ямар ажлуудыг эхний ээлжинд хийх вэ?
-Эхний ээлжинд бид 2012 оны төсөв дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг судлаад төсвийн тодотгол хийх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох эх орны хишиг болон төсвийн хэрэгжилтийн явц байдалтай танилцах зорилгоор Сангийн яамны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохтой холбоотойгоор салбарын сайдын төсвийн багцын өөрчлөлтийг төсөвт тусгах шаардлага зайлшгүй гарна. Тиймээс Сангийн яамны холбогдох хүмүүстэй төсөвт тодотгол хийх чиглэлээр анхаарч ажиллаж, бэлтгэл ажлаа хангах талаар ярилцсан.
-Хүний хөгжил сангийн мөнгө нь Хүний хөгжил сангийн хууль үйлчилж байгаа хугацаанд иргэдэд олгогдож байх ёстой. Гэтэл УИХ-ын сонгууль болсонтой холбогдуулан Сангийн яам “мөнгөгүй” гэх тайлбарийг өгөөд байгаа. Төсвийн байнгын хороо энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Би өчигдөр Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзахдаа Хүний хөгжил сангийн хууль үйлчилж байгаа цагт иргэддээ хувь хишиг хүртээх асуудлыг тасалдуулж болохгүй. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн дүнгээс үл хамааран хийгдэх ёстой асуудал гэдгийг хэлсэн байгаа. Хүний хөгжлийн санд хуулиар хуримтлах орлогын хэмжээнээс хамааран сар бүр иргэдэд эх орны хувь хишиг хүртээх асуудлыг тодотголоор шийдвэрлэх ёстой.
Төсвийн хэрэгжилтийн хувьд данс улайж, санхүүжилт саатаад зогссон зүйл ажиглагдахгүй байна. Эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлээр 570 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай, төлөвлөсөн алдагдлын хэмжээнээс бага байна билээ. Харин төсвийн орлогын биелэлт тааруу байгаатай холбоотойгоор зарлагын гүйцэтгэл 70 хувьтай гарсан байна. Тиймээс төсвийн орлого бүрдүүлэлт дээр анхаарах шаардлага байна гэж үзэж байна.
-Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага юу вэ?
-Тодотгол хийх хэд хэдэн нөхцөл байдал үүссэн байна. Тухайлбал, өмнө дурдсан Засгийн газрын бүтэц буюу сайдын төсвийн багцад орсон өөрчлөлт болон Хүний хөгжил сангаас иргэн бүрдээ олгох хувь хишгийн асуудлыг төсвийн тодотголоор шийдвэрлэх шаардлагатай болсон байна.
-Төсвөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн мөнгөө өгөх үү, мөнгө нь төсөвт гүйцэд тусаагүй юм уу?
-Баялгаас иргэддээ хувь, хишиг хүртээх асуудал бол зөвхөн 21 мянган төгрөг иргэдэд өгсөнөөр зогсох юм биш. Хүний хөгжил сангийн хууль үйлчилж байгаа үед энэ хувь, хишгийн мөнгө иргэддээ очиж л байх ёстой юм. Тиймээс төсвийн тодотголоор ярих нэг асуудал болох ёстой. Энэ бол бүх иргэнд хамаатай зүйл. Хүний хөгжил сангийн хууль хэрэгжих хугацаанд гэдэг маань 20 жил ч юм уу 30 жил ч юм уу хууль хүчинтэй байх хугацаанд л хувь, хишиг иргэн бүрт хуваарилагдах нь гэж ойлгож болно. Харин өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа мөнгөний хувьд Хүний хөгжил сангаас олгох баялгийн хувь, хишгээс өөр зүйл юм. Энэ мөнгийг өнгөрсөн парламент 2012 оны төсөвт суулгачихсан. Нийтдээ 330 гаруй тэрбум төгрөгийг энэ зардалд олгохоор тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл энэ мөнгө улсын төсөвт туссан байгаа, орлогыг нь бүрдүүлээд Сангийн яам хуваарилах асуудал юм.
-Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг тараах боломжгүй, төсөв байхгүй гэсэн хариултыг албаныхан хэлээд байгаа?
-Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1 сая төгрөгийг хөрөнгийн асуудлыг бүрэн хэмжээгээр нь 2012 оны төсөвт суулгасан байгаа. Энэ бол төсөвт тодотгол хийхтэй холбоотой асуудал биш. Тиймээс холбогдох орлогыг бүрдүүлээд энэ мөнгийг иргэдэд олгох ёстой. Төсвийн орлого бүрдүүлэлтийг хариуцсан байгууллагууд байгаа. Төсвийн бүрдүүлэлтийн тасалдлаас болж өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хохирч болохгүй. Энэ мөнгө олгогдоогүй байна гэдэг нь төсөв бүрдүүлдэг байгууллагууд нь ажлаа муу хийж байна гэсэн үг.
-Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгө өгөх дараагийн сар нь болсон. Мөн өмнөх сард мөнгөө авч чадаагүй иргэд байгаа. Гэтэл сангийн яам мөнгөгүй гээд сууж байгаа нь төсөв бүрдээгүй гэсэн үг үү?
-Тийм. Орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байгууллагууд байна. Миний ойлгож байгаагаар татварын орлогын биелэлт тааруу байсан. Иймд татварын орлогын биелэлтэд анхаарал тавих шаардлагатай гэж бодож байгаа. Уг асуудлаар байнгын хорооноос ажлын хэсэг томилж, дүгнэлт гаргуулна.
-Засгийн газрын бүтцээс хамаараад төрийн зарим ажил хойшлоод байх шиг. Иргэдийн дунд ч гэсэн УИХ-ын сонгууль, Засгийн газрын бүтцээс болоод Сангийн яам төсөвгүй болсон гэдэг ойлголт гараад байна л даа?
-УИХ, Засгийн газрын бүтцээс үл хамааран Сангийн яам болон төсвийн орлого бүрдүүлэлтийн байгууллагууд ажиллаж байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, 2012 оны төсвийн батлагдсан хуваарийн дагуу төсвийн хэрэгжилт явж л байна гэсэн үг л дээ. Заавал тодотгол хийх ёстой гээд төсвийн хэрэгжилт гацах ёсгүй юм. Орлогын төлөвлөгөө тасалдсан төсвийн хэрэгжилтэд сөрөг нөлөөлж байгаа бол орлого төвлөрүүлэх ёстой байгууллагууд нь хариуцлага хүлээнэ дээ. Тиймээс тэр удирдаж байгаа хүмүүстэй нь хариуцлага ярьж таарна.
-Засгийн газар байгуулагдчихлаа. Тэргүүлэгчээ сонгосон. Одоо бүтэц, бүрэлдэхүүний асуудал үлдэж байна. Бие даагчдын бүлэг хамгийн их хяналт тавих ёстой хүмүүс юм болов уу гэж хараад байна л даа?
-Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын эвслийн зүгээс Төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн зүгээс тавих хяналтыг сайжруулах зорилгоор бие даагчдын төлөөлөлөөр Төсвийн байнгын хороог ахлуулах болсон нь улс төрийн шинэ соёл гэж бие даагчдын зөвлөл үзэж байгаа. Иймд төсөв, татвар төлөгчдийн хөрөнгөнд иргэний нийгмийн зүгээс тавих хяналтыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийнэ гэж төлөвлөж байна.
-Бие даагчдад МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн холбооноос Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах саналыг хүргүүлж байсан. Үүнийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах уу?
-Бие даагчид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх зорилгоор УИХ-д олонхи бүрдүүлсэн улс төрийн намуудтай хамтран ажиллахаар болсон. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулахаар тавьсан мөрийн хөтөлбөрийн саналуудтайгаа хамтатгаад эдгээр төрийн бус байгууллагуудын зүгээс тавьсан саналыг танилцуулна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж,хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай олон асуудлуудыг санал болгосон байна билээ. Тиймээс тэдний тавьсан асуудлуудыг бид биелүүлэхийн төлөө ажиллах болно.