Ч.Сэлэнгэ: Фэн гэдэг үг надад лав хүнддээд байх шиг санагддаг
“Бүсгүйн заяа” тэргүүтэй цөөнгүй дуугаараа олны сонорыг мялаасан залуу дуучин Ч.Сэлэнгэ поп урсгалын уран бүтээлээ түр завсарлаж, дан ардын дуунаас бүрдсэн “Аялгуун” нэртэй анхны цомгоо гаргасан билээ. Стиль имижээ эрс өөрчлөн, ардын дуугаар “амьсгалсан” Ч.Сэлэнгэ тун удахгүй поп дуунаас бүрдсэн шинэ цомог гаргахаар төлөвлөсөн бөгөөд түүнтэй уулзаж ярилцлаа.
-Поп дуугаар олонд танигдсан уран бүтээлч маань яагаад заавал ардын дууны цомог гаргах болов?
-Өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс заншил, ардын урлагаа хөгжүүлэх гэсэн хүсэлтэй холбоотой. Залуу хүн, тэр тусмаа уран бүтээлч хүний хувьд энэ сайхан урлагийг охид залуустаа хүргэх, өөрөө ч гэсэн тэр бүхнээс суралцах үүднээс анхны бие даасан цомгоо ардын дуугаар гаргая гэж бэлэгшээж шийдсэн юм. Энэ цомогт маань “Хоёр нутгийн эрх”, “Бүүвэйн дуу”, “Гандан уул”, “Цэн цэнгийн баавар”, “Цэвэр охин” гэх мэтчилэн есөн дуу багтсан. Мөн ганц хоёр дууны домгийг цомогтоо оруулж өгсөн.
-Ардын дуу түүх домог ихтэй, тэр тусмаа нутаг нутгийн аялгуу шингэсэн байдаг. Энэ ч утгаараа, нэлээд судалгаа хийсэн байх?
-Мэдээж, сонгож авсан дуунуудынхаа домгийг тодорхой хэмжээнд судалсан. “Аялгуун” цомог дээр Соёлын тэргүүний ажилтан, урлаг судлаач Р.Оюунбат багштайгаа хамтарч ажиллалаа. Багш маань ардын дууны сонголт хийх, түүх домгийг нь сонирхуулах, манеруудыг нь зааж өгөх зэргээр маш их зөвлөгөө өгсөн дөө.
-Орчин үеийн хөгжимтэй хослуулж дуулсан болохоор их сонирхолтой санагдаж байна. Хөгжмийн найруулга болон бусад ажилд ямар уран бүтээлчидтэй хамтрав?
-Хөгжмийн найруулгыг Аранзай, “Сонор”-ын Амараа нар хийсэн бол, хоолойны бичлэг дээр “Анд” студийн Бумбаарай ажиллалаа. Цомгийн зурагт хавтас болон клипний тал дээр “”Лемон” студийнхэнтэй хамтран ажиллаж байгаа. Хэдийгээр би поп чиглэлээр дуулсан ч гэлээ, ардын дууны хэв маягийг алдагдуулаагүй. Миний бодлоор, ардын дууны аялгууг аль болох хөгжүүлж, өнгө нугалааг нь нэмж дуулсан болов уу.
-“Бүсгүйн заяа” дуугаар анх гарч ирж байсан халимаг үстэй дуучин охин өнгөрсөн хугацаанд нэлээд нам гүм байлаа. Стиль имижээ ч тодорхой хэмжээгээр өөрчилж?
-Тэрнээс хойш үс нэлээд ургасан шүү./инээв/ Удахгүй бас поп дууны цомгоо гаргана. Үнэхээр өнгөрсөн хугацаанд уран бүтээл хийсэнгүй, нэлээд удлаа. Дуулаад нэг их олон жил болсон нь ч хаашаа юм бэ. Дөрөвдүгээр ангиасаа эхлэн Хөгжим бүжгийн коллежийн шанз хөгжмийн ангид суралцаж, улмаар СУИС-ийн эстрад дуулаачийн ангид орсон түүхтэй. Уран бүтээлээ завсарласан үедээ БНХАУ-ын Шанхай хотын хөгжмийн консерватурт мэргэжил дээшлүүлэхээр сурч байсан юм. Мэдлэг боловсролдоо анхаарч, урлагийн талаар илүү олон зүйлийг судлах хэрэгтэй гэж үзсэн хэрэг. Ардын дууны цомог гаргахад харь оронд суралцсан маань ч бас нөлөөлсөн болов уу. Дуучин хүний хувьд поп, энэ тэр гэж гадаадын урсгалыг дагаж дуурайхаас илүү ардын дуугаа өөрсдөө яаж мундаг дуулах вэ гэсэн мэдрэмж маш хүчтэй төрсөн. Гадаад оюутнуудын дунд хэсэг хугацаанд амьдарч байхдаа “Өөрийгөө яаж олон талаас нь хөгжүүлэх вэ. Хөнгөн хялбар бус илүү хүч хөдөлмөр шаардсан ямар зүйлд авьяас чадвараа сорих вэ” гэж бодож эхэлсэн дээ. Гэхдээ поп дууны цомог гаргаж, уран бүтээлээ үргэлжлүүлээд явах нь тодорхой. Ардын дуугаа ч гэсэн орхихгүй ээ. Үндэстэн, ястнуудын дууг судалж, ардын дууны цомгоо уламжлал болгон гаргана. Ардын болон поп чиглэлээр дуулах тусам мэргэжлийн уран чадварын хувьд ч улам илүү хөгжих байх, энэ тал дээр олон судалгаа хийнэ.
-Хэдэн жилийн өмнө олон улсын наадмаас шагнал авсан. Тэр ямар арга хэмжээ байв?
-Ази, Африк, Европын залуу дуучдын дунд зохиогдсон энэ тэмцээн 2008 онд Малайзад болж байсан юм. Тэр тэмцээнээс “Шилдгийн шилдэг залуу дуучин” буюу Гран при шагналыг авсан даа.
-Хоолойны тань өнгө аль төрөлд багтдаг вэ. Поп болон ардын дуунаас гадна рок альтернатив, жааз дуу дуулах талаар боддог уу?
-Миний хоолой мед сапрон буюу дунд. Хоолойны өнгө дээшээ, доошоо сайн гарна. Урьд нь хэзээ ч ардын дуу дуулья гэж боддоггүй байсан. Харин ардын дуу болон поп дуу хоолойнд минь зохиж байна лээ. Цаашид илүү олон төрөл, өнгө аясаар дуулахыг бодно шүү дээ. Жааз дуу ч гэсэн, надад зохидог. Рок альтернатив дуу дуулахад ямар байхыг мэдэхгүй.
-Нэг хэсэг таныг поп хатагтай Б.Сарантуяагийн шавь боллоо гэлцэж байсан. Тэр үнэн юм уу?
-Үгүй ээ, ташаа мэдээлэл. Тухайн үед намайг хэн нэгэнтэй андуураад хэвлэлд бичсэн байх. Би уг нь гавьяат жүжигчин Б.Насантогтох багшийн шавь шүү дээ. Сургуулиа төгссөн ч гэлээ, багш дээрээ гамм уншиж бэлтгэлээ хийгээд явж байна.
-“Харанга” хамтлагийн дуулснаар олонд хүрсэн “Бүсгүйн заяа” дууг та арай өөр өнгө аясаар дуулсан. Энэ ч утгаараа, поп дууны цомогтоо өөрийн уран бүтээлээс гадна хит дуунуудыг оруулах уу?
-Өөрийн гэсэн шинэ уран бүтээлүүд хийнэ л дээ. Бас өөр уран бүтээлүүд маань ч гэсэн үзэгч, сонсогчдод хүрч чадсан тухай сонсч байлаа. Үнэхээр олны сэтгэлд хүрч, сонсох дуртай дуу нь болж байвал сайн л хэрэг. Миний хувьд, дуулалтынхаа өнгө аясыг жаахан ч гэсэн өөрчилмөөр санагддаг юм. Нэг их олон жил дуулж сүйд болоогүй хэрнээ байнга поп дуу дуулах нь сонирхолгүй ч юм шиг санагдаж эхэлсэн. Тэгээд ардын дуу дуулахад арай гоё, өөр нэг мэдрэмж төрсөн байхгүй юу. Харин рок альтернатив дуу дуулж, учиргүй үсэрч дэвхцээд явна гэхээр санаанд нэг л буухгүй нь. Амьдаар дуулж байгаа тохиолдолд тэгж үсэрч дэвхцэх нь бараг боломжгүй. Сайн бэлтгэл сургуулилт хийж байж л тэгж дуулах байлгүй. Бүжигчин хүн тайзан дээр ямар их амьсгааддаг билээ. Тэр их амьсгааг хуваарилаад хажуугаар нь дуулна гэхэд хэцүү шүү дээ. Яахав, аялгуу нь хэцүү биш дууг бүжигтэй дуулбал болох л байх. Гэхдээ би аль болох хоолойны цар хүрээ шаардсан дуу сонгож авахыг хичээдэг. Тэр ч утгаараа, цаашид уран бүтээлээ арай жаахан өөр өнгө аястайгаар гаргах болов уу. Хоолойноос минь өөр ямар өвөрмөц өнгө гарах нь вэ, тэр бүхнийг л харна даа.
-Сэлэнгэ шоу болгонд оролцож, хэвлэлийн хуудаснаа харагдаад байдаггүй. Өөрөөр хэлбэл, тийм ч ил бус хүн. Тэгэхээр дуучин бүсгүйн далд ертөнцийг сонирхох хүн ч цөөнгүй байгаа байх?
-Тийм ээ, үнэн. Би олны анхаарлыг татах гэж элдэв сенсааци хөөцөлдөөд байдаггүй. Дууг минь хүмүүс сонсч л байвал болоо. Сэлэнгэ гэдэг хүний амьдралаас илүү уран бүтээл нь сонин байгаасай гэж боддог юм. Энд тэндхийн телевиз, сониноос ярилцлага авах гэхээр нь татгалзаж “Уран бүтээл хийгээгүй байж юугаа ч ярих билээ” гэж байсан үе бий. Гэхдээ нөгөө талаар ингэж явах нь буруу юм байна гэж бодох болсон. Хийж буй ажил, уран бүтээлийнхээ тухай олон түмэнд тайлагнаж явах хэрэгтэй юм билээ. Оюутан байх хугацаанд хийж байсан уран бүтээлүүд маань энэ даруу зангаас болж их дарагдсан. Сурталчлах гэж тэгтлээ их хичээгээгүй болохоор жаахан чанартай гэж бодож байсан уран бүтээлүүд маань тийм сайн үр дүнд хүрээгүй гэж боддог.
-Хөгжмөөс өөрөөр кайф авдаг зүйл тань юу вэ?
-Би усан спортоор хичээллэдэг. Сэлэх үнэхээр кайфтай шүү. Бас жин нэмчих гээд байдаг болохоор бие галбир, эрүүл мэндэд ч сайн нөлөөтэй. Хааяа энд тэнд найз нөхөдтэйгээ сууж ярилцах дуртай. Ер нь, хөдөө гадаа явж зугаалах хоббитой юм шиг ээ. Хол ойр нь хамаагүй, хотоос гараад явахад гоё санагддаг. Орчноо солихыг хичээдэг гэх юмуу даа.
-Тэгвэл дуу алдмаар баярласан мөчүүдийг чинь сонирхвол?
-Их баярламтгай хүн шүү дээ, би. “Зүрх сэтгэлээсээ баярлуулж байгаа юм бүхэн гоё” гэж хүмүүс ярьдаг л даа. Гэхдээ миний хувьд, өнгөц юманд дурлаад байдаггүй. “Хөөх, энэ хүн намайг ингэж боддог байсан юм уу. Баярлуулахын тулд энэ бүхнийг хийсэн юм уу” гэх мэтээр зүрх сэтгэлд минь хүрч чадсан бүхэнд баярладаг. Тэгэхээр дуу алдах төдий биш зүрхэндээ тусгаж авч, бүр нулимс дуслуулан баярлана шүү.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Эрх талдаа юу, аль эсвэл эршүүд нэгэн үү?
-Хоёр дахь хүүхэд нь. Зарим хүн намайг эрх гэдэг л юм. Угаасаа манайхан намайг эрхлүүлэх үед нь эрхлүүлж, загнах үед нь ч загнаад явж байсан. Тэгэхээр би эмэгтэйлиг, бас эршүүд байж чадна гэсэн үг.
-Дуучин болоогүй бол өдийд ямар мэргэжил эзэмшсэн байх бол?
-Төсөөлж үзээгүй юм байна. Хэдийгээр аав ээж хоёр маань дэмжиж тусалдаг ч гэлээ, би ихэнх ажлаа өөрөө хөөцөлддөг. Бүх зүйл дээр толгой мэдэн шийдвэр гаргаж, янз бүрийн хүмүүстэй уулзаад гүйж явахдаа зарим үед бодно оо, бас. Гэхдээ яг тийм, ийм мэргэжил гэж товлож үзээгүй. “Энэний оронд өөр юм хийгээд явж байсан бол ажил амьдралаа төвхнүүлээд санаа амар суухгүй юу” гэж бодох үе бий. Бид нарын ажил хэцүү шүү дээ. Шөнө орой харина, нойр хоолоо хугаслана гээд л жирийн хүмүүсийн амьдралаас бараг гажсан ч гэмээр. Ойр дотны хүмүүсийн ярьснаас үзвэл, би олон улсын харилцааны мэргэжилтэй байсан бол нэлээд хол явах шинжтэй./инээв/
-Гэр бүлийнхэн тань ажлын онцлог, уран бүтээлийн асуудлыг ойлгож байгаа биз. Харин найз залуу ч юмуу дотны хүний хувьд, энэ тал дээр хэрхэн ханддаг вэ?
-Найз залуу бий. Гэр бүлийнхэн маань намайг их ойлгож дэмждэг. Хөгжим бүжгийн коллежид сурдаг байхаас эхлээд л мэдэх юм чинь. Тухайн үед намайг “Эгч чинь их сургуулиас эрт ирж байхад дунд сургуулийн сурагч мөртлөө чи яагаад ийм орой ирдэг юм” гэж зэмлэдэг байсан ч сүүлдээ бүр энэ хэмнэлд дасчихсан. Зарим үед зураг авалтад аав, дүү хоёр маань цуг яваад “Ямар хэцүү юм бэ. Энэ ёстой бүтэхгүй ээ” гээд л толгой сэгсэрнэ шүү. Ерөнхийдөө ээж аав хоёр маань намайг их ойлгоно оо. Оройтоод очиход хоол унд бэлдээд дуу чимээ гаргалгүй, сайхан амраачих юмсан гэсэн байдлаар ханддаг. Найз залуугийн минь хувьд, ажлаа тарчихаад л надтай хамт явна даа. Хүмүүсийн ажил тарж байхад миний ажил эхэлж байгаа юм чинь өөр яах билээ. Зураг авалт, энэ тэр гээд хэдэн цагаар ч хамаагүй дэргэд минь байна. Мэдээж ажил бүтэхгүй үед уур уцаар, баяр гомдлоо хамгийн түрүүнд найз залуудаа л гаргана.
-Гэр бүлээ төлөвлөж амжсан уу?
-Яг тодорхой төлөвлөсөн зүйл алга. Гэхдээ найз залуутайгаа хамт амьдрахыг хүсдэг. Цаашид амьдралд минь юу тохиолдохыг би мэдэхгүй. Одоохондоо урлагийн ертөнцөд амжилт гаргахыг хичээнэ. Дараа нь хүнтэй сууж, айл гэрийн эзэгтэй болохоор талаар бодох биз. Уран бүтээлийн энэ их ажлын хажуугаар амьдрал зохиовол хэцүү шүү дээ. Нэг бол гэр бүл, аль эсвэл урлагаа хаяна гэсэн үг. Тэгэхээр бүх зүйл баталгаатай болсны дараа гэр бүлтэй болно.
-Магадгүй, урлагийн ертөнцөд зорьсон бүхэндээ хүрсний дараа гэр бүлээс өөр юуг ч бодохгүй амьдарч чадах уу. Өөрөөр хэлбэл, уран бүтээлээс өөр зүйлд хүчээ сорьж чмэдэх юм?
-Өөр салбарт хүч сорьё гэж боддоггүй юм. Залуу, эрч хүчтэй байгаа дээрээ зорьсон бүхнийхээ суурийг тавьж цаашдын амьдралаа баталгаатай болгохыг хичээнэ. Насаараа шахам дуулж байгаа мундаг дуучид зөндөө байгаа шүү дээ. Тэд нар шиг амжилтаа бататгаж, уран бүтээлээрээ нэрийн хуудас хийсэн чадварлаг дуучин болно гэсэн байдлаар хандана. Түүнээс биш, хэдэн жил урлагаар явчихаад гэнэтхэн л нягтлан бодогч, менежер хийгээд унавал сонин харагдах байлгүй дээ. Угаасаа тийм ажил хийж чадахгүй, хийе гэж боддог ч үгүй. Урлагаараа явж байгаад л амжилтанд хүрнэ.
-Хөгжим бүжгийн коллежийн шанз хөгжмийн ангид сурч байсан гэсэн. Шанз дажгүй тоглоно биз?
-Би есдүгээр анги хүртлээ сураад Ерөнхий боловсролын сургуульд орчихсон юм. Аравдугаар ангиа төгсөөд СУИС-т дуулаачийн мэргэжил эзэмшихээр зорьсон. Тэгэхээр шанз хөгжим сайн тоглодог гэж худлаа яриад яахав. Хөгжимчин хүн байнга бэлтгэл сургуулилт хийж байх ёстой. Хөгжимдөө нэг хоног ойртохгүй бол маргааш нь гар хөл хөшчихдөг шүү дээ. Өдөрт доод тал нь гурваас дөрвөн цаг гараа халааж байж формоо барина. Миний хувьд, форм барих байтугай урьд нь тоглож байсан гэдэг утгаараа ганц хоёр аятайгаа байвал их юм. Яахав, тоглож чадахгүй хүний дэргэд бол “хөөрхөн” тоглочихно оо./инээв/
-Фэнүүдийн талаар ямархуу бодолтой явдаг вэ?
-Надад фэн байдаг ч юмуу, үгүй ч юмуу бүү мэд. Фэн гэдэг үг надад лав хүнддээд байх шиг санагддаг. Яахав, тоглолт хийлээ гэхэд хэдэн зуун мянган хүн ирж үзэх тэр цагт л “Аан, надад фэн байдаг юм байна” гэж би итгэнэ. Түүнээс биш, ганц хоёр дууг минь сонсох дуртай хүмүүсийг энэ ойлголтод хамруулж болохгүй байх. Би од, фэн гэсэн үг хэрэглээд байдаггүй. Миний уран бүтээлийг сонсдог, намайг дэмждэг хүмүүсийн урмыг хугалахгүй, цаашид илүү сайн хичээж ажиллана гэж боддог.
-Гунигийн сэдэвтэй дуунуудыг сонгож дуулсан нь ямар учиртай юм бэ?
-Миний дуулсан хоёр гурван дуу гунигийн сэдэвтэй байсан. Тэр дуунууд хүмүүст илүү сайн хүрсэн юм шиг ээ. Гэхдээ би цаашид өөр сэдэвтэй дуу дуулья гэж бодож байгаа. Гуниглах үедээ тиймэрхүү дуу сонсох тохиолдол байлаа ч, ямар байнга тэгэх биш. Бусад үед амьдралын баяр баясгалан, аз жаргалын тухай дууг хэн бүхэн сонсох дуртай шүү дээ. Тиймээс би ийм сэдэвтэй дуунуудыг сонгоно. Гэхдээ хөнгөн утгатай биш шүү. Ардын дуунуудыг дуулах болсон бас нэгэн шалтгаан нь тэр бүхний өгүүлэмж, утга учиртай холбоотой. “Би чамд хайртай, дуртай” гэж учир утгагүй хэлээд байгаа юм биш. Үгийн сонголт, гүн утга агуулсан болохоор надад их сонирхолтой санагдсан. Миний мэдэхээр, 1990-ээд онд хит болж байсан поп дуучдын бүтээлүүд одоо хэр нь гоё санагддаг. Харин сүүлийн үед гарч байгаа дуунууд ямар ч аялгуу байхгүй. Поп, аромби ч юмуу янз бүрийн стилийн дуунуудыг “нүдсээр” байгаад гаргаж ирнэ. Түүнийг нь хүмүүс дуртай дургүй аялж байгаа болохоос биш, үнэхээр хит болох бүтээл алга. Хэдий ойлгомжтой ч гэсэн үг нь шүлгийн хэмжээнд хүрэхгүй болохоор тэндээс юу олж авах вэ, сонсогчид. Барууны хэв маягийг дуурайсан элдэв хайр дурлал, шоу цэнгүүний тухай сэдэвтэй дуунуудыг монгол хүний сэтгэхүй хүлээж авахад тийм ч зохимжтой бус гэж боддог юм. Агуу түүхтэй монголчуудын сэтгэхүй өргөн, аливаад нухацтай ханддаг зан чанар нь одоо ч хэвээр. Тиймээс би уран бүтээлээ орчин үеийн залууст зориулсан ч гэлээ, аль нэг шоуг хөгжөөх юмуу хэлбэр хөөсөн уран бүтээл хийхгүй. Олон жилийн дараа эргээд тэр уран бүтээлээс юм бодогдохоор хэмжээнд хийнэ. Сонссон хүнд аль болох юм ойлгуулж, зорилготой алхам хийгээсэй гэсэн үүднээс тэр. Өнөө цагт гарч байгаа энэ дуунууд надад үнэндээ таалагддаггүй. Юутай ч, уран бүтээлийг минь сонирхож, сонсох дуртай хүмүүс цөөнгүй байгаа учраас би өөрийгөө эрэлттэй дуучин юм гэж боддог.
Р.Мөнгөн