Эрдэнэтээс гаралтай гурван бүдүүн найз анх байрны орцонд банзан гитар нүдэж дуу аяланхан байсан цаг тэртээд хүүхэд насны гэгээн дурсамж болон үлджээ. Гэхдээ чухам л тэр үеэс эхлэн өдгөө цагт шүтэн бишрэгч, фенүүдийнх нь аялах дуртай болсон дуунуудынх нь санаа төрсөн нь гурван бүдүүний уран бүтээл хэзээнээс эхэлснийг бэлхэнээ гэрчилнэ.
Тэдний “38-тай аав”, “Ээжийгээ гомдоох учиргүй”, “Хүн шиг явж ээжийгээ баярлуулъя” зэрэг сиймгэр цагаан будан шиг хөнгөн гуниг төрүүлдэг үнэн үгтэй, өөрийн эрхгүй аялмаар уран бүтээлүүдийнх нь санаа хүүхэд настай нь салшгүй холбоотой.
“38-тай аав”, “Ээжийгээ гомдоох учиргүй”, “Хүн шиг явж ээжийгээ баярлуулъя” зэрэг дуунууд нь тэдний брэнд дуунууд. Бас фенүүдийнх нь ч хайртай дуу. Анх 2005 онд монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд уянгалаг, намуухан ухаарал хайрламаар үнэн үгтэй дуунуудыг өөрийн имидж болгон орж ирсэн залуус өдгөө эрч хүчээ ч алдалгүй уран бүтээлээ туурвисаар байгаа.
… “Хорвоо ямар хоёр эргэх биш дээ, ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя
Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ” хэмээн дуулах дуу яасан ч үнэн үгтэй юм бэ дээ. Үнэхээр хүн шиг хүн явж чадахгүй байж дан цэцэгсийн баглаагаар ижийнхээ сэтгэлийг хуураад ч яах билээ. Харин хүний дайтай хүн шиг явбал хүү нь болж төрсний гавъяа тэр. Бас ижийгээ ч баярлуулна. Үртэй хүний жаргал тэр. Үнэн үгтэй, бас ингэн тэмээний нулимс шиг мэлмэрүүлмээр энэ эгэлхэн дуу эх үрсийн зүрхэнд үүрд мөнх эгшиглэх нь мэдээж.
Харин “Гурван бүдүүн”-ий хийж, хөдөлмөрлөсөн уран бүтээлийн үнэ цэнэ чухамдаа үүнд л оршино. Өдгөө боловсролыг шүтэж, хослон амьдрахын жаргалыг хойш тавьсан энэ нийгэмд “38-тай аав”-ууд олон бий. Гэсэн ч хожуу төрсөн хэнзхэн үрийнхээ үнэрт уяран зүүд шиг сайхан дурсамжийг хүмүүний түүхэнд сийлэн үлдээх нь бас л “Гурван бүдүүн”-ий бүтээлийн нэгэн хэсэг.
Санаа алдмаар, сайхан ч юм шиг гуниг төрүүлсэн дууг сонсох нь сонсогчийнх бус уран бүтээлчийн ур чадварынх гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Сэтгэлд хоногшиж, зүрхэнд үлдсэн уран бүтээлийн эзэд энэ сарын 25-ны билэгт сайн өдөр аав ээжээ магтан дуулахаар зэхэж буй. Эл тоглолт “Аав, ээжээ магтан дуулъя” нэртэй. Анх “38-тай аав”-аараа ард түмэнтэйгээ уулзаж байсан тэд хоёр дахь удаагаа “Ижийгээ гомдоох учиргүй” хэмээн уулзсан. Харин одоо “Аав ээжээ магтан дуулъя” цэнгүүнээр уулзана.
Уянга, ухаарал, хайр энэрэлээр бялхсан хөнгөн гунигийн жаргалыг мэдрэхийг хүсвэл та ч гэсэн “Аав ээжээ магтан дуулъя” цэнгүүнийг зориорой. Нэр шигээ жин дарах чамбай уран бүтээлч залуус таны цаг завыг дэмий үрэхгүй гэдгийг очоод ойлгох болно.
“Гурван бүдүүн”-ийг урлагийн охин тэнгэр Янжинлхам ивээх болтугай.