Жэймс Франко: Миний тоглосон “Дэлхийн төгсгөл” кино ирэх жил нээлтээ хийнэ. Уг нь инээдмийн боловч галзуу хэсэг цөөнгүй бий, ялангуяа туслах дүрийн жүжигчин эмэгтэй. Хэн гэдгийг нь би хэлмээргүй байна, тэр ердөө киноны дундуур хэсэгхэн зуур алхаж үзэгддэг юм.
Мила Кунис: Чи Сет Рожений киноны талаар яриад байна уу?
Ж.Ф: Тийм ээ, тэр хэсэг үнэхээр галзуу. Бүрэн нүцгэлэх хэрэг гараагүй ч бага зэрэг “хэтрүүлсэн” зураглал бий л дээ. Гэтэл тэр хэсэгт хамт тоглосон бүсгүй найруулагч дээр очоод “Би энийг хийж чадахгүй” гэсэн. Сет хариуд нь “Чи чадахаараа тоглочих, ноцтой хэсгийг бид хасчихна. Хүсвэл чи монтажны өрөөнд хамт байлцаж болно” гэлээ. Гэтэл өнөөх чинь “Үгүй ээ, энэ тийм ч сайхан санаа биш байна. Таны хүсээд байгаа шиг нүцгэлж би чадахгүй” гэж хэлсэн. Сет түүнээс чи явмаар байна уу? гэхэд тэр “Би явлаа” гээд л явчихсан.
М.К: Үгүй байлгүй дээ?
Ж.Ф: Нээрээ, тэр тэгж хэлээд л явчихсан. Харин би тэр гайхалтай хэсэгт чамтай хамт тогловол яах бол гэж бодож сууна.
М.К: Надад ичих булчирхай гэж байдаггүйг хэлэх хэрэгтэй болов уу (инээв).
Ж.Ф: Би чадах байх аа, хэрвээ чи хүсвэл.
М.К: Би яахаа мэдэхгүй нь, гэхдээ тэр бүсгүй хэзээ ч жүжигчин болохгүй л байх даа. Харамсалтай.
Ж.Ф: Хоёулаа хамт цөөнгүй кинонд тоглосон шүү дээ. “Funny or Die”, “Date night”, “Oz: The Great and powerful” гээд л… “Tar”- кинонд чи сүртэй хуяг өмсөөд, нум сум агссан цус сорогчийн ангуучийн дүр тоглож байсан байх аа.
М.К: Тийм ээ, тэр дүр сайн охидын хэзээ ч хиймгүй бүхнээр дүүрэн байсан.
Ж.Ф: Би яагаад үүнийг ярив гэхээр, эрэгтэй эмэгтэй жүжигчний хооронд хэр том ялгаа бий бол. Жишээ нь, хүчирхэг, баатарлаг дүрийг гаргахад эрэгтэй, эмэгтэй хүний алинд нь хэцүү байх бол?
М.К: -Эрэгтэй баатруудыг олон нийт арай илүү хүлээн зөвшөөрдөг байх.
Ж.Ф: -Яагаад?
М.К: Мэдэхгүй юм даа. Эмэгтэй баатар хамгаалж буй хүмүүстэйгээ үргэлж ойр, хамт байдаг. Бас тэд ярьдаг, сургадаг, уриалдаг, харин эрэгтэй баатар хэрэгтэй зүйлийг шууд л хийдэг. Тэгэхээр энд зөвхөн баатрын хувьд биш хүйсийн зан араншингийн ялгаа харагдаж байгаа байх. Эрэгтэй жүжигчин зочид буудлын өрөөнд ч, сум харвахдаа, шил хагалахдаа үнэхээр хүчирхэг, өөрт нь тохирсон харагддаг.
Ж.Ф: -Чи дэлгэцээр харагдах зүйлийн тухай яриад байна. Тэгвэл дэлгэцнээс гадуур, зураг авалтын үед ч юм уу ялгаа гарах уу?
М.К: Ялгаагүй байх аа. Нэгэнт дүрээ ойлгосон, найруулагчийн юу хүсээд буйг гаргаж чадна л гэж шийдсэн, бодсон бол хэн хэнд нь саад тулахгүй. Харин би өөртөө эргэлзсэн тохиолдолд илүү их хүч зарцуулах хэрэг гарна. Тэгэхээр баатар ч бай өөр дүр гаргаж байсан ч бүх зүйл надаас л шалтгаална. Хүйсийн ялгаагаар халхавч хийж болохгүй. Би өөрийнхөөрөө, зөрүүд охин. Хэрэв дүр надад таалагдахгүй, би чадмааргүй санагдвал яваад л өгөх байсан байх, яг түрүүний охин шиг. Гэвч “That’ 70s show”-д тоглосны дараа миний бодол өөрчлөгдсөн. Кино, дүр, хамтран тоглогчид надад нөлөөлж болдог, намайг сайн зүйлд чиглүүлж чаддаг.
Ж.Ф: -Чи жүжигчний мэргэжилд өөрөө суралцаж явна уу. Эсвэл хэн нэгэн чамайг хөтлөөд, чиглүүлээд, карьерийг нь залаад байна уу?
М.К: Найман жил телевизийн цувралд тоглож, түүнээс ч илүү хугацааг хүүхэлдэйн кинонд тоглосны эцэст би мөнгөний тохиролцоог санаа зовохгүйгээр хийдэг болсон. Ажил намайг биш, би ажлаа сонгох боломж бүрдсэн нь азтай хэрэг. Би үргэлж баян цатгалан байгаагүй, буудлын үйлчлэгч, жуулчны хөтөч ч хийж л явлаа. Одоо ч би дундаж зэргээр л амьдарч байна.
Ж.Ф: – Чи ямар үед “галзуу” байдаг вэ?
М.К: Хэрэв бүх өндөг үүрэндээ байвал тахианд санаа зовох зүйл гарахгүй. Санаа зовох зүйлгүй бол хүн өөрийнхөөрөө юу ч хийсэн болно. Кино урлагийн салбар жүжигчний амьдралыг “алдаг”. Гэвч өөрийнхөөрөө байж чадахгүй хүмүүс л золиос болно уу гэхээс энэ тамын тогоо биш. Хүмүүст маш олон зан чанар өгөгдсөн байдаг. Заримыг нь хэрэглэнэ, заримыг нь үгүй. Би галзуу сэтгэл хөдлөлөө үе үе хэрэглэдэг. Яагаад вэ гэж үү?…. хариултыг нь хэлье. Яагаад болохгүй гэж?
Ж.Ф: Гэвч олны танил хүний хувьд өөрийнхөөрөө галзуурна гэдэг бүтэхгүй хэрэг. Хүмүүст шүүмжлүүлэх нүхээ өөрөө малтаж буйгаас ялгаагүй шүү дээ. Чи ер нь шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
М.К: “Өө, энэ хамаагүй дээ. Би хүмүүсийн шүүмжийг нэг чихээрээ оруулаад л, нөгөө чихээрээ гаргадаг” гэж хэлэх үнэхээр амархан байна. Гэхдээ тийм биш. Олны танил хүн, тэгээд эмэгтэй бол шүүмж хаа сайгүй л дагадаг. Чиний үсний хэлбэр, хумсны будаг ямар өнгөтэй байх, брэндийн хувцас өмссөн эсэх чинь л хүмүүст шүүмжлүүлэх эхний шалтаг болно. Гэхдээ энэ бүх эрсдэлийг тооцож л би жүжигчний амьдралыг сонгосон шүү дээ.
Ж.Ф: -Чи нэлээд залуугаасаа жүжигчний карьераа эхэлсэн байх аа?
М.К: 9 нас.
Ж.Ф: Яаж эхэлсэн тухай яриач?
М.К: – Би АНУ-д 1991 онд ирсэн. Тэр үед долоо билүү, найман настай байсан байх аа. Миний англи хэл тийм ч сайнгүй, бас чи итгэхгүй байх л даа, би үнэхээр ичимхий нэгэн байсан учраас ээж, аав хоёр надад найз олж өгөх гэж их л зүдэрдэг байсныг санадаг юм. Нэг өдөр радиогоор “Beverly hills studio”-д жүжиглэх хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэж байгаа тухай зар явав аа. Ээж, аав хоёр намайг бүртгүүлчихэж. Шалгаруулалтын дараа аав, ээж хоёрт “Танай хүүхэд тэнцлээ” гэж хэлэхэд тэдний нүд орой дээрээ гарч, маш их баярласан. Яг үнэндээ бол шалгаруулалтад оролцсон бүх хүүхдийг тэд тэнцүүлсэн юм л даа (инээв). Аав маань “Тийм ээ, ээ бурхан минь….. үүүүүү….. өөөө” гээд л байсныг мартдаггүй юм. Тэгээд уг студитэй би 400 ам.долларын гэрээ анх байгуулж байв.
Нэг удаа менежер маань “Эгдүүтэй царайтай охидыг сурталчилгаанд тоглуулах шалгаруулалт явагдана” гэхээр нь би оролцож, тэнцсэн. Анхны маань ажил “Барби” хүүхэлдэйн рекламны зураг авалт байсан. Түүх ингэж л эхэлсэн дээ.
Г.Хүслэн