Кинонд дуу оруулж үзэгчдийн таашаалд нийцүүлэх гэдэг амаргүй давааг ажралгүйхэн давж хэн бүхний сайн мэдэх хүүхэлдэйн олон баатруудын дүрээрээ олны танил болсон та бидний төдий л үл мэдэх “рок” оддын тухай дараах мэдээллийг хүргэж байна.
Гол төлөв поп дуучид болон Холливудын нэрт жүжигчид, мэргэжлийн дуу оруулагчдын хичээл зүтгэлээр олны хүртээл болдог хүүхэлдэйн кино ертөнцийн дараах төлөөллүүдэд амьд хөгжмийн алдартнууд маань ямар дүрүүдэд нь дуу оруулсныг хамтдаа сонирхоцгооё.
1. Дэвид Боуви / David Bowie
- Дуу оруулсан хүүхэлдэйн кино: “SpongeBob SquarePants” / “Arthur and the Invisibles”
- Дуу оруулсан дүр: Lord Royal Highness / Maltazard

Английн нэрт дуучин, хөгжимчин Дэвид хөгжмийн уран бүтээлээс гадна дэлгэцийн цөөнгүй уран бүтээлд туслах дүр бүтээж, хүүхэд багачуудын үзэх дуртай “SpongeBob” / “Arthur & the Invisibles – I” кинонуудын дүрд дуу оруулжээ.
2. Игги Поп / Iggy Pop
- Дуу оруулсан хүүхэлдэйн кино: “Lil’ Bush: President of the US” / “American Dad” / “Persepolis”
- Дуу оруулсан дүр: Lil’ Rimmy / Jerry / Авга ах Anouche

Панк рок урсгалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг дуучин, жүжигчин Игги Поп 1983 оны “Rock & Rule” хүүхэлдэйн киноноос эхлэн энэ салбарт өөрийн чадварыг гайхуулан яваа нэгэн ажээ. Дээр дурьдагдаагүй “The Rugrats Movie (1998)” / “Arthur & the Invisibles (2006)” хүүхэлдэйн кинонуудад дуу оруулж байжээ.
3. Оззи Озбөрн / Ozzy Osbourne
- Дуу оруулсан хүүхэлдэйн кино: “Gnomeo & Juliet” / “Robbie the Reindeer”
- Дуу оруулсан дүр: Fawn / Vicar

Рок хөгжмийн түүхэнд 40 гаруй жил өөрийн хувь нэмрийг оруулж, олон гайхалтай бүтээл туурвин яваа түүнийг согтуу бас элдвийг үглэн гомдоллодог нэгний дүрд илүүтэй тохирдог гэж үздэг гэнэ.
Тэрээр алдарт зохиолч Виллиам Шекспирийн эмгэнэлт Ромео Жульета хоёр зохиолоос сэдэвлэн 2011 онд бүтээсэн “Gnomeo & Juliet” хүүхэлдэйн кинонд цэцэрлэгт хүрээлэнд хэрэн суудаг буга “Fawn”-ы дүрд мөн зул сарын баярыг тохиолдуулан “BBC One” телевизийн бүтээсэн гурван ангитай “Robbie in the Reindeer” 2007 кинонд дуу оруулжээ. Мөн түүнтэй Жиллиан Андерсон, Рассел Брэнд, Кэйра Найтли нар хамтран дуу оруулсан байна.
4. Том Пэтти / Tom Petty
- Дуу оруулсан хүүхэлдэйн кино: “King of the Hill”
- Дуу оруулсан дүр: Lucky

Түүнийг “Tom Petty & Heartbreakers” / “Traveling Wilburys” / “Mudcrutch” зэрэг хамтлагийг байгуулагч, дуучин, хөгжимчин гэдгийг хүн бүр мэднэ. 1997 онд дэлгэцнээ гарч Памела Андерсон, Женнифер Энистон, Брэд Питт, Линдси Лохан, Кармен Электра зэрэг олон оддын хоолой оруулсан “King of the Hill” хүүхэлдэйн кинонд гардаг Люэний найз залуу / нөхөр Лакид дуу оруулж байсан байна.
5. Дэбби Харри / Debbie Harry
- Дуу оруулсан хүүхэлдэйн кино: “Phantom 2040” / “Rock & Rule”
- Дуу оруулсан дүр: Vain Gloria / Angel

“Blondie” хамтлагийн шаргалхан үст сайхан бүсгүй Дэбби “GTA” Vice City” тоглоомд дуу оруулахаас эхлээд маш олон баримтат кино, уран сайхны кинонд тоглохын зэрэгцээ хоолой оруулсан гайхалтай дуучин жүжигчин юм.
Түүний сайн мэдэх хүүхэлдэйн киноны дүрүүд нь 1994 онд гарч байсан Америкийн “Phantom 2040” киноны дуучин Вэйн Глориа ба рок’н’ролл хөгжмийн сэдэвтэй “Rock & Rule 1983” хүүхэлдэйн киноны Энжелийн дуулалтын хэсгийн дүрүүд юм.
6. Жиэнь Симмонс / Gene Simmons
- Дуу оруулсан хүүхэлдэйн кино: “King of the Hill” / “SpongeBob SquarePants”
- Дуу оруулсан дүр: Jessie / Sea Monster

Америкийн алдарт “The KISS” хамтлагийн басс гитарчин, хамтлагийг байгуулагчдын нэг Чайм Уэйц тайз дэлгэцийн олон бүтээлд хоолой оруулсан бөгөөд хэн бүхний илүүтэй мэдэх хүүхэлдэйн киноны дүрүүд нь 1997 онд анх “FOX” телевизээр гарч байсан “King of the Hill” болон 1999 оноос хүүхэд багачуудын үзэх дуртай “SpongeBob SquarePants” бүтээлүүд юм.
2012.05.21-нд “SpongeBob”-ын хөгжилтэй адал явдлаар дүүрэн хүүхэлдэйн киноны 37 ангитай 10 дахь шинэ улирлын ангиудыг хийж байгаа тухай мэдээлсэн бөгөөд 2015 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болох сурагтайбайгаа юм.
7. Жарвис Көүкер / Jarvis Cocker
- Дуу оруулсан хүүхэлдэйн кино: “Fantastic Mr. Fox”
- Дуу оруулсан дүр: Petey

Альтернатив Рок урсгалаар тоглодог Английн “Pulp” хамтлагийн ахлагч, хөгжимчин тэрээр “20th Century Fox” кино компаний бүтээл 2009 оны “Fantastic Mr. Fox” хүүхэлдэйн киноны Петейгийн дүрд дуу оруулжээ. Хамтлагийн уран бүтээлийн хувьд 2011 онд эргэн нэгдэж энэ оны 12 сард тоглолтоо хийх гэж байгаа тухайгаа өнгөрөгч сард мэдэгдсэн байна.
8. Стин / Sting
- Дуу оруулсан хүүхэлдэйн кино: “Captain Planet & the Planeteers”/ “Bee Movie”
- Дуу оруулсан дүр: Zarm / Sting
Америкийн “TBS” телевизээр анх 1990 онд цацагдаж эхэлсэн “Captain Planet & the Planeteers” хүүхэлдэйн кино нь дэлхийг хамгаалах их үйлсийн эрэлд нэгдсэн таван баатрын тухай гардаг 113 ангитай цуврал хүүхэлдэйн кино юм.
Английн нэрт дуучин, хөгжимчин Стин нэрээрээ танигдсан Гордон Мэтью Томас Самнер “DreamWorks Animation” студийн 2007 оны бүтээл “Bee Movie”-д мөн хоолой оруулсан бөгөөд тус хүүхэлдэйг үзсэн хүмүүс түүнийг мэдээж өөрийнхөө дүрд хоолой оруулсан гэдгийг гадарлаж байгаа нь лав. Рок / Поп / Жазз стилээр уран бүтээлээ хийдэг тэрээр эдгээр тэргүүтэй хүүхэлдэйн киноноос гадна 30 орчим кино, телевизийн шоунд хоолой оруулсан байна.