“Монгол дууны сүүлийн хагас зуун жилийн хөгжлийн тухай хэн нэгэн ярьж, бичих дээ Д.Баттөмөрийн нэрийг орхивол дутуудуул жээ гэж дүгнэхээс аргагүй. Монголын сүүлийн хагас зууны дууны уран бүтээл түүний дуугүйгээр бүрэн биш болчихно. Баттөмөрийн дуунууд тоо бөглөх төдий бус, дууны урлагийн өнгийг тодорхойлогчдын нэгэн байж чадсан”. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийг ийн тодорхойлсон нь бий. 1960-аад оны “Намуун үдэш”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Миний нутгийн бараа”, 1970-аад оны “Дуу минь, дуу минь”, “Сайн нөхрийн ерөөл”, “Нутгийн хөөрхөн бүсгүй”, “Цэцэгт цэнхэр алчуур”, 1980-аад оны “Сансрын нисгэгчийн ээжийн дуу”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Есөн эрдэнийн орон”, “Дорнын цагаан саран”, 1990-ээд оны “Би хаана төрөө вэ”, “Мандухай”, “Бодлын цагаан хун” зэрэг дуугүйгээр Монголын дууны урлагийн түүх яаж бүтэн байх билээ. Ийм мундаг аавын охин, ДБЭТ-ын концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонгыг “Нэртэй хүний зүстэй хүү” буландаа урилаа.
-Хөгжимчний мэргэжил эзэмшихэд аавын тань нөлөө их байсан биз?
-Ууган охиноо хөгжимчин болгоно гэж бага байхаас ярьдаг байсан болохоор би хөгжимчин л болох ёстой хүн юм байна гэдэг ойлголттой хүүхэд байсан. Ингээд Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангид орсон. Аав маань намайг гавьяат жүжигчин Д.Банди багшийн эхнэр М.Н.Григорьевагийн шавь болгоно гээд аваачиж өгсөн. Ингээд Хөгжим бүжгийн дунд сургуульд 12, дээд сургуульд таван жил суралцан энэ мэргэжлийг эзэмшсэн дээ. Манай дүү нар одоо “Яагаад эгчийг л ганцхан урлагийн мэргэжлээр явуулаад биднийг Хөгжим бүжгийн дунд сургуульд өгөөгүй юм бэ. Бид мундаг хөгжимчин болох байсан ч юм бил үү” гэдэг юм. Яагаад гэдгийг мэдэхгүй, дүү нарыг урлагийн мэргэжил эзэмшүүлээгүй.
-Хичээлийг чинь давтуулахад аав тань голлох үүрэгтэй байсан уу?
-Урлагийнханд гэр бүлдээ, үр хүүхдэдээ гаргах зав үнэндээ хомс байдаг юм шүү дээ. Аав маань олон үггүй, зөөлөн хүн шүү дээ. Тэг ингэ гэж зааварлаад байхгүй. Олон юм ярихгүй ч гэсэн хөгжмийн мэргэжлээ орхихгүй, тууштай явах ёстой шүү гэдгийг надад мэдрүүлж, чиглүүлж байсан. Аав дуугаа зохиож, хөгжмөө тоглоод сууна. Яруу найрагчид, хөгжмийн зохиолчид манайд ирж уран бүтээ лийнхээ талаар ярилцдаг байлаа. Тийм орчинд байхаар яах аргагүй урлагт ойр өсөж байгаа юм л даа. Аав хөдөө томи лолтоор их явдаг байлаа. Аймгуудын театрт хоёр гурван жилийн хугацаагаар ажиллах тохиолдол байсан. Надтай тулж ажиллаж, миний хичээлийг давтуулж, хөгжимчин болох бололцоогоор хангаж байсан хүн бол миний ээж. Ээж маань Улсын их дэлгүүрт насаараа ажилласан, одоо ч тэр чиглэлээрээ ажиллаж байгаа. Айлын том охин ээждээ тусалж, гэр орны ажлаас нь хийлцэх ёстой байтал би тэгээгүй. Айлын том охин, аав, ээж хоёул ажилтай болохоор гэр орны ажил огт хийхгүй байна гэж юу байх вэ. Гэхдээ л ээж маань гарыг минь хайрлаж, аль болох гэрийн ажилд хүргэхгүйг хичээдэг байсан. Одоо ч тэр хэвээрээ. Ямар ч байсан угаасан хувцас мушгих, гурил элдэх ажлаас бүрэн чөлөөлдөг. Хутга бариад юм хэрчихээр аав дэргэд зогсчихоод “Гараа, гараа” л гээд байдаг.
-Таныг хөгжимчний мэргэжлээрээ амжилттай яваад баярласнаа яаж илэрхийлдэг вэ?
-Намайг гавьяат жүжигчин цолоор шагнуулахад их баярласан байх. Гэхдээ түүнийгээ нэг их ил гаргаж, миний охин мундаг гэж магтахгүй, “Шагнал яах вэ, ажлаа л сайн хийгээрэй” гэдэг юм. Намайг төгсөж ирсэн жил хөгжимчин охинтой боллоо гэж их хөөрч билээ. Аав 1990 онд “Бодлын цагаан хун”-г зохиосон юм. Тэр үед А.Долгор эгч Италид төгсөж ирж, “Бодлын цагаан хун”-г “Морин хуур” наадамд дуулж, түрүүлсэн. Дуугаа радиод бичүүлэхэд би төгөлдөр хуур тоглосон юм. Тэгэхэд аав “Өмнө нь дуугаа бичүүлэх гэж төгөлдөр хуурчдыг гуйж, тэдний цаг завыг хардаг байсан. Өөрийн гэсэн хөгжимчинтэй болчихсон чинь ямар сайхан юм бэ” гэж байсан. Тэгээд “Энэ манай охин, би өөрийн гэсэн хөгжимчинтэй болсон” гэж тэнд байсан хүмүүст онгироод л… Намайг хөгжимчин болсонд ямар их баярлаж байгааг нь тэгэхэд л мэдэрч билээ. Түүнээс хойш миний охин ийм, тийм гэж ярьж байхыг нь сонсоогүй. Харин манай охиныг яриад байгаа. Дүүгийн маань хүүхэд өнгөрсөн жил Хөгжим бүжгийн коллежид орсон. Түүнийг бас яриад явж байна гэсэн. Ач, зээ нараа хөгжмийн мэргэжил эзэмшиж байгаад их баярлаж байх шиг байгаа юм. Нас нь яваад өчүүхэн юманд баярлаж хөөрдөг болж дээ, аав минь.
-Охин тань хөгжмийн мэргэ жил эзэмшиж байгаа юм уу?
-Манай охин энэ жил Бостоны хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Одоо үргэлжлүүлээд сурна гэсэн.
-Б.Баттөмөр гуай танд шинэ дуугаа сонсгож, зөвлөгөөг чинь авдаг уу?
-Төгөлдөр хуурт зориулсан зохиолуудаа заавал сонсгож, надаар тоглуулаад “Тоглоход эвтэйхэн байна уу, ямар байвал зүгээр байна вэ” гэж асуудаг юм. Шинэ дуунуудаа ч сонсгоно. Эхлээд сонсоход чихэнд нэг л наалддаггүй хэрнээ дуучнаар дуулуулсныг нь сонсоход аялгуу сайхантай санагддаг.
-Дуурийн театрт ажиллах замыг аав тань зассан гэл үү?
-Свердловскийн хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа би Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилна гэж бодож байснаас Дуурийн театрт ажиллаж байна гэж зүүдлээ ч үгүй. Гэтэл аав тухайн үед Дуурийн театрын дарга байсан урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуайтай уулзаж, намайг энд ажиллуулахаар ярьчихсан байсан. Төгсөж ирээд Дуурийн театрт хуваарилагдсанаа мэдээд би тийм ч дуртай байгаагүй. Яамны тушаал гарчихаад байхад би сар гаруй ажилдаа очоогүй. Харин сургууль руугаа өдөр бүр очно. Яамны шийдвэрийг зөрчих толгойтой хүн байх биш. Сургууль юу гэж намайг авах вэ дээ. Намайг ажилдаа очихгүй байгааг ээж, аав мэдээд загнаж, би аргагүйн эрхэнд Дуурийн театрт очиж байлаа. Одоо бодоход Дуурийн театрт очсон минь хамгийн зөв алхам байжээ. Аав минь миний ажил, амьдралын замыг засаж, тэгшилж өгсөн нь тэр. Театрт ажиллана гэдэг уран бүтээлийн дунд байна гэсэн үг. Одоо Л.Эрдэнэбулган гуай “Чи Дуурийн театрыг голж байсан гэл үү” гэж намайг явуулдаг юм.
-Таныг Дуурийн театрт орж ирэхэд ахмад үеийн мундаг дуучид байсан байх. Тэднээс зэмлэл, магтаал сонсож байв уу?
-Хөгжим бүжгийн сургуульд сурч байхдаа ангийнхантайгаа Дуу рийн театрт тоглолт үздэг байлаа. Дуулахыг нь сонсож биширдэг байсан Х.Уртнасан, Ц.Пү рэв дорж, Д.Банди нарын мундаг дуучидтай өдөр бүр тулж ажиллах болоход дууг нь тоглож чадах болов уу гэж хамгийн их сүрдэж, айж байлаа. Тэд “Миний охин сая төгсөж ирсэн гэл үү. Энэ ноотыг харж давтаад ир” гэхгүй шүү дээ. Төгөлдөр хуурын хажууд зогсоод шууд дуулна. Харин хаа очиж нэг их загнуулж, зэмлүүлж байгаагүй шүү. Надад урам өгөх гэж л тэр байх, их магтдаг байлаа. Залуу хүний урмыг хугалбал шантраад явчихаж магадгүй гэж ахмадууд боддог байсан биз. Нэгэнт энэ газар ирснийх, аавынхаа нүүрийг улайлгаж, нэрийг хөөдөхгүй ажиллах юм шүү гэж мэрийж байсны ч үр шим биз. Намайг анх очиход концертмейстер Солонго гэхгүй шүү дээ. Баттөмөрийн охин л гэнэ. Тэгэхэд би ажлаа хийж чадахгүй шалчийгаад байвал муухай шүү дээ. Хориод жил энэ мэргэжлийг эзэмших гэж сурчихаад муу ажиллахгүй гэсэн бодол бас байсан. Найруулагч, удирдаачаас хатуу үг сонсолгүй яах вэ. Гэхдээ би өөрийгөө хөгжүүлэхийн төлөө их зүтгэдэг, хөгжмөө уйгагүй давтдаг байлаа. Ажил эхлэхээс хоёр цагийн өмнө ажилдаа очно, ажил тарсны дараа бас их сууна. Гэрийн бараа бараг хардаггүй байсан даа. Урлагийн хүн, тэр тусмаа шинэ залуу хүн их суухгүй бол болохгүй. Гэр оронгүй, үр хүүхэдгүй хүн шиг явж байж л амжилтад хүрнэ шүү дээ. Гэрийн ажил, урлагийн ажлыг хослуулна гэвэл худлаа. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгнө, орой хариад хоол хийнэ гэх асуудал надад байгаагүй. Ээж маань ар гэрийн бүх ажлыг амжуулж, надад ажлаа сайн хийх боломжийг бий болгосон. Нөхөр маань ч миний ажлыг ойлгож, дэмждэг. Угаасаа би ажлаа бүхний түрүүнд тавина гэдгээ эрт хэлсэн юм.
-Үе, үеийн мундаг дуучдаас сурах зүйл их байсан биз?
-Намайг орж ирэхэд Х.Уртнасан, Ц.Пүрэвдорж, Д.Баадайжав, Д.Бан ди, Д.Жаргалсайхан нарын ахма дууд байсан. Тэдний дараагаар Б.Жав зандулам, А.Дол гор, Г.Эрдэнэ бат, А.Дашпэлжээ, Ч.Мөнхшүр, да раа нь М.Болд, Б.Эрдэнэтуяа гээд үе үеийн гайхалтай дуучидтай хамт ажиллаж, тэднээр концертмейстер багш гэж дуудуулж явснаараа бахархдаг. Одоо би дөрөв дэх үеийн дуучидтайгаа ажиллаж байна. Үе үед өөрийн гэсэн онцлог байдаг. Манай театрт нэг үеийн шижигнэсэн сайхан залуус байна. Эд маань олон улсын уралдаанд том амжилт гаргаж, дэлхийд нэрээ гаргаж байна. Түрүү үеийнхэн надад зааж сургаж, намайг бойжуулсан бол одоо би залууст зааж сургах насандаа ирчихэж.
-Манай дуурийн дуулаачид дэлхийд үнэлэгдэх сайхан амжилт гаргаж байна. Тэр бүхний ард кон цертмейстер багш Солонго гэдэг нэр хамт явдаг?
-Дуучидтай хамгийн ойр ажилладаг хүн бол концертмейстер. Шинэ дуурь тавилаа гэхэд эхлээд бүх дуучдаа сургана. Дараа нь удирдаач, найруулагчтай ажиллахад нь хажууд нь байж л байна. Уралдаанд явахад нь бүх бэлтгэлийг нь хангаж өгнө. Тамирчдыг дасгалжуулагч хэрхэн бэлддэг вэ, түүнтэй л адил. Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг бид хоёр анх М.Глинкийн нэрэмжит уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн. Энэ амжилтыг маань төр засаг үнэлж, 2009 оны арванхоёрдугаар сарын 31- нд, хүмүүс шинэ жилээ тэмдэглэх гэж бужигнаж байхад бид хоёр гавьяат жүжигчин цол хүртэж байлаа. Ерөнхийлөгч С.Мөнгөнцэцэг бид хоёрыг их онцолсон шиг байгаа юм. Хоёулхныг маань хүлээж авч гавьяат цол гардуулсан. Түүнээс хойш Э.Амартүвшинг П.Чайковскийн нэрэмжит уралдаа наас хоёрдугаар байр авахад хамт явсан. Сая П.Домингогийн нэрэмжит уралдаанд бас бэлтгэлийг нь хангаж явуулсан. Э.Анхбаярыг М.Глинкийн уралдаанд бэлтгэж, хамт явсан. Манай залуу дуучид үнэхээр бахархмаар байна. Өмнөх үеийн дуучид сайн байсан ч нийгэм хаалттай байсан болохоор гадагшаа гарах боломж багатай байсан. Ийм сайхан дуучид байхад би хажууд нь муу, муухай байж болохгүй гэж боддог. Уралдаанд дуучдыг бэлтгэх, хамт уралдаанд орж, төгөлдөр хуур тоглоно гэдэг маш хариуцлагатай, нерв шаарддаг ажил шүү дээ. Нойр, хоолыг нь тааруул на, өвдчих вий гэж санаа зовно. Би өөрөө өвдөж, биеэ сулруулахгүй байх ёстой. Дуулахад хөгжим маш чухал шүү дээ. Би техник биш болохоор бэлтгэлийн үеэр гар хальтрах тохиолдол гарна. Тэгэхэд л дуучдын анхаарал суларч, дуулалт нь шал өөр болж байгаа юм чинь. Тэмцээний үеэр ийм алдаа гаргавал дуучдын амжилтад нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр би дуучидтайгаа адилхан бэлтгэлтэй, хариуцлагатай байх ёстой. Дээр нь ажилдаа дурлах сэтгэл хэрэгтэй. Өөрөө сэтгэлгүй байвал хэчнээн сайн дуучинтай тоглоод ч нэмэргүй.
-Урлагийн олимп гэдэг П.Чайковс кийн нэрэмжит уралдаа наас Э.Амартүвшинг мөнгөн медаль авч рахад монголчууд их баярласан шүү. Түүнийг алтан медаль авах боломжтой байсан гэдэг?
-Би тэр үед “Амартүвшингээс илүү дуулсан хүн байсангүй” гэж бодсон хэрнээ том гүрнүүдийн нөлөөнд дарагдах байх гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Хоёрдугаар байр эзэллээ гэхээр нь сонгодог урлагийн олимпоос медаль авлаа гэж баярласан хэрнээ сэтгэл жаахан гонсгор л байлаа. “Самсунг” компани тэр уралдааныг ивээн тэтгэсэн болохоор Солонгосын дуучин түрүүлсэн болов уу. Үзэгчид Амартүвшинг илт илүү дэмжиж байсан болохоор “Үзэгчдийн таашаал” гэдэг шагнал өгсөн. Манай хүн үнэхээр мундаг дуулсан болохоор тэр шүү дээ. Түүнээс Оросын үзэгчид зүгээр нэг Монголын дуучныг тэгж өндөрт өргөхгүй.
-Шагналтнуудын нэгдсэн тоглолтод хоёрдугаар байр эзэлсэн дуучдаас ганц Э.Амартүвшин орсон юм уу?
-Гала тоглолтод зөвхөн нэгдүгээр байр эзэлсэн дуучдыг оруулна гэхээр нь бид хоёр гадуур хэсэхээр явсан юм. Гэтэл уралдааны ерөнхий зохион байгуулагч В.Гиргиев “Тэр монгол залууг олж ир” гэсэн байгаа юм. Зохион байгуулах хорооныхон нь бөөн эрэл сурал болчихсон, бид хоёрыг гадуур явж байтал араас дуудсан. Яваад очтол “Гала тоглолтод оролцоно. Юу дуулах вэ” гэж байна. “Риголетто” дуурийн Риголеттогийн арийг дуулж болно” гэтэл “Оркестртэй бэлдэх боломжгүй. Төгөлдөр хууртай монгол дуугаа дуул. Юу ч гэсэн Санкт-Петербургт оч. Тэнд оркестртой бэлдэх боломж олдвол дуулуулъя” гэсэн. Санкт-Петербургт очоод “Оркестртой бэлдэх боломж алга” гэсэн. Ингээд л “Аав ээж хоёр минь”- ийг төгөлдөр хууртай дуулсан. Уг нь манай хүн уралдаанд тэр оркестртой Риголеттогийн арийг дуулсан, бэлэн байсан байхгүй юу. Гала тоглолтод түүнийгээ дуулбал нөгөө түрүүлсэн солонгосоос илүү гэдэг нь харагдчих гээд бодлогоор дуулуулаагүй байх гэж боддог юм. Хоёрдугаар байр эзэлсэн дуучдаас ганц Амартүвшинг В.Гиргиев дуудаж гала тоглолтод дуулуулсан шүү дээ. Бас ганцаараа төгөлдөр хууртай дуулсан. Тэгэхээр манай дуучныг үнэхээр сайн, илүү гэдгийг тэд хүлээн зөвшөөрсөн хэрэг.
-П.Чайковскийн уралдаанд оролцож байхдаа Амартүвшинд “Гуравдугаар шатанд үлдвэл багш нь цамцыг чинь угааж өгнө шүү” гэж хэлсэн юм. Тэгсэн гуравдугаар шатанд үлдчихээд “Багш аа, та юу гээд байлаа” гээд майхан шиг том цагаан цамц барьчихсан зогсож байсан. Ийм сайн дуулж байгаа хүүхдийн цамцыг угааж өгөлгүй яах вэ гээд угааж өгтөл “Багш миний цамцыг янзтай өнгө оруулсан” гээд явуулаад байдаг юм. Амартүвшин ганц цагаан цамцтай оччихсон. Тэндээс цамц авдаг юм уу гэснээ эхний шатандаа өмсөөд амжилттай дуулчихсан юм чинь солиод яах вэ гээд цамц аваагүй юм. Тэгээд ганц цамцаа угаах гэж тийм яриа болж байхгүй юу. Глинкийн уралдаанд явж байхад Э.Анхбаяр бас цамцаа барьчихсан “Багш аа, би гуравдугаар шатанд үлдч