Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнааг“VIP” ярилцлагадаа урьж, ярилцлаа.
-Таны аав, ээж урлагийн хүн байсан гэдэг. Урлагийн гэр бүлд өссөн учраас жүжигчин болохыг дурласан хэрэг үү?
-Урлагийн гэр бүлд өсөж, бага байхдаа театрт дуурь, балет их үздэг байсан л даа. Манай аав балетчин хүн байсан. Ер нь манай гэрийнхэн бүгдээрээ бүжигчин. Би бага байхдаа бүжиглэх их дуртай. Яагаад ч юм бүжиглэж байгаа хүн их гоё харагддаг. Ямар сайндаа үсээ задгай тавьчихаад чадахгүй ч гэсэн бүжиглэж үзүүлдэг. Тэгээд аав маань намайг жүжигчин болгоно гээд энэ мэргэжлийг сонгосон хэрэг. Уг нь бүжигт дуртай ч аав жүжигчин болгоно гэсэн болохоор Москвад жүжигчний ангид суралцсан юм. Нөгөө талаараа надад хариуцлага хүлээлгэсэн учраас энэ мэргэжлийг эзэмших ёстой гэж өөрөө өөртөө итгэл хүлээгэдэг байсан. Тэр хэрээр өдий зэрэгтэй уран бүтээлч яваагийн хэрэг байх. Нөгөөтэйгүүр өөрийгөө энэ мэргэжилдээ мэргэшсэн гэж бодож явдаг.
-Жүжигчин гэхээс бүжигчин болох сонирхолтой байжээ. Аавдаа “Би жүжигчин болохгүй бүжигчин болно” гэж хэлж байсан удаа бий юү?
-Тэгэлгүй яах вэ. Бүжигчин болно гэж мөрөөддөг. Бас болоогүй бага байхад сургуулиас зохион байгуулахад урлагийн арга хэмжээ нь байнга оролцож, дуулдаг байсан. Ямар ч байсан дуучин, бүжигчин хоёрын нэгээр нь суралцана гэж боддог байсан юм. Гэвч жүжигчин болох авьяасыг аав минь олж харж, энэ мэргэжилд дурлуулах болгосон. Харин аавдаа гомдож, би жүжигчин болохгүй гэж хэлж байсан удаа байхгүй.
-Та тайз, дэлгэцийн нэлээн хэдэн дүрээрээ танил болсон. Харин түүхэн талаасаа ямар дүрийг бүтээж байв?
-Гадаадын уран бүтээлчдийн хийсэн кинонд Өүлэн ээжийн дүрийг бүтээсэн. Түүхэн талаас гэвэл тэр байгаа юм. Хамгийн гол нь ямар нэгэн дүр бүтээлээ гэхэд ур чадвартай байх хэрэгтэй. Туслах, гол дүр байлаа ч түүнийг сэтгэлээсээ гаргаж, амилуулах нь чухал. Ер нь, би тайзан дээр тийм нэг дүрд тоглоод үзчих юмсан, тэр л үлдээд байгаа шүү гэж боддоггүй. Учир нь, жүжигчин болоод бүх дүрийг бүтээчихсэн байна. Жульттагаас эхлээд Үзэсгэлэнжинд хүртэл тоглолоо. Гэхдээ тайз ч гэлтгүй дэлгэцийн бүтээл жүжигчин хүнээс маш их ур чадварыг шаардаж байдаг урлаг юм.
-Сүүлийн үед гарч байгаа уран сайхны кинонд мэргэжлийн бус хүнийг тоглуулдаг болсон гэхэд болно. Тэгэхээр жүжигчдийн хувьд ур чадваргүй болохоор киноны хөгжил муудаж байна гэж ойлгож болох уу?
-Биы мэргэжлийн бус хүнийг тоглуулахад их үгүйсгэдэг. Учир нь, мэргэжлийн бус хүн эхлээд дүрээ бүтээхдээ байгаагаараа тоглочихдог. Гэтэл дараа дахин дүр бүтээлгэлээ гэхэд өмнөх байснаараа нь хэзээ ч тоглуулдаг байхгүй юу. Тэгэхээр өөр л зүйл бүтээж тэр хүн жүжигчин болно. Байгаагаар яваад байвал үзэгчид сүүлдээ уйдна шүү дээ. Яах вэ, нэг, хоёр удаа тоглоод өнгөрнө. Тэр тусам мэргэших хэрэгтэй. Би шагнал, нэр хүндийн араас хөөцөлддөггүй.
-Та театр хэмээх их айлын ажлын хажуугаар багшладаг. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхээр ажил нэлээд их болно биз?
-Би нэг хэсэг Хөгжим бүжгийн коллеж, Кино урлагийн дээд сургууль, Монголжингоо дээд сургуульд зэрэг хичээл заадаг байсан. Энэ жил Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгсгөсөн. Тэр хүүхдүүд маань бүгд мэргэжлийнхээ дагуу хөдөө ажиллах нэгэн нь ажлаад байж байна. “Багшаа бүгдээрээ “Музагаар уулзъя гэдэг. Хийе, чадна гэсэн сэтгэлтэй хүүхдийг төгсгөсөндөө бахархдаг.
-Олон шавьтай болсон байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангид хичээл заана. Ер нь олон шавьтай. Шавь нар маань таарах бүртээ “Багш аа сайн уу” гэхээр сайхан сэтгэгдэл төрдөг.
-Та залуу уран бүтээлчдийг их дэмждэг юм шиг санагдлаа?
-Би залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллахаас гадна өөрийнхөө тоглож байсан дүрээ өгөх дуртай. Ер нь эмэгтэйчүүдэд дүр ховор олддог. Тиймээс аль болох тэднийг дэмжих хэрэгтэй юм шиг санагддаг. Урлаг бол хатуу нэгэндээ хатуу ханддаг ч түүний төлөө зүтгэж чадсан нэг нь хождог, амжилт гаргадаг. Би аль болох залуучуудад найз шиг нь байхыг боддог. Хүнтэй харьцахдаа ч гэсэн чөлөөтэй, энгийн байдлаар ханддаг л даа. Энэ зан чанар маань бусдад үлгэр дуурайлал болоосой гэсэн үүднээс тэр.
-Тэгэхээр найз нарын хүрээлэл ихэнхдээ залуу уран бүтээлч байдаг уу?
-Аль, алинтай нь найзууд байж чаддаг.
-Танай гэр бүлийнхэн “Маршил таун” хотгоны рекламд тоглосон байдаг. Танайх “Маршил таун”-д байдаг уу?
-Үгүй. Рекламд нь тоглосон. Түүнээс тэнд амьдардаггүй.
-Жүжигчин Жагаа, Урнаа гэдэг хосын хувийн амьдрал олонд ил байдаг. Олонд ил байхад заримдаа харамлах ч юм уу, нуух тохиолдол гардаггүй юм уу?
-Нуугаад байх юм байхгүй шүү дээ. Бид байгаагаар байгаа эгэл жирийн жүжигчин гэр бүл. Бидний хувьд нуугаад ч байх зүйл гардаггүй. Нэг, нэгнийгээ хүндэлдэг учир сэтгэл хангалуун, энэ амьдралдаа хайртай байдаг. Нас тогтох сайхаан гэдэг шиг, бид хоёр жаргалтай байна. Хүмүүс бид хоёрыг урьж, гэр бүлийн талаар яриулах гэдэг. Нэг талаар залуучуудад хайр дурлал, хүсэл мөрөөдөл гэж юу юм бэ гэдгийг хэлж, ярьж байх шиг сайхан юм байхгүй. Хүний амьдрал зүтгэж байж сайхан зүйлд хүрдэг. Бид хоёр их мөнгөтэй байсан бол гурван газар багшлахыг хүсэхгүй шүү дээ. Одоо гурван хүүхэд, ач, гучтайгаа сайхан амьдарч байна. Хамгийн гол нь , хүн зүгээр байж байгаад мөнгө хэзээ ч олохгүй. Тиймээс өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө олох хэрэгтэй гэдэг үүднээс олон газар ажилладаг юм.
-Уучлаарай. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хасар Жагаа эхнэрээсээ салсан гэж нэг хэсэг шуугиж байсан. Та хоёр үнэхээр салсан юм уу?
-Худал мэдээлэл нэг удаа хэвлэлээр гарахад нэлээн шуугиан болсон юм шиг байлаа. Интернэтээр хүртэл цацагдсан гэсэн. Харин худал мэдээлэл бичсэн тэр сониныхон бид хоёроос уучлалт гуйсан л даа. Үнэхээр салсан юм бол байхгүй. Бид сайхан амьдарч байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
С.МӨНХБАЯСГАЛАН