Бараан арьст хоёр нүцгэн бүсгүй далайн хаялгын ягаан элсэн дээр хэвтэнэ. Полонезийн халуун наранд ээгдэгч тэдний нүцгэн бие эвдэгдэшгүй эрх чөлөөтэй, гуа үзэсгэлэнтэй. Тэд үзэгч үрүү хандан «Аа оэ фэй?» гэж асууцгаана. Энэ бол тэдний дуу мэт уянгалаг хэлээр «чи надад атаархаж байна уу?» гэсэн үг юм. «Гайхаад байна уу? Атаархаж байна уу? Хэрэв үнэн бол ичээч дээ» гэж энэхүү бүсгүйчүүл өгүүлцгээнэ. Учир нь энд, биднээс зааглагдаж буй тэр ертөнцөд хөрөнгө зоорь, эрх засаг, атаа жөтөө, хүчирхийлэл, аллага таллага үгүй бөгөөд зөвхөн тэдний хөндөгдөшгүй эрх чөлөөтэй байдал, гуа сайхан би, жаргал цэнгэл, нарны туяа л хаанчилна. Нэг үгээр хэлбэл энэ бол амгалан тайван, эрх чөлөөний ертөнц ажгуу.
Энэ бол хүмүүс хийгээд адгуус эрх чөлөөтэй ямар нэгэн «засаглал, журам» үгүйгээр орших зүүд мөрөөдлийн ертөнцийг бүтээгч Поль Гогений нэгэн уран зураг юм. Эдэнд соёл иргэншил гэгч зүйл танил бус тул дүрэм журам, гуниг гутрал, халдан түрэмгийлэл гэж мэдэхгүй бөгөөд эд Гамлетын «орших уу? эс орших уу?» гэсэн нүсэр хүнд агуулга шингээгдсэн асуултуудаар тархиа зовоохгүйгээр нүгэл хилэнцийн өчүүхэн ч үнэр үгүйгээр амьдарцгаана.
Поль Гоген гэж хэн бэ? Энэ бол асар ихээр хуримтлагдсан домгийн үүлсэд хучигдсан уран зураач билээ. Энэ нь английн зохиолч Сомэрсет Моэмийн «Сар хийгээд сохор улаан зоос» роман, телевизийн арав гаруй романтик киноноос эхтэй агаад бөгөөд эдгээрт Гогенийг хотын шуугиант орчноос зугтаж гарсан анхны «хиппи», өмнө зүгийн дулаан тэнгисийн эрэгт өөрийн оршихуйг олж гэнэн хонгор, уран сэтгэмжит зургууд зурдаг болсон төрөлхийн эгэл болхи нэгэн байдлаар ихээхэн маапаантай дүрсэлсэн байдаг. Гоген ер бусын шинэ уран бүтээлийн замын эрэлд гарахдаа ёс дагасан хүндлэлээс ямар ч бэрхшээлгүйгээр хялбархан татгалзсан тэрхүү амгалан цоохор зураачдын үеийг үндэслэгч байдалтай дүрслэгддэг байв.
Үнэндээ бол энэ бүхэн шал худлаа. Эн тэргүүн Гоген бол мэдлэгээс татгалзаж, бусдын хэл амыг сугалчих шахан асуултаар булдаг эгэл молхи нэгэн байгаагүй гэдгийг хэлье. Тэр боловсрол, мэдлэг сайтай, сонгодог хийгээд модерн уран зургийн нарийн ялгааг сайн ойлгодог, тансаг яруу зураач байсан. Түүнийг Номхон далайн өмнө хэсэгт сайн дураараа очоогүй ч гэж хэлж болно. Гачаал зовлон л түүнийг илүүдэл болгон хувиргаж, халуун орны шидэт хязгаар уруу үлдэн хөөсөн юм. Гоген Парижид өөрийн азгүй явдал гуниг гутралаар бүрэн цадсан байлаа. Тэр амжилтын тухай мөрөөдөж байв. Багагүй хөлс авдаг биржийн маклерын ажил, гэр бүл, хамаг юмаа хаяад тэрбээр бүхий л бие сэтгэлээ урлагт өглөө.
Гэтэл нэг ч уран зураг нь борлосонгүй, хүсэн хүлээж байсан амжилт нь, амьдрал нь ирсэнгүй. Тэр талхны мөнгөө олох гэж зарлал зурдаг болжээ. Иймэрхүү «үмх талхны төлөөх өр зээлтэй амьдрал»-ын хоёр жил гэдэг бол ямар ч буурьтай хүнийг туйлдуулж дөнгөхөөр хугацаа байлаа. Гэлээ ч гэсэн Гоген тэссээр, зөв гэж үзсэн арга маягаараа академик «амьд сонгодог»-уудаас эрс өөрөөр «зэрлэг», «хурц» барилаар зурсаар байлаа.
1891 онд тэр Францын колони Таитид очих хөлөг онгоцонд сууснаар амьдралынх нь цоо шинэ үе эхлэв. Тэр Парижаас гитар, винтов буу, модон урам, хоёр мандолин, зургын хэрэгсэл авч гарчээ. Ялагч болон буцаж ирнэ гэсэн бодлоор өөрийгөө тайвшруулж «царцанги үзэгчдэд цоо шинэ уран зургийн сэдэв олох хэрэгтэй» гэж хөөрөлхөн бичиж байлаа. Мөн тэрбээр цэнгэг агаар дахь чөлөөт амьдралын тухай ч багагүй мөрөөдсөн мэт.
Гэвч тэр эрснээ олсонгүй. Полонезийн диваажин аль эрт соёл иргэншлийн шуурганд автан хиртсэн байлаа. Суурингууд нь өч төчнөөн тагз, мухлаг, пин, модон байшин бүхий америкийн вестэрн суурингуудыг санагдуулам бөгөөд халуунаас болж учиргүй шаналсан францын нүүн суурьшигсад, уугуул нутгийнхныг номлолдоо бүрэн оруулаад тэнд арав гаруй жил амьдарсан миссионерүүд, өөрсдийн эртний бурхдыг мартаж хүүхнүүд нь халуунд огт тохиромжгүй уртаа битүү бошинзоор моодорхдог болсон маоричууд түүнийг угтжээ.
Гогений санаж асан гэнэн хонгор яруу тансагаас энэ арал дээр юу ч үлдсэнгүй. Энд хотжилттой хамт янханчлал, янхачлалтай хамт тэмбүү хүртэл ороод ирж амжсан байв.
Тэр хүссэн газраа ирээгүйгээ дор нь ойлгов. Түүнийг очоод хэд хоносны дараа Таитигийн сүүлчийн хаан тавдугаар Помар архинд орсноосоо болж нас барахад Гоген энэ бол диваажин биш гэдэгт бат итгэсэн байлаа. Тэгээд ч «миний мөрөөдөл дууслаа» гэж захидалдаа бичсэн биз. Тэр учрана гэж бодсон сайхан сэтгэлт зэрлэгүүдийнхээ оронд соёл иргэншилд завхарсан зэрлэгдүү хүмүүстэй учирчээ. Тэр өөрийгөө цэнгэг агаар онгон байгаль руу явж байна санасан атал иргэншилт ертөнцийн хамгийн бохир хязгаарт ирчихсэн ажгуу. Парижаас бодол санаандаа амилсан диваажинг олох мөрөөдөлдөө хөтлөгдөн ирэхэд нь Папэте хэмээх том суурин түүнийг ийн угтвай.
Гоген ч сууринг даруйхан орхиж загалмайн шашны номлол, бортогон малгай, урт бошинз хүрээгүй газар маоричуудын эртний ёс заншил, өв соёл, аж төрөлд хүрэхээр арлын гүн үрүү зүтгэв. Тэрбээр юм үзээгүй эгэл хүмүүст гайхуулахаар улаан шаргал өднүүд хатгасан гар хийцийн бүрхээр гангалдаг Тити нэртэй Папэтегийн олон аашт янхан хүүхнийг дагуулан, яндан морь хөллөсөн салж унах дөхсөн мухлаг тэргээр аялан явжээ. Тэгээд эцэст нь далайн эрэгт орших 516 хүн амьдран суудаг Матайя хэмээх бяцхан тосгонд католик хийгээд протэстант сүмүүдийн хооронд баригдсан хулсан овоохойд аж төрөх болжээ. Хананд нь хаягдсан гэр бүлийнхнийх нь зураг байдаг байлаа. Гогений бодлоор бол Тити хэтэрхий соёлжсон байснаас өөрийг нь цухалдуулдаг болсон учир түүнийг удалгүй хөөж явуулжээ.
Гэвч түүний «аз жаргалын амьдрал» хүсэж байсан шиг нь хялбархан байсангүй. Адгийн наад зах нь идэх юм ч тогтмол олддоггүй байлаа. Уугуул нутгийн хоол түүнд зохихгүй байсан бөгөөд Европ хоолонд дассан Гоген махан нөөшнийх нь төлөө худалдаачин хятадад гурав дахин их үнэ цөөнгүй төлдөг байжээ. Уран зургийн ажил нь багагүй түвэгтэй байлаа. Тэр бага зэрэг полонез хэлээр ярьдаг болсон тул зургийнх нь загвар болохыг эмэгтэй ч цөөрөв. Гэвч тэр Папэтегээс ирэх замдаа нээсэн жуулчлалын «нээлт» өөрийн «өмнөдийн амьдралын дүр зураг»-ыг олонтаа зурсаар байж. Поль Гогений зургууддаа дүрсэлсэн диваажингийн байдалд нийцэх зүйл тэндхийн завхарсан соёл иргэншилд тун бага байсан нь мэдээж. Гоген Парижид сурсан сонгодог урлагийн төсөөлөх арга, ой ухаандаа орших саяхны төсөөллүүдээрээ шал өөр бодитойгоор үл орших Таити-г бүтээж байсан юм, бүтээсэн юм. Жишээ нь маоричуудын шүтээнийг төсөөлж түүний модноос тайрч авсан дүрс нь үнэндээ бол буддагийн дүрийн хуулбарыг төлөөлөхөд илүү тохирохуйц байлаа. Хэт төсөөлснөөс ч болсон байж магадгүй. Ер ийм жишээ олныг өгүүлж болно. Магад тйимээс «шал өөр эрин цаг, шал өөр соёлыг яруу дүрсэлсэн «уран сайхны гэрэл зураг»-аар урам орохын тулд энэ зураач Таити арлын талыг туулсан гэдэг лав гуйвуулга биз» гэж хожим хойно Гогений тухай түүний үзэсгэлэнгий таницуулгад бичсэн авай.
Нэгэ үе домгийг тэр өөрөө ч бүтээсэн мэт. Франц уруу бичсэн захидлууддаа тэр өөрийгөө хөгжилтэй зэрлэг хүн болгож, өөрийнхөө зургуудыг жинхэнэ амьдралын бүтээл гэж баталдаг байжээ. Таитид ялагч болохын тулд ирсэн тэрбээр Парижид амссан ялагдлаа ахин үзэж, түүнийгээ ертөнцийн хязгаар болох алсын арал дээр хүлээн зөвшөөрөх хүсэлгүй асан. Иймээс тэр захидлууд нь огтоос худал бүлгээ.
Поль Гоген гэгч энэ хачин эр тэгэхээр хууран мэхлэгч байсан хэрэг үү? Үгүй шүү. Гол нь тэр полинезийн ахуйг яг таг дүрслэн үзүүлэх, цаг хугацаа хийгээд газар оронг тэр чигээр нь харуулах зорилго тавиагүй билээ. Тэр «нягт нямбай нарийн зохицол»-ыг бус өөртэйгөө зохицох зохицлыг эрсэн юм. Тэр «өөр бодит байдал», ертөнцтэй эсрэгцсэн соёл иргэншил бүтээхийг хүсэж байлаа.
Уран бүтээл дээрээ бодлоороо бүтээсэн Гогений газар дэлхийд хайгаад оломгүй тэрхүү эрх чөлөө мөрөөдлийн хийсвэр дүрүүд-гуа үзэсгэлэнт таити хүүхнүүдийг Папэте сууринд амьдрах нутгийн хүүхнүүдтэй ер зүйрлэшгүй юм.
Харамсалтай нь ертөнцийн тэр цаг үе Гогений үл гүйцэлдэх бодол-утопийг, хотын аймшигт соёл иргэншил, гаж үйл, нүгэл мэтээс чөлөөлөгдсөн хүн төрөлхтний утопийг ухамсарлах болтлоо боловсроогүй цаг ажгуу. Дэлхийн дайны өмнөх тэр цагийн соёл иргэншил бол огцом амжилтынх нь /аэроплан, эдисоны чийдэн, төмөр зам, туйлыг нээсэн, радио г.м/ гадаад эрч хүч үл ялиг саарсан тайвшрангуй нозоормол үе байжээ.
Гогений Европ уруу илгээж байсан зургууд арайхийж зарагдана. Энэхүү сэтгэл татам романтик бүтээлүүд, жигтэй сайхан гэнэн хонгор ертөнцийг сонирхох хүн дэндүү цөөхөн байжээ. Хоёр жилийн хойно мөнгө зоосгүй тэрбээр Парижид буцаж очихдоо энэ нь түүний зургуудыг борлоход тус болно гэж санасан авч мөн л алдсан байв. Тэр урьдын адил азгүй Парижид үнэхээр ойлгож хүлээж авч үл чадам чигээр хоцорлоо. Гоген их хотод дулаан цэнхэр далайн эрэг дээрх сууринд байсан шигээ тухтай байж чадсангүй.
Зориг нь мохож өвчинд ээрэгдсэн тэрбээр 1895 онд Таитид арайхийн буцаж ирэв. Харин энэ үед тэнд нүүрсээр ажилладаг анхны цахилгаан станц ашиглалтад орж байлаа. Колонийн арал гэрэлтэй болсон нь чухам л хөгжил дэвшил ирээдүй ирэх шиг болов. Ингээд Гоген үхэхээ хүлээн буланд чимээ аниргүй хэвтэх хөгшин нохой адил ямар ч итгэл найдваргүй нэгэн болж хувирлаа.
Гэвч үхэх хүртэл нь түүнд ахиад найман жил үлдсэн байсан юм. Тэр цусаар ханиалгаж, тэмбүүгээр өвчилсэн байсан бөгөөд сархадыг дэндүү их ууж байлаа. Үргэлжийн согтуу байдал нь түүнийг ажиллахад саад болж тархи оюуныг нь унтрааж байлаа. Өвчин шаналал, ганцаардал, сэрэл үгүйгээр үхэхийн тулд тэр өөртөө морфин тарьдаг болов. Цөхрөнгөө барахдаа хор уусан авч үхсэнгүй.
Ажилдаа бол Гоген ёстой буулганы морь шиг л зүтгэж байлаа. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэр ядруу биедээ дэндүү хүчир ачаа тохож байсан /гэхдээ хүчирдэг л байж/ бөгөөд хэдэн зуун таталбар зураг, хоёр зуу орчим уран зураг, зуу орчим модон сийлбэр, мөн гурван боть урлагийн онолын шашдир бүтээсэн авай. Тэр үхэн үхтлээ өөрийнхөө бүтээлүүдийг алтаар үнэлэх цаг ирнэ гэдэгт итгэж байсан.
1903 оны 5-р сарын 8-нд Хива-Оа арал дээр дээрх овоохойдоо Гогенийг үхсэн байхыг олжээ. Овоохойг нь тойроод дарсны хоосон лонхнууд, морфиний гожоохойнууд, таталбар хийсэн тоо томшгүй олон хуудас цааснууд хөглөрч байсан гэлцдэг.
Д.Дашмөнх