Улаанбаатар хотын хэмжээнд өчигдрөөс эхэлж цэцэрлэгийн бүртгэл эхэллээ. Жил бүр хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүд цэцэрлэг бүхний үүдэнд хонон өнжин дугаарладаг нь жам болж хувираад олон оныг ардаа үджээ. Энэ жил ч дээрх дүр зураг давтагдаж, дөнгөж наймдугаар сар гарахтай зэрэгцээд хүмүүс “Цэцэрлэгийн эрхлэгч таних уу” гэсэн асуултаар танил тал, төрөл саднаа булж эхэлсэн. Зарим нэг нь таньдаг цэцэрлэгийн эрхлэгчээ уяраах гэж хамаг ухаанаа уралдуулсан байх. Хаа сайгүй хүмүүс энэ тухай ярьж байсан. Тэгвэл өчигдөр цэцэрлэгийн бүртгэл эхлэхтэй зэрэгцэж байдал ямар байгааг сурвалжилсан юм. Ерөнхийдөө Улаанбаатар даяар цэцэрлэгийн хүрэлцээ тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Тэр дундаа захын дүүргүүдэд энэ асуудал авлигын “шугуй” үүсэхээр хэмжээнд оччихоод байгаа. Толгойт, Их Наран, Орбит, Зүүн салаа гээд захын хороололд амьдардаг иргэд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд багадаа 300, цаашлаад 500 мянган төгрөгийн хахууль өгөх нь энүүхэнд болчихоод байгаа юм.
Тиймээс манай сурвалжлах хэсэг Сонгинохайрхан дүүргийн буюу нэгдүгээр хороолол орчимд байрлах цэцэрлэгүүдээр явж, иргэдтэй уулзсан юм. Хамгийн түрүүнд нийслэлийн 99 дүгээр цэцэрлэг дээр очлоо. Биднийг өглөөний 09.00 цагийн үед очиход 50-60 хүн цэцэрлэгийн гадна дугаарлан зогсч байлаа. Хүүхдээ бүртгүүлэхээр дугаарлаж байгаа эцэг, эхчүүдийг тав таваар нь дотогш нь оруулж, хүүхдийг нь бүртгэж байсан юм. Хүмүүс дайрахаас сэргийлсэн үү гаднах хаалгаа гинжээр оосорлож, том төмөр цоожоор цоожилсон харагдсан. 99 дүгээр цэцэрлэг өчигдөр зөвхөн ясли ангид л хүүхэд бүртгэж байв. Иргэдийн ярьж буйгаар яслийн хоёр ангид тус бүр 15 хүүхэд авах боломжтой гэж цэцэрлэгийн удирдлагууд нь хэлсэн байна. Гэтэл гадаа нь 50, 60 хүн дугаарлаад сууж байгаа нь цэцэрлэгийн хүрэлцээ “гамшиг” болсныг дахиад л илтгэсэн хэрэг болов. Тэнд дугаарлаж байгаа иргэдийн цөөнгүй хэд нь үүрээр ирсэн гэх. Зарим нь бараг сахиж хоносон бололтой юм. Гэвч хүүхдээ бүртгүүлж чадаагүй тухайгаа ч хэлж байлаа. Энд тэнд суух иргэдтэй уулзсаны дараа цэцэрлэгээс нэг хүн гарч ирж хаалгаа онгойлгоход сониноос яваагаа хэлж, эрхлэгчтэй нь уулзахыг хүссэн ч оруулсангүй. Мөн иргэд ч гэсэн дургүйцэж, “Худлаа шалтаг хэлж орох гэлээ. Цагдаа л биз. Дандаа худлаа ярьж орж, эрхлэгчтэй нь уулздаг” хэмээн хашгичиж. Хөөрхийс хонож өнжин дугаарлаад орж чадахгүйдээ бухимдаж байгаа бололтой юм. Арга ч үгүй биз. Хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй бол ажил төрлөө хийж чадахаа болихоос эхлүүлээд асуудал үүсч л таарна. Нэгэнт дотогш орж, цэцэрлэгийн эрхлэгчээс хэдэн хүүхэд бүртгэх боломжтой талаар асуух боломж олдоогүй учир дараагийн цэцэрлэг рүү явлаа.
99 дүгээр цэцэрлэгийн урдхан талд нийслэлийн 106 дугаар цэцэрлэг байрладаг. Тэднийх өнөөдөр бүртгэлээ хийнэ гээд хөл хөдөлгөөн багатай байв. Учир нь өнгөрсөн хавар хуучин хүүхдүүдээ бүртгээд, гэрээ байгуулчихсан учир одоо ясли ангид цөөн хэдэн хүүхэд л авах юм байх. Мөн л ганц хоёрхон ангид 30 орчим хүүхэд авах тухайгаа цэцэрлэгийн багш нь хэлж байлаа. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг зорих нүүдэлчдийн цуваа тасрахгүй байгаа. Нөгөө талаар дүүрэг дотроо шилжих хөдөлгөөн ч их. Аймаг, дүүрэг сольж нүүж ирсэн айлууд харьяаллын дагуу хүүхдээ цэцэрлэгт өгөх ямар ч боломж байхгүй болчихсон нь дээрх жишээнээс харагдаж байгаа юм. Хуучин байсан хүүхдүүдээ хавар нь бүртгээд, эцэг, эхтэй нь гэрээ хийчихдэг. Гэрээний дагуу хөөрхөн хэдэн төгрөг хураагаад, засвар энэ тэрд зарцуулдаг бололтой юм билээ. Сайндаа л бэлтгэл ангид сурч байсан 30-40 хүүхэд нь сургуульд орж, ясли ангийнхан нь дээшээ дэвшээд, хэдэн нялх хүүхдийн орон зай л гардаг. Түүн дээр нь худал хэлсэн хүнд 100 айл өрсөлдөөд, дөнгөж 30 нь л барианд орно гээд бодохоор эмгэнэлтэй байгаа биз дээ. За гайгүйхэн мөнгө төгрөгтэй нь цэцэрлэгийн эрхлэгчийг нь хахуулдаж байж хүүхдээ дундуур нь чихвэл их юм.
Ингээд бодохоор сургуулийн өмнөх боловсрол эзэмших хүүхдийн тоо хязгаарлагдмал байгаа юм. Нээрээ баян, эрх мэдэлтэй, мөнгөөр сагачихсан хүүхдүүдийн явдаг цэцэрлэг тусдаа гэдгийг шийдвэр гаргах төвшнийхөн сайн мэдэж байх учиртай. Учир нь тэдний хүүхдүүд ч гэсэн тусдаа цэцэрлэгт явдаг шүү дээ. Тэр бүх хүүхдүүдийг хасаад хасаад цэцэрлэгийн хүрэлцээ ийм муу байна. Гэтэл дарга нар цэцэрлэг, сургууль барихын оронд Улаанбаатар хотыг оффисын барилгаар дүүргэх бодлого баримталж байна. Хаана л хоосон газар байна өндөр барилга, орон сууц бариад байгаа юм. Тэгсэн хэр нь сургууль барих төсөв байхгүй, газар олдохгүй гэж тайлбарлах. Дарга нарыг ингэж худлаа хэлж, хамар нь биш гэдэс нь сунаж суух зуур гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль нийслэлийг эзлэх нь. Өнөөдөр зурагт, радиогоор явж байгаа сурталчилгааны багагүй хувийг “Хятад, Англи хэлний сургалттай цэцэрлэгт элсэлт авна. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай цэцэрлэг таны хүүхдийг хятад хэлээр ус цас шиг ярьдаг болгоно” гэсэн зар эзэлж байна. Улс цэцэрлэг барих гэхээр газар олдохгүй байхад Монголын ирээдүй болсон иргэдийг эх хэлээрээ цэвэр ярьж сураагүй байхад нь Хятад хэл зааж өгөх өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай цэцэрлэгүүд нээгдээд байгаа нь бас л сонирхолтой.
Бид 106 дугаар цэцэрлэгийн багш нартай уулзсаны дараа хажуухан талд нь байрлах 104 дүгээр цэцэрлэгийг зорилоо. Тус цэцэрлэгийн үүдэнд мөн л 50-60 хүн бөөгнөрч, дотогш орж хүүхдээ бүртгүүлэхийн төлөө “дайтаж” байлаа. Энд зөвхөн ясли гэлтгүй бүхий л ангид хүүхэд бүртгэж байгаа тухай иргэд хэлж байв. Гэхдээ яг ямар ангид, хэдэн хүүхэд бүртгэхээ хэлэхгүй байна гэсэн гомдол эцэг, эхчүүдийн дундаас гарч байлаа. Нэгдүгээр хороолол орчмын цэцэрлэгт орон сууцны хорооллын иргэдээс гадна дэнжийн гэр хорооллын иргэд хүүхдээ өгдөг юм билээ. Дэнжийн гэр хорооллын иргэд “Цэцэрлэгүүдэд очихоор орон сууцны айлуудын хүүхдүүдийг түрүүлээд авчихдаг. Бид өглөө үүрээр ирж дугаарласан ч орж чадаагүй л байна. Тийм байхад танил талууд нь энд тэндхийн хаалгаар нь орж, хүүхдээ бүртгүүлээд байгаа байхгүй юу.
Манай дарга нараас өөр өөдтэй хүмүүс бол гэр хорооллын дунд 3-4 давхар цэцэрлэг бариад, яаж ийж байгаад төвийн шугамд холбоод, иргэдийнхээ төлөө ажиллах л байсан. Эсвэл уурын зуухаараа халаасан ч яадаг юм. Сэтгэл байвал болно. Өнөөдөр иргэд цэцэрлэгийн үүдэнд хонон өнжин дугаарлаж зогсч байгааг тэр дарга нар мэддэг ч юм уу, үгүй ч юм уу” хэмээн ихэд бухимдаж байлаа. Мөн зарим иргэд “Цэцэрлэгийн эрхлэгч нар үнэхээр хүнд сурталтай. Харьяаллын хүүхдээ авахгүй, авлига авч өөр дүүргийн хүүхэд авдаг. Мөнгөтэй хүмүүс нь ажлынхаа ойролцоо хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд мөнгө “цацаж”, нэгнийгээ хохироож байна. Болдог бол цэцэрлэгийн эрхлэгч нарыг шалгадаг баймаар юм” хэмээн саналаа хэлж байсан юм. Энэ жил нийслэлийн хэмжээнд 500 хүүхдийн цэцэрлэг барьсан гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байгаа. Ингээд бодохоор нийслэлийн хэмжээнд ердөө 2-3 цэцэрлэг барьсан гэсэн үг. Гэтэл ганцхан дүүрэгт л гэхэд дор хаяж 1000 хүүхэд цэцэрлэгт явах хэрэгтэй байна. Тодруулбал, ганцхан дүүрэгт хамгийн багадаа 5-6 цэцэрлэг нэн яаралтай барих шаардлага байна гэсэн үг. Үүнийг шинээр сонгогдсон салбарын сайд нь анхаарна буй за.
Иргэдтэй уулзаж, байдлыг тандсаны дараа 104 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээс зарим зүйлийг тодрууллаа.
Ц.Энхтуяа: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь төлдөг баймаар байна
-Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Танай цэцэрлэг энэ жил хэчнээн хүүхэд бүртгэх вэ?
-Манай цэцэрлэг 2012-2013 оны хичээлийн жилд нийтдээ 335 хүүхэд хүмүүжүүлэх тооцоотой байна. Өнөөдрөөс бүртгэл эхэлж байгаа. Одоо хуучин хүүхдүүдээ бүртгэж байна. Маргаашнаас /өнөөдөр/ шинээр авах хүүхдүүдээ бүртгэх юм. Ачаалал их байгаа. Гэхдээ боломжоороо бүртгэхийг хичээж байна.
-Шинээр хэдэн хүүхэд бүртгэх вэ?
-100 орчим хүүхэд бүртгэх байх. Энэ жилээс гурван бэлтгэл анги сургуульд шилжсэн. Тиймээс тэр ангийг нөхөж хүүхэд бүртгэж авна. Манай цэцэрлэг дээр хоносон, өнжсөн хүн байхгүй байгаа. Боломжийнхоо хэрээр бүртгүүлээд байж байна. Бид өөрсдийн хүчин чадлын хэмжээнд бүртгэнэ. Нэгэнт эцэг, эхчүүд цаг заваа гарздаад ирж байгаа учраас аль болох бүртгэж авахыг хичээж байна.
-Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэг дутагдалтай байгаа. Та эрхлэгч хүний хувьд цэцэрлэгтээ тулгамдаж байгаа асуудлаас хуваалцаж, санал бодлоо илэрхийлээч?
-Цэцэрлэгт 2-5 насны хүүхдийг авна гэж сургуулийн өмнөх боловсролын хуулинд байгаа. Гэхдээ өнөөдөр хоёр нас хүртэл хүүхдээ хараад гэртээ суудаг хүн гэж байхгүй болчихсон байна. Бид 1.8 настайгаас нь бүртгэж авч байгаа. Боломжийнхоо хэрээр шүү дээ. Энэ насны хязгаарлалтыг зохицуулах хэрэгтэй байгаа юм. Залуучууд хүүхдээ хараад гэртээ суухаар амьдрал ахуй нь дээшлэхгүй байна. Гэртээ цоожлоод явна гэхээр хэцүү биз дээ. Тиймээс боломжийнх нь хэрээр зохицуулах шаардлага байна.
-Танай цэцэрлэгийн ачаалал хэр хэмжээгээр давсан байна?
-Манайх 280 хүүхэд хүмүүжүүлэх хүчин чадалтай. Гэтэл өнөөдөр 335-аар авч байгаа. Нэг ангид 25 хүүхэд байхаар бодохоор 280 болж байгаа юм. Гэхдээ зарим хүүхдүүд ирэхгүй байх тохиолдол гардаг. Тиймээс хэлбэлзлийг нь тооцож үзээд, 30-35 хүүхэд авдаг юм. Харин нэг зовлон байгаа нь хоолны мөнгө. Улсаас 1100 төгрөг өгч байгаа. Энэ мөнгө үнэхээр хүрэхгүй байна. Бид ачааллаа хэтрүүлээд, ард түмэн, залуусаа бодоод илүү хүүхэд авч болно. Гэтэл хоолны мөнгө нь 25 хүүхдийн тоогоор орж ирдэг. Түүнээс илүү гардаггүй учраас бид өөрсдөө өрөнд орно, эсвэл хүний хүүхдийг өлсгөх хэрэг болно биз дээ. Тиймээс улс хоолны мөнгийг нэмэх хэрэгтэй байна. Эсвэл 50 хувийг нь эцэг, эх нь даадаг байх хэрэгтэй. Уг нь хоолны мөнгөө төлье гэсэн эцэг, эхчүүд байна шүү дээ. Тэгэх юм бол асуудал арай дээр болно.
Н.Пунцагболд