Монгол, Өвөр Монгол хоёр улсын уран бүтээлчдийн хамтын томоохон бүтээл болох "Аравт" киноны нээлт өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ киноны ерөнхий найруулагчаар "Монгол фильм"-ын захирал найруулагч Д.Золбаяр, Өвөр Монголын "Одон" телевизийн найруулагч, Өвөр Монголын "Нүүдэл соёл" кино компанийн захирал, кино найруулагч И.Шагдарсүрэн нар ажиллажээ. Тус кино Өвөр Монголын Хөх хотод энэ сарын 27-нд нээлтээ хийх аж. Энэхүү киноны Арван цэргийн ахлагч Цахирын дүрд Монголын үзэгчдэд олон ангит "Чингэс хаан" киноны Тэмүжиний дүрээр танил болсон Өвөр Монголын өөртөө засах орны Кино үйлдвэрийн жүжигчин, БНХАУ-ын нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжав тоглосон билээ. Тэрээр уран сайхны болон олон ангит кинонд 100 гаруй гол дүр бүтээсэн нэгэн аж. Түүнтэй "Аравт" киноны нээлтийн дараа уулзаж ярилцлаа.
-Монголд хэдий хэр хугацаагаар ирэв?
-Би киноныхоо нээлтэнд оролцохоор (дөрөвдүгээр сарын 20-нд) ирсэн. Энэ сарын 25-нд буцна. Ард ажил их байгаа болохоор цаг жаахан давчуу явна. Монголынхоо үзэгчидтэй "Аравт" киногоор уулзаж байгаадаа баяртай байна. Монголчууд миний тоглосон 30 ангит "Чингэс хаан" киног маш сайн мэддэг юм билээ. Намайг их сайхан хүлээж авч хүндэтгэсэн.
-"Аравт" киноны талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Сэтгэлд хүрсэн уран бүтээл боллоо. Хоёр орноос тус бүрийн найруулагч, операторуудыг ажиллуулж, ёстой л тал бүрээр хамтарч байж киногоо хийлээ. Энэ кино монгол найруулагчтай хамтарч ажилласан миний анхны уран бүтээл. Найруулагч Д.Золбаяр гурван жилийн өмнө энэ киног санаачилж Өвөр Монголын уран бүтээлчдэд санал тавьсан л даа. Зохиол нь таалагдсан болохоор шууд л зөвшөөрсөн. Хоёр орны найруулагчид их хүч гаргаж, цаг хугацаанд баригдалгүйгээр зөвлөлдөж хийсэн учраас чанартай уран бүтээл болсон болов уу гэж бодож байна. Кинонд гарах байгаль үнэхээр гайхалтай. Увс аймгийн Түргэн сум болон Тэрэлжид зураг авалт хийсэн. Монголын жүжигчид арын албаныхны ур чадвар өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Бүгд л сэтгэлээсээ хичээж ажилласан. Хамтарч ажилласан хүмүүстээ баярлаж, талархаж байгаагаа танай сониноор дамжуулан уламжилъя.
-Таныг олон ангит "Чингэс хаан" киноны хааны дүрээр монголчууд сайн мэддэг. Аравт кино Чингэс хаан киноноос юугаараа ялгаатай вэ?
-Би гучин ангит Чингэс хаан кинонд их хааны дүрд тоглож байлаа. Чингэс хааны тухай киног олон оронд олон янзаар хийсэн байдаг. Миний тоглосон "Чингэс хаан" кино бол нэг өнцөг нь юм. Энэ киноноос гадаадын үзэгчид монгол үндэстэн гэж дэлхийн тавцанд ямар хүмүүс байсныг мэдэрсэн байх. Чингэс хааны талаар өөрийн гэсэн бодол, үнэлэмжтэй болсон байх. "Аравт" киноны хувьд XIII зууны үеийн Монголын түүхийг харуулсан кинонуудаас эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч тэмцэж, хооллож ундалж, нөхөрлөж, аян дайны хүнд бэрхийг нэгэн санаагаар туулж байсныг харуулснаараа онцлог. "Аравт"-аас монгол дайчид эзэндээ хэрхэн зүтгэж, ямаршуухан аж төрж байсныг мэдэх боломжтой. Зураач Ж.Цог маань тэр үеийн хувцас хэрэглэлийг маш сайн бүтээсэн. XIII зууны үеийн монгол баатрын дээлний загвараар хийсэн.
-Өмнө нь Чингэс хааны дүрд тоглож байсан бол энэ удаа цэргийнх нь дүрд тоглолоо. Их хаадын үеийн өөр ямар дүрд тоглож байсан бэ?
-Би Чингэс хаанаас гадна Өгөдэй, Хубилай, Мөнх гээд Монголынхоо дөрвөн их хааны дүрд тоглосон. Мөн Хятадын олон алдартай найруулагчдын кинонд баатар, жанждын дүрийг бүтээж байсан. "Аравт" кинонд Арван цэргийн ахлагч Цахирын дүрд тоглолоо. Өмнө нь энэ үеийг харуулсан кинонд тоглож байсан. Чингэс хааны дүрийг бүтээхэд хааны сэтгэлээр хандана. Харин цэрэг, жанжны дүр бүтээхдээ мөн л тийм сэтгэл хэрэгтэй. Найруулагчдынхаа хүссэн дүрийг гаргахыг зорилоо.
-Монголын найруулагч, жүжигчидтэй анх удаа хамтран ажиллалаа. Арга барилын хувьд зөрөх ч юм уу хүндрэл, бэрхшээл гарч байв уу?
-Бид өвөг дээдэс нэгтэй, соёл зан заншил ижил ах дүү нар тул соёлын салбарт хамтарч ажиллахад ямар нэгэн бэрхшээл гарах нь бага байдаг. Зураг авалтын эхэнд бие биенээ ойлгохын тулд тодорхой хугацаанд хамт байсан. Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цог, ӨМӨЗО-ын жүжигчин Л.Жамбал (олон ангит Чингэс хаан киноны Сорхон шар), ӨМӨЗО-ны жүжигчин Б.Аюурдарь (Сергей Бодровын "Монгол" киноны бөөгийн дүрд тоглосон жүжигчин) болон Б.Амарсайхан, Г.Золбоот, Н.Онон, жүжигчин С.Ариунбямба, ӨМӨЗО-ын жүжигчин Э.Буянхишиг, Ч.Бодь гээд хоёр орны авьяаслаг жүжигчид хамтран ажиллалаа. Нэг нэгнээ маш сайн ойлгож бие биенийхээ сайн талуудаас суралцсан. Сэтгэл зүрх, хүсэл нэг болохоор хүндрэл гэхээр зүйл гарсангүй. Яавал нэг сайхан монгол кино бүтээх вэ гэсэн сэтгэлээр найруулагчид, жүжигчид уран бүтээлчид дор бүрдээ хичээсэн.
-Бүтээхсэн гэж хүсч явдаг дүр бий юу?
-Кино бүтээгчид, ивээн тэтгэгчид ямар жүжигчин тоглуулахаа шийддэг шүү дээ. Би санал тавьсан киноны зохиолыг нь хамгийн түрүүнд уншдаг. Кино бүтээнэ гэдэг бол ганцхан жүжигчний ажил биш. Хувцасны дизайнер, зураглаач, зураач, нүүр хувиргагч болоод арын албаны тогооч, жолооч гээд зүйл бүрийн мэргэжилтэй хүн нэг сэтгэлээр зүтгэж байж сайн уран бүтээл төрдөг. Түүнээс сайн жүжигчид байлаа гээд кино сайхан болдоггүй. Сайн кино үйлдвэр бол бүх талаараа сайн байхыг л хэлнэ. Олон хүн нэгэн сэтгэлээр зүтгэсний хүчинд "Аравт" кино бүтлээ. Сая үзлээ. Сайхан кино болж. Тэгэхээр би сайн кинонд дүр бүтээхийг хүсдэг.
-Таныг түүхэн кинонд бүтээсэн дүрээр тань ихэвчлэн мэддэг. Түүхэн кинонд тоглох илүү сонирхолтой юу?
-Жүжигчин ямар ч дүрийг бүтээх чадвартай байх ёстой. Зөвхөн хааны дүрд тоглодог жүжигчин байж болохгүй. Нэг сайхан малчин хүний дүрд тоглож болно шүү дээ. Дарга ноёдын аав, хөгшин хүний дүрд ч тоглож болно. Төрөл бүрийн хүний дүрд тоглоно шүү дээ. Миний эгэл малчны дүрд тоглосон нэг киног охид маань үзэх их дуртай байдаг. Жинхэнэ эрдэм ур чадвар бол бүх л дүрд орохыг хэлнэ.
-Таны нутаг ус хаана вэ. Одоо хаана амьдарч байгаа вэ?
-Би Шинжаан мужийн дотор орших Монголын өөртөө засах аймагт төрж өссөн. Одоо Өвөр Монголын өөртөө засах орны кино үйлдвэрт жүжигчнээр ажиллаж байна. Би киноныхоо ажлаар гадаадын орноор их явдаг.
-Аав, ээж чинь ямар ажил хийдэг хүмүүс байсан бэ. Ах дүү хэдүүлээ вэ. Танаас өөр жүжигчин бий юу?
-Аав ээж хоёр маань малчин хүмүүс байсан. Би нутгаасаа гарч Өвөр Монголын урлагийн сургуульд жүжигчин, бүжигчний мэргэжил эзэмшсэн. Дараа нь цэргийн уран сайханд 14 жил ажиллаад цэргээс халагдсан даа. Тэгээд Өвөр Монголд эргэж очоод Кино үйлдвэрт орж өдий хүртэл ажиллаж байна. Дээрээ хоёр ах, гурван эгчтэй. Надаас өөр жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн байхгүй.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх ам бүл дөрвүүлээ. Хоёр охинтой. Эхнэрийг маань Сарангоо гэдэг. Өвөр Монголын урлагийн байгууллагад ажилладаг, дуучин хүн.
Ж.БАЯРСАЙХАН