Намар цаг болохоор хамгийн түрүүн уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэдэг нь хошин урлагийнхан. Тэдний төлөөлөл болгож “Маск” продакшныхнар сонин сайхан юу байгааг сонирхсон юм. Тус продакшн саяхан зургаан насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. Энэ талаар болоод уран бүтээлийнх нь тухайд жүжигчин П.Эрдэнэзаантай ярилцсан юм.
-Танайх төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглээ вэ?
-Зургаан жилийн ойгоо нэг их өргөн хүрээнд тэмдэглээгүй ээ. Хамт олноороо салхинд гарч хөгжилтэй өнгөрүүлсэн. Волейбол, буудлагын тэмцээн зохиож хоорондоо уралдсан. Волейболын тэмцээнд хоёр хоёроороо нэг баг болж өрсөлдсөн. Манайх эсрэг багтаа хожигдоод тэмцээнээс хасагдсан. Жүжигчин С.Жавхлан, Ж.Мөнхсайхан хоёр түрүүлж “Swatch” брэндийн цагаар шагнуулсан даа. Буудлагын тэмцээн бас их өрсөлдөөнтэй болсон. Манай баг хоёрдугаар байранд орсон. Багийн ажиллагаа их шаардсан сонирхолтой тэмцээн байсан. Төрсөн өдрөө хөгжилтэй, зугаатай, өрсөлдөөнтэй, дуу хууртай сайхан тэмдэглэсэн.
-Төрсөн өдрөөрөө шинэ шоу хийж үзэгчидтэйгээ хамт тэмдэглэнэ гэсэн яриа байсан л даа. Үзэгчдийн дунд хүлээлт их байсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Есдүгээр сарын 17-ноос шинэ шоу тоглолт хийнэ. Энэ л бидний зүгээс үзэгчдэдээ барих бэлэг гэж ойлгож болно. Одоогоор тоглолтын зохиол, үзэгдлүүдийнхээ санааг хамтлагаараа ярилцаж байгаа. Хошин шогийн олон хамтлаг байгаа учраас шинэлэг тоглолт хийх гэж хичээж байна. Удахгүй бэлтгэлдээ орно.
-“Маск” продакшн байгуулж байсан үеэ эргэн дурсахгүй юу?
-Миний хошин урлагтай холбогдсон түүх “Өнгөт инээд” хамтлагтай салшгүй холбоотой. “Өнгөт инээд”-д Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай хоёртойгоо таван жил хүчин зүтгэсэн. Ж.Мөнхсайхан бид хоёр өмнө нь УДЭТ-т хамт ажиллаж байсан болохоор бие биенээ сайн таньдаг байсан. Харин Магнайтай “Өнгөт инээд” хамтлагт ороод танилцаж байлаа. Миний хувьд өөр имижтэй шинэлэг тоглолт хийх мөрөөдөлтэй байсан учраас Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай хоёртойгоо ярилцаад хамтлагаасаа гарах болсон. Бид гурав уран бүтээлч төдийгүй хувь хүний хувьд бие биенээ сайн мэддэг, мэдэрдэг байсан. Тийм болохоор тусдаа хамтлаг байгуулахаар шийдсэн. Анх бид гуравт шинэлэг тоглолт хийх хүсэл, эр зориг, мөрөөдлөөс өөр юу ч байгаагүй. Яах учраа олохгүй хэцүү байсан үе бий. Харин одоо эргээд бодоход “Маск” продакшн өөрийн гэсэн өнгө төрхөө олж, олон сайхан тоглолт тавьж, тоглолтыг маань хүлээдэг үзэгчидтэй, 30 гаруй хүний баг бүрэлдэхүүнтэй том байгууллага болсон байна. Энэ бүхэн манай хамтлагийн хөдөлмөрийн үр дүн юм болов уу гэж ойлгож байна.
-Анхны тоглолтын тань талаарх сэтгэгдлийг сонсмоор байна. Ямар үзэгдлүүд тоглож байсан бэ?
-2006 оны есдүгээр сард анхны тоглолтоо хийсэн. Мэдээж бид цаашид амжилттай явах үгүй нь энэ тоглолттой шууд холбоотой байсан. Үзэгчид биднийг “Өнгөт инээд” хамтлагаас гарсан учраас ямар тоглолт хийх бол гэж их сонирхож үзсэн байсан. Гадуур энэ талаар их шуугьж байсан болохоор сэтгэлзүйн хувьд их хэцүү байж билээ. Тэгэхэд үнэхээр олон хүн манай тоглолтыг үзсэн. Их ч сайхан тоглолт болж байлаа. “Бэр гуйсан нь”, “Гурван галзуу” зэрэг үзэгдлийг үзэгчдэдээ хүргэсэн. Санааг өмнө нь бодсон байсан л даа. Үзэгчдийн сэтгэлийг хөөргөсөн, уйлуулсан, баярлуулсан их сайхан тоглолт болж байлаа.
-Үзэгчдийн сэтгэлд нэгийг бодогдуулсан үзэгдэл гэвэл алийг нэрлэх вэ?
-“Бэр гуйсан нь”. Хүү охин хоёрын хурим найрыг хийх гэж Үхэртийн хөндий хэмээх газрыг булаацалдаж худууд хэрэлддэг үзэгдэл байдаг шүү дээ. Сүүлдээ хүүгийн аав Үхэртийн хөндий манайх шүү гэж хятадаар ярьж, цовхчин, толгойгоороо мөргөдөг. Үүнээс нь болж худыгаа хятад гэдгийг мэдээд охиноо гэрлүүлдэггүй. Үүгээрээ бид үндэсний аюулгүй байдал мөхөхөд ойрхон байгааг маш тодоор харуулж чадсан. Өчигдөр л гэхэд надтай таарсан нэг хүн “Би танай тоглолтыг байнга үздэг. Би “Бэр гуйсан нь” үзэгдэлтэйгээ адил тоглолт дахин дахин хийж байгаасай гэж хүсдэг. Энэ сэдэв бол мөнхийнх шүү. Үндэсний аюулгүй байдал мөхөлд хүрэхэд ойрхон байна гэдгийг надад төдийгүй хүмүүст их мэдрүүлж чадсан” гэж байсан.
-Тоглолтынхоо санааг хэрхэн олдог вэ?
-Санаа амьдрал дунд байж л байдаг. Мэдээж бусад хамтлагтай адилхан хийхгүйн тулд маш их судалгаа, шинжилгээ, эрэл хайгуул хийнэ, ном их уншина. Одоо үзэгчдийн шалгуур өндөр болсон. Сонголт олон учраас аль нь илүү хийж, бүтээж байна, тэрийг л үздэг болсон цаг. Миний хувьд хэчнээн их хөдөлмөрлөнө, төдий чинээ үзэгчид түүнийг үнэлнэ гэж боддог.
-Тайзан дээр санамсаргүй алдаа гаргах үе гардаг байх. Танд хэр олон тохиолдож байсан бэ?
-Мэдээж тайзан дээр юу ч тохиолдож болно. Тэр бүрт жүжигчин бэлэн байх ёстой. Тайзан дээр алдах эрх байдаггүй гэж би боддог. Техникийн саатал гарна, жүжигчин гэмтэж бэртэх гээд юу ч тохиолдож болно л доо. Тэр үед үзэгчдэд юу ч мэдэгдэх ёсгүй гэдэг хатуу хуультай. Өмдний салтаа урагдана, товч тасарна, хамраас цус гарна. Тэр бүгдийг жүжигчин өөрөө аргална. Алт хайж байгаа нинжагийн үзэгдэл байдаг юм. Тэр хэсэгт Баярмагнай бид хоёр тайзан дээр хоёулаа 25 минут хоорондоо ярьсан. Уг нь бид хоёрыг алтаа угааж байхад Дэлгэрсайхан тайзан дээр гарч ирэх ёстой байсан юм. Тайзны ард нэг юм хийгээд тэрэндээ улайраад мартчихсан байсан. Мэдээж хөөе Дэлгэрсайхаан, чи гараач ээ гэж орилж болохгүй нь тодорхой учир тэр үеийг жүжигчний чадвар, туршлагаа ашиглаж аргалж байсан.
-“Маск” продакшн шинэ залуу жүжигчдээ хэрхэн шалгаруулж авдаг бол?
-Манай хамтлагийг сонгож ирсэн залуу жүжигчдийг нээлттэй хүлээж авдаг. Дүрээ аваад тайзан дээр гараад тогло гэж хэлдэг. Мэдээж сайн жүжиглэж байна уу, үгүй юу гэдгийг үзэгчид шийддэг. Үзэгчдээс ирж буй сэтгэгдэл мэдрэгддэг юм. Тухайн жүжигчин болж байвал цаашид тоглоно, үгүй бол орон зайгаа дараагийн хүнд тавьж өгнө. Энэ бол хамгийн шударга шүүлт гэж би боддог. С.Жавхлан, А.Гэрэлцэцэг, Д.Дэлгэрсайхан гурав “Маск” байгуулагдахад орж ирж байсан. Өнөөдөр сайн жүжигчид болсон. Манай хамтлагийн нүүр царай болсон залуучууд болжээ.
-Цаашид хийх ажил их биз ээ. Энэ чиглэлээрээ л тоглоод байх уу?
-Манай хамтлагийн залуус дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, өөрөөр хэлбэл потенциаль өндөртэй. Тийм болохоор энэ нөөцдөө түшиглэж мюзикл хийх төлөвлөгөөтэй байгаа. Бас драмын жүжиг ч тоглох санаа байна. Үзэгчдээс бол инээдмийн кино хийгээч гэсэн санал их ирж байгаа.
Б.МАРАЛ-ЭРДЭНЭ