Өнөө цагийн сумогийн өнгө төрхийг тодорхойлж буй Монголын хоёр сумочийн барилдаан дэндүү өрсөлдөөнтэй болж, Харумафүжи ялснаар 15-0 гэсэн амжилтаар башёгийн түрүү бөхөөр тодорлоо. Өнгөрсөн долдугаар сарын нагоя башёд мөн 15-0 гэсэн амжилт үзүүлж, түрүүлсэн озэки ийнхүү ирэх арваннэгдүгээр сарын башёд ёкозуна цолтой барилдах болж байна. Ийнхүү арлын орны сумо бөхийн дэвжээнээ Монголын гурав дахь ёзозуна төрөх нь тодорхой болж байгаа юм. Долдугаар сарын нагоя башё өндөрлөсний дараа Сумогийн холбооны дэргэхэд Ёкозунагийн зөвлөл хуралдаж, Харумафүжи Д.Бямбадорж аки башёд түрүүлэх, түрүүлэхгүй байсан ч түрүүлэх хэмжээнд өрсөлдөж, 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол хүртээх болзол тавьсан юм. Гэхдээ башёгийн явцад Баруто, Котоошю, Котошогикү нарын озэки гэмтлийн улмаас башёг орхисон тул болзолт 13 давааг 14 болгон ахиулсан. Харумафүжи Д.Бямбадорж башёгийн эхний өдрөөс л урамтай, уран, дайчин барилдаан үзүүлж, 14 дэх өдөр нутгийн бөх, озэки Какурюү М.Анандыг давснаар ёкозуна цолны болзол хангасан билээ. Харин өнөөдөр буюу башёгийн сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалыг давж, Японы Эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Аваргыг давж дэвжээнээс буухад нь хамгийн түрүүнд түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний сумоч Аминишики баяр хүргэж буй нь харагдав.
Наран орны үндэсний спортын дэвжээг эзэгнэн, сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржоос хойш ийнхүү Монгол Улсаас гурав дахь ёкозуна төрлөө. 68 дахь ёкозуна Асашёорюү, 69 дэх ёкозуна Хакухо, 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж…
Макүүчи зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд их аварга Хакухо М.Даваажаргал 13-2, озэки Какурюү М.Ананд 11-4, Кёкүтэнхо Н.Цэвэгням 10-5, Токитэнкү А.Хүчитбаатар 6-9, Шотэнро Д.Нямсүрэн 6-9 гэсэн амжилтаар аки башёг өндөрлүүлэв.
Аки башёгийн түрүү бөх Харумафүжигийн барилдааны дүнг танилцуулъя.
Эхний өдөр: Аойяма /ёрикири/
2 дахь өдөр: Аран /ёрикири/
3 дахь өдөр: Шохозан /ёрикири/
4 дэх өдөр: Кайсэй /уватэдашинагэ/
5 дахь өдөр: Точиношин /ёрикири/
6 дахь өдөр: Хомашо /хатакикоми/
7 дахь өдөр: Гагамару /шитатэнагэ/
8 дахь өдөр: Мёогирюү /күбинагэ/
9 дэх өдөр: Тоёоношима /сотогакэ/
10 дахь өдөр: Такаяасү /шитатэнагэ/
11 дэх өдөр: Окиноуми /уватэнагэ/
12 дахь өдөр: Гоэйдо /цүкитаоши/
13 дахь өдөр: Кисэносато /ёрикири/
14 дэх өдөр: Какурюү /ёрикири/
15 дахь өдөр: Хакухо /шитатэнагэ/