Хурц үг, дайчин байдал, үндсэрхэг үзлийг уран бүтээлдээ шингээдэг рэппэр бол Gee. Түүнтэй ярилцсан яриагаа та бүхэндээ хүргэж байна.
-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ сонин хачнаас сонирхуулаач?
-Сүүлийн үед “Click click boom” бүлгээрээ уран бүтээлээ хийж байгаа. Ирэх 7 хоногоос бэлэн болсон 2 клипээ зэрэг цацах байх. Мөн 10 сарын 20-нд Буянт–Ухаа спорт цогцолборт “Click click boom”, болон “Onyx” хамтлагийн тоглолт болно. 3 цаг 30 минут үргэлжлэх уг тоглолт маань ойрд тоглогдоогүй хамгийн гоё хип хоп тоглолт болох байх. Яагаад гэвэл хип хопын алтан үеийн амьд домог болсон “Onyx” хамтлаг Америкаас ирж байна. Тэр утгаараа бүх л насны хип хоп сонирхогчид тэнд цуглах болов уу.
-Энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв?
-Энэ зун хөдөө орон нутгийн олон аймгуудаар явсан. Хүний сайхан сэтгэл байгалийн сайхныг үзлээ. Манай Монголыг гүйцэхээр газар нутагтай орон байхгүй юм шиг санагдсан. Монгол хүн шиг амьдралаас олж авсан оюун санаа, ёс суртахууны өндөр чадвар боловсролтой хүмүүс хаана ч байхгүй юм шиг. Гэхдээ сүүлийн үед хотын хөгжим, хотын соёл гээд л ярьдаг. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр бид ёс заншлаа ярих ёстой. Хотод ямар нэгэн юм болоод туслаарай гээд орилоход туслах ч юмуу хаалгаа нээх хүн байх болов уу? Тэгэхэд хөдөө машин эвдрээд өлсөж цангаад зогсож байхад өөрсдөө цай хоолоо хийгээд гүйгээд л ирдэг хүмүүс байна. Хотын соёл гэж туйлшрахаасаа илүүтэй ёс заншлаасаа суралцвал зүгээр юм шиг санагдсан. Монголчууд баян хүмүүс их юм өвлөж авлаа л гэдэг. Бидний өвлөж авсан газар доорх баялаг биднийг баян болгож байна уу гэвэл нэг талдаа өрөөсгөл ойлголт. Миний бодлоор монгол ардын үлгэр домог, зүйр үг ертөнцийн гурав, ерөөл магтаал зэрэг оюун санааны баялгийг өвлөж авсан бид баян хүмүүс.
-Таны уран бүтээлүүдийг сонсож байхад үндэсний үзэл ихээхэн шингэсэн байдаг юм шиг. “Үндэсний үзэлтэй" хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Эх орноо хайрладаг хүнийг л үндэсний үзэлтэй хүн гэх байлгүй дээ. Хүмүүс л намайг үндэсний үзэлтэй гээд байдаг болохоос би өөрийгөө тийм гээд байдаггүй ш дээ. Зүгээр л би эх орондоо хайртай хүмүүсийн нэг нь. Ганцхан би ч биш маш олон хүмүүс байгаа. Үндэсний үзэл гэхээр гадуур явж байгаа гадаадын иргэдийг зодохыг хэлэхгүй байх. Болохгүй гадаадуудыг бол болгож өгөх хэрэгтэй л дээ. Өчигдөр би Туулын эрэг дээгүүр явж байхад эргээр нь дүүрэн хог. Ядахдаа архидан согтуурах гээд аваад очсон хогоо буцаагаад аваад явах тийм сэтгэлгээтэй байх хэрэгтэй ш дээ. Тэр л үндэсний үзэл болох байх. Эх орноо хайрлана гэдэг чинь зөвхөн нутаг газар шороогоо хайрлахаас гадна хүн хүнээ хайрлахыг хэлнэ. Хүмүүсийн дотор эх орон байдаг. Зүрх, судас, цусаар нь эх орон оршин тогтнож байгаа. Тэр эх орныг хайрлах хэрэгтэй.
-Та уран бүтээлээрээ хүмүүст яг ямар “мессэж”-ийг өгөхийг зорьдог вэ?
-Миний дээр хэлсэн зүйлүүдийг ойлгоосой л гэж боддог. Миний хувьд дуунууд маань 100 хувь үнэдэсний үзэл шингэсэн гэж хэлж чадахгүй. Заримдаа өөрийнхөө талаар дуулна, заримдаа хүний талаар дуулна, янз бүр дээ.
-Уран бүтээлийн санаагаа хаанаас олдог вэ?
-Амьдралаас. Гудамжаар явж байгаад, эсвэл телевиз үзэж байгаад сэдвээ олж хардаг. Жишээ нь “№ 2 сая” гээд дуу байна. Гадуур явж байтал манай рок попын нэртэй хүн “Би бол Монголын номер нэг хүн гээд л… Орой нь телевиз асаагаад үзэхээр “Бид номер нэг, бид Монголд анхны юмыг хийсэн гээд л гарч байх жишээтэй. Түүнээс л бид энгийн нэгэн байцгаавал яасан юм бэ? гэсэн сэдэл төрж, “№ 2 сая” гэдэг дуу хийсэн. Энэ нь ямар утгатай вэ гэхээр би №1 баймааргүй байна. Би № 2 сая баймаар байна. Надтай адилхан хүмүүс 2 сая байцгаана шүү, бүгдээрээ хий дэмий №1-рүү тэмүүлээд яах юм вэ. Харин №1 гэгдэх тэр хүмүүс нэр алдар, өнгө мөнгөнд шунасан хоосон толгойтой хүмүүс байдаг юм гэж бодож тэр дууг хийсэн.
-Таны мэргэжил сэтгүүлч. Мэргэжлээс тань илүүтэйгээр хип хоп урлаг таныг юугаараа ингэж их татав аа?
-Үсэг сурснаасаа хойш шүлэг оролдохын зэрэгцээ Америк, Франц хип хоп дуу сонсдог байсан. Би шүлгээ тэд нар шиг хэмнэлд оруулаад бусдад илэрхийлж болох юм байна гэж бодсон. Заавал уран уншлагаар уншихгүйгээр хөгжим дээр үг хийж эхэлсэн. Сэтгүүлчийн мэргэжил бол угаасаа миний мөрөөдөл байсан. Сэтгүүлч мэргэжлээ эзэмшсэн. Дуугаа дуулж буйгаа мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж боддог. Би амьдралтай ярилцаад амьдралын олон зүйлстэй харилцаад тэндээсээ ойлгож авсан зүйлээ өөрийнхөө дуунд шингээж хүргэж байгаа. Энэ л миний сэтгүүлчийн ажил. Бусад сэтгүүлчийг бодвол бүдүүлэг сэтгүүлч байж магадгүй.
-Яг сэтгүүлчийн мэргэжлээрээ ямар нэгэн нэвтрүүлэг хийх бодол байгаа юу?
-Одоохондоо байхгүй. Тийм юм хийх гэхээр тохироо нь бүрдэж өгөхгүй л байна. Миний хийж байгаа зүйлс надад маш их таалагдаж байгаа.
-Хип хоп урлагт хэд хүртлээ зүтгэе гэж бодож байна?
-Үхтлээ. Дуулж чадахаа больтлоо хип хопоор үглэнэ.
-Танд хүндэлж явдаг уран бүтээлч?
-Байлгүй яахав. Жишээлбэл дуучин Наран эгч байна. Бид хоёр нэг дуун дээр хамтарч ажилласан. Тэр хүний дуундаа орж байгаа мэдрэмж, үгийг илэрхийлж гаргаж байгаа сэтгэл, бусадтай харилцаж байгаа шударга байдал нь надад таалагдсан. Хүн ер нь тийм байвал гоё.
-Юунаас уран бүтээл хийх урам зориг, эрч хүч авдаг вэ?
-Хамгийн их урам эрч хүчийг үзэгчдийн дэмжлэгээс авдаг. Би facebook-ээ өөрөө ажиллуулдаг. Түүн дээр бичиж байгаа хүмүүсийн зүйл надад маш их урам өгдөг. Би нэг дуу дууллаа гэхэд хүмүүс тэр дууг маань ойлгоод дэмжээд хамт дуулна гэдэг бол маш том урам. Урам гэдэг чинь аймар том энерги, цэнэг. Тэндээс цаашид уран бүтээл хийх эрч хүчийг олж авдаг. Мөн надад дургүй намайг муулдаг тэр хүмүүсээс ч би эрч хүчийг аймаар олж авдаг. Тэр хүмүүс байгаагүй бол би өдий зэрэгтэй байгаа ч уу, үгүй ч үү. Тэр хүмүүсийн хөгийн өчүүхэн бодлыг ойлгож сонсож мэдсэнийхээ дараа би тэдэнтэй адилхан өчүүхэн биш гэдгээ мэдэж тэрэндээ баярлаж бахдаж бахархаж явах цэнэг авдаг. Тэдний өчүүхэн болж төрсөнд нь баярлах ёстой.
-Таны зарим уран бүтээлүүд хэсэг бүлэг хүмүүст зориулсан байдаг?
-Тийм ээ. Хэсэг бүлэг хүмүүст зориулсан дуунууд бий. Улс төрчдөд, зүгээр л нэг “баагий”-д зориулсан ч юм уу. Би хүмүүст таалагдах нэг дуу хийгээд тэр дуугаараа халтуур хийж хэдэн төгрөг олно гэж бодож дуу хийдэггүй л дээ. Зүгээр л өөртөө бодогдсоноо л хийдэг, хэлдэг. Таалагдвал таалагдана биз. Таалагдахгүй бол тэр л биз. Түүнээс биш хүнд таалагдъя гэж уран бүтээл хийсэн бол жишээ нь тэр хамтлаг 30 дуутай байлаа гэхэд 30-уулаа хайрын дуу байдаг ч юм уу тэд нар шиг хийх байсан байж магадгүй л дээ. Гол нь хүнд таалагдуулах гэж хийх нь надад таалагддаггүй болохоор би тэгж хийхгүй.
-Та хэр зоригтой хүн бэ?
-Мэдэхгүй. Тулсан газар, тулсан юмыг тултал нь “шаана”. Алс холын юмнаас эмээдэг. Санаа суугаагүй болохоор янз бүрийн санаатай хүмүүст ашиглуулчих гээд байдаг. Муу санаанаас бол эмээнэ. Айдас зориг хоёрыг зэрэгцүүлээд л явдаг. Шийдсэн газраа бол айх хэрэггүй ш дээ. Айвал бүү хий хийвэл бүү ай.
-Таны дуунд хараалын үгс их гардаг. Энэ нь таныг сонсож байгаа залууст муугаар нөлөөлж байна гэж хүмүүс ярьдаг. Энэ талаар?
-Яг үнэнийг хэлэхэд хүмүүс хүүхдүүдэд муу үлгэр дууриалал үзүүллээ гэдэг. Хүүхдүүд нь яагаад миний дуунуудыг сонирхоод байгаа тэр цаад мөн чанарыг нь олж харах хэрэгтэй. Хүүхдүүдийн хүсч байгаа дотор байгаа үгийг би хэлээд байгаа байхгүй юу. Хүүхдүүд тэр дууны заавал хараалын үгсийг сонсохдоо биш гол хэлэх гээд байгаа утга санааг нь ойлгож байна. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар тэр утга санааг нь ойлгохгүй өнгөц харж байгаад л нэг жижигхэн “өө” байвал тэрийг нь гоочилж буруутгадаг. Ер нь манайхан юмыг гоочлохдоо сайн ш дээ. Би “өө” эрсэн хүнд өвс хүртэл хутга шиг харагддаг. Үнэн сэтгэлтэй хүнд үг хүртэл эрдэнэ шиг харагддаг” гэж хэлдэг. Тэрэн шиг л. Ер нь Мөнх-Эрдэнэ гэдэг хүн хараал хэлэхээ больчихвол хүүхдүүд хараал хэлэхээ больчих юм шиг тэнэг боддог. Би хараал хэлж дуулахаа больсон ч хүүхдүүд хараадгаараа л хараана. Энэ хараалыг надад орчин нь заасан. Яг тэрэнтэй адилхан тэр хүүхдүүдэд ч орчин нь л зааж байгаа. Тэгэхээр намайг буруутгах гээд байх хэрэггүй л болов уу. Тэгснээс зурагтаар шалдан нүцгэн гараад байгаа охидын хамтлагуудыг болиулах хэрэгтэй. Харахаар янхны газар рекламдаад байгаа юм шиг санагддаг. Шалдан гарчихвал баян ах нар намайг үнэтэй авах болов уу гэдэг юм уу яадаг юм. Тэрийг чинь хүүхдүүд их үзэж байгаа. Тэрийг л болиулчихвал болчих юм биш үү. Бодвол тэд гоо сайхан, Мөнх-Эрдэнэ гутамшиг хийгээд байгаа юм байна л даа. Тэдний хийж байгаа нь уран бүтээл, харин миний хийж байгаа нь “новш” л доо ер нь.
-“Олны танил”, “од” гэдгийг юу гэж ойлгодог вэ? Та олны танил хүн мөн үү?
-Би олны танил хүн шиг биш л байгаа биз дээ. Олны танил хүн гэдэг чинь өөр байдаг юм шиг байна лээ. Би тийм байхыг хүсэхгүй байна. Надад нэг хүн “Чи олны хайр хүндэтгэлийг хүлээх амархан. Тэрийг дааж явах хэцүү шүү” гэж хэлж байсан. Тэр үгний хариуд “Би олны хайрыг татъя гэж анхнаасаа зориогүй ш дээ. Зүгээр л үгээ хэлмээр байсан. Үгээ ч хэлсэн. Тэр үг нь олон хүний үзэл бодолтой таарч нийцсэн учраас хүмүүс намайг дэмжсэн. Тэрнээс биш би олны хайрыг татаж, тэрийг нь дааж явж зовох гэж уран бүтээл хийгээгүй. Би ямар хүн байсан тиймээрээ л байна. Намайг энэ байгаагаар нь ойлго, ойлгохгүй бол “зайл”. Намайг сонсооч дэмжээч гэж би хэнийг ч гуйгаагүй.
-Урлагийн хүмүүсийг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй гэдэг. Гэхдээ таны эмоци бусдаас арай илүү юм шиг ээ?
-Би их мэдрэмтгий хүн. Мэдрэмтгий хүн бас их хор шартай байдаг. Тийм учраас миний эмоци өндөр байдаг болов уу. Тайзан дээр гараад би хүмүүст ямар нэгэн энерги өгч буцаагаад тэд надад ямар хариу үзүүлнэ тэр нь намайг шууд хөтлөдаг. Тэрнээс биш бодож төлөвлөдөггүй.
-Ямар ч үед өөрийнхөөрөө байж чаддаг уу?
-Өөрийнхөөрөө л байдаг. Хүмүүст тааруулж дүр эсгэж амьдрах нь хамгийн зовлонтой амьдрал гэж боддог юм. Өөрийнхөөрөө л байх илүү жаргалтай.
-Таны мөрөөдөл?
-Орчноо л гоё болгож үлдээмээр байна. Хажуугаар гарч байгаа хүн бүр инээмсэглэсэн, хүмүүс бүгдээрээ зовлон багатай байгаасай гэж мөрөөддөг. Тэрний тулд хүүхдээ сайн хүн болгоно гэж бодож байгаа. Нийгмийг сайн хүмүүсээр дүүргэе гэвэл хүүхдээ л сайн хүн болгож хүмүүжүүлэх ёстой юм шиг.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе!
Д.Баярмаа