Ахмадын баярыг тохиолдуулан “Хүйн холбоот” хэмээх тоглолтыг МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нар энэ сарын 28-нд 19 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын их танхимд тоглох гэж байгаа билээ. Ингээд МУГЖ Т.Баяраатай тоглолтын бэлтгэлийн үеэр хэдэн хором ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.
-“Хүйн холбоот” тоглолтыг хийх болсны учир юу вэ?
-Нийслэлийн Улаанбаатар чуулгадаа би хамгийн ахмад жүжигчин. Олон жил хамтран зүтгэсэн ахмадууд олон бий. Нэгдүгээрт ахмадуудаа хүндэлье. Хоёрт хийсэн бүтээснээ ахмадууддаа тайлагнахын зэрэгцээ залуучуудаа дагуулан урлагийн тайзнаа гаргахад тоглолтын маань гол зорилго оршиж байна. Манай Нийслэлийн "Улаанбаатар" чуулга маань хэдийгээр залуу чуулга ч жил болгон цагаан сар, ахмадын баяр, наадмаар ахмад уран бүтээлчдэдээ зориулан тоглолтууд хийдэг.
-Тантай хамтран тоглох уран бүтээлчид залуу дуучид байсан?
-Манай чуулгыг дуучид, хөгжимчид, бүжигчид, захиргаа гээд 100 гаруй хүн бүрдүүлдэг. Чуулгын маань захирлаар та бүгдийн хайртай дуучин МУГЖ Ц.Түвшинтөгс ажилладаг. Дарга маань өөрөө урлагийн хүн учраас залуучуудаа дэмжих тал дээр анхаардаг. Энэ жил миний өндөр насанд гарах хугацаа тулж байна. Тиймээс театрт маань орж ирээд жил болж байгаа шинэхэн дуучдаа би урлагийн тайзан дээр урьж, хамтран тоглолт хийх гэж байна. Учир нь Монголын язгуур урлагийн өв тээгч маш цөөхөн дуучид байна. Тэр дундаа баруун Монголын урлагийн өв тээгч дуучин надаас өөр алга. Би 30 гаруй жил дуулахдаа 16 үндэстэн ястны дууг дуулсан. Тиймээс тэдгээр үндэстэн ястныхаа дууг залуу дуучдадаа өвлүүлэн үлдээхээр энэхүү тоглолтоо хийж байна. Миний гол санаа бол Монголын ард түмэнд өвлөгдөж үлдэх ёстой урлагийн маш үнэтэй хөрөнгийг өвлүүлэх юм.
-Тоглолтоо яагаад “Хүйн холбоот” гэж нэрлэх болов?
-Аливаа ард түмний хамгийн өндөр соёл бол ардын урлаг байдаг. Дараагийн соёл нь сонгодог урлаг юм. Дэлхий нийтийн урлаг бол сонгодог урлаг гэж хүмүүс ярьдаг. Би бол ард түмэн өөрийн гэсэн соёлтой болж түүнийг хадгалж, хөгжүүлсний дараа сонгодог урлаг хөгждөг гэж боддог. Үндэс яс угсаа гэдэг хүний яс махнаас тасрахгүй зүйл. Тиймээс би энэхүү тоглолтоо “Хүйт холбоот” гэж нэрлэсэн.
-16 үндэстэн ястны дууг дуулсан хүний хувьд ястан болгон өөр өөрийн дууны онцлогтой байдаг байх?
-Тэгэлгүй яахав. Уртын дуу гэхэд төв халх, баруун халх, зүүн халх гээд бүгд өөр өөрийн уртын дуутай байдаг. Ястан болгон ч өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ бага зэрэг л өөр байдаг. Үндэсний урлагийн үндэс нь нэг л байдаг шүү дээ. Тиймээс би энэ урлагийг Хүйн холбоот гэж нэрлэсэн.
-Залуучууд маань сүүлийн үед ардын урлагаа их сонирхдог болсон юм шиг?
-Тиймээ. Сүүлийн үед анзаараад байхад манай залуучууд ардын урлаг руу их шуурдаг болжээ. Эх орноо гэсэн сэтгэл залууст маань их байна. Энэ тоглолт нь чуулгын залуу уран бүтээлчдээ дэмжиж энэ тоглолтоо хийж байна. Доороосоо суурь нь сайн байвал дээшээ сайхан явдаг гэдэг шиг би эдгээр залуу дуучдынхаа суурь болж өгч байна.
-Таны багшийн талаар сонирхохгүй өнгөрч чадахгүй нь?
-Миний багш бол Ардын жүжигчин А.Загдсүрэн. Анх 1-р курсдээ Шиволева гэдэг багш дээр хичээллэж байсан. Г.Хайдав багш, Д.Дашиймаа, М.Найдалмаа О.Ичинхорлоо, Банди багш гээд Монголын дууны урлагт өөрсдийгөө өвлүүлэх гэж хүмүүс бэлдсэн гайхамшигтай багш нар. Миний багш А.Загдсүрэн намайг “Дуурийн дуучин болвол агуу дуучин болохоор байсан хүн” гэж ярьдаг л байсан.
-Таныг баруун Монголын дуучин Баяраа хэмээх цол дагадаг?
-Би өөртөө тийм цол өгөөгүй. Гэхдээ энэ цолондоо их хайртай. Одоо баруун Монголын дуу дуулдаг хүн маш ховор болсон ш дээ. Би одоо 30 гаран жил өвийг нь тээлээ. Олон үндэстэн ястны өв тээнэ гэдэг 1-рт аль алиныг нь гомдоохгүй байх, цэвэр цэмцгэр ажиллах, нэгийг нь дуулсан юм чинь нөгөөхийг нь дуулах л ёстой болдог. Одоо бодоход би бүх л үндэстэн ястнуудын дууг дуулсан. Хүмүүс намайг уртын л дуу дуулсангүй гэж боддог байх. Уртын дууг надаас илүү гайхамшигтай дуулдаг хүмүүсийн хажууд би дуулаад яах вэ дээ. Харин надтай хамт тоглолт хийж байгаа хоёр сайхан дуучин маань уртын дуучид.
-Тоглолтонд ямар ямар дуу эгшиглэх вэ?
-О.Анхчимэг маань зүүн Монголыг төлөөлж дуулж байгаа. Буриадаар маш сайхан дуулдаг. 10 жилийн дараа толгой цохих дуучин болно. Ч.Дорж маань ч ялгаагүй сайхан уртын дуучин. П.Адарсүрэн асантай адилхан ятгатай сайхан дуулна. Би Адараатай хамт ажиллаж байсан. Монголын ард түмний хайртай дуучин. Түүний сайхан чанарыг шингээж Дорж маань дуулна. Энэ удаагийн тоглолтонд “Ивалган”, “Үхэрчин хүү”, “Баянмонгол” зэрэг олон сайхан дуу дуулагдана. Мөн манай "Улаанбаатар" чуулгын Хангарьд найрал, Хамаг Монгол, Гэрэг, мөн "Улаанбаатар" циркийн хамт олон оролцоно. Өнөөдөр залуу уран бүтээлчид ардын урлагийн тоглолт хийж байна. Дараа нь эдгээр уран бүтээлчид маань надаас үргэлжлүүлээд өөрийнхөө стилийн дуугаар тоглолт хийх байх. Тэдний дөрөөлөх дөрөө нь би болж байна. Манайх цомхон мөртлөө гайхалтай тоглолтыг хийдэг чуулга.
-Анх ардын урлагтай та хэрхэн яаж холбогдож байв? Түүхээсээ сонирхуулаач?
-Би 1979 онд МУБИС-ийн найрал дууны ангийг төгссөн анхны хүн. Ховд аймгийн хөгжимт драмын театрт хуваарилагдаж очлоо. МУ-д Ховд, Дорнодын театрууд шиг олон жил болсон театр байдаггүй юм. Тэнд очоод анх багшийнхаа “Соёл-эрдэнэ” дууг дуулсан юм. Багш маань тэр дууг сонгодгоор гайхамшигтай дуулсан. Ардаар бол МУГЖ Ш.Даваахүү гайхамшигтай амилуулсан. Тэр дуугаа Ховд аймгийн Үндэсний хөгжимтэй наадмын үеэр 7-р сарын 10-нд дуулсан юм. Миний аав тэр үед Ховд аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан. Би өөрөө дуулж чадаж байна гэж бодож байсан. Гэтэл би тэрийг чадаагүй гэдгээ мэдэрсэн. Яг дуулаад дууссан. Нэг хүн алга таших шиг болсон. Бодвол миний аав ээж хоёр байсан байх. Өөр хэн ч надад алга ташаагүй. Урлаг ямар хатуу юм бэ гэдгийг тэгэхэд би мэдэрсэн. За би ерөөсөө больё гээд гэртээ ирж аав ээж, нөхөртөө ямар муухай юм бэ, урлагийг амархан гэж бодсон чинь ёстой хэцүү юм байна. Шал дэмий санагдлаа, би ерөөсөө болилоо гэхэд аав маань “Уул үзээгүй хормой шуух, ус үзээгүй гутал тайлах гэдэг. Нэгэнт чи номыг нь үзээд ирсэн юм чинь энэ юмаа цааш нь хий” гэж хэлсэн. Урлагийн хүн асар их хатуу ч хамгийн хүмүүжилтэй хүн урлагийн хүн байдаг гэж аав маань намайг зоригжуулж байсан. Миний аав ээж хоёр одоо ная гарсан буурлууд бий. Ховд аймгийн театрт миний багш нар гээд гайхамшигтай хүмүүс байдаг. Тэдгээрийн нэг нь ардын биеч Дугараа, морин хуурч Довчин гээд дандаа МУГЖ, төрийн соёрхолтууд байлаа. Би тэднээсээ асар их юм сурсан. Анх “Соёл-Эрдэнэ”-ийг дуулсан хүн чинь бүр эргээд жинхэнэ язгуур урлаг руу орсон. Өнөөдөр баруун Монголын ардын урлагаар овоглуулсандаа би баяртай байдаг.
-Таныг тамирчин байсан гэж сонссон?
-Би гимнастикийн мастер цолтой, гар бөмбөгийн 1-р зэргийн тамирчин. Миний үед Марта, Гүндэгмаа гээд мастер хийсэн агуу сайхан тамирчид байсан. Тамирчин хүн гэдэг хортой шартай, юманд махруу. Юманд нэг зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэчихдэг болов уу гэж боддог. Би спортоор явж байсандаа хэзээ ч харамсдаггүй. Мастерын болзол хангаж байхад 33-р сургуулийн багш Туяа, мөн Үйлдвэрчний соёлын ордонд зохион байгуулагч хийдэг байсан Туяа гэж хоёр багш байсан. Спортын хэрэглэлийн мастер гэдэг бол залуу насны хөдөлмөр байдаг. Миний багш Сэрээтэр гэж хүн байлаа. Би багшаараа бахархдаг.
-Дуучин хүний мөн чанар юунд оршдог юм бэ?
-Оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Нэг өдрийг алдсан бол дараагийн өдөр энэ зүйлийг нөхнө гэдэг байх ёстой. Залуу байна гэж дандаа бодож байж болохгүй. Би уран бүтээлч болгонд “Залуу байгаа дээрээ юм хий” гэж захидаг. Хүний бүтээл хэзээ ч арчигддаггүй. Мөн сургуульд заагаагүй боловсролыг амьдралаас хэн авхаалжтай нь нөхөж авдаг. Мөн их мэдрэмжтэй, анхааралтай, юмыг хүлээж авч сурах ёстой.Мөн асар их үг даадаг, доромжлолыг тэсдэг, асар их хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Бид чинь өдөр шөнөгүй ажиллахын зэрэгцээ хагас цэргийн зохион байгуулалттай байдаг.
-Одоо дуучид ам барьж их дуулдаг болж? Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Энэ цаг үед хөгжил асар хурдацтай ядагдаж байна. Тэр хэмжээгээр дуучид компьютерийн бичлэг ашиглах болжээ. Энэ бол дуучин хүний хувьд маш хортой. Хоолойтой дуучин бол хоолойгүй болно. Дуулахгүй амаа бариад үглээд байхаар юу болох нь тодорхой. Дуучин болно гэсэн л бол зоригтой дуул. Киноны хальс нааж байгаа юм шиг дуулдаг дуучдад би дургүй. Тэр бол дуучин биш. Урлагийн урсгал дотор орж ирж байгаа хар амиа аргацаасан жүжигчдийн нэг хэлбэр гэж боддог. Энэ бол хатуу боловч үнэн үг. Тэгэхэд дэлхийн дуучид яаж дуулж байна. Би Ньюанс хамтлагт баярладаг. Маш гоё дуулдаг дуучид, тэдний араас мэргэжлийн өндөр түвшинд дуулдаг дуучид гарч ирээсэй л гэж бодож байна.
-Танд яг гарын бэлтгэсэн шавь хэр олон байдаг вэ?
-Дуучдын хэмжээнд гэвэл арваад шавь байна. Нутгийн аялгыг яаж гаргах вэ гээд л бага ястны дуу дуулахад хэцүү. Ардын дуу нугалаа ихтэй мөн хүн болгон мэддэг болохоор үгийг нь буруу хэлж дуулахын аргагүй.
-Таны урын санд мэдээж олон сайхан дуунууд байдаг. Ойролцоогоор хэд хүрсэн бол?
-30 гаруй жил урлагт зүтгэхдээ ард түмэндээ хүргэсэн 80-120-иод дуу байдаг байх. Б.Норовбанзад гуай 40 дуу хүргэсэн гэдэг юм байна лээ. Би богинын дуучин болохоор арай 2 дахин их байж магадгүй. Гэхдээ би Норовоо эгч шиг тийм гайхамшигтай гайхамшиг байгаагүй.
-Та бол баруун Монголын ардын дууны өв тээгч хүн шүү дээ. Яагаад гайхамшиг биш гэж?
-Өөрийгөө магтаж дөвийлгөдөггүй нь тэр үеийн хүмүүсийн хүмүүжил юм уу даа. Сайхан зүйл хийлээ ч тэрийгээ үнэлж боддоггүй. Гэхдээ урлаг намайг маш олон ах дүү, найз нөхөдтэй болгосон.
-Уран бүтээлч болгонд өөрийн хайртай, онцгой бүтээл гэж байдаг. Таны хувьд?
-Бий бий. Би залуу байхдаа маш олон дуунуудыг дуулж байсан. “Үхэрчин хүү”, “Баянмонгол”, “Хоёр нутгийн эрх" гээд. Тэр болгон ардын дууч хүн дуулж чаддаггүй дуунууд. Хамгийн гол нь би энэ хоёр уран бүтээлчээ агуу дуучин болоосой, эрч хүчээ урлагаас аваасай гэсэндээ энэхүү тоглолтоо хийж байгаа юм. Би ардын урлагийн өв тээгч гэдэг утгаараа Монголын ард түмэнд урлагаа үлдээх гэж, залуустаа өөрийнхөө сурсан мэдсэнээ өвлүүлэх гэж тоглолтуудаа хийж байна. Хамгийн гол зүйл нь би өвлүүлэгч байх ёстой. Миний ганц бодож, мөрөөдөж байгаа зүйл маань энэ. Миний дууг олон хүн дуулаасай л гэж хүсч байна. Даанч харамсалтай нь одоо Монголд арваадхан л хүн байна.
-Та дэлхийн олон орноор тоглолт хийж байсан байх. Гадныхан манай ардын урлагийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Би дэлхийн 30, 40-өөд оронд дуулсан. Сайхан хүлээж авна. Монголын ардын урлаг хаана ч байхгүй ш дээ. Ардын урлагаараа бахархдаг. Биелгээ биелээд дуулдаг дуучин надаас өөр байсангүй. Баруун монголын дуучин гэдэг бол биелэхээс гадна дуулдаг. Дуучин биелгээчин хоёр цуг байсан. Хөгжмөө сонсоод дуулаад бүжиглэнэ гурван зүйлийг зэрэг зохицуулдаг. Ардын урлаг тэрэнгээрээ өөр шүү.
-Таны дараагийн тоглолт хэзээ болох вэ?
-Ирэх 11-р сард улс тунхагласны баяраар такстай тоглолт хийнэ. Би тэр тоглолтоороо Монгол хүн гэж өөрөөрөө бахархах үүдийг нээнэ гэж бодож байгаа. Монголын урлагийн нэртэй хүмүүсийг урьж оролцуулна. Тэр тоглолтонд маань залуучууд илүү ирж үзээсэй гэж бодож байна.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.
Д.Баярмаа