Хүчирхэг хоолой, чансаагаараа ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, итгэлийг нь алдахгүй яваа манай цөөн хэдэн авьяаслаг залуу дуучдын нэг Ө.Уянга. Хүн хүнлэг, хүнээрээ л байх хамгийн сайхан гэж яриан дундаа байнга хэлэх тэрээр орчин үед хүмүүс хүнлэг чанар нь алдагдаж байгаад хувь хүнийхээ талаас сэтгэл гонсгор байдаг нь илт мэдрэгдсэний энд өгүүлэх нь зүйтэй биз ээ. Насандаа байхгүй ихийг хийж яваа энэ гал цогтой, сонгодог хатагтайтай цөөн хором ярилцлаа.
-Сонгодог урлагийн залуу төлөөлөгч “Эрхэмсэг” хатагтайгаар юу байна, их л завгүй байх үеэр ирлээ. Сонин сайхан юу байна?
-За зунжингаа сайхан амарлаа. Театр маань нээлтээ хийх гээд сүүлийн үед жаахан завгүй байлаа. Мөн “Евгений Онегин”-ын Татьяанагийн гол дүрд тоглож байгаа. Тоглолтын бэлтгэл, сургалт гээд маш их завгүй байна. Өнөөдөр хамгийн сүүлийн бэлтгэл явагдаж байгаа дээрээс нь хувцас энэ тэр гээд ажил ид буцалж байх үед ирлээ дээ.
-Харин тэглээ. Өдөр бас бэлтгэлтэй байхад ирсэн. Тэгэхэд та хөл нүцгэн тайзан дээр ид сургалтаа хийж байсан. Таныг хараад би урлаг ийм хэцүү юм байдаг байх даа гэж бодогдож байлаа шүү.
-Өнөөдөр ч хөндлөнгөөс харахад чамд их хэцүү, зовж байгаа юм шиг харагдана л даа. Мэдээж энэ амар биш л дээ. Гэхдээ би ийм том дүрийг авчихсан. Мөн Татьяана гэдэг хүнийг би тайзан дээр амьдруулж үзэгчиддээ хүргэх ёстой гэсэн том үүрэг хариуцлагыг авчихсан. Эмэгтэй хүний зан аашыг илүү тод харуулсан дуурь. Эмэгтэй хүний бардам зан, эрхэмсэг чанар, романтик хайр дурлалыг тэр Татьяана гэдэг хүнээр төлөөлүүлж илэрхийлсэн бас ч гэж чанга дүр. Толгойгоо ажиллуулж, их олон зүйлийг бодож, тунгааж байж Татьяана гэдэг хүнийг сайн гаргаж чадна. Энэ том дүрийг төгс гаргахын тулд бэлтгэлээ маш сайн хийж байгаа. Тэгж байж энэ бүхэн үзэгчид хүрдэг. Удирдаагчийнхаа гарыг харна, оркестортойгоо нийлнэ, дуулна жүжиглэнэ гээд маш олон юм байдаг. Үүнд маш их авьяас, чадал, энерги шаарддаг юм билээ. Эцсийн эцэст тайзан дээр гараад тоглосон дүр, үзэгчид сайхан хүрч чадаад хамгийн сүүлд үзэгчдийн алга ташилт нь миний зарцуулсан хөлс, ядарсан ядаргааг маань мартуулчихдаг. Ер нь үзэгчдийн алга ташалтаар л хэмжигдэнэ шүү дээ. Хичнээн их хүч хөдөлмөр шаардсан ч би мэргэжилдээ дэндүү хайртай. Урлагийн тайз, сонгодог урлагийн энэ далайгаас маш их юм сурч, суралцаж авсан. Тийм учраас би өөрийгөө сонгодог урлагт дэндүү дуралчихаад байна гэж хэлмээр байна.
-П.И.Чайковскийн уянгалаг, мөнхийн залуу, хайр дурлалын сэдэвт “Евгений Онегин” дуурийн Татьяанагийн дүрд гоцлол дуучин Ө.Уянга маань бас анх удаа тоглоно гэдгээрээ онцлог болж байгаа юм байна? Энэ дүрийг мэдээж өндөр шалгуур тавьж шалгаруулдаг байх?
Татьяанагын дүрийг анх би 2002 онд дипломын ажил хийж сургуулиа төгсөж байсан. Хоолой, хоолойд нь тааруулсан дүр гэж байдаг. Тэгээд дүрийг сонгоход найруулагч, удирдаач нар шалгаруулдаг. Хоолойнд тохирч байна уу, энэ хүн энэ дүрийг гаргаж чадах уу гээд бүхий л талаас авч үздэг. Тийм болохоор найруулагч, удирдаач нарынхаа сонголтоор л сонгон шалгарч гол дүрд дуулахаар болсон.
-Монгол Улсад Сонгодог урлаг дэлхийн хэмжээнд байгаа гэдгийг манай сонгодог урлагийн дуучид харуулж байгаа. Тэгвэл та гадагшаа томоохон сонгодог урлагийн тоглолт, тэмцээн уралдаанд яагаад оролцохгүй байна?
Томоохон уралдаан тэмцээн их болдог л доо. Үүнд насны ангилал бас байдаг. Ямарваа нэг тэмцээн уралдаан боллоо гэхэд насны ангилалыг заачихсан байдаг. Мөн боломжийн тэмцээн уралдааныг хайж олох шаардлагатай. Сүүлийн үед уралдаануудыг 30,31-ээр тасалчихсан байдаг. Тэгэхээр би орохгүй гэсэн үг ш дээ. Ер нь ихэнхи уралдаан тийм болчихсон. Олимпи ч гэсэн тийм болчихсон гэх зэрэг. Мэдээж дүрд зориулсан уралдаанууд байдаг. Жишээ нь “Тоска,Татьяана” гэх мэт дүрүүдийн конкурс, уралдаан гэж байдаг л даа. Гэхдээ би гадаадаас илүү яг одоо улаан байшиндаа илүү сайн дуулж, эндээ л баймаар байна. Гэхдээ боломжийн тэмцээн уралдаан, тоглолт гарвал явалгүй яахав.
-Гадаадаас манай иргэншилд орох уу гэсэн санал ирж байсан уу?
Ер нь Италид сурч байхад эндээ үлдээд кареар хөөгөөд явбал яасан юм гэсэн санал ирж байсан. Тэр үед хүү маань жаахан байсан. Тухайн үедээ хүүгээ их санаад ирсэн дээ. Тэгээд ч тэнд үлдэх бодол байгаагүй.
-Яг үнэнийг хэлэхэд дуурийн улаан байшин нэг хэсэгтээ нам гүмхэн байсан бол өдгөө үргэлж хөл хөдөлгөөн, дуу хууртай, хүний хөл тасрахаа байсан. Үүнээс харахад Монголчууд сонгодог урлаг, дуурийн гайхамшигийг одоо л мэдэж, мэдэрч байгаа юм болов уу, аль эсвэл манай дуучдын чадал чансаа өндөр болоод байна уу?
Аль аль нь байгаа байх гэж би бодож байна. Нийгэм хөгжиж байна, үзэгчид оюунлаг болж байна. Уран бүтээлчид ч гэсэн дэлхий хаашаа хөгжиж байна тэр зүгрүү хоцрохгүй тэмүүлэхийг хичээж байна. Тийм болохоор аль аль нь нөлөөлж байгаа болов уу.
-Өвөл цагийн нээлтдээ зориулж, театрын хамт олон ямар уран бүтээл бэлтгэж байна вэ?
Өвөлөө угтаж манай программ гарчихсан байгаа. Миний хувьд зөндөө олон дүр байгаа. Найруулагч хоолой, хоолойд нь тохируулаад дүрүүдийг нь хувиарлачихдаг. Бүгдэээрээ дүр бүхэнд хуваагаад ээлжлээд тоглодог. Зунжингаа амарсан хүмүүс эрч хүчтэйгээр өвлийнхөө бэлтгэл сургалт гээд ёстой нэг бужигналдаж байна даа.
–Энэ зун юу хийж амрав?
-Энэ зун нутаг явж амарлаа. Би жил бүр аав, ээжтэйгээ нутаг руу явж амардаг. Аав ээжийн маань нутаг Хөвсгөлийн Бүрэнтогтох, Эрдэнэбулганаар явж сайхан амараад ирлээ.
-Та анх “Классикжэм” хамтлагаас гараагаа эхэлсэн харин одоо дуурийн дуучин Ө.Уянга гэж нэрлэгдэх болсон. Дуурийн дуучин, сонгодог хатагтай гээд ард түмнийхээ хүндэтгэл хүлээсэн , хайртай дуучин болж чадлаа. Цаашдаа энэ улаан байшиндаа дуулаад байх уу, бие даасан уран бүтээл хийх үү. Ойрын хугацаанд?
-Ер нь би боддог хүн хувийн ажил , хувьсгалын ч ажлаа зэрэг амжуулах хэрэгтэй гэж. Уран бүтээлийн хувьд гэвэл зөвхөн театрынхаа уран бүтээлийг хийгээд байвал бас өрөөсгөл болно л доо. Тиймээс хувийнхаа уран бүтээлээ хажуугаар нь хийж байгаа. Хувийн уран бүтээл гэхээр поп опера чиглэл рүү уран бүтээлээ хийдэг. Хамгийн сүүлд дуучин Наран эгчтэй хамтраад шинэ уран бүтээл хийгээд түүнийхээ клипэнд нутаг руугаа саяхан яваад ирлээ. Хүмүүс тэр дуунд их таашаалтай хандаж байгаа. Тун удахгүй шинэ дуугаа үзэгчдээ барина. Ирэх долоо хоногоос гараад эхэлчих болов уу даа. Мөн багшийнхаа нэрэмжит Гранд опера конкурс явуулж, тэмцээн уралдаан зохион байгуулаад байгаа.Үүндээ ч маш их сэтгэл хангалуун явна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр намайг дээрхи конкурсыг хулхидсан л гэнэ, шагналын санд амалсан мөнгөн шагналаа өгөөгүй энэ тэр гээд цахим сайтуудаар цацагдсан байсан. Энэ бүхэн худлаа байсан. Бүх юм ном журмаараа явагдаад дууссан. Хүн бүхэн их сайхан ам сайтай байж, сайшаасан. Үүндээ их урамшсан уран бүтээлч хүнийхээ хувьд. Мөн Гранд операгынхаа доор ирэх сард тоглолтоо хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Шарав ахтай хамтарч тоглолт хийх гэж байгаагаараа онцлог болох юм. Шарав ахын ихэнх уран бүтээл нь сапрони хоолойтнуудад тохирсон хөгжим бичсэн байдаг. Энэ мундаг, агуу хүнтэй хамтраад, энэ хүний уран бүтээлээр тоглолтоо тавих гэж байгаад нэр төрийн хэрэг миний хувьд. Тэгээд л ажил ар араасаа ундараад амрах завгүй ажилаад л байна даа эгч нь.
-Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?
-Манайханд урлагийн хүн байхгүй дээ. Гэхдээ урлагийн хүн болоогүй л болохоос ээжийн талынхан сайхан дуулдаг хүмүүс байдаг. Дээр үед л урлагийн хүн байсан байлгүй дээ. /инээв/
-Та анх урлагт хөл тавьж байсан цагаа дурсвал?
-Ер нь би багаасаа л урлагт элэгтэй хүүхэд байсан. Анх тавдугаар ангидаа “Эзэн Чингисийн үр сад” гэсэн тэмцээнд орж ганц удаа медаль авч байлаа. Тэгээд СУИС-д шалгалт өгөөд тэнцээд Банди багшдаа хувиарлагдаж анх урлагт хөл тавьж байсан гэх үү дээ. Бүтэн таван жил Банди багшийнхаа зааж өгсөн эрдэм мэдлэгээр сурч, энэ агуу том урлагийн халуун тогоонд оруулсан миний багшийн ач гавьяа.
– Яагаад заавал Дуурийн дуучин болсон вэ?
-Одоо бодоод байхад анх шалгалт авахад нь дуурийн хоолойгоор шалгаж авдаг гээд манай ангийн Сэржмятав гээд охин АЖ А.Долгор эгчийн дуу дуулаад ор гэж зөвлөөд, би Долгор эгчийн дууг дууриагаад дуулаад шууд Дуурьт хувиарлагдаад тэнцэж байсан. Түүнээс биш заавал дуурийн дуучин болно гэж байгаагүй ээ.
-Хэрвээ дуучин байгаагүй бол ямар мэргэжилтэй хүн байх байсан бол?
-Ер нь урлагийн хүн болох байсан байх. Багаасаа л урлагт хайртай, дуучин биш ээ гэхэд бүжигчин юмуу ер нь л урлагийн хүн болох байсан байх. Би бүжигт бас их дуртай.
-Манай Монголчууд их нутгархаг хүмүүс гэдэг.Та хэр нутгархаг вэ?
-Би нутгархана шүү. /инээв/ Ийм сайхан нутагтай хүмүүс юм чинь нутгарахгүй яахав. Мөн манай нутгийн залуучууд нийлж хүмүүнлэгийн сайхан тоглолт хийсэн. Тэр нь манай нутгийн хүү МУ-ын гавьяат жүжигчин Жанчивдорж агсны хүү, жүжигчин, кино найруулагч Ж.Жамьяансүрэн гэх залуу бөөрний дутагдалд орж хандивын тоглолтонд гар бие оролцлоо. Мөн нутгийнхантайгаа их ойр дотно байдаг. Нутгийн маань ах, дүү нар тус дэм болж дэмждэг. Маш их талархаж явдаг аа. Далай ээж , нутгийн олон түмэн, уул ус нь харж, түшиж явдаг шүү.
– Хувь хүнийхээ хувьд хэр их хүмүүнлэгийн ажил хийдэг вэ?
-Би болж өгвөл хүнд туслах дуртай шүү. Чадлынхаа хэрээр. Миний чадах ямар л юм байна түүгээрээ л тусалчих юмсан гэж боддог. Түүнээс биш би ч гэсэн амьдрах гэж яваа хүн надад ч гэсэн хүний тусламж хэрэгтэй, би ч бас хүнд туслах ёстой гэж боддог. Тэгэхлээр “амьддаа бие биеээ хайрла, алив сайхнаа бусдаас бүү харамла” гэдэг үнэн шүү дээ. Надаас шалтгаалах юу л байна чадахаас ядах хүртлээ туслах юмсан гэж боддог.
-Ирэх 2013 оныхоо төлөвлөгөө гаргасан уу?
-Ерөнхийдөө миний гол зорилго бол дуурийнхаа урлагийг хөгжүүлээд, үүндээ хувь нэмрээ оруулах юмсан гэж бодож байна. Ирэх 2013 онд “Гранд опера”-гаа улам өргөжүүлээд улам сайхан хийх гээд олон сайхан зүйл төлөвлөсөн байгаа.
-Ер нь эмэгтэй хүн гэсэн үүднээс өөртөө хэр зав чөлөө гаргаж чадаж байна. Орчин үеийн хүүхнүүд өөрийн гадаад үзэмжиндээ маш их анхаарах болсон ажиглагддаг.
-Би орчин нийгмээсээ хоцрохгүйн тулд өөртөө зав зай гаргаж, өөртөө санаа тавих тал дээр харин их сонирхолтой. Сүүлийн үед өөртөө цаг зав гаргаж байгаа гэх үү дээ. Нэг бассейн, энэ тэрд явж чадахгүй байгаа ч гэсэн өөрийнхөө дур сонирхолтой юманд явж өөртөө анхаарал тавьдаг. Би өөрөө бүжигт дуртай болоод тэр үү спорт бүжигт явж байгаа.
-Та аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ?
-Аз жаргалыг би мэргэжлээсээ илүү мэдэрдэг. Тайзнаасаа маш их мэдэрдэг. Тиймээс би алтан тайздаа мөргөнө дөө. Мөн миний гэр бүл миний аз жаргал. Гэр бүлийнхэнтэйгээ гадуур гарч сайхан хоолонд орж, салхинд гарах чинь сайхан шүү дээ. Аз жаргалын хүн өөрөө л бий болгодог гэдэг шүү дээ, тиймээс би өөртөө аз жаргалыг бий болгож мэдрэхийн тулд л өөрөө хичээж явдаг даа.
-Таны хувьд “Хайр” гэж юу вэ?
-Хүн бүр л хайр гэдгийг өөрөө өөрийнхөөрөө янз бүрээр л ярьдаг шүү дээ. Хайр дурлалтай дуурьд зөндөө тоглож үзлээ. Хайр дотроо өөр өөр. Хүний амьдралд олон хайр дурлалтай учирдаг ч юм байна, бий болгодог ч юм байна. Монголчууд Европынхоныг бодвол нэг их задгай биш, дотогшоо хүмүүс ш дээ. Тийм болохоор би Монгол хүнийг их нандин хайртай байх гэж боддог.Миний бодлоор хайр хамгийн нандин, чухал зүйл. Ямар ч хайр дурлалгүй зүгээр нэг хөлдүү мөс шиг байж би хэзээ ч чадахгүй.
-Урлагийн хүмүүсийн амьдрал үргэлж олны өмнө нээлттэй байдаг. Заримдаа таньд энэ хэцүү байдаг уу?
-Хэвлэл мэдээлэл их болчихоод байна уу, аль эсвэл хар цагаан пиар гэдэг зүйл маш их болсон байна уу. Би үүнд их ач холбогдол өгдөггүй юм аа. Гэхдээ бүр ор үндэсгүй зүйлээр зам мөрөөрөө уран бүтээлээ хийгээд явж байгаа хүнийг ард түмэнд буруугаар ойлгуулж, ташаа мэдээлэл удаа дараа гараад байгаад заримдаа бухимддаг. Тэгээд энэ бүхэнд би бүр телевизээр мэдээлэл өгөх гэж байгаа. Үнэхээр үнэн гэдгийг нүдээрээ хараад ор үндэстэй юм бичих хэрэгтэй шүү дээ. Хамгийн сүүлд намайг бүр жирэмсэн гээд нэг сэтгүүл дээр биччихсэн байна гэсэн. Ингэж ор үндэсгүй худлаа юм бичихээ болиоч ээ гэж хэлмээр байна. Олон дахин бичээд байхаар хүмүүс итгэдэг юм байна шүү дээ.
-Сонгодог урлагийн сайхан бүсгүй, чадалтай хоолойтой, чансаатай дуучиныг маань харчууд, хэр эргүүлж байна?
-Би их эршүүд хүн л дээ. Аль хүүхэд байхын тийм эршүүд байсан. Тийм болохоор тэр бүр эрчүүд халдаж зүрхлэдэггүй юм шиг байгаа юм. Харин урлагийн буянаар бага зэрэг эмэгтэйлэг болсон байх. Тэгээд ажил гэр гээд л шогшоод байж байна. Нэг их айхтар уулзаж, учраад байгаа хүн одоохондоо алга л байна.
-Тэгвэл таныг одоо найз залуу байхгүй гэж ойлгож болох юм байна тийм үү?
-Би одоохондоо ажилдаа цаг заваа гаргаж байна. Өөр илүү дутуу юманд анхаарлаа хандуулаад байх надад цаг зав алга гэх үү дээ. Уран бүтээлдээ цаг зав гаргаж байна.
-Таныг залуучуудын хайрыг нь булааж, үеийн бүсгүйчүүдийн атаархалыг төрүүлж байгааг гэдэгт итгэлтэй байна?
-Намайг сонсдог хүмүүсд талархдаг. Хамгийн хөөрхөн фэн, үнэнч үзэгч хүүхдүүд байдаг, мэдээж томчууд миний дуу хоолойг сонсох дуртай байдаг. Гэхдээ зөв зүйл хийж яваа хийж зам мөрөөрөө явж байгаа хүнийг буруу, зөрүү бичээд байгаад сүүлийн үед сэтгэл дундуур байгаа. Урлагийн хүн чин өөрөөсөө маш их энерги зарцуулж ажилаа хийдэг. Бүхний нүдэн дээр ил байдаг. Тэгээд энэ их хэвлэл мэдээллийн худлаа үнэн зүйлээс болж хохирсон ч хүмүүс байгаа байх, хожсон хүмүүс ч байгаа байх. Намайг жирэмсэн болсон гэж ард түмэн маань сонсвол мэдээж баярлах л байх гэж бодож байна. Гэхдээ энэ бол худал яриа шүү дээ.
-Таныг гэр бүлээсээ салсан, олон эрчүүдтэй нэр холбогддог гээд хэвлэл мэдээллээр бичигдсэн байдаг. Нууц биш бол та энэ их дуулиан, шуугианы хариултыг өгөх үү?
-Надад одоо эр хүн эргүүлээд, надад таалагдаж байна, таалагдахгүй байна гээд хайгаад явах цаг зав алга үнэндээ. Зүгээр дэлгүүрт тааралдаад гар барилцаад ярилцаад гарахад л, өө тэр хоёр чинь холбоотой, сүлбээтэй бараг л тэврэлдээд гарсан энэ тэр гээд биччихсэн байх жишээтэй. Ажил, хувийн юм бүгд тус тусдаа шүү дээ.
-Хүүдээ цаг зав гаргаж чаддаг уу? Хэр сайн ээж, гэрийн эзэгтэй вэ?
-Миний хүү одоо тавдугаар анги. Хичээлдээ яваад ээжийнхээ гарыг харахгүй бие даагаад сурчихсан байна. Урлагийн хүмүүсийн хүүхдүүд ямар байдаг яг л тэд нартай адилхан өөрөө бие даачихсан. Хүүдээ цаг зав гаргахыг хичээдэг. Хичээлийнхэн хурал энэ тэрд нь ч цаг зав гаргалгүй яахав. Хүүхэддээ ямар ч эцэг эхчүүд цаг зав гаргах ёстой гэж боддог. Амралтын өдрүүдэд хүүтэйгээ хамт кино үзэх ч юм уу, завтай үедээ хамт байхыг л хүсдэг.
-Та үргэлж инээмсэглэж, эрч хүчтэй яваа харагддаг. Тэгвэл энэ их эрч хүч энерги хаанаас авдаг вэ?
-Гэр бүл, ажлаасаа энерги, эрч хүчээ авдаг. Улаан байшингынхаа гадаа ирээд бүх муу муухай зүйлийг мартаад энэ дотор чинь ороод сэтгэл санаа, гэрэл гэгээгээр гийчихнэ шүү дээ. Сайхан хамт олон, сайхан ажил гээд энэ бүхнээсээ эрч хүчээ авдаг. Урлагийн хүмүүс чинь бүгд л цовоо сэргэлэн байдаг.
-Гэр бүл, ажил хоёроо яаж зохицуулж чадаж байна вэ?
Өө саяных шиг яарч адагсан үедээ дүүгээ дуудаад ийш, тийшээ зарна. Утас гэж нэг сайхан юм байна шүү дээ. Мөн миний аав, ээж, дүү нар гэж намайг гэсэн сайхан хүмүүс бий. Тэд нарынхаа хүчээр арын ажлаа зохицуулж байна. Одоо хүртэл эцэг эх маань тусалж дэмжиж байгаад би өөрийгөө их азтай хүн гэж бодож байна.
-Таны зарчим?
-Хүн хэзээ ч хүн чанар, мөсөө гээж болохгүй. Тэр дундаа хот газар та нар шиг сэтгүүлч хүн мэдээллээс цаг минут ч хоцорч болохгүй шүү дээ. Их хотын хөл хөдөлгөөн, стресстэй ч гэсэн хүн хүнээрээ л үлдэх хэрэгтэй гэж би боддог. Хичнээн хот газар ажиллаж амьдарч байгаа ч гэсэн. Замаар гарч яваа нэгэндээ зам тавиад өгчих сэтгэлтэй байх хэрэгтэй. Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс бид хөгжиж байгаа гэхдээ ямарч тохиолдолд хүн хүнээрээ л үлдэх хэрэгтэй гэдэг зарчимыг баримталдаг.
-Бусдыгаа бодвол та гадаад үзэмжиндээ их анхаардаг. Ялангуяа хувцаслалт, даашинзандаа. Даашинзуудаа хаанаас авч, хаана эсгүүлдэг вэ?
-Яг одоо манай монголд брэнд гээд айхтар юм их чухал болоод байгаа гэсэн шүү. Би брэнд гэж нэг их хөөцөлдөггүй. Тоглолтынхоо хувцаслалтанд их ач холбогдол өгдөг. Үзэгчиддээ Ө.Уянга сайхан дуулдаг, сайхан харагдах ёстой. Үзэгчид, ард түмнээ хүндэлж цэвэрхэн сайхан хувцаслах хэрэгтэй. Түүнээс биш үнэтэй брэнд, мрэнд гэхгүй. Надад таалагдсан, хөдөлхөд биед эвтэй, тохирсон байхад л болно. Мөн дээрээс нь тайзны даашинз бас гоё чамин, харагдах байдал нь гоё байх ёстой. Даашинзуудаа бол Монголоосоо авч, монголынхоо салонуудаар үйлчилүүлдэг. Урлаг эрдэм, торго салонуудаар хамтарч ажилладаг. Монгол хүнээр эсгүүлж хийлгэсэн монгол даашинзнуудыг голдуу өмсдөг дөө.
-Та даашинзаа тоолж үзсэн үү? Тоглолт бүр дээр л өөр өөр өнгө, загвартай их олон даашинзтай байх?
-Нэг тоглолт хийлээ гэхэд дор хаяж гурваас, дөрвөн удаа солих болдог. Ер нь тоогоо алдсан байхаа. /инээв/. Ойролцоогоор гуч гарсан байх шүү.
-Эцэст нь манай уншигчдад хандаж юу хэлмээр байна?
-Бүгдээрээ сайхан хүнлэг, бие биенээ хайрлаж, хүнээрээ л байцгаая гэж хэлмээр байна. Тэгвэл бүгдээрээ л сайхан амьдрана шүү дээ. Хүн хүнээрээ байх хамгийн сайхан.