Яруу найрагч Д.Ган-Очирын санаачилж эмхтгэсэн “Есенин Монголд” ном утга уянгын ертөнцөд нэгэн хур буулгалаа. Номыг өлгийдсөн найрагч маань, өөрийнхөө ертөнцийн дотор яруу найргийн мөн чанарыг ойлгох гэж амьдрахдаа өөрийнхөө цуглуулсан Оросын сод их найрагч С.Есениний амьдрал, шүлгийн монгол хэлнээ хөрвүүлсэн өчүүхэн сонины булангаас эхлээд нийтлэл, ном зохиолын түүврээс дээжлэн эмхтгэл ном болгон баринтаглалаа. Нэг ёсны “хобби”-гоо нэгтгэсэн гэсэн үг хэмээжээ. Номын хавтсыг саяхан “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан авьяаслаг шог зураач А.Бат-Эрдэнэ монгол дээлтэй, бүрх малгайтай, гаанс зуусан Рязанийн залуухан яруу найрагчийн зургаар гоёж, эхний хуудсан дахь гэрэл зургийн учрыг эмхтгэгч “Намайг 17 настай байхад уран зохиолын багш Д.Батдэлгэр энэхүү гайхамшигт яруу найрагчийн “хальсан дэр” бүхий хөргийг бэлэглэсэн минь шүтээн мэт номын сангийн дээд хойморт залаатай буй” гэж товч тайлбарласан байна.
Д.Ган-Очир найрагчийг анх С.Есенинтэй уулзуулсан хүн бол яахын аргагүй орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүй ажээ. Арван жилийн сургуулийн сурагч байхдаа гэрээр нь орж, бичгийн ширээнийх нь хажуу хананд гаанс зуусан хүний зургийг олж харчихаад “Нэргүй ахын гэрийн хананд өлгөөтэй байгааг бодоход мундаг л хүн байж таарна” гэж цухас бодож байсан хөвгүүн том болохын хэрээр яруу найраг, ялангуяа Оросын сод найрагч Сергей Есенинд хайртайгаа тодоор илэрхийлж, залуучууд маань номонд хайртай байж, номыг бүтээхийн шалтгаанд цаг үргэлж унаж, түүндээ хүрэх гэж тэмүүлж байгаасай гэсний үндсэн дээр үе үеийн уран бүтээлчдийн их найрагчийн талаар өгүүлснийг ийн Монголын уншигчдын хүртээл болгожээ.
“Интер” номын дэлгүүрт болсон “Есенин Монголд” номын нээлтэдорчуулагч Ж.Нэргүй, Есенин яагаад Монголд нэртэй болсон бэ гэвэл Зөвлөлтийн уран зохиолыг Монголд их сурталчилж байлаа. Тэгэхэд манайхан хамгийн уянгатай яруу найрагч гэдгийг мэдэрч эхэлсэн юм болов уу гэж боддог. Есениний хэлсэн “Хуурын эгшгээр тэмээ буйлуулж чаддаг нь монголчууд” гэсэн үг байдаг. Тэгэхээр ганцхан энэ үгнийх нь төлөө Есенинийг орчуулаад байсан ч болох юм шиг санагддаг. Энэ ном орчин үеийн залууст Есенинийг таниулахад их хэрэгтэй ном болжээ гэсэн юм. Мөн зохиолч, сэтгүүлч Б.Хишиг- Ундрал,энэ сайхан мөчид Сергей Есенин эргэж ирлээ. Би нэг номыг 100 мянган төгрөгөөр худалдаж авъя. Яагаад гэвэл ном өөрөө үнэтэй байх ёстой, Сергей Исенин өөрөө үнэтэй байх ёстой. Тийм учраас ийм сайхан сэтгэл зүрхний яруу найрагч маань үнэтэй байх ёстой гэсэн нь номын өргөөний үүдийг сөхөв бололтой. Номын нээлтэд нэрт дуун хөрвүүлэгч Г.Аким, ахмад зохиолч Х.Зандраабайды нарын бичгийн хүмүүс хүрэлцэн ирж, номын дээжээс хүртэн сэтгэлийн үгээ хэлж байлаа.
Найрагч Д.Ган-Очир унигчдад дурсгалын гарын үсгээ зурж өгөхийн сацуу, олон хүн Есениний шүлгүүдийг орчуулсан байдаг юм билээ. Гэхдээ энэ номонд бүгдийг нь оруулах гэж хичээсэнгүй. Өөрийн сэтгэлийн дуудлагаар өөрт буй цуглуулгаа эмхтгэсэн болохоос биш бүгдийг нь цуглуулаад явбал бүтэхгүй юм байна лээ. Тийм учраас дахиад 20 жил хүлээх хэрэг гарах байх гэж бодоод зоримогхон шийдээд энэ номоо хэвлүүлсэн чинь энэ жил Орос, Монголын найрамдлын 100 жилийн ой тохиож байна. Ерөнхийдөө бүх тохироо нь сайхан бүрджээ гэсэн нь учиртай.
Д.Дүүриймаа