Холливудын нэрт жүжигчин, Ирланд, АНУ-ын иргэншилтэй Пирс Броснан өнгөрсөн долоо хоногт Испанийн “Майорка дэйли” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр тус аралд “A Long Way Down” киноны зураг авалтад оролцож байгаа юм. 59 настай жүжигчин “GoldenEye”, “Tomorrow Never Dies”,”The World Is Not Enough” болон “Die Another Day” кинонд тагнуулч Жэймс Бондын дүрийг бүтээснээр дэлхий нийтийн танил болсон билээ.
-Ноён Пирс, та яагаад “A Long Way Down” киноны тухай цухас ярихаас татгалзсан юм бэ. “The Sun” сонинд таныг “ууртай хүн” хэмээн бичсэн шүү дээ. Мэдээж танд таалагдаагүй л болов уу?
-Алехо, анх чамайг Ирландад миний киноны нээлтэд ирчихсэн нүдний шилтэй, юугаа ч мэдэхгүй анхлан суралцагч байсныг мэднэ. Чи тэр үед надаас кино гарч эхлээгүй байхад дэлгэрэнгүй зүйл асуух гэж оролдоод чадаагүй шүү дээ. “The Sun” сонины Наташа Сэймсонд яг л ийм хариулт өгсөн. “A Long Way Down” бол адал явдалт, тулаант үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн олон үйл явдлыг харуулна. Бид гэнэтийн бэлгэнд дуртай. Гэнэтийн бэлгийг задалчихвал утгаа алдчихна. Нууц байсан нь дээр. Кино ирэх онд нээлтээ хийнэ.
-Би бас л хэвлэлүүдийг сөхөхөөс өөр аргагүйд хүрлээ. Өнгөрсөн хавар таныг Ирландад татвараас бултсан гэж 1.2 еврогоор торгох асуудал яригдаж байгаад чимээгүй болсон. “Айриш таймс” сонинд бичсэнээр та сайн өмгөөлөгчид өндөр хөлс төлж татварын асуудлаа хаалгаж чадсан гэж үнэн үү?
-Надад 750 мянган еврогийн татварын бичиг ирсэн. Гэвч би үнэхээр завгүй байсан. Миний төлөөлөгч татварын асуудлыг зохицуулах ёстой байсан ч Рамирезын ээж таалал болсноор тэр сар орчмын хугацаанд Мексик рүү явахаар болсон. Тэр ирээд дахин ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн. Би ч татварын асуудал юу болсонд анхаарах сөхөө байгаагүй. Гэтэл Ирландаас татварын нэхэмжлэл, шүүхийн бичгийн хамт ирсэн. Хугацаанаас нь өмнө зохицуулж чадаагүй учраас хуулийнхаа дагуу нэг сая еврогийн татвар төлсөн. 1.2 сая евро байгаагүй. Миний хувьд ноён Уильямыг өмгөөлөгчөөрөө ажиллуулсан. Тэр Их Британийн шилдэг хуульч.
-Таны хуулийн мэдлэг ямар вэ. Таныг анх Холливудын жүжигчин болж 10 сая ам.долларын урамшуулал аваад хуулийн мэдлэг тааруугаас татварын хэрэгт холбогдож байсан гэдэг?
-Би татвараа цаг тухайд нь төлж барагдуулдаг. Цаг зав багатай жүжигчид өөрсдийн хуулийн зөвлөхдөө найдаж, элдэв асуудлаас хол байдаг. Би тэдний жишгийг дагадаг. Америк Швейцариас өөр хуулийн орчинтой.
-Опра таны хувьд үнэхээр шүтээн болохоор эмэгтэй мөн үү?
-Миний бодлоор Холливудын бүсгүйчүүд өөрсдийн гэсэн замаар өндөрлөгт хүрсэн байдаг. Царайлаг, ялдам, мөнгөтэй гээд л олон арга бий. Харин Опра Уинфри бол тэр бүхнээс тэс өөр замаар өөрийгөө дэлхий нийтэд таниулсан. Та надаар хэлүүлэлтгүй түүний амьдралыг мэдэх байх. Опра надад “Эмэгтэйчүүд эрчүүдээс хараат байх тусам өсөж дэвших боломж нь багасдаг” гэж хэлсэн. Би ямар ч эмэгтэйг Опрагийн амьдралыг судалж үзээсэй гэж хүсдэг. Ирландын телевизийн нэвтрүүлэгч бүсгүйчүүд хатуухан хэлэхэд ор хөнжлийн явдлаараа дэвшсэн байдаг. Их Британи төдийгүй дэлхийн аль ч улсад ийм явдал тохиолддог болов уу.
-Хэрэв Стедман Грахам (Опрагийн хамтран амьдрагч, бизнес эрхлэгч, зохиолч) түүнтэй дотносоогүй байсан бол та ганц бие Опраг өөрийн бүсгүй болгох байсан уу?
-Үнэхээр хөгжилтэй асуулт юм. Опраг би үнэнч гэдгийг мэднэ ээ. Гэхдээ тэр намайг сонгохгүй байсан. Харин би түүний хойноос “гүйсэн” гэдгээрээ нэр хүндээ өсгөж ч болох юм шүү. Опра бид үнэхээр сайн найзууд гэдгийг л хэлмээр байна.
-Та “Die Another Day” кинонд тоглохоос өмнө жүжигчин Холли Берритэй учир ургуулж Билл Клинтон, Моника Левинкси нарын шуугианаас дутахааргүй байсан?
-Би энэ түүхийг ярихыг хүсдэггүй. Холли Берри сайхан бүсгүй. Бидний дунд бяцхан түүх л яригдана. Билл Клинтон, Моника Левинкси нартай зүйрлэхэд багадана. Би Холли Берритэй хамт Жэймс Бондын цувралд тоглохоо мэдсэн. Кино зохиолоо бариад бороотой өдөр Беверли Хиллс дэх түүний гэрт очиж хамт кино зохиолтой танилцаж байв. Бид хэсэг хугацаанд л дотноссон. Түүний хувьд Эрик Бенетийг битүүхэндээ хайрлаж байсныг мэдсэн юм.
-Кэйли Шая Смиттэй (Пирс Броснаны эхнэр) танилцсан түүхээ ярихгүй юу?
-Би 1995 оноос Үндэсний уул уурхай, ашигт малтмалын зөвлөл, Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагынхантай хамтран ажиллаж Лагуна Сан Игначио дахь үйлдвэрийн барилгыг зогсоохоор тэмцсэн. 2000 он хүртэл үргэлжилсэн дээ. Энэ үеэр Кэйли сурвалжлагчаар ажиллаж, бид танилцсан түүхтэй.
-Уучлаарай Пирс, таны эхнэр жин нэмсээр байгаа. Та үүнд санаа зовдог уу, турах хэрэгтэйг нь сануулдаг уу?
-Үгүй дээ. Харамсалтай нь надаас бүгд төгс зүйлийг хүсдэг. Би үзэсгэлэнтэй Кэйлитэй анх танилцаж гэр бүл болсон. Тэр одоо ч миний хувьд сайхан эмэгтэй хэвээрээ. Хоёр хүүхэдтэй бид жирийн л нэгэн гэр бүл. Харин миний ажил бусдын хувьд төгс зүйлийн илрэл болж байна. Кэйлиг би элдэв тураах эм хэрэглэхийг шаарддаггүй. Би түүний гадаад үзэмж гэхээс илүү сэтгэлд нь дурласан. Магадгүй, миний эцэг, эхийн хуучинсаг үзэл, ирланд маягийн амьдралын хэмнэл надад өвлөгдөж, би гэр бүлийн бат бөх байдалд анхаардаг болов уу.
-Кассандра Харрис (Пирс Броснаны анхны эхнэр өндгөвчний хорт хавдрын улмаас нас барсан) нас барахад таны амьдралд өөр эмэгтэйг багтаах орон зай үгүй болсон мэт санагдсан уу?
-Миний зүрхний тал нь алга болсонтой ялгаагүй байсан. Шон тэр үед найман настай байсан учраас ээжийгээ нас барсныг ойлгож, бид Кассандрагийн өмнө хамтдаа нулимс дуслуулж, аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрахаа амласан. Одоо Шон том залуу болсон. Тэр багадаа мөрөөдөж байснаар бидний жүжигчин гэсэн мэргэжлээр замнаж байна. Би жил бүрийн 28-нд (Кассандрагийн нас барсан өдөр) сүмд очиж залбирал үйлддэг.
-Кэйли хамт явдаг уу?
-Тэр намайг хуучин амьдралаа хэсэгхэн хугацаанд дурсахад саад болдоггүй. Кэйли намайг маш сайн ойлгодог.
-Ингэхэд та яагаад Кино академийн удирдлагуудтай сайн харилцаатай байдаггүй юм бэ. Та “Оскар”-ын шагнал хүртэх нь битгий хэл нэр дэвшиж ч байгаагүй?
-Америкт ялгаварлах үзэл бага хэмжээнд оршсоор байгаа. Одоо ч африк гаралтай америкчууд өөрсдийнхөө эрхийг бүх зүйлд баталгаажуулахыг хүсдэг. Гэхдээ тэднээс их зүйл шалтгаална. Ядуусын дийлэнхийг Африк болон Өмнөд Америк гаралтай иргэд эзэлдэг. Америк бол дөнгөж ирсэн өөр улсын хүнд бол хатуу орчин. Тиймдээ ч олон арван залуу жүжигчин Нью-Йорк, Лос-Анжелест мөрөөдөл, бодит байдал хэрхэн зөрчилддөгийг ойлгохоороо өөр ажил хийхээр явдаг. “Оскар”-ын шагналыг ч гэсэн америк жүжигчдэд олгохыг академийн удирдлагууд илүүд үздэг.
-Үүгээрээ тэд өөрсдийгөө үндсэрхэг гэж харуулж байна уу?
-Магадгүй л юм. Хөгшин “цөөвөр чоно”-нууд үеэ өнгөрөөх болоогүй. Холливуд эхэндээ зөвхөн Америкийн кино наадам байсан бол одоо дэлхийн хэмжээний кино наадам болсон. “Алтан бөмбөрцөг”, Венецийн кино наадам дэлхий нийтэд үнэлэгддэг. Гэхдээ Кино академийн удирдлагууд шинэчлэгдэж, Холливуд руу тэмүүлж буй гадаадын залуу уран бүтээлч, кино компаниудыг дэмжих шаардлагатай байна. Америкчууд соёлоо дэлхийд түгээхийг эрхэмлэдэг бол үүнийг академийн өнөөгийн удирдлагууд хазаарлаж байгаа юм. Би заримдаа Холливудын томоохон кино компанийн саналаас татгалздаг.
Орчуулагч редактор Д.Түвшинтөр