Олон улсын дуурийн дуулаачид тун удахгүй нэгэн тайзнаа хуран чуулах юм. Учир нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Цэвэгжавын Пүрэвдоржийн нэрэмжит ари романс дуулаачдын олон улсын 5-р уралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа билээ. Тус уралдаан нь сонгодог урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн дуурийн дуулаачдын урын санг баяжуулах, ур чадварыг нь сайжруулах, шинэ залуу чадварлаг дуучдыг дэлхийн тавцанд гаргах зорилготой юм. Тус уралдааны 2 шат энэ сарын 27,28-ний өдрүүдэд 10:00 цагаас болох бөгөөд 3-р шатны шалгаруулалт буюу "ГАЛА" концерт нь 30-нд ДБЭТ-д 18:00 цагаас зохиогдох ажээ.
Сэтгэлийг ариусгагч эгшиглэнт сүмийнхээ уран зүмбэрт алтан тайзыг хүмүүн бүхэнд тэгшхэн заяадаггүй уран хоолой, авьяас билэг, эрдэм оюунаараа чимж яваа хүмүүс бол дуурийн дуучид. Тэдний нэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улсын болон ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин агсан Цэвэгжавын Пүрэвдорж юм. Тэрээр 1947 оноос эхлэн Монголын соёл урлагт зүтгэхдээ “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Амарсанаа” дуурийн Амарсанаа, “Үүлэн заяа” дуурийн Хоролдой, “Фауст” дуурийн Мефистофель, “Евгений Онегин” дуурийн Гремин, “Игорь Ван” дуурийн Галицкий, зэрэг үндэсний болон сонгодог 20 гаруй дуурийн гол дүрийг амжилттай бүтээжээ.
Түүнчлэн дэлхийн 20 гаруй оронд айлчлан тоглож, Монголын сонгодог урлагийг сурталчилсны зэрэгцээ, Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны шүүгчээр 1966-1986 онд ажилласан, олон улсын тэмцээний байнгын хүндэт шүүгч байсан билээ. Энэ агуу хүний нэрэмжит ари романс дуулаачдын олон улсын 5-р уралдааныг БСШУЯ, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Дуурь гэдэг энэхүү урлаг нь 16-р зууны сүүлчээр Джакоп Пeрисийн “Дeфни” дууриар үндэс сууриа тавьж, анх 1597 онд Флоренцед тоглогджээ. Джакоп Перисийн энэхүү зохиол нь дуулалттай хэсэг байсан хэдий ч голдуу театарчилсан ярианы хэлбэрээр бичигдсэний зэрэгцээ хоёр гурван хоолойгоор дуулж дүрүүдийн санааг илэрхийлж байсан нь дуурийн урлагийн эхлэл нь болжээ гэж урлаг судлаачид үздэг. “Дeфни” дуурьт дүрийн баатрууд нь утга санаагаа дуулж илэрхийлэхээс гадна гол дүрийн дуучдаас сайхан дуулах ур чадварыг шаарддаг байсан байна. Сүүлд нь дуурийн урлагт хөгжмийн зохиолчид найрал дуу, найрал хөгжим, хөгжмийн болоод дуучдын гоцлол зэрэг төрлийг нэмж, дуурийг улам боловсронгуй урлаг болгон хөгжүүлжээ.
Эдүгээ сонгодог урлаг дэлхийтэй харьцах хэл, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг, урлагийн томоос том судлагдахуун хэсэг болтлоо хөгжсөн юм.
Харин Азийн орнуудаас дуурийн анхны театр Монгол улсад албан ёсоор байгуулагдсан бөгөөд 1963 оны 5 сарын 18 нд Чайковскийн “Евгений Онегин” алдарт дууриар нээлтээ хийсэн түүхтэй. Монгол улс энэхүү урлагтай танилцсан өнгөрсөн 60 жилийн хугацаанд дэлхийн болоод үндэсний 55 дуурийг өөрийн орны алтан тайзнаа найруулан, туурвиж үзэгч олон түмний мэлмий, сонорыг мялаасан байна. Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг Чайковскийн конкурс, Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд монгол дуучин оролцож шагнал авах нь энгийн үзэгдэл болтлоо энэ урлагийг эзэмшиж, эзэмшүүлж чаддаг болжээ. Энэ бол өнгөрсөн 60 жилийн хугацаанд хөдөлмөрлөсөн уран бүтээлчид, тэднийг үзэх дуртай үзэгчдийн их зүтгэл юм. Ингээд та бүхэнд Монголын сонгодог урлагийн хөгжлийн талаар Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Сэргэлэн ярихдаа “Хөгжмөөр илэрхийлэгдэж байгаа бүтээлийн сүр хүч нь нэгдүгээрт хөгжимдөө байдаг. Тэгэхээр ямарваа нэгэн хөгжмийн театрын оркестр гэдэг нь тухайн сонгодог урлаг дуурь балетын амин сүнс нь юм. Хөгжим дугарах болгондоо уран бүтээл болж, тоглолт болгон дээр өөр өөр дуугардаг. Тийм учраас сонгодог урлаг хийгээд хөгжмийн урлаг өнөөдрийг хүртэл тайлагдаагүй юм. Тэгэхээр монголчуудын нэг авууштай зүйл нь хагас зуун жилийн дотор таван зуун жилийн түүхтэй хүн төрөлхтний энэ сайхан урлаг болох сонгодог урлагийг өөртөө шингээж, өөрийнхөө үндэсний гэгдэх сонгодог урлагийг бүтээснээрээ бид гайхуулах ч юмуу, өөрсдөөрөө омогшиж, бардам байх бол зүй ёсны хэрэг гэж бодож байна. Яагаад гэхээр улс орны хөгжил, эдийн засгийн төвшинг хэдхэн зүйлээр нь хэмждэг. Тэрний нэг нь бол сонгодог урлаг байдаг. Өөрөөр хэлбэл сонгодог урлаг хэр зэрэг хөгжсөн гэдгээр нь тухайн орны соёлын болон хөгжлийн төвшинг тодорхойлдог ийм хэмжүүр юм. Дэлхий дээр 200 гаруй улс байдаг. Түүнээс 40-өөдхөн нь дуурь балетын цогц театртай гэж бодохоор бид олон улсын төвшинд байгаа гэж бодож байна. Тийм учраас бид дэлхийн төвшинд хүрэх ёстой” гэсэн юм.
Сонирхуулахад, 1934 онд Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, Нацагдоржийн ”Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг ард түмний дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл болсон юм.
www.urlag.mn Ayu