Урьд эрт цагт цагийн сайнд
Цасны нимгэнд, цаасны зузаанд
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг хөшөө байхад
Захын модыг зулзага байхад
Загал бугыг (чинь) янзага байхад…
Баруун тивийг эзлэн төрсөн
Алтан Гургалдай хаан гэж байв гэнэ.
Алтай алтан сүмбэр уултай юм гэнэ
Хангай зүгийн
Хар шар адуутай юм гэнэ.
Хойд зүгийн хөх буурал
Адуутай юм гэнэ.
Өөлдийн говиор дүүрэн
Өлөн улаан үхэртэй юм гэнэ
Төвдийн голоор дүүрэн
Түмэн халзан тэмээтэй юм гэнэ.
Хотгор газрыг
Хорголоороо дүүргэсэн
Үй түмэн хоньтой юм гэнэ.
Дээшээ бэлчихээрээ
Дээд л газрын хөрсийг эргүүлээд
Доошоо бэлчихээрээ
Доод л газрын хөрсийг эргүүлээд
Явдаг байж гэнээ.
Алтан Гургалдай хааны
Унадаг унаа
Хөлөглөдөг хүлэг нь
Ах дүү хоёр бор морь юм гэнээ.
Алтан Гургалдай хааны
Суудаг өргөө нь
Далан эсгийгээр дайн дүйн хийсэн
Далай цагаан өргөөтэй юм гэнэ.
Далан хүн дамжилж даадаггүй
Далай ширмэл үүдтэй юм гэнэ.
Гэрийн дотор авдар шүүгээ
Алтан мөнгөн алхан хээтэй эргэнэг
Есөн зүйлийн сав нь
Бүрэн янзаараа байдаг гэнээ.
Алтан мөнгөн шүрэн
Баганатай юм гэнэ.
Алтан Гургалдай хааны хатан нь
Цэцэн гоо дагина хатан гэдэг
Домбойж улайгаад
Наашаа харахаараа
Нар сарны гэрлийг дарсан
Цаашаа харахаараа
Цаад уулыг гэрэлтүүлсэн
Тийм сайхан хатан байдаг гэнээ.
Алтан Гургалдай хаан гэдэг
Нэг унтахаараа гурван жил унтдаг
Нэг сэрэхээрээ гурван жил
Сэрдэг юм гэнэ.
Алтан Гургалдай хааны
Унтах цаг нь болсон гэнээ.
Ах бор морио авч ирж
Далан хүн дамжилж даадаггүй
Далай цагаан эмээлийг тохоод
Гучин гурван олмыг татаад
Алтан Гургалдай хаан гэдэг
Гэртээ ороод
Гэрийнхээ санг тавиад
Гаднаа гараад
Ганзага сангаа тавиад
Замбуутивийн амьтныг болгоохоор
Алтай сүмбэр уулынхаа орой дээр гарав гэнээ.
Хангай дээр гараад
Хорин гурван сангаа тавиад
Аягын чинээ алаг нүдийг
Ар өврөөр нь эргүүлээд
Замбуутивийн амьтныг
Эргүүлэн харав гэнээ.
Хүн амьтан бүгдээрээ
Амгалан тайван
Аюултай дайсан үгүй байв гэнэ
Одоо гэртээ харьж унтъя даа гээд
Буцаад гэр уруугаа явж л гэнээ.
Унтах л гээд явахдаа
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг чинь
Гурван зуун цэрэгтэй
Гучин гурван баатартай
Алтан Гургалдай хааны чинь л
Алахаар талахаар
Авгай хүүхдээр нь
Галынхаа шилээвэр хийхээр
Албат малаар нь
Албат малаа сэлбэнэ гэж
Алтайн алтан сүмбэр уулын
Баруухан суганд нь бүгж байхыг
Үзсэнгүй гэнээ.
Гэртээ ирээд унтаад өгөв гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг чинь
Хангай дүүрэн
Хар саарал адуугий нь
Шинжлэн харав гэнээ.
Хөндий дүүрэн
Хөх буурал адуугий нь
Шинжлэн харав гэнээ.
Алтан Гургалдай хааны унадаг унаа
Хөлөглөдөг хөлөг
Ах дүү
Хоёр бор морий нь
Таниад бариад авав гэнээ.
Ах бор морий нь
Далан хүн дамжилж даадаггүй
Данхгар хар янгиагаар нь янгиадаад
Гучин гурван олмыг нь татаад
Гурван зуун цэргээр нь бариулаад
Гучин гурван баатраараа сугадуулаад
Мордоод орхив гэнээ.
Толгой уруу нь
Тонгороод орхив гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёныг
Далан хүн дамжилж даадаггүй
Данхар хар янгиатай нь
Толгой уруугаа тонгороод орхив гэнэ.
Толгой уруу нь ойчиж орхив гэнэ.
Алтан Гургалдай хааны
Ах бор морь нь
Зулын цагаан өвс болоод
Хийсээд гаднаа ирэв гэнээ.
Дүү бор морийг чинь
Далан хүн дамжилж даадаггүй
Данхар хар эмээлээр эмээллээд л
Гучин гурван олмы нь татаад
Гурван зуун цэргээрээ бариулаад
Гучин гурван баатраараа сугадуулаад
Мордоод орхив гэнээ.
Баруун хойд зүгийн Бидэр хар ноёныг
Толгой уруугаа тонгороод орхисон чинь чадсангүй гэнээ.
Тэгэхээр нь
Газрын үндсийг тоолон бухав гэнэ
Тэнгэрийн одыг тоолон бухав гэнээ.
Хүч хүрсэнгүй гэнэ.
Чиний суудаг нутаг орон гэр чинь
Хаана байдаг вэ? гээд
Баруун хойд зүгт аваад давхив гэнээ.
Амыг нь хүч хүрэхгүй явж байж гэнэ,
Гурван зуун цэрэг
Гучин гурван баатар нь
Хойноос нь хөөгөөд
Цугаараа гүйцэхгүй явж гэнээ.
Дүү бор морь нь
Гүйцэгдэхгүй давхисаар байгаад
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Нутагт нь яваад очив гэнээ,
Бага хар сүм нь харагдаад
Бага хар туг сэгсэгнээд
Дунд хар сүм нь харагдаад
Дунд хар туг сэгсэгнээд
Их хар сүм нь харагдаад
Их хар туг нь сэгсэгнээд
Харагдав гэнээ.
Түүнийх нь цаад талд
Баруун хойд зүгийи
Бидэр хар ноёны чинь
Үүдэн дээрээ товцогтой
Далай цагаан өргөөг үзэв гэнээ.
Чиний суудаг гэр орон
Хатад хүүхэд бий дээ гээд
Үүдэн дээрээ товцогтой
Далай цагаан өргөөний
Товцог дээр нь гараад
Толгой уруугаа нэг тонгорч орхив гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён
Үүдэн дээрээ унав гэнээ,
Хатад хүүхэд
Албат цэрэг нь гараад
Уйлаад л тэврээд
Сэгсрээд л дугтраад байв л гэнээ.
Гурван зуун цэрэг
Гучин гурван баатар нь
Арайхан гэж
Дүү бор морийг бариад авав гэнээ.
Дөрвөн хөлд нь дөрвөн төмөр
Дөнгө хийгээд цоожлоод авав гэнээ.
Баруун хойд зүгийн Бидэр хар ноён
Арайхийж сэргээд гэртээ оров гэнээ.
Алтан Гургалдай хааны
Ах бор морь нь гаднаа ирээд
Морь биендээ тохироод
Алтан мөнгөн хоёр уяагий нь
Хазайтал шөргөөгөөд
Хангинатал унгалдаад
Доорх газраа там болтол ухаад
Янцгаагаад байв гэнээ.
Үүдэн дээрээ ирээд
Алтан мөнгөн хоёр хатавчийг нь
Хагар хэмхэр өшиглөөд унгалдаад байв гэнээ.
Алтан Гургалдай хааны хатан
Цэцэн гоо дагина
Алтан Гургалдай хааны
Толгойгий нь тэврээд
Уйлаад бархираад
Дуудаад байв гэнээ.
Нүдний нь нулимс
Хоёр шанаа уруу нь урсаад байв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Сэрдэггүй байв гэнээ.
Хэдэн өдөр уйлж бархирч
Орилж ядсаар байтал
Арайхийж нэг муу юм сэрэв гэнээ.
Жигтэй эмийн жиг нь хөдлөв үү
Бааштай эмийн бааш хөдлөв үү?
Унтаж, хэвтэхэд минь
Юу гэж сэрээв ээ гэж
Будмал улаан хацрыг нь
Буруу зөвгүй алгадаад хаячихав гэнээ.
Чиний Ах бор морь чинь
Алтан мөнгөн хоёр хатавчий минь
Хагар хэмхэр өшиглөөд
Алтан мөнгөн хоёр уяагий чинь
Хазайтал шөргөөгөөд
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг
Ирээд буцлаа гэнэ шүү гэж хэлэв гэнээ.
Эвий яалаа
Ингэж унтах гэж байдаг уу
Ийм муу шинжийн адгуус байдаг уу
Энэ чинь яахаараа
Алтан мөнгөн хатавчийг мииь
Хагар хэмхэр өшиглөж
Алтан мөнгөн хоёр уяагий минь
Хазайтал шөргөөв дөө гээд
Хатныхаа будмал улаан хацрыг
Булган нударгаараа
Арчаад л гарав гэнээ.
Ах бор морийг
Чи яах гэж
Гэр оронгий минь эвдэв гэж
Аашлав гэнээ.
Ах бор морь нь
Зугтаагаад хангинав гэнээ.
Гунжин үнээний ширээр хийсэн
Гурван зуун алд
Цалмыг бариад явав гэнээ.
Чамайг барьж аваад ална гээд
Хойноос нь эргүүлээд явав гэнээ.
Чи албал ал л даа гээд
Хүзүүгээ тавиад өгөв гэнээ,
Барьж л аваад асуусан чинь
Баруун хойд зүгийи
Бидэр хар ноён гэдэг чинь
Чинийхээ өрөөсөн хөлийг хугалаад
Минийхээ өрөөсөн элэгнээс
Эмт татаж аваад явчлаа шүү.
Алтан Гургалдай хааныг
Алж талахаар
Авгай хүүхдээр нь
Галынхаа шилээвэр хийхээр
Албат малаар чинь
Албат малаа сэлбэх гээд
Намайг барьж унахад
Би (чинь) толгой уруугаа тонгороод
Зулын цагаан өвс болоод
Хийсээд ирлээ шүү гэж хэлж гэнээ.
Эвий эр хүн байтлаа
Нүүрэндээ үстэй
Адгууснаас доор чиг гэж
Байх уу даа гэж
Булган нударгаараа
Хоёр нүднийхээ нулимсыг арчаад
Морио барьж аваад ирэв гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёныг
Алахаар талахаар
Авгай хүүхдээр нь
Галынхаа шилээвэр хийхээр
Албат малаар нь
Албат малаа сэлбэх гэж л
Алс аянд төхөөрөв гэнээ.
Өөрийн нь хатан Цэцэн гоо дагина
Эр хүн хол юманд явахад
Эхийн чинь хувцас
Хэрэгтэй байдаг шүү гээд
Ганц дан ягаан цамц
Өгөв гэнээ.
Би чинь хол юманд явахдаа
Эм хүний хувцас
Авч явахгүй гээд
Авсангүй гэнээ
Цэцэн гоо дагина хатан
Зөв харж инээгээд
Буруу харж уйлаад
Дайснаа дараарай
Дархан цолыг олоорой
Өстнөө дараарай
Өргөн цолыг олоорой гэж хэлээд
Сүүгээ барьж гараад
Алтан мөнгөн халбагаараа
Алтан мөнгөн хоёр дөрөөн дээр нь
Дусаагаад өгөв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Ахындаа оров гэнэ.
Ахынх нь авгай
Тамчийн улаан бэргэн
Зөв харж уйлаад
Буруу харж инээгээд
Дайснаа дараарай
Дархан цолыг олоорой
Өстнөө дараарай
Өргөн цолыг олоорой гэж ерөөв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Явъя даа гээд гарав гэнээ.
Ах нь гараад
Ах бор морийг нь
Далан хүн
Дамжилж даадаггүй
Далай цагаан эмээлээр нь эмээллээд
Гучин гурван олмыг нь татаад
Миний дүү
Дайснаа дараарай
Дархан цолыг олоорой
Түргэн ирээрэй гэж уйлаад
Нэг хацрыг нь үнэсээд
Нэг хацрыг нь сүүлд ирэхлээр чинь
Үнсэе дээ гэж
Ерөөгөөд явуулав гэнээ.
Алтан Гургалдай хаан
Ааг үгүй давхиад
Амьсгаа үгүй хатиргаад
Хангинаад өгөв гэнээ.
Тэгсэн чинь л
Адууны Агсгалдай өвгөн
Хойноос нь
Нэг дуу тэнгэрт
Нэг дуу газарт
Орилоод бархираад явав гэнээ.
Хүн юманд явахад
Саад тотгор болоод яах нь вэ дээ
Энэ муу өвгөн гэж уурлаад
Бөжинхөн туулайн бөгөлгөөр
Бөгтөргөн чонын сэгэлгээр
Явж явав гэнээ.
Адууны Агсгалдай өвгөн
Адууны түрүүнд явдаг
Агсан бор азаргыг нь
Барьж авч унаад
Ааггүй давхиад
Амьсгаагүй хатиргаад
Хүрэв гэнээ.
Хаан минь яваад
Дайснаа дараарай
Дархан цолыг олоорой
Өстнөө дараарай
Өргөн цолыг олоорой
Цэцэн гоо дагина хатан
Хөл хүндтэй байна шүү
Хүүхэд гарахаар нь
Ямар нэр өгөх вэ? гэж
Хэлэв гэнээ.
Хүү гарвал
Гэсэр, Жангар
Нэрийг өгөөрэй
Хүүхэн гарвал
Өөрснөө мэдээрэй гэж
Хэлэв гэнээ.
Хааны минь
Морины олом сулхан байна шүү
Би засаж өгье өө гэж хэлэв гэнээ.
Тэг дээ гээд зогссон чинь
Хааныхаа
Морины олмыг татах гээд
Ганц дан ягаан цамцыг
Хулгай ганзаганд нь уян татав гэнэ,
Алтан Гургалдай хаан
Ааггүй давхиад
Амьсгаагүй хатиргаад явав гэнээ.
Морь нь явсаар байгаад
Явахаа байв гэнээ.
Баруун гуяыг нь гуядаад
Барим барим чинээ мах унагаад
Зүүн гуяыг нь гуядаад
Зүрх зүрх чинээ мах унагаад явав гэнээ
Морь чиг ердөө
Явахаа болив гэнээ.
Яав даа гээд
Алдын газраас
Алд шар хадаг бариад
Дэлмийн газраас
Дэлэм шар хадаг бариад
Мориноосоо асуув гэнээ.
Чиний дээд амьсгаа
Миний доод тоосонд
Доод тивийн амьтан
Гэр орноосоо төөрөөд
Хулгана зурам ч бол
Нүхнээсээ төөрч байна.
Дээдийн амьсгаанд чинь
Дээд тивийн амьтан
Гэр орноо олохгүй
Манан будан болоод
Төөрч байна гэж хэлэв гэнээ.
Аягын чинээ алаг нүдийг
Ар өврөөр нь эргүүлээд
Замбуу тивийг эргүүлэн харав гэнээ.
Амьтан гэр орноосоо
Төөрч байхыг үзэв гэнээ.
Бөжинхөн туулайн бөгөлгөөр
Бөгтөргөн чонын сэгэлгээр
Явж л байв гэнээ.
Тэгсэн чинь
Чанх яг урдаас нь
Нэг их том
Улаан хүзүүтэй хар шувуу
Алтан Гургалдай хааны
Галын урдаас чиглээд
Хараад сууж байв гэнээ.
Энэ чинь ямар гэгч дайсан
Энд учрав?
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён
Элч илгээсэн биз гээд
Мориноосоо буугаад
Хана болтол хантайраад
Хайрцаг болтол тушаад
Нум сумаа хөвчлөөд авав гэнээ.
Галын элэг чинь энэ вий дээ гээд
Харваад орхиж гэнээ.
Сумных нь үзүүр шалбараад
Нумных нь хөвч үсрээд явчихав гэнээ.
Эр хүн гэдэг чинь
Энэ бие ганцаараа
Эзгүй хээрийн талд
Нум сумнаасаа хагацахаар
Одоо яадаг билээ гээд
Нэг дуу газарт
Нэг дуу тэнгэрт
Уйлаад, хашхираад бархираад
Дотор бие нь догдлоод
Гадна бие нь
Гайхаш тасраад байв гэнээ.
Тэгсэн чинь морь нь хэлэв гэнээ.
Миний нурууны арьснаас
Алгын чинээ арьсыг огтолж
Нумаа хөвчил дөө
Доорх шар хальсаар
Сумныхаа үзүүрийг ороо доо гэж хэлэв гэнээ.
Эр хүн гэдэг чинь
Эзгүй хээрийн тал дээр
Эмээлт хазаарт мориныхоо
Нуруунаас салахаар яана гээд
Уйлаад бархираад
Зөв харж инээгээд
Буруу харж уйлаад
Мориныхоо нуруунаас
Алгын чинээ арьсыг огтолж авав гэнээ.
Нэг дуу тэнгэрт
Нэг дуу газарт
Хашхираад, уйлаад бархираад
Наян алд зүсэв гэнээ
Нумаа хөвчлөв гэнээ.
Доорх шар хальсаар
Сумныхаа үзүүрийг ороов гэнээ.
Одоо явъя даа гээд
Морио эмээллэхдээ
Мориныхоо нуруунд
Өдөртөө эдгэдэг
Өөхөн цагаан эм хийгээд
Хоногтоо эдгэдэг
Хонин цагаан эм хийсэнд
Урднаасаа угтай
Хэзээнээсээ хэвтэй
Сайхан эдгэв гэнэ.
Тэгэхлээр нь морио эмээллээд
Мордох гэсэн чинь
Хулгай ганзаганд нь
Ганц дан ягаан цамц байв гэнээ.
Муу ёрын
Муу шинжийн өвгөн
Эм хүний хувцас
Миний ганзаганаас уяж дээ гээд
Ганц дан ягаан цамцыг нь
Аваад хаях уу гэсэн чинь
Морь нь хэлэв гэнэ.
Холын юманд яваа эр хүнд
Ээж аавын хувцас хэрэгтэй байдаг
Чи аваад яваач дээ гэж
Хэлж гэнээ.
Би эм хүний хувцас
Авч явахгүй гээд харсан чинь
Гурван хөшөө чулуу харагдав гэнээ
Гурван хөшөө чулууны
Хамгийн дундах дээр нь
Тавьчхаад яваад өгөв гэнээ.
Ааг үгүй давхиад
Амьсгаа үгүй хатиргаад
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёныг
Ална тална
Авгай хүүхдээр нь
Галынхаа шилээвэр хийнэ.
Албат малаар нь
Албат малаа сэлбэнэ гээд
Явж явсан чинь
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Бага хар сүм нь харагдаад
Бага хар туг нь сэгсэгнээд
Дунд хар сүм нь харагдаад
Дунд хар туг нь сэгсэгнээд
Их хар сүм нь харагдаад
Их хар туг нь сэгсэгнээд байв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Хамуутайхан бор даагатай
Нусгайхан муу хүү болоод
Хаагаараа хар эсгий цувуулсан
Шагайгаараа шар эсгий цувуулсан
Борвиороо бор эсгий цувуулсан
Дэрсэн нумтай, хулсан сумтай
Нусгайхан муу хүү болон
Хамуутайхан бор даагаа
Өлгүүхэн гишгүүлсээр явав гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Нэг бага түшмэдийнд оров гэнээ.
Баруун хатавчинд нь сөгдөөд
Амгаланг нь айлтгав гэнээ.
Дуртай дургүй харав гэнээ.
Муу ёрын муу шинжийн
Муу гуйлгачин чи
Манайд юунд орж ирэв гээд
Аашлав гэнээ.
Би энд гэдэг
Гэр орон байдаггүй
Тэнд гэдэг эцэг эх байдаггүй
Энд гэх эзэн ноён байдаггүй
Эрэгнээс гарсан билүү.
Эрээлж хорхой
Идэж өссөн билүү мэдэхгүй.
Хошуу тойрсон гуйлгачин
Явна даа гэж хэлэв гэнээ.
Ах минь
Наанадаж хоолны дэмжиг
Цаанадаж унааны сэлбэг
Хайрлаач гэж гуйв гэнээ.
Чи хошуу тойрч гуйлгачилж явахдаа
Хаагуур явав даа гэж асуув гэнэ,
Би Алтан Гургалдай
Хаан гэдгийн тэндээс ирлээ.
Баруун тивийг эзлэн төрсөн
Алтан Гургалдай хаан гэдэг
Ямар юмныхаа
Хурим найрыг хийсэн юм билээ, мэдэхгүй
Хүч тэнхээгүй хэвтэж байна гэж хэлэв гэнээ.
Энэ чинь юу гээчийн
Тостой сайхан үгтэй хүү билээ дээ.
Манай ах түшмэдийнд орж айлтга даа гэж хэлэв гэнээ.
Би чинь тийм их газраар явж чаддаггүй шүү дээ
Би одоо орохгүй гэж хэлэв гэнээ,
Дал мөрөн дээрээс нь шүүрч аваад
Чирээд оруулав гэнээ.
Баруун хатавчинд нь сөгдөөд
Амгаланг нь айлтгав гэнээ.
Муу ёрын муу шинжийн
Муу гуйлгачинг чи яах гэж манайд оруулав гэж аашлаж гэнээ.
Энэ чинь нэг
Тостой сайхан үгтэй
Хүү байна л гэж хэлэв гэнээ.
Чиний нутаг орон чинь
Хаана байдаг вэ?
Гэр орон чинь хаа вэ?
Хэн хааны албат вэ?
Хэтийн санаа хэнд вэ?
Хаа хүрэх гэж явнаа гэж асуув гэнээ.
Би чинь
Тэнд гэх эзэн ноён тэнгэр байхгүй
Энд гэдэг эцэг эх байхгүй
Энэ гэх гэр орон байхгүй
Хошуу тойрсон гуйлгачин явна гэж хэлэв гэнээ.
Чи хошуу тойрч явахдаа
Хаагуур явав гэж асуув гэнээ.
Би Алтан Гургалдай хааны тэндээс ирлээ.
Алтан Гургалдай хаан гэдэг чинь ямар юмныхаа
Хурим найрыг хийсэн билээ, мэдэхгүй
Хүч тэнхээгүй хэвтэж байна.
Надад та
Наанадаж хоолны дэмжиг
Цаанадаж унааны сэлбэг
Хайрлаач гэж гуйж гэнээ.
Энэ чинь яасан тостой сайхан
Үгтэй хүү билээ!
Манай ноёныд орж
Энэ сайхан үгээ айлтга гэж гэнээ.
Би чинь тийм их газраар
Орж чадахгүй
Одоо явъя гэж
Хэлэв гэнээ.
Түшмэд босон харайгаад
Дал мөрөн дээрээс нь шүүрч аваад
Гарав гэнээ.
Баруун хойд зүгийн.
Бидэр хар ноёны
Гэрт нь оруулаад хаячихав гэнээ.
Баруун хатавчинд нъ сөгдөөд
Амгалангий нь айлтгав гэнээ.
Чи чинь муу ёрын муу шинжийн
Муу гуйлгачинг яах гэж
Манайд авчрав гээд
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён уурлаад унав гэнэ,
Энэ чинь нэг
Тостой сайхан үгтэй
Хүү байна гэж гэнэ.
Чи тостой сайхан үгтэйдээ
Ямар үгтэй хүү вэ?
Хэн хааны албат вз?
Ямар хүний үр вэ?
Аль газар төрсөн билээ?
Гэр орон чинь хаана билээ?
Гэж хэлэв гэнээ.
Би чинь тэнд гэх гэр орон байхгүй
Энд гэх эцэг эх байхгүй
Энэ гэх эзэн тэнгэр ноён байдаггүй
Эрэгнээс гарсан билүү
Эрээлж хорхой
Идэж өссөн билүү,
Хошуу тойрсон гуйлгачин
Явна даа гэж хэлж гэнээ.
Чи хошуу тойрч явахдаа
Ямар газраар явав даа гэж асуув гэнээ.
Би Алтан Гургалдай
Хаан гэдгийн нутгаас ирлээ дээ.
Тэр хаан ямар юмныхаа
Хурим найрыг хийсэн юм билээ, мэдэхгүй
Хурим найрандаа согтчихоод
Хэвтэж байна.
Ах минь надад
Наанадаж хоолны дэмжиг
Цаанадаж унааны сэлбэг
Хайрлаач гэж гуйв гэнээ.
Энэ чинь юу гээчийн
Тостой сайхан үгтэй
Хүү билээ дээ гээд
Одоо энэ баруун тийшээ гарч бай.
Бид нар энэ зүүн урагшаа зорино доо
Бидний замаас холдож байгаарай!
Бидний мөр доор дайрагдаж
Үхчиж магадгүй, хүү минь чи
Ах нь тостой шөл
Мөлжүүртэй яснаасаа
Их үлдээнээ
Ирж идээрэй гэж хэлэв гэнээ.
Бушуухан гараад явав гэнэ.
Хамуутайхан бор даагаа
Өлгүүхэн гишгүүлээд
Явж явсан чинь
Нэг өвгөн хүн гараад
Энэ чинь шилэндээ шилтэй
Шилбэндээ чөмөгтэй
Нүүрэндээ галтай
Яасан сайн эр вэ дээ!
Мориных нь туурайг харахад
Яасан сайн морины туурайв дээ! Гэж хэлэв гэнээ.
Нүдтэй амьтны нүдийг балайртал
Чихтэй амьтны чихийг дүлийртэл
Харав гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёных
Баруун хойшоогоо
Баахан хэвийсэн айл байв гэнээ.
Хамуутайхан бор даагаа
Өлгүүхэн гишгүүлсээр
Баруун хамрыг
Давав гэнээ.
Даваад морь нь морь биендээ тохироод
Алтан Гургалдай хаан чиг
Алтан Гургалдай биендээ тохироод
Хойд уулыг тойроод давхиад явав гэнээ.
Зүүн талд нь гараад
Нэг өндөр давааны цаад талд
Хүлээгээд нэг хоёр хонов гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг чинь
Гурван зуун цэрэгтэй
Гучин гурван баатартайгаа
Алтан Гургалдай хааны нь алаад
Авгай хүүхдээр нь
Галынхаа шилээвэр хийнэ
Албат малаа сэлбэнэ гээд явав гэнээ,
Давааны цаад талд сууж байсан чинь
Гурван зуун цэрэг
Гучин гурван баатар нь үзээд
Энэ чинь ямар гээч амьтан бэ? гээд
Цочоод зогсов гэнээ.
Тэгсэн чинь баруун хойд зүгийн
Бидэр хар ноён
Та нар явахгүй юугаа харсан юм бэ? гээд
Төмөр шилбүүр тасхийлгэн ороолгоод
Хөөгөөд гараад ирэв гэнээ.
Алтан Гургалдай хаан,
Чиний гурван зуун цэргийн толгойг харвах уу
Гучин гурван баатрын чинь толгойг харвах уу гээд
Асуув гэнээ.
Чи миний гучин гурван баатрыг минь байтугай
Гурван зуун цэргийг минь
Толгойг чадах уу гэж асуув гэнээ.
Гурван зуун цэргийн чинь
Толгой энэ вий дээ гээд
Харваад тавьчихав гэнээ.
Гурван зуун цэргийн толгой
Тэнд ч гурав өнхрөөд
Энд ч гурав өнхрөөд явчихав гэнээ.
Чииий муу ганц
Гозон толгойг чинь харвах уу
Гучин гурван баатрыг чинь харвах уу
Гэж хашхирав гэнээ.
Чи миний
Ганц гозон толгойг байтугай
Гучин гурван баатрыг минь
Чадах уу даа гээд орилов гэнээ.
Гучин гурван баатрын чинь
Толгой энэ вий дээ гээд
Харваад тавьчхав гэнээ.
Гучин гурван баатрынх нь толгой
Тэнд ч гурав өнхрөөд
Энд ч гурав өнхрөөд байв гэнээ.
Тэгсэн чинь, чиний
Ганц гозон толгойг чинь
Барьж харвах уу
Бүх биеийг чинь
Барьж харвах уу гэж асуув гэнээ.
Чи миний ганц
Гозон толгойг байтугай
Бүх биеий минь чадах уу даа гээд орилов гэнээ.
Одоо миний ээлж нэг
Болсон байхаа гэж хэлэв гэнээ.
Тэгэх дээр
Алтан Гургалдай хаан
Дэлхийн чинээ
Цагаан цээжийг яраад өгөв гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён
Алтан Гургалдай хааныг
Харваад тавьчхав гэнээ.
Элгэн дундуур нь
Онги цохиод гарав гэнээ.
Хойшоо гэдийгээд
Хойд уулынхаа толгойг авч бөглөөд
Урагшаа бөхийгөөд
Урд уулынхаа толгойг авч бөглөөд
Өдөрт нь эдгээдэг
Өөхөн цагаан эм хийгээд
Хоногт нь эдгээдэг
Хонин цагаан эм хийгээд
Таван өнгийн хадгаар ороочхоод
Одоо миний ээлж болсон байхаа гэж
Хашхирав гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёныг
Харваад тавьчихсан чинь
Бөгс цээж хоёр болоод
Өнхрөөд явчихав гэнээ.
Тэгсэн чинь морь нь хойноос
Дэвхрээд ирэв гэнээ.
Яав даа чи бушуулаарай
Цаадхыгаа харж байна уу? гэж хэлэв гэнээ.
Харахнаа нь
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Эрдэнийн элгэн хүрэн морь гэдэг чинь
Элгэн улаан хад болоод
Байж байхыг үзэв гэнээ.
Чи чиг хавчихийн сайнаар хавчаарай!
Би чиг давхихын сайнаар давхия гэж
Хэлэв гэнээ.
Мориныхоо үгэнд ороод
Давхихын сайнаар давхив гэнээ.
Хавчихын сайнаар чиг хавчив гэнээ.
Арайхийж дөрвөн
Туурайгаа мултартал нүдэж байж
Элгэн улаан хадыг давав гэнээ.
Давсан чинь цаад талд нь
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Бөгс цээж хоёр
Уулзахдаа хүрч байв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Дээрээс нь сандайлаад
Ам шүдий нь асуугаад
Андгай тангаргий нь аваад
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёныг алчихаад
Авгай хүүхдээр нь
Галынхаа шилээвэр хийе.
Албат малаар нь
Албат малаа сэлбэе! гээд явж гэнэ.
Их хар сүмд нь оров гэнэ
Их хар хэнгэрэгийг нь дэлдэв гэнэ.
Их хар отог албатыг нь цуглуулав
Дунд хар сүмд нь оров гэнээ.
Дунд хар хэнгэргий нь дэлдэв гэнээ
Дунд хар отог албат нь цуглав гэнээ.
Хөөтэй тогоо, хөгний товч ч үлдээлгүй
Цөмийг цуглуулж авав гэнээ.
Бага хар сүмд нь оров гэнэ
Бага хар хэнгэргий нь дэлдэв гэнэ
Бага хар отог албат нь цуглав гэнээ.
Хөөтэй тогоо, хөгний товч ч үлдээлгүй
Цөмийг цуглуулж авав гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны албат иргэд
Авгай хүүхдийг бүгдий нь аваад
Нутаг орон руугаа зүглээд явав гэнээ.
Явах зуураа хэлэв гэнээ.
Би одоо түрүүлье
Та нар Миний гурвалжин зурсан газар үдлээд
Дугуй зурсан газар хоноглоод
Миний хойноос ирээрэй
Гэж хэлээд л яваад өгөв гэнээ.
Явсан чинь урд талд нь
Есөн өнгийн хороор буцалсан
Халуун далай байв гэнэ.
Энэ чинь яасан хэцүү далай билээ гээд
Далай дундуур арайхийж гарах гэж явсан чинь
Морь нь:
Чи чиг хавчихын сайнаар хавчаарай!
Би чиг давхихын сайнаар
Давхия гэж хэлэв гэнээ.
Хавчихын сайнаар хавчиж гэнээ.
Давхихын сайнаар давхиж гэнээ.
Тэгсэн чинь морь нь
Өнөөх халуун далайд
Мах арьс нь шалбарч унаад
Өөрөө дөнгөж л хэлхээтэй яс л
Гаргаж хаяв л гэнээ.
Морь нь тэгээд л
Үхсэн мэт хэвтэв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Эр хүн гэдэг чинь
Эзгүй хээрийн тал дээр
Эмээл хазаартай мориноосоо салахаараа
Яах билээ гээд
Нэг дуу тэнгэрт
Нэг дуу газарт
Уйлаад бархираад байв гэнээ.
Дотор бие нь догдлоод
Гадна бие нь гайхаш тасраад
Байж байв гэнээ.
Тэгсэн чинь нэг айхтар
Төмөр харжигнаад ирж байх шиг
Байв гэнээ.
Энэ чинь ямар
Дайсан нь яваа юм болдоо
Энийг чинь харвахаас биш яахав гээд
Нум сумаараа харвах гэж байтал чинь
Мөн нэг чих нь хөдлөв гэнээ.
Одоо муу морь минь босох нь уу гээд
Очоод чагнасан чинь
Би чинь энэ насандаа
Чамд тус хүргэж явлаа,
Эцэс хойд
Насандаа хүүхдэд чинь
Нэг тус болно доо гэж хэлээд үхэв гэнээ.
Өнөө амьтныг
Харвах гээд байж байсан чинь
Дүү бор морь нь дөрвөн хөлөндөө
Дөрвөн төмөр дөнгө зүүчихсэн
Ирж явав гэнээ.
Морио барьж аваад
Алтан Гургалдай хаан
Эр хүн гэдэг чинь
Эзгүй хээрийн тал дээр
Эмээлт хазаарт морьтойгоо уулзах гэж
Байдаг юмаа гээд баярлаад
Далан хүн дамжилж даадаггүй
Данхар хар янгиаг хуу татаж аваад
Чи энэ янгиатайгаа адилхан
Ингэж хувхайрч хэвт гээд ,
Чулуудчихав гэнээ.
Дөрвөн төмөр дөнгийг хуга татаж аваад
Чи төмөртэйгөө адилхан
Зэвэрч хэвт гээд
Есөн өнгийн хороор буцалсан
Далай уруу хийж орхив гэнээ.
Аль мэддэгийгээ уншаад
Арван гурван сангаа тавиад
Эмээлт хазаарт морио ариулаад
Далан хүн дамжилж даадаггүй
Далай цагаан эмээлээр нь эмээллээд
Гучин гурван олмыг нь татаад
Алтан Гургалдай хаан гэдэг чинь
Мэдээгүй мэлтэлзээд
Тоогүй тормолзоод явав гэнээ.
Өмнөх есөн өнгийн хороор буцалсан
Далай чинь юу ч үгүй
Хөөс болж ширгэж хатав гэнээ.
Дүү бор морио барьж унаад
Орон нутагтаа зүглээд явж явав гэнээ
Тэгсэн чинь
Тэнгэр газар хоёр нийлэх мэт болоод
Аянга буух гээд болохоо байв гэнээ.
Дотор бие нь догдлоод
Гадна бие нь гайхаш тасраад
Энэ чинь одоо
Ниргэж алахаар шийдлээ гэж
Бодоод уйлаад явав гэнээ.
Морь нь хэлэв гэнээ.
Эхийн хувцас бий бол хэрэг болно доо
Тиймгүй бол чи бид хоёр одоо үхлээ дээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг чинь
Далан таван хар тэнгэрээс
Онготой бөө шүү дээ
Одоо аянга буулгаж алахаар
Шийдлээ гэж хэлэв гэнээ.
Нэг ганц дан ягаан цамц өгснийг би
Гурван хөшөө чулууны
Хамгийн дунд дээр тавьсан даа гэж хэлэв гэнээ.
Чи тэр газраа мэдэх үү гэж асуув гэнээ.
Мэднээ гэсэн чинь
Чи одоохон яваарай
Би давхихын сайнаар давхия
Чи хавчихын сайнаар хавчаарай гээд
Давхиад явав гэнээ.
Яваад хүрсэн чинь
Гурван хөшөө чулууны
Хамгийн дунд дээр
Ганц дан ягаан цамц нь
Гандчихсан байж байв гэнээ.
Түүнийг аваад
Хамгийнхаа дотор талаар
Өмсөөд авсан чинь морь нь
Оготны нүх руу адууны хомоол болоод өнхрөөд орчихов гэнээ
Алтан Гургалдай хаан чиг
Ухаан алдаж унав гэнээ.
Арайхийж нэг сэргэсэн чинь
Тэнгэр онгойсон байв гэнээ.
Гадуур газрыг нь хага хага ниргээд
Хамаг хувцсыг нь урж хаялаад
Ганц дан ягаан цамцны нь энгэрээс
Наян алд зэс хошуу
Дүүжлээстэй байв гэнээ.
Түүнийг авч
Таван өнгийн хив хадгандаа
Ороож өвөртлөөд
Орхисон чинь
Морь нь морь биендээ тохирчхоод
Хүрээд ирэв гэнээ.
Тэгээд л морио унаад явав гэнээ.
Өөрийнхөө нутаг оронд
Хүрээд ирсэн чинь
Алтан сүмбэр
Уул нь харагдаад байв гэнээ.
Өвс гэдэг чинь дөрөө зуураад
Хөхөө шувуу донгодоод
Хөх ногоо дэлгэрээд
Ус булаг оргилоод
Ногоо мод найгаад
Үнэг чоно нъ үнгэлдээд
Хандгай буга нь зөрөлдөөд
Буга согоо нь бужигнаад байв гэнээ.
Хөндий дүүрэн хөх буурал адуу
Хангай дүүрэн
Хар саарал адуутай юмсан билээ.
Түмдийн голоор дүүрэн
Түмэн халзан тэмээтэй билээ
Өөлдийн голоор дүүрэн
Өлөн улаан монголтой билээ.
Хотгор газрыг
Хорголоороо дүүргэсэн
Үй түмэн хоньтой билээ.
Харагдах бараагүй
Хаачсан юм бол доо гэж
Бодоод явж явав гэнээ.
Алтайн алтан Сүмбэр уулынхаа
Орой дээр нь гараад
Арван зүгтээ харав гэнээ.
Бууц нь хонхойгоод харагдав гэнээ.
Нэг чиг амьтан үзэгдэхгүй
Алтан мөнгөн хоёр уяанаас нь
Нэг шар хадаг намираад харагдав гэнээ.
Эр хүн гэдэг чинь
Эзгүй хээрийн талд
Эхнэр хүүхэд юмнаасаа хагацаад
Цор ганцаараа боллоо доо гээд
Уйлаад бархираад байв гэнээ.
Морь нь хэлэв гэнээ.
Чи ядахдаа бууцан дээрээ
Очооч дээ гэж хэлэв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Мориныхоо үгээр
Бууцан дээрээ ирэв гэнээ.
Уяанаас нь алд шар бичиг
Уяатай байв гэнээ.
Түүнийгээ очоод үзсэн чинь
Цэцэн гоо дагина хатны
Захиа байв гэнээ.
Чи голомтоо хутгаж үзээд
Галаа унтарсан байвал
Миний хойноос битгий очоорой
Унтраагүй байвал
Миний хойноос очоорой!
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангастай
Нэгдэж суугаад явлаа шүү.
Түүний дүү дөчин таван толгойтой
Дөнөн хар мангас гэж байна.
Түүний дүү гучин таван толгойтой
Гунан хар мангас гэж байна.
Түүний дүү хорин таван толгойтой
Хотгор хар мангас гэж байна.
Хамаг бүгдий чинь аваад явлаа шүү,
Ахын чинь амийг хадгалж
Баруун хатавчиндаа
Ганц домбо цайтай
Ганцхан иргийн нас гүйцсэн
Эр хонины махтай
Энэ газар доор хийлээ шүү гэж хэлсэн байв гэнээ.
Голомтоо хутгаад үзэв гэнээ
Бөндийсөн улаан цог гараад ирэв гэнээ.
Алтан Гургалдай хаан баярлаад
Ганьт нэртэй гаансанд
Галзуу улаан тамхийг
Ганц нэг шившээд
Сууж байв гэнээ.
Баруун хатавч руугаа харсан чинь
Бөөрөнхий улаан чулуу
Харагдав гэнээ.
Бөөрөнхий улаан чулууг нь
Ховхлоод хаясан чинь
Доороос нь хавтгай
Хар чулуу гарав гэнээ,
Хавтгай хар чулууг нь
Ховхлоод хаяв гэнэ.
Энүүний доор амьтай голтой
Амьтан байвал гарч ирээрэй гээд
Хашхирав гэнээ.
Амьтай голтой амьтан чиг байна даа
Ямар амьтан намайг ингэж
Нар салхины бараа
Харуулдаг билээ гэж хэлэв гэнээ.
Наян алд гэзгээ унжуулаад өгөв гэнээ.
Энүүний үзүүрээс бариад
Гараад ир дээ гэж хэлэв гэнээ.
Ах нь ганц домбо
Цайны шавхруу тасраагүй
Ганц иргийн мах тасраагүй
Ахын чинь авгай
Тамчийн улаан бэргэн гэдэг чинь
Тэр хоёрыгоо барьсаар
Гарч ирэв гэнээ.
Газар дээр ганц дүүтэйгээ
Ингэж уулздаг байжээ гээд
Уйлаад бархираад
Тэврээд авав гэнээ.
Тэгээд ахдаа хэлэв гэнээ.
Ямар амьтан ирээд
Миний эхнэр хүүхдийг
Аваад явчихав гэж асуув гэнээ.
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангас аваад явчихсан
Гэж хэлэв гэнэ.
Би одоо түүнийг даръя
Одоохон явъя гээд
Алтан Гургалдай хаан гэдэг чинь
Яараад явах гэж гэнээ.
Ах нь, би одоо чамаасаа
Хагацаж өгөхгүй гээд бариад авав гэнээ.
Би одоо явуулахгүй гээд
Зуураад тавиулахгүй байв гэнээ.
Би одоо чамайг
Явуулахгүй бол одоо
Боож үхье дээ гэж
Бор шидмэс аваад
Модойтол гүйв гэнээ.
Тэгсэн чинь ах нь
Миний дүү яв даа яв гэж
Хэлэв гэнээ.
Ахдаа хэлэв гэнээ.
Миний хойноос
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Албат иргэн, авгай хүүхэд
Адуу мал ирж яваа шүү
Тэднийг сүмбэр уулынхаа зүүн үзүүрээр
Буулгаад захирч байгаарай
Тэдний хоолноос битгий идээрэй
Энэ сүмбэр уулынхаа
Гөрөөснөөс идээрэй гээд
Сүмбэр уулынхаа гөрөөснөөс
Арын гөрөөсийг
Аргал хоргол болтол намнаад
Өврийн гөрөөсийг
Өтөг шороо болтол намнаад
Ахдаа хоолыг нь бэлтгэж өгөөд
Ааг амьсгаагүй давхиад л
Яваад өгөв гэнээ.
Ах нь дайснаа дараад
Дархан цолыг олоорой
Өстнөө дараад
Өргөн цолыг олоорой гэж
Ерөөгөөд хоцров гэнээ.
Тэгсэн чинь баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Албат, хатад нь ирэв гэнээ.
Тэднийг
Алтайн алтан Сүмбэр уулынхаа
Зүүн үзүүрээр буулгаад
Тэднийг захираад сууж байв гэнээ.
Алтан Гургалдай хаан гэдэг чинь
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангасыг алаад
Авгай хүүхдийг алахаар талахаар
Яваад өгөв гэнээ.
Явсаар байгаад
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангасын
Нутагт нь орж явав гэнээ.
Тэгсэн чинь нэг их
Олон адуу хариулсан
Өвгөн явж явав гэнээ.
Хамуутайхан бор даагатай
Дэрсэн нумтай
Хулсан сумтай
Нусгай бор хүү
Хаагаараа хар эсгий цувуулсаар
Борвиороо бор эсгий цувуулсаар
Шагайгаараа шар эсгий цувуулсаар
Хамуутайхан бор даагаа
Өлгүүлэнхэн гишгүүлсээр хүрэв гэнэ.
Ах минь наанадаж хоолны дэмжиг
Цаанадаж унааны сэлбэг
Хайрлаач дээ гэж гуйв гэнээ.
Сайн чиг хариулсан дүүрсэн юм.
Муу чиг хариулсан дүүрсэн юм.
Хүү минь
Адууны түрүүнд явж
Гурван жил сувайрсан
Сувай гүү барьж авч чадвал
Хоолны дэмжиг хийнэ үү
Унааны сэлбэг хийнэ үү
Өөрөө мэд дээ гэж л хэлэв гэнээ.
Хамуутай бор даагаа
Өлгүүлэнхэн гишгүүлсээр барьж авав.
Аман хүзүүгий нь хуга мушгиж унагаад
Аргал хомоолхон хормойлоод
Арьсыг нь өвчөөд
Унгас ноос шиг зөөлөн болтол элдээд
Хөгшин хүн мал хариулж
Явахдаа доороо дэвсээрэй гэж
Хэлээд өгөв гэнээ.
Махыг нь шараад
Нэг завжаараа махыг нь
Нэг завжаараа ясыг нь цувуулаад идэв гэнээ
Өвгөн түүнийг хараад
Миний түрүүний хаантай
Яасан чиг адилхан юм бэ дээ гэж
Уйлаад бархираад байв гэнээ.
Танай түрүүний чинь хаан
Хэн гээчийн хүн байсан юм бэ?
Одооны чинь хаан хэн гэгч хүн
Байгаа юм бэ? гэж асуув гэнээ.
Манай түрүүний минь хаан
Жил гаруй мал хариулахад
Сайн муу нийлсэн
Зуу гаруй малаар шагнадаг даа
Амилсан бурхан шиг
Хаан байсан юм сан.
Одооны минь хаан
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангас гэж бий дээ.
Түүний дүү дөчин таван толгойтой
Дөнөн хар мангас гэж бий.
Түүний дүү гучин таван толгойтой
Гунан хар мангас гэж бий
Түүний дүү хорин таван толгойтой
Хотгор хар мангас гэж бий гэж
Хэлж гэнэ.
Мал хариулаад очиход
Шагнах ч байтугай
Цагааны шар ус ганцхан аяга өгөөд
Хуурай модыг хугартал
Нойтон модыг эгширтэл
Нүдээд явдаг даа гэж хэлэв гэнээ.
Түрүүнийхээ хаантай
Амьд амгалан уулзах болтугай гэж
Залбирч яваарай гэж хэлээд
Нэгэн гүвээ давав гэнэ.
Хорин таван толгойтой
Хотгор хар мангасынхыг үзэв гэнээ.
Хорин таван толгойтой
Хотгор хар нохой чи байна уу? гээд
Үүдэн дээр нь очоод
Үүдий нь товцгоороо гэр дээр нь
Сунгаж хаяад оров гэнээ.
Хорин таван толгойтой
Хотгор хар мангас гэдэг чинь айгаад л
Манай хоёр ах бид гурав
Ердөө гэмгүй амьтан шүү.
Энэ гэмий чинь
Манай хамгийн том ах
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангас хийсэн шүү
Бид гурав ерөөсөө гэм байхгүй.
Амийг минь авраач дээ гэж гуйв гэнээ
Ахынхаа амин сүнсийг хэлбэл алахгүй
Тэгэхгүй бол чамайг ална гээд
Хорин таван толгойг нь
Хорин таван хөгнөнөөс нь
Хөгнөөд орхив гэнээ.
Миний хоёр ах бид гуравт
Амин сүнс байхгүй дээ.
Ерэн таван толгойт
Ендгэр хар мангасын бол
Амин сүнс бий дээ.
Хойд ууланд
Хоёр бор эрээн харцага бий дээ.
Долоон хон хэрээ бий дээ.
Дэрэн дээр нь
Мөнгөн хайрцаг бий дээ.
Мөнгөн хайрцаг дотор
Алтан хайрцаг бий дээ.
Алтан хайрцаг дотор
Шүрэн хайрцаг бий дээ.
Шүрэн хайрцаг дотор
Алтан мөнгөн хоёр загас
Усан дотор сүлжин тоглож яваа даа
Баруун мөрөн дээр нь
Аяганы чинээ улаан мэнгэ бий дээ
Манай ах урагшаа явахаараа
Хойноосоо ирдэг
Хойшоо явахаараа
Урдаасаа ирдэг
Зүүн тийшээ явахаараа
Баруун талаасаа ирдэг
Одоо зүүн тийшээ явсан
Баруун талаас ирнэ дээ гэж хэлэв гэнэ
Аа тийм үү
Чи ахынхаа амин сүнсийг
Бүрэн хэлэхгүй байна уу гээд
Түмэн хүний цусанд түлбэрч үзээгүй
Түүхий улаан илдээрээ
Хорин таван толгойгий нь
Тас цавчаад хаяв гэнээ.
Гэдсийг нь хага татаад орхисон чинь
Хотгойдын хүүхэд хойшоо
Урианхайн хүүхэд урагшаа гээд
Тэрэг тэмээгээр хөвөөд унав гэнээ.
Гучин таван толгойтой
Гунан хар мангасынд хүрэв гэнэ дээ
Гучин таван толгойтой
Гунан хар нохой чи
Яваад ир гээд хашхирав гэнээ.
Үүдэн дээр нь очоод
Үүдий нь товцгоороо
Гэр дээр нь сунгаж
Чулуудаад оров гэнэ.
Миний дүү ах бид гурав
Ердөө л гэмгүй амьтан шүү
Манай хамгийн том ах
Хамаг юмыг хийсэн шүү.
Бид гурвын амийг авраач дээ гээд
Амиа гуйж байв гэнээ.
Чамайг ахынхаа амин сүнсийг хэлбэл
Би чамайг алахгүй
Ахынхаа амин сүнсийг хэлэхгүй бол
Чамайг ална гэж хэлэв гэнээ.
Гучин таван толгойг нь
Гучин таван хөгнөөр
Хөгнөөд тавьчихав гэнээ.
Миний дүү ах бид гуравт ч
Амин сүнс гэх юм байхгүй
Манай хамгийн том ах
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангас гэж бий дээ,
Түүний баруун мөрөн дээр
Аягын чинээ улаан мэнгэ
Бий дээ гэж хэлэв гэнээ.
Хойд ууланд долоон хон хэрээ бий дээ
Хоёр бор эрээн харцага бий дээ
Түүний авдар дээр
Мөнгөн хайрцаг бий дээ
Мөнгөн хайрцаг дотор
Алтан хайрцаг бий дээ
Алтан хайрцаг дотор
Шүрэн хайрцаг бий дээ
Шүрэн хайрцаг дотор
Алтан мөнгөн хоёр загас
Усан дотор сүлжин тоглож байгаа даа
Түүнээс өөр ч юм
Байхгүй гэж хэлэв гэнээ.
Аа чи муу
Ахынхаа амин сүнсийг
Бүгдийг хэлэхгүй байна уу гээд
Гучин таван толгойгий нь
Түмэн хүний цусанд түлбэрч үзээгүй
Түүхий улаан илдээрээ
Тас цавчив гэнээ.
Гэдсий нь хага татаад орхисон чинь
Хотгойдын хүүхэд хойшоогоо
Урианхайн хүүхэд урагшаагаа гээд
Тэрэг тэмээгээр хөвөөд унав гэнээ.
Цааш нь нэг гүвээ даваад очсон чинь
Дөчин таван толгойтой
Дөнөн хар мангасынх харагдав гэнээ.
Үүдэн дээр нь очоод
Үүдий нь гэр дээр нь
Сунгаж чулуудаад
Дөчин таван толгойтой
Дөнөн хар нохой чи
Гараад ир гэж хашхирав гэнээ.
Миний хоёр дүү бид гурав
Ердөө л гэмгүй амьтад шүү
Манай хамгийн том ах
Энэ явдлыг хийсэн шүү гэж л
Хэлэв гэнээ.
Чи ахынхаа амин сүнсийг
Хэлбэл би чамайг алахгүй
Ахынхаа амин сүнсийг хэлэхгүй бол
Би чамайг ална гэж хэлэв гэнээ
Би ахынхаа амин сүнсийг хэлье дээ
Амий минь авраач дээ гэж гуйв гэнээ.
Дөчин таван толгойгий нь
Дөчин таван хөгнөнөөс нь
Хөгнөөд орхив гэнээ.
Манай ахын
Баруун мөрөн дээр нь
Аягын чинээ улаан мэнгэ бий
Түүний авдар дээр
Мөнгөн хайрцаг бий дээ
Мөнгөн хайрцаг дотор
Алтан хайрцаг бий дээ
Алтан хайрцаг дотор
Шүрэн хайрцаг бий дээ
Шүрэн хайрцаг дотор
Алтан мөнгөн хоёр загас
Усан дотор сүлжин тоглож яваа даа
Хойд ууланд хон хэрээ бий дээ
Хоёр бор эрээн харцага бий шүү
Өөр чиг юм байхгүй гэж л хэлэв гэнээ.
Ах чинь одоо бий юу гэж
Асуув гэнээ.
Манай ах хойшоо явахдаа урдаасаа ирдэг
Урагшаа явахдаа хойноосоо ирдэг
Одоо зүүн тийшээгээ явсан
Баруун талаасаа ирнэ дээ гэж
Хэлэв гэнээ.
Аа тийм бий чи!
Ахынхаа амин сүнсийг
Бүгдийг хэлэхгүй
Нууж байна уу гээд
Дөчин таван толгойг нь
Түмэн хүний цусанд түлбэрч үзээгүй
Түүхий улаан илдээрээ
Та цавччихав гэнээ.
Дөчин таван толгойтой
Дөнөн хар мангасын
Гэдийг хага татаад орхив гэнээ.
Хотгойд нь хойшоо
Урианхай нь урагшаа гээд
Тэрэг тэмээ хөтлөөд
Хөвөөд унав гэнээ.
Тэгээд цаашаагаа явав гэнээ.
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангасынх харагдав гэнээ.
Хамуутайхан бор даагаа
Өлгүүлэнхэн гишгүүлсээр очив гэнээ.
Хамуутайхан бор даагаа уяанаас нь уях гэж гэнээ.
Хоёр шивэгчин хүүхэн гарч
Нохойгоо хорьж өгч л гэнэ.
Асар Басар хоёр нохой нь
Барьж идчих гэж байв гэнээ.
Хойлог тонжин хоёр
Шувуу ухчих гээд байв гэнээ.
Хоёр шивэгчин хүүхэн чинь
Элэг мадаггүй хөхрөөд
Гарч л элэглээд дооглоод
Нохойгоо хорихчоон болов гэнэ.
Хамуутай бор даагаа
Уяанаас нь уях гэсэн чинь
Мориных нь цулбуурыг даахгүй
Шажигнаж байв гэнээ.
Хаан хүний морины уяа байтлаа
Хамуутайхан бор дааганы
Цулбуурыг даахгүй
Яасан билээ дээ гээд морио
Хад болтол хантраад
Хайрцаг болтол тушаад
Дэрсэн нум, хулсан сумаа
Хааны өргөө дээр тавих гэсэн чинь
Нум сумыг нь даахгүй
Шажигнаж байв гэнээ.
Хаан хүний өргөө байтлаа
Нусгай муу хүүгийн
Нум сумыг даахгүй
Яасан билээ дээ гээд
Хулсан сумаа газар хатгачихаад
Дэрсэн нумаа өлгөчихөөд
Оров гэнээ.
Ороод очсон чинь
Ахын нь авгай
Тамчийн улаан
Бэргэн гэдэг
Булган хөнжил дотор
Тэлчлээд хэвтэж байв гэнээ.
Баруун хатавчинд нь сөгдөөд
Амгалан ий нь айлтгав гэнээ.
Дуртай дургүй гүнгэсхийв гэнээ.
Энэхүү гуйранчид
Цагааны шар ус хийж өг гэж гэнээ.
Хоёр шивэгчин хүүхэн
Цагааны шар ус хийгээд өгөв гэнээ.
Хангинатал уучхаад
Аягы нь цэмбийтэл долоогоод
Дэрнийх нь авдар дээр аваачаад тавив гэнээ.
Чиний амин сүнс энэ вий гээд
Мөнгөн хайрцаг уруу нь хараад
Нүдтэй амьтны нүдийг балайртал
Чихтэй амьтны чихийг дүлийртэл
Шинжии харав гэнээ.
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангасынх
Зүүн хойшоогоо баахан хэвийсэн
Айл байв гэнээ.
Гараад явав гэнээ.
Хоёр шивэгчин хүүхэн гэдэг чинь
Элэглээд дооглоод
Элэг мадаггүй хөхрөөд
Савж унаад байв гэнээ.
Нохойгоо хорьж өгмөр болов гэнээ.
Хойд ууланд нь гарав гэнээ
Долоон хон хэрээнд нь арай л
Нүдээ ухуулсангүй олов гэнээ.
Хоёр бор эрээн харцага байв гэнэ дээ
Нэгий нь алчихаад л
Нэгий нь алж чадалгүй
Алдчихав гэнэ дээ.
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангас чи
Эндээс ирэх биз дээ гээд
Гэрийнх нь баруун тийшээ
Зүглээд явав гэнээ.
Нэг их жалгыг огтлоод
Нэг их давааны хажууд
Хараад сууж байв гэнээ.
Тэгсэн чинь л
Нэг их олон цэрэг яваад
Харагдах шиг байсан чинь
Ерэн таван толгойтой
Ендгзр хар мангас
Арзганаад ирж явж харагдав гэнэ дээ.
Чиний баруун мөр чинь энэ вий дээ гээд
Харваад тавьчихав гэнэ дээ
Тэртээ уулыг өшиглөөд
Энтээ уулыг дэрлээд унаад өгөв гэнээ.
Алтан Гургалдай хаан гэдэг чинь очоод л
Ерэн таван толгойгий нь
Түмэн хүний цусанд түлбэрч үзээгүй
Түүхий улаан илдээрээ
Тасар цавчлаад хаячихав гэнэ дээ.
Тэр ч гурав өнхрөөд
Энэ ч гурав өнхрөөд харагдав гэнээ
Гэдсий нь хагалаад орхисон чинь
Хотгойд нь хойшоо
Урианхай нь урагшаа гээд л
Тэрэг тэмээ хөтлөөд
Хөвөөд унав гэнээ.
Алтан Гургалдай хаан чиг
Алтан Гургалдай биендээ тохироод
Морь чиг морь биендээ тохироод
Сүн далайг долгилтол нь давхиад
Сүмбэр уулыг доргитол давхиад
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангасынд хүрч ирэв гэнээ.
Ахынх нь авгай
Тамчийн улаан бэргэн
Нохойгоо хорьж өгөв гэнээ.
Газар дээр ганц дүүтэйгээ
Ингэж уулзах гэж байдгаа даа гээд
Дайснаа дарав уу
Дархан цолоо олов уу
Өстнөө дарав уу
Өргөн цолоо олов уу гэж асуув гэнээ.
Дайснаа дарлаа
Дархан цолоо оллоо
Өстнөө дарлаа
Өргөн цолоо оллоо
Та нар сайн сууж,
Байна уу даа гэж асуув гэнээ.
Бид нар яахав
Амьд л байна даа гэж хэлэв гэнээ.
Ороод очиж гэнээ.
Утаагүй улаан галаа түлээд
Уургүй улаан цайгаа чанаад
Таван өнгийн тансаг идээ
Таваглаж байгаа гээд
Таван өнгийн хорыг
Таваглаад өгөв гэнээ.
Сайн зөв санаатай нь үлд
Муу буруу санаатай чинь
Энүүндээ хордож үх гээд
Тооно өөд нь цацав гэнээ,
Тэгсэн чинь муу санаатай нь үхэж
Сайн санаатай нь үлдэж байхыг үзэв гэнээ.
Дэрнийх нь авдар дээрээс нь
Алтан мөнгөн хоёр хайрцагтайг
Авч өвөртлөөд гарав гэнээ.
Түүний нь хээр аваачаад шатаав гэнээ.
Тэгээд хатнаа эрээд
Нэг хавцалхан жалга өөд өгсөөд
Явж л явав гэнээ.
Нэг их сайхан Шагшавадийн үнэр
Ханхлаад байв гэнээ.
Яваад очсон чинь
Нэг тэнгэр тулсан хар
Овоохой харагдав гэнээ.
Тэгсэн чинь тэндээс
Асар Басар хоёр нохой нь давхиж ирээд
Салхины зөв талд нь гарч эрхлээд
Буруу талд нь гэрч урчих гээд
Хойлог тонжин хоёр шувуу
Салхины зөв талд гарч эрхлээд
Буруу талд нь гарч дэвчих гээд байв гэнээ.
Гадна нь очоод нохой хорь гээд
Хамуутайхан бор даагатай
Нусгайхан бор хүү очив гэнээ.
Нэг муу эрүү өвдөг хоёр нь
Нийлчих шахсан чавганц
Таягаа тулсаар гарч ирээд
Нохойгоо хорьж өгөв гэнээ.
Овоохойны үүд нь
Далан хүн дамжилж даахгүй
Далай ширмэл үүд байв гэнэ.
Сөхөж өгөх гээд чадахгүй
Үүдэнд нь хавчуулдчихав гэнээ.
Чавганц ирээд үүдээ сөхөж оруулав гэнээ.
Танай нутаг хаана байдаг вэ? гэж асуув гэнээ.
Мэнд сайн явж ирэв үү гэжээ,
Сайн явлаа гэж хэлзв гэнээ.
Тэгсэн чинь далан хүн дамжилж даадаггүй
Далай цагаан шаазанд чинь
Гүүний айраг хийгээд өгөв гэнээ.
Түүний нь уугаад
Нэг амь гол орж суув гэнээ.
Танайх хаана байдаг вэ?
Хаанаас ирэв гэж асуув гэнээ.
Би энд гэх гэр орон байхгүй
Тэнд гэдэг аав гэж байдаггүй
Энэ гэх л эзэн тэнгэр ноён байхгүй
Хошуу тойрсон гуйлгачин явна даа гэж хэлэв гэнээ.
Хошуу тойрч гуйлгачилж явахдаа
Ямар нутгаар явав даа гэж асуув гэнээ.
Би баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны нутгаар явлаа даа,
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг чинь
Болзоотын бор толгой гэдэг дээр
Алтан Гургалдай хааныг алаад
Алаг сайхан махы нь
Цахалчаад байна гэж хэлэв гэнэ.
Энэ чинь яасан
Муу ёрын муу шинжийн амьтан бэ? гэж хэлээд
Ухаан алдаад уначхав гэнээ.
Тэгэхлээр нь навтархай
Дээлээсээ ураад утаж гэнээ.
Ухаан санаа оров гэнээ.
Тэгэхлээр нь муу ёрын
Амьтан би тандаа
Зайлж өгье дээ гээд яваад өгөв гэнээ.
Хамуутайхан бор даагаа
Өлгүүлэнхэн гишгүүлсээр
Далд оров гэнээ.
Маргааш өглөө болоод
Алтан Гургалдай хаан
Алтан Гургалдай биендээ тохироод
Морь нь морь биендээ тохироод
Ааг үгүй давхиад
Амьсгаа үгүй хатираад
Хүрээд ирэв гэнээ.
Мөн тэгсэн чинь
Алтан Гургалдай хааны
Цэцэн гоо дагина хатан чинь
Мөн биендээ тохироод гарч ирж
Асар басар нохойгоо
Хорьж өгөв гэнээ.
Ороод очсон чинь
Дайснаа дарав уу
Дархан цолыг олов уу
Өстнөө дарав уу
Өргөн цолыг олов уу гэж гэнээ.
Өстнөө дарлаа
Өргөн цолыг оллоо.
Дайснаа дарлаа
Дархан цолыг оллоо гэж гэнээ.
Цэцэн гоо дагина
Утаагүй улаан галаа түлээд
Уургүй улаан цайгаа чанаад
Таван өнгийн
Тансаг сайхан идээг таваглаад
Далан хүн дамжилж даадаггүй
Далай цагаан шаазанд
Гүүний айраг сөгнөөд
Баярлаад сууж байв гэнээ.
Тэгсэн дэрнийх нь авдраас
Дөрвөн настай
Сэгсгэр үстэй хүү гараад ирэв гэнээ.
Чи чинь миний ээжийн дэргэд
Дээд талыг аваад суудаг
Ямар гэгчийн амьтан бэ?
Чи хэн хааны албат вэ?
Хэтийн санаа хэнд вэ?
Хэрэг зориг чинь юунд вэ?
Гэж загнаад байв гэнээ.
Ээж нь:
Миний хүүгийн аав шүү дээ
Наадах чинь гэж л хэлэв гэнээ.
Миний аав биш ээ,
Миний аав мөн бол
Тэмээн чинээ чулууг
Тэнгэр тултал тэвэг өшиглөн
Үхрийн чинээ чулууг
Үнс болтол тэвэг өшиглөн
Хонины чинээ чулууг
Хоггүй болтол тэвэг өшиглөнө дөө гэж
Хэлэв гэнээ.
Би гарч хүүдээ
Ид шидээ үзүүлэх үү дээ гэж
Асуув гэнээ.
Тэг дээ гэж зарлиг болов гэнээ.
Алтан Гургалдай хаан гараад
Тэмээн чинээ чулууг
Тэнгэр тултал тэвэг өшиглөв гэнээ.
Үхрийн чинээ чулууг
Үнс болтол тэвэг өшиглөв гэнээ.
Хонины чинээ чулууг
Хоггүй болтол тэвэг өшиглөв гэнээ.
Аа, миний аав мөн байна!
Дайснаа дарав уу
Дархан цолыг олов уу
Өстнөө дарав уу
Өргөн цолыг олов уу
Надад юм үлдээв үү гэж хэлэв гэнээ.
Хүүдээ юм үлдээсэн гэж хэлэв гэнээ.
Аа тэгвэл одоо би явна гээд
Явах гээд болохоо байв гэнээ.
Нас чинь бага
Цус чинь шингэн байна шүү
Миний хүү байзна даа
Ядахдаа толгойдоо
Мэсний ир чиг хүргээгүй гэж хэлэв гэнээ.
Тэгээд явахаа жаахан тогтнов гэнээ.
Тэгээд ерэн таван толгойтой
Ендгэр хар мангасын албатыг
Өөрийнхөө албат хатадтай нийлүүлж аваад
Гэртээ харихаар цуглуулав гэнээ.
Ахынхаа авгай
Тамчийн улаан бэргэнд
Элч илгээв гэнээ.
Чи эндээ хоцор доо
Зуун шөвөг авах уу даа
Зуун хуурай авах уу да
Зуун эмнэг сувай гүү
Авах уу даа гэж
Асуугаарай гэж хэлэв гэнэ.
Би чинь ядахдаа
Зуун сувай гүүг нь авъя даа
Ядаж нэг зуун жил чиг болсон
Идье дээ
Зуун шөвөг
Зуун хуурайгаар ч яахав дээ
Гэж хэлэв гэнээ.
Элч ирээд зуун сувай гүүг нь
Авъя гэж байна гэж хэлэв гэнээ
Аа тэрүүнийг
Зуун эмнэг сувай гүүний
Сүүлнээс уяад тавьчхаарай,
Гэж хэлэв гэнээ.
Зуун эмнэг сувай гүүний
Сүүлнээс ахынх нь авгай
Тамчийн улаан бэргэнийг
Зүүгээд тавьчхав гэнээ.
Зуун хэсэг тасдаад хаячхав гэнээ.
Тэгээд хамаг юмаа цуглуулаад
Гэртээ ирэв гэнээ.
Нутаг орондоо ирсэн чинь
Ах нь нөгөөх Бидэр хар ноёны
Албат хүүхдийг захираад сууж байв гэнээ.
Алтан Гургалдай хаан ирээд
Өөрийнхөө албатуудыг
Баруун талаараа хорооллуулаад
Буулгав гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Хатад хүүхдийг
Зүүн талаараа хорооллуулаад
Буулгав гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны хатнаар
Галынхаа шилээвэр хийгээд
Албат малаар нь
Албат малаа сэлбээд авав гэнээ.
Жаран жилийн жаргал хийв гэнээ.
Жаран алд зэлээн татав гэнээ.
Жараахай болсон унагаа уяв гэнээ.
Наян жилийн найр үүсгэв гэнээ.
Наян алд зэлээ татав гэнээ.
Наян унагаа барьж уяв гэнээ.
Найр цэнгэлээ хийгээд
Үнэхээр их сайхан байж гэнээ.
Жаран жилийн жаргал хийгээд
Наян жилийн найр хийгээд
Бүгдээрээ амгалан жаргалтай
Аль дураараа цэнгэн жаргав гэнээ.