Туурга тусгаар монгол улсын эрх чөлөөт иргэн таньд Монгол Улс тунхагласны 88-н жилийн ойн баярын мэнд хүргье. Тэртээх 1924 онд Тусгаар тогтнолоо зарлаж, дэлхийд бvртгэгдсэнээс хойш монголчууд бие даасан тусгаар улс болсноо албан ёсоор тэмдэглэж ирсэн билээ.
Манжийн засгийн бодлогыг Монголд хэрэгжүүлж эхэлсэн үеэс Монголчуудын үндэсний хөдөлгөөн ил далд хүчтэй өрнөсөн гэж үздэг. Богд Жавзандамба хутагтын дэргэд ноёд Монголынхоо тухайн цагийн болон ирээдүйн нөхцөл байдлын талаар олон удаа хэлэлцэж байсан баримт бий. 1908 онд Богд болон олон ноёдын нэг удаагийн хуралдаанаар онцгой асуудал хэлэлцсэн байдаг. Үүндээ Манжийн эрх баригчид, тухайлбал Манжийн сангийн яамнаас Хүрээнд буй амбанаараа дамжуулан манай чуулган дарга засаг ноёдоос дараах асуултад хариулт авахыг шаарджээ.
Үүнд: Монголд Хятад иргэдийг суурьшуулах, газар тариалан эрхлэх, төмөр зам, авто машины зам тавих зэрэг нь үнэхээр танай нүүдэлчид болон мал аж ахуйг шахах үндэслэлтэй юм бол уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх нь ямар шалтгааны улмаас бас шахах халгаатай гэж үзээд байгаа талаар хоёрдмол утгагүй нэгэн хариулт өгөхийг Жавзандамба хутагт болон манай ноёдоос манжийн засгийн газар шаардсан байжээ. Иймд Богдын засгийн газар асуудлыг нухацтай авч үзэж маш болгоомжтой хариулт өгөх шаардлагатай болжээ. Удтал хэлэлцсэний дүнд Манжийн эрх баригчдад Хятад иргэдийг Монголын нутагт суурьшуулах болон газар тариалан эрхлэх боломжгүй гэсэн өмнө өгсөн байр сууриа хамгаалж, бэлчээрийн мал аж ахуй нь өвлийн цагт ууланд нүүдэллэх хэрэгцээтэй байдаг тул уул уурхай нь төрөл бүрийн үр дагавар авчирна хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Ноёдын энэ удаагийн хурал нь манай орны амьдрал түгшүүртэй болж байгааг ухамсарлаж хаана хаанаа анхаарах хэрэгтэйг ойлгоход хүргэсэн байна. Мөн Манжийн эрх баригчдын зүгээс манайд хэрэгжүүлж эхэлсэн цэргийн шинэчлэлийг онцгой эсэргүүцэж байжээ. Тэр шинэчлэл гэдэг нь Монголын хойд хязгаараар Манжийн харуулын цэрэг олноор суулгах болсны хэлж байгаа хэрэг.
1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд Богд хаанд хамгийн ойр байсан Да лам Цэрэнчимид, ноёдоос Сайн ноён Намнансүрэн, Чин ван Ханддорж, Түшээ гүн Чагдаржав, Хайсан гүн нар голлон үүрэг гүйцэтгэсэн гэж түүхчид үздэг.
Нэгэн түүхийг сонирхуулахад 1910 оны эхээр Нийслэл хүрээнд хятад иргэд, лам нарын хооронд зодоон болсон гэдэг. Үүнээс үүдэн Богд болон амбан Сандо хоёрын харилцаа муудсан байна. Да ламыг албан тушаалаас нь зайлуулах тухай Бээжингийн шийдвэрийг Хутагт болон Шавийн яам хэрэгжүүлэхгүй байгаа тухай Сандо Бээжинд мэдээллээ гэж Оросын консул мэдэгдсэн байна. Энэ нь Богд Жавзандамба хутагт Манжийн засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж лам нараа хамгаалан зогсож чадаж байсны гэрч юм.
Мөн 1911 оны эхээр Богд хаан Манж хятадуудтай нэг өдөр цагаан сар хийхээс татгалзаж, Монголчууддаа нэг өдрийн дараа цагаан сар тэмдэглэхийг зарлиг буулгасан тухай мэдээ бий.
Лам нарын зодоон нь зөвхөн хэдэн лам нарын танхайрал биш Манж амбанд Монголчуудын дундах уур амьсгал хурц байгааг харуулаад зогсоогүй хэзээ мөдгүй гал асахад бэлэн байгааг мэдрүүлсэн тэмцлийн түүхэн баримт юм.
Монголыг эрх чөлөөтэй залгуулсан үйл хэргийг манлайлсан хүмүүс бол дээрх нөлөө бүхий жинхэнэ эх оронч хаад ноёд байсныг түүх улам тодотгосоор байна. Ийнхүү 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт хязгаарлагдмал эрх мэдэлтэй байсан Богд хаан эзэн хаанаар өргөмжлөгдөн Монгол улс тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдал болсныг Монголын ард түмэн тэмдэглэж ирсэн тэмдэглэсээрч байх болно.
Тусгаар тогтнол
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.
Дэндэвийн Пvрэвдорж