Монгол Улсын Төрийн шагналт зураач С.Саранцацралт XXI зууны дэлхийн шилдэг оюунлаг сэхээтний нэгээр тодорчээ. Их Британийн Кембриджийн их сургуулийн намтар судлалын төвөөс эрхлэн тодруулдаг оны 2000 хүний нэг нь С.Саранцацралт болж уг шагналын өргөмжлөл, медалиа саяхан хүлээж аваад байна. Энэхүү шалгаруулалтад орсон хүмүүсийн намтрыг ном болгон хэвлэж Кембридж, Харвард зэрэг томоохон сургуулиудын номын сангуудад тараадаг юм байна. Орчин үеийн гарамгай хүмүүсийн намтрын байгууллагаас олгосон шагналын хүндэт өргөмжлөлд бичихдээ “Олон улсын намтрын төвөөс Монгол Улсын нэрт зураач Сэр-Одын Саранцацралтын дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж 2012 оны дэлхийн оюунлаг 2000 хүний нэгээр өргөмжлөв” гэжээ.
Уг цол, шагналыг урьд нь Монголоос тун цөөхөн буюу гарын таван хуруунд багтах хүн авсан байдаг. Сэр-Одын Саранцацралт зүгээр нэг жирийн зураач биш. Тэр Монголын уран зургийн ертөнцөд өөрийн гэсэн цоо шинэ, өвөрмөц өнгө төрхөөр ялгарч чадсан уран бүтээлч юм. Түүний бүтээл бүр түүний дотоод сэтгэлийн илэрхийлэл байж чаддаг. Бүр тодруулбал, бүтээлээс бүтээлдээ шинийг нээж бусдыг сэрээж байдаг гэж хэлж болно. Энэ нь түүний байгалиас заяасан авьяас, юмыг гаднаас нь биш дотоод талаас нь харж чаддагт оршино.
С.Саранцацралтын бүтээлүүдээс сэтгэлгээний эрх чөлөөний мэдрэмж, бясалгалын гүн гүнзгий хаялга харагддаг бөгөөд тэр бүхэн нийлээд гоо сайхны нэг өвөрмөц хийгээд өөр ертөнцийг бүтээдэг тухай урлаг судлаачид хэлсэн нь бий. С.Саранцацралтын ертөнцөөр аялвал сэтгэлийг эрхтэн хэмээн авч үзээд тэр ярихдаа,
-Сэтгэл гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй атал, гэрлийн хурдаар хэмжигддэг, боломж нь хязгааргүй хэрнээ мөнхөд өөрчлөгдөж байдаг зүйл юм гээд үүнийг батлах батламж нь ном уншихад нэг сэтгэгдэл төрдөг. Түүнийг удалгүй мартдаг, орхидог. Тэгвэл тэр орхигдсон сэтгэгдлийг урлагийн өөр төрлөөр уран бүтээл болгох учиртай. Би ийм төрлөөр сүүлийн жилүүдэд ажиллаж ирлээ гэсэн юм. Энэ учиртай үгийн учрыг сүүлийн жилүүдэд гаргасан “Гэгээн гэрэл”, “Баадантай юм”, “Тиме” зэрэг бие даасан үзэсгэлэн, “Синтез арт шоу” тоглолтоос нь олон түмэн харж мэдсэн биз ээ.
Хүний сэтгэл хязгааргүй, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг гэж хэлсэн тухайд нь дээр өгүүлсэн. Үүнийг “Хорин найрагчийн бүтээл дээр ажиллахад би өөрөө 20 янзаар хувирдаг” тухай хэлсэн нь бас баталж байгаа юм. С.Саранцацралт ийнхүү Монголын уран зургийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөрөө товойн гарч ирж ихийг бүтээсэн учир Монголын төр “Төрийн шагнал”-аа хүртээсэн билээ.
Мөн 1991 оноос хойш өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ 30 гаруй удаа гаргаж, бусадтай хамтарсан 70- аад үзэсгэлэнд оролцсон байдаг. Бас нэг онцлон хэлэх юм нь монголын зураач эмэгтэй уран бүтээлчдээс бие даасан үзэсгэлэнгээ гаргах салхийг хагалсан юм билээ. Ер нь үзэсгэлэн гэдэг уран бүтээлч хүний өөрийгөө илэрхийлэх хэлбэр нь гэдэг болохоор С.Саранцацралтын удаа дараагийн үзэсгэлэн өмнөхөөсөө содон огт өөр “Саранцацралтын үзэсгэлэн” болж харагддаг аж.
Бүтээлээс бүтээл хийх тухайд Саранцацралт л ярьдаг. Бас хийдэг ч хүн. Тухайлбал, Л.Өлзийтөгсийн хайрын тухай шүлгийг зураг болгох, Б.Галсансүхийн модерн шүлгүүдийг мөн уран зурагт буулгах гээд… Тэгэхээр алив уран бүтээлийг байгаагаар нь харах биш дотоод талаас нь харж байгаа нь тэр юм байна л даа. Час улаан өнгөтэй, иштэй, таван дэлбээтэй цэцэг С.Саранцацралт зураачийн уран бүтээл биш. Харин тэр цэцэг яаж харагдаж, хүнд юу хэлж өгч байгааг зурсан нь түүний бүтээл болж байгаа хэрэг л дээ. Ийм л уран зургийн орчин үеийн урсгалыг шингээсэн 2000 орчим зураг зуржээ Сараа зураач.
Харин түүний цөөхөн нь монголдоо байгаа. Бусад нь гадагш гарчихсан гэдэг баримтыг сонсоход харамсал төрдөг. Уг нь монгол зураачийн бүтээл монголдоо байх учиртай шүү дээ. Монголчууд өнөө үед амьдрал бараан байна гэж ярих дуртай. Тэгвэл Саранцацралт огт өөрөөр хэлдэг.
-Би өнөөгийн амьдралыг өвөл болж байгаагаар хардаггүй, хавар болж ургаж төлжиж, цэцэг навч дэлгэрч буйгаар бодож явдаг. Ингэж сайн юм бодож байж хүн бие, сэтгэлийн эрч хүчээ авч зөв амьдарна гэж. Тийм ээ. Амны билгээс ашдын билгэ гэсэн үгийн утга учир сэтгэлийн тийм гэрэлт хөшөөг дэлхийн хүн болсон зураач маань босгоном билээ.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин.