Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»С.Саянцэцэг: Олон зүйлийг золиослож энэ мэргэжлийн эзэн болдог…
Үндэсний хөгжим

С.Саянцэцэг: Олон зүйлийг золиослож энэ мэргэжлийн эзэн болдог…

Урлаг Урлаг05/01/2013Сэтгэгдэл байхгүй9 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1(2)6142823632013-01-05-06-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Урлагийн гавьяат зүт­гэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн ууган охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг урлагт дуртай монголчууд төдий­гүй дэлхийн олон орны сонгодог урлагийг шимтэн сонирхогчид андахгүй. Тэрээр Москва, Софи, Мексик, Мадри­дын дуурийн театраас гад­на сонгодог урлагийнхны дэлхийн мөрөөдлийн тав­цан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эг­шиг­лүүлсэн анхны Мон­гол уран бүтээлч юм. Аавынхаа авьяас, уран бүтээлийг үргэлжлүүлэн эгшиглүүлж буй С.Саян­цэцэгтэй ярилц­санаа хүргэе.

-Шинэ оны мэнд. Та хэдэн жилийн дараа эх орондоо шинэ он гаргаж байна вэ?

-1981 онд 15 настайдаа Москвад оюутан болж очсоноос хойш эх орондоо шинэ он угтаагүй юм байна. 31 жилийн дараа Монголдоо ээжтэйгээ хамт, гурван дүү маань интернэтээр бид хоёртой хамт шинэ оноо угтлаа. Шинэ жилийн баяраар миний төрсөн өдөр давхацдаг юм. Шинэ он гараад 20 минутын дараа би төрсөн юм билээ. Тиймээс намайг төрүүлж, өсгөсөн аав, ээждээ баярлах ёстой. Аав маань өнгөрсөн гуравдугаар сард бурхан болсон учраас энэ жил төрсөн өдрөө тэмдэглэхгүй байхаар шийдсэн. Харин он солигдсоны дараа ээж, дүү нар маань анх удаа Монголдоо шинэ он угтаж байгаа юм чинь найз нөхөдтэйгөө уулзаж баяраа тэмдэглэ гэж ятгаад санаандгүй сайхан баярласан. Монголчууд маань шинэ жилийг европчууд шиг өргөн, сайхан тэмдэглэдэг болсныг харлаа.

-Тантай арванхоёр­дугаар сард холбогдоход Москвад тоглолтод оролцохоор явах гэж байсан. Ямар тоглолтод оролцоод ирэв?

-Би урьд нь Москва хотод тоглож байсан. Харин энэ удаад Маргарита Феодорова багшийнхаа 85 насны ойн хүндэтгэлийн тоглолтод оролцоод ирлээ. 60 жил багшилсан хүнд хэдэн мянган шавь байх нь ойлгомжтой. Харин тэр тоглолтод Оросын шилдэг төгөлдөр хуурчдыг шилж оролцуулсан. Гадаадаас ганцхан би байсан. Энэ том концертыг миний тоглолтоор өндөрлөсөн нь илүү их итгэл найдвар өгсөн. Оросын алдарт хөгжмийн зохиолч Скрябиний зохиолоос тоглоно, Монголын төгөлдөр хуурч гэдэг нэрийг сайн авч гарах ёстой гэж эмээж байсан ч маш амжилттай тоглосондоо сэтгэл өндөр байгаа.

-Та Монголд цөөн хоногоор ирээд буцдаг. Харин энэ удаад харьцангуй удаан байна. Бас СУИС, Хөгжим бүжгийн коллежд багшилж байгаа нь ховор тохиолдол байх?

-Аав, ээж дээрээ жилдээ 2-3 удаа 7-14 хоногоор л эх орондоо ирээд буцдаг байлаа. Харамсалтайгаар аавыгаа алдчихсаны дараа айлын том охин учир нөхөр, дүү нартайгаа ярилцаад, ээждээ хань болохоор эх орондоо наймдугаар сард ирсэн. Аав минь намайг эх орондоо ирж багшлаарай гэдэг байсан ч амжилгүй өдий хүрчээ. Гэтэл надад багшлах санал тавьсан. Ер нь бүх юм давхцаад, тохироо бүрдсэн дээ. Аавынхаа хүслийг биелүүлэх, өөрийнхөө сэтгэлийг тайвшруулахаар СУИС-ийн магистрт, ХБК-д багшилж байна. Ямар ч байсан нэг хичээлийн жил багшилна. Би голдуу европын улс орнуудад тоглодог ч хол байгаа учир миний тоглолт эрс цөөрч байна. Хэдий эх орондоо ирсэн ч гэр бүл маань Испанид учир жаахан тухгүйдэх, сандрах зүйл гарах юм. Гэхдээ ээжийнхээ дэргэд байгаа болохоор зохицуулаад л байна.

-Та Испанид хувийн хөгжмийн сургуультай байх аа. Монголын хөгжмийн сургуультай харьцуулахад ямар ялгаа харагдаж байна?

-Сонгодог урлаг Европт үүссэн, хэдэн зуун жилийн түүхтэй учир Азитай, тэр дундаа хөгжиж буй Монголын сонгодог урлагтай харьцуулашгүй нь мэдээж.

Нөхөртэйгөө хамтраад 1995 онд анх сургуулиа байгуулсан. Би үргэлж тоглолт хийдэг, хүмүүсийн нүдэнд ил байдаг учраас манай сургуульд суралцагсад цөөрдөг. Хувийн сургууль учир мэргэжлийн төгөлдөр хуурч болох хүүхдүүд давтлага авах юм уу, хөгжмийн боловсролтой болохыг хүссэн хүмүүс сурдаг. Зундаа зуслан маягаар хүүхдүүдийг авч, газар үзэж, амрангаа төгөлдөр хуур сурах боломжийг бүрдүүлдэг. Гэхдээ тоглолт ихтэй байдаг учир сүүлийн арваад жил хувийн сургуульдаа багшлахгүй байгаа. Тоглогч хүн завгүй байдаг бас хүчээ хайрлах хэрэгтэй. Тоглолтгүй үедээ жилдээ 2-3 удаа нээлттэй хичээл заадаг. Би төгөлдөр хуурын фестиваль, конкурс жил бүр зохион байгуулдаг. Монгол хүүхдүүд маань оролцдог. Энэ жил илүү олон хүүхэд оролцуулахаар категори бэлдэж байна. Бусад улс орны хүүхдүүд миний зав зайгаар ирж хичээл авчихаад буцдаг.

-Испанийн аль хотод ажиллаж амьдардаг юм бэ?

-Би ууланд ойрхон жи­жиг­хэн хотод амьдардаг. Яагаад энэ хотыг сонгосон бэ гэвэл эх оронтой минь төстэй уул, ус, хүрхрээтэй, нартай, хуурай уур амьсгалтай өндөрлөг газар. Хонины махаараа алдартай. Манай гэр бүл олон жил энэ хотод амьдарч байгаа болохоор хотын захиргаанаас биднийг дэмждэг.

-Та иргэншлээ сольсон уу?

-Би олон жил Испанид амьдарч байна, тоглолтоор байнга явдаг болохоор чөлөөтэй орж гарах бичиг баримттай болсон. Эхний 10 жил тоглолтоор явах болгондоо виз авах гэж баахан бичиг баримтад гарын үсэг зурж, паспортоо шуудангаар явуулдаг байсан. Одоо харин амар болсон.

-Зохион байгуулдаг фестиваль, конкурсынхаа талаар тодруулаач. Олон улсын чанартай фес­тивальд монгол хүүхдүү­дээ оролцуулж чадаж байна уу?

-Испанийн нэг хотод би жил бүр тоглолт хийдэг байлаа. Жуулчид ихтэй хот учир томоохон урлагийн арга хэмжээ зохион бай­гуулж өгөөч гэсэн хүсэл­тийг хотын захиргаанаас надад тавьсан юм. Дөрөв дэх жилдээ олон улсын фес­тиваль зохион бай­гуулж байна. Сайн багш нарыг урьж тоглуулдаг учир томоохон түвшний хичээл болдог. Оролцогч­дыг тоглуулахаас гадна зөвлөгөө өгөх, хичээл заах, амрангаа газар үзэх, танилын хүрээгээ тэлэх боломжийг олгодог.

Гадныхан Монгол гэхээр Чингис хаан, язгуур урлагаар төсөөлдөг. Харин би сонгодог хөгжим ямар түвшинд хөгжиж байгаа, ямар сайн төгөлдөр хуурчидтай болохыг харуулахыг хүсдэг. Өнгөрсөн жил фестивалиараа баримтат кино хийсэн. Тэр киног үзээд энэ жил жуулчид олноороо ирэхээр болсон байна лээ. Манай монголчууд ч бас амрангаа монгол хүүхдүүдийн төгөлдөр хуурын тоглолтыг үзэх боломжтой юм. Энэ жил хоёр дахь баримтат кино хийхээр ярьж байгаа. Энэ нь төгөлдөр хуурчдын амьдрал руу өнгийсөн илүү сонирхолтой болох болов уу.

-Европын улс орнуудаар олон тоглолт хийсэн байх. Ер нь нийтдээ хэдэн улс орон, хотуудаар тоглолт хийсэн байх юм?

-Олон улс, хотод тоглосон. Гэхдээ тоглогч хүнд тоо чухал биш. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн сайхан тоглолт хийхийг хичээдэг. Би нот харж тоглодоггүй, хүнтэй хамтардаггүй, ганцаараа тоглодог учраас маш их бэлдэх ёстой. Хүний сэтгэлийг хөдөлтөл тоглоно гэдэг хамгийн чухал мэдрэмж.

Миний өвлийн тоглолтууд эхэлж байна. Нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 7-ныг хүртэл найман тоглолттой. Хөгжимчин, тоглогч хүнд амралт гэж байдаггүй. Байнга л бэлтгэл, давтлага хийж байдаг. Гэтэл одоо хичээлтэй болохоор давтах цаг гарахгүй, завсар зайгаараа давтах юм.

Эхний тоглолт маань Стокгольм хотод болно. Төгөлдөр хуурчийн хувьд Стокгольм тоглосон анхных хүн болж байна. Дараа нь Львовын фи­лармони, Браселонагийн дотроо тоглолтын заалтай том номын санд Испанийн нэрт хөгжмийн зохиолч Гранадосын өөрийнх нь тоглож байсан түүхт төгөлдөр хуураар тоглоно.

-Хөгжмийг зохиолч Ч.Сангидорж агсны мэдэхгүй хүн үгүй. Түүний олон сайхан бүтээлийг охин тоглоно биз дээ?

-Аав минь өнгөрсөнд одоо хэр нь бид дасч чадахгүй, ялангуяа ээжид минь тун хэцүү байна. Хөгжмийн зохиолчийн ар гэр байх хэцүү. Аавын минь төлөө бүх амьдралаа зориулсан болохоор ээжийгээ харахаар өрөвдөх юм. Тиймээс ээжийгээ, өөрийгөө, дүү нараа тайвшруулахын тулд аавынхаа, дүүгийнхээ зохиолуудыг тоглоно. Өнгөрсөн жил аавынхаа бүтээлүүдээр ээждээ зориулан нэг өдрийн тоглолт хийсэн. Хүн бүр аав ээжийгээ үргэлж хамт байх юм шиг боддог. Үнэндээ мөнх бусын хорвоо ямар хатуу болохыг мэдэрлээ.

Аав минь Монголын хөгжмийн урлагт олон сайхан бүтээлээ үлдээсэн. Гэхдээ л ахиад хэдэн жил амьдарсан бол хэчнээн сайхан бүтээлүүд туурвих байсан бол гэж бодохоор харамсдаг юм. Одоо гэртээ ороход аавын минь орон зай хоосон. Аавын минь дуусгаагүй зохиол төгөлдөр хууран дээр нь байж байна. Хэрэглэж байсан харандаа, баллуур, шагнал урамшуулал, хувцас хунар, аяга халбага гээд аавыг санагдуулах олон зүйлс эзэнгүй байхыг харах хэцүү юм.

-Таны хувьд хэзээ эх орондоо тоглолт хийх бодолтой байна?

-Аавынхаа өнгөрсөн нэг жилийн өдөрт зориулан дүү бид хоёр ирэх гуравдугаар сард аавынхаа зохиолуудаар дурсамж тоглолт хийхээр төлөвлөж байна. Дүү С.Сансаргэрэлтэх маань аавд зориулан төгөлдөр хуурын концерт бичсэн. Тэр дунд нь “Зулай цагаан Алтай” нэртэй гайхалтай аялгуу бий. Тэр аялгуу хүн бүрт таалагдах байх. Аавын минь зохиолууд их гоё.

Намайг байгаад аав өөрөө төгөлдөр хуур тоглодог, байнга давтдаг байсныг санадаг юм. Тэр хүмүүжил нь биднийг өнөөдрийн зэрэгт хүргэсэн. Бид халуун ам бүлээрээ цуглаж амжихгүй явсаар аавыгаа өвдөх үед бүгд ирсэн. Аав минь л биднийг цуглуулсан даа.

-Сэтгэлд тань үлдсэн хамгийн гайхалтай тоглолтынхоо тухай яриач?

-Украйн, Киев, Нью Йоркд хүртэл олон сайхан тоглолт хийж ирлээ. Москвад суут төгөлдөр хуурч Рихтерын музейд тоглож байснаа хэзээ ч мартдаггүй. Тэр музей нь Оросын алдар цуутай цөөхөн хүрээний тусгай үзэгчтэй, хэр баргийн хүнийг тоглуулдаггүй юм билээ. Би өөрийн тоглолтын бичлэгээ явуулж үзүүлээд тэнцсэн. Рихтерын музейн унтлагын өрөөнд хувцсаа солиод, зурганд нь мөргөсөн. Үнэхээр амжилттай гайхалтай тоглолт болсон. Тоглолт сайхан болоход төгсгөлд нь үзэгчид цэцгээ өгдөг бол надад эхний хэсгээ дуусахад өвөр дүүрэн цэцэг өгсөн. Энэ нь намайг бүр сандруулж, балмагдуулсан. Гэвч төгсгөл хэсэг амжилттай болж, дахин өвөр дүүрэн цэцэгтэй тайзнаас буусан. Тоглолтын дараа музейгээс Рихтерын том зургийг дурсгасан нь намайг хэрхэн үнэлж хүндэтгэсний илэрхийлэл болсон. Сайн тоглогчид том зураг, муу тоглосонднь жижиг зураг өгдөг юм билээ. Тэр зургийг жааз­лаад өрөөндөө өөрийнхөө, аавынхаа, багшийнхаа зургийн хажууд өлгөсөн.

-Аав, дүү тань хөгжмийн зохиолч болохоор таныг бас хөгжим зохиох нууцхан авьяастай болов уу гэж бодож байна?

-Би ухаан ороогүй байхдаа л төгөлдөр хуур тоглож сурсан. Ухаан орохдоо ч тоглодог байсан. Дүү нар гараагүй, би айлын ганц охин, 4-5 настай, хөгжим бүжигт ороогүй байсан үеэ санадаг юм. Аав, ээж бууз чимхээд, би төгөлдөр хуур тоглож байтал аав надад дөрвөн мөр аялгуу өгөөд, дагавар аяыг нь бич, бичихгүй бол хоол идэхгүй шүү гэсэн. Тэгээд өлсөхөөс айсан уу, уйлаад л бичээд байсан. Миний бичсэнийг үзээд аав, ээж хоёр энэ хүүхэд хөгжим зохиохгүй юм байна, харин Монголдоо нэртэй мундаг тоглогч болох байх гэж байсан юм. Долоон настайдаа Хөгжим бүжигт шалгалт өгөхөд намайг төгөлдөр хуур тоглодог гээд аваагүй. Тэгээд С.Гончигсумлаа гуайд очиж шалгуулж, түүний гарын үсэгтэй бичгээр Хөгжим бүжигт орж байлаа. Миний хүүхэд нас төгөлдөр хуурын л ард өнгөрсөн дөө. Аав ээж, Цолмон багш бүгд л намайг Москвагийн Чайковскийн нэрэмжит сургуульд л орох ёстой гэж шаарддаг байж билээ.

-Таны хүү бас зургаан настайдаа Сан Себастяаны фестивалиас Гранпри авч байсан. Тэр тухай дурсаач?

-Миний хүү дөрвөн настайдаа өөрөө төгөлдөр хуур тоглоё гэж гуйсан юм. Тэгээд нэг амархан дуу зааж өгөхөд их хурдан сурч, түүндээ аз жаргалтай байсан. Аав, ээж хоёр нь хоёулаа төгөлдөр хуурч болохоор сонсгол нь бэлэн, авьяас нь өвлөгдсөн байх. Төрсөн цагаасаа л төгөлдөр хуурын аялгуу сонсч, ухаан орсон цагаасаа ээжийгээ дагаж явсан хүн дээ. Аав, ээж Монголд учраас хүүгээ харуулах хүн байхгүй, хаана тоглолттой тэндээ дагуулаад л явдаг байлаа.

Манай гэр байнга дуу хөгжим сонсогдсон айл байсан. Аав маань байнга төгөлдөр хуур тоглоно, тоглоогүй үедээ пянз тавьж гоё аялгуу, дуунууд сонсгодог байсан. Аавын минь нот, пянз цуглуулдаг зан бидэнд ч бий. Би оюутан байхдаа цалингаа буунгуут нот, пянз авчихаад сарын сүүлээр мөнгөгүй болчихдог байлаа.

Хүү маань зургаан нас­тайдаа Сан Себас­тяаны конкурст 11-13 нас­тай хүүхдийн категорит хоёр зохиол тоглож гран­при авсан. Тэр хотын со­нинд гоц авьяастан хүүхэд гэж бичигдэж байсан юм.

-Төгөлдөр хуур дотроо олон төрөл байдаг гэдэг. Та яг ямар төрлөөр нь тоглодог юм бэ?

-Хүмүүс хөгжмийг ялгадаггүй. Төгөлдөр хуурч гэхээр бүх л хөгжим, аялгуу, дууг бүгдийг нь тоглодог гэж боддог. Гэтэл төгөлдөр хуур маш нарийн олон урсгалтай. Миний тоглодог урсгал бол сонгодог классик гоцлон тоглооч юм. Хамгийн хүнд мэргэжил. Хамгийн өндөр түвшинд бэлтгэгдэж, маш нарийн мэдрэмжтэй тог­лох ёстой. Олон зүйлийг золиосолж байж энэ мэргэжлийн эзэн болдог.

Дээд зэргийн чадварыг харуулдаг учир Оросын суут зохиолч Скрябиний зохиолыг төгөлдөр хуурч болгон тоглодоггүй. Би орос багшийнхаа уламжлалыг үргэлжлүүлж тоглодог. Багш маань сая тоглолтон дээр “Саяа чи Скрябинийг 100 хувь тоглож чадлаа” гэж үнэлсэн.

Х.МОНГОЛХАТАН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.