1639 онд Түшээт Хан Гомбодоржийн таван настай хөвүүн Занабазарыг Халхын Өндөр гэгээн, Анхдугаар Богд Живзундамба хутагтаар өргөмжлөж, Ширээ Цагаан нуурт Халхын дөрвөн хан цуглан их ёслол үйлдэн, гэгээний шавь, хамжлага нараас бүрдсэн Хүрээ хийдийг тэнд барьж, байгуулснаар өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын шав тавигдсан түүхтэй гэдэг. Тэр
үеэс хойш өдгөө 370 жил улиран одож, он цагийн эргэлтэнд өгсөж, уруудахын жамыг туулсаар өнөөдөр Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын тоонд багтсан “Их хот” болов. Энэхүү 370 жилийн түүхэндээ хэдэнтээ нүүж, буусны эцэст Богд хан уулын бэлд суурьшсан агаад анх Богд гэгээн болон түүний шавь, албат нарын орд өргөө, сүм, дуган тэргүүтэн голлосон нүүдлийн хэв шинжтэй хотхон байсан “Хүрээ” түүхэн замналыг туулан орчин үеийн өндөр тансаг барилга, байгууламж, зам талбай, цэцэрлэгт гудамж цогцлож, хүн зон бужигнасан их хөлийн хот болжээ.
А.П.Строгонов “Улаанбаатарын байгаль” 1962 он, 70х184 см, тосон будаг, зотон.
Монголын Уран Зургийн Галерей
Зураач А.П.Строгонов Н.Шепетильниковоос арай хожуу 1960-аад оны эхээр Улаанбаатар хотноо ирж, томоохон хэмжээний тосон будгийн судалбар зургууд хийж байснаас дурдвал Улаанбаатар хотыг одоогийн “Зурагт” буюу МҮОНТ-ийн барилгын орчмоос нар шингэхийн үед харан зурсан байх ба Сүхбаатарын талбай, жанжны хөшөө, Гадаад Явдлын Яамын ойр орчмыг зурсан ажлууд нь түүхэн цаг үеийг илтгэнэ. Өнөөдөр битүү гэр хороолол, барилга болсон газар тэр үед нов ногоон зэлүүд тал байсан бол Жанжны талбайг улаан шороогоор цардсан байсныг харж болно.
О.Цэвэгжав “Бөмбөгөр ногоон театр” 1942 он, 19х29 см, тосон будаг, зотон. Монголын Уран Зургийн Галерей
Монгол улсын Төрийн шагналт, Ардын зураач Очирын Цэвэгжав Монголын Урчуудын Эвлэлийг үндэслэгч, ууган гишүүдийн нэгэн бөгөөд 1942 онд Зураг Урлалын Газарт зураачаар ажиллаж байхдаа энэхүү тосон будгийн судалбар зургийг бүтээжээ. Тухайн үедээ “Ардын Цэнгэлдэх Хүрээлэн” гэгдэж байсан бөмбөгөр ногоон театр нь нийслэлчүүдийн соёл урлагийн тоглолт, ший жүжиг үзэж, наадан цэнгэлдэх ганц газар нь (Одоогийн ХИД-1-ийн орчимд байсан Хятад Ший-Янзыг оруулахгүйгээр. О.Д) байсан гэдэг. Хожим нь харамсалтайгаар гал түймэрт өртөж, үгүй болсон энэ театрын суурин дээр өнөөгийн Засгийн газрын ордонг барьж байгуулжээ.
Барилгын дулаалга нь эсгийгээр хийсэн байсан нь үүнд нөлөөлсөн гэдэг бөгөөд “Цогт тайж” Монголын уран сайхны кинонд хэрэглэж байсан баатруудын хуяг дуулга, жүжигчдийн өмсгөл, хувцас, тайзны хэрэглэл сэлт цөм шатаж үгүй болжээ.
П.Балдандорж “Хотын гудамж” 1945 он, 70х100 см, тосон будаг, зотон. Монголын Уран Зургийн Галерей
Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, зураач Пунцагнямын Балдандорж Зураг урлалын газрын анхны долоогийн нэг бөгөөд 1942 онд 15-настай жаал хүү дагалдан зураачаар ажилд орж байв. Энэхүү судалбар зургийг тэрээр өнөөгийн Төрийн ордны баруун хойд уулзвараас Гандан хийдийн зүг харан зурсан агаад тухайн үедээ Дотоод яамны эмнэлэг байсан хоёр давхар цагаан байшин, хойно нь орших дааман хаалга, шургааган хашаа бүхий гэр хороолол, түүнээс алсдаа хятадын өргөн чөлөө гэгддэг гудамжийг дүрслэсэн байдаг. Дотоод яамны эмнэлэгийн байранд өдгөө эмнэлэг болон “Оnline” компьютерийн дэлгүүр, хойно нь орших гэр хорооллын орчимд Байгалийн түүхийн музей оршдог. Та эндээс тухайн цагийн нийслэлийн төв гудамж ямархан байсныг харж болох бөгөөд, шалбаагны ус тогтсон шавар, шавхайт замаар хөлсний хятад морин тэрэгчин, дугуй унасан хүн явж буй зэрэг нь цөм түүхэн цаг үеийг илтгэнэ. Зургийн доод талд зураач “Балдандорж 35 он” хэмээн гарын үсэг, зурсан оныг тэмдэглэн үлдээсэн байдаг. (“35 он” гэсний учрыг нь олноо өргөгдсөний 35 дугаар он буюу 1945 гэж ойлговол зохилтой…О.Д)
Г.Одон “Дөрвөн үе” 1961 он, 115х205 см, тосон будаг, зотон. Монголын Уран Зургийн Галерей
Монгол улсын Төрийн шагналт, Ардын зураач Гэлэгийн Одон энэхүү бүтээлээ 1961 онд туурвисан бөгөөд хэдийгээр судалбар бус зохиомжит зураг боловч нийслэлийн төв талбай, Сүх жанжны хөшөө, Гадаад Хэргийн Яам, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын наагуур алхлан яваа эмэг эх, өвөө, аав, ээж, ач, зээ нар гээд нэгэн гэр бүлийн дөрвөн үеийг харуулан дүрслэжээ. Талбайн хажууд зогсох Оросын “Чайка”, “М-21” тэрэгнүүд, Дуурийн театрын үүдэнд өлгөсөн жанжин Д.Сүхбаатарын хөрөг бүхий том улаан артай зурагт хуудас зэрэг нь мөн л тухайн цаг үе, түүхийг өгүүлнэ.
Б.Гомбосүрэн “Хотын төв” 1951 он, 65х120 см, тосон будаг, зотон. Монголын Уран Зургийн Галерей
Монгол улсын Ардын зураач Балбарын Гомбосүрэн энэхүү судалбар бүтээлээ өнөөгөөс 58-н жилийн тэртээ бүтээжээ. Уг зурагт одоогийн Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатарын талбайн урдах төв зам, Улсын Багшийн Их Сургууль, Гадаад Хэргийн яам зэргийг дүрслэжээ. Намрын эхний цас орсон нэгэн өглөө шарласан навч бүхий бут сөөг, модтой цэцэрлэгийн сараалжин хашааны өмнөх засмал замаар “Төв замын түрэмгий улаан” гэгддэг нийтийн тээврийн автобусууд, “Чайка” суудлын тэрэг сэлүүхэн зорчиж, замын хоёр талаар явган зорчигчид холхих ажээ.
Б.Чогсом “Баярын чимэглэл” 1961 он, 102х130 см, тосон будаг, зотон. Монголын Уран Зургийн Галерей
Монгол улсын Ардын зураач Бадамжавын Чогсомын 1961 онд бүтээсэн уг бүтээлд хуучнаар “Өндөр хоршоо” гэгдэх их дэлгүүр (Өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей байрладаг. О.Д), “Туул” рестораны ойр орчмыг дүрслэн харуулжээ. 11-р сарын 7-ны Октябрийн баярт зориулан өнгө өнгийн тууз, чимэглэл, өнгөт гэрэл, туг дарцагаар байшин барилгуудыг гоён чимэглэж, хүмүүс гоё ганган хувцсаа өмсөн, дэлгүүр хоршоогоор яван хөл болж, замаар анай л оросын “Чайка”, “М-21” тэрэгнүүд суналзан давхилдан их ойн баяртаа бэлдэж буй хотын байдлыг зурсан нь нийслэлийн өнгөрсөн түүхийг өгүүлнэм. Байшингийн дээрх “Ариун цэврийг сахихтун…” гэсэн лоозон бол тэр цагт нийтийг хамран, ид өрнөж асан соёлын довтолгооны гол уриа байсан бөгөөд замын хажуугаар алхах хүмүүсийн дээл, хувцас, алхаа гишгээ аргагүй л тэр цагийнх… Улаан пальтотой жаахан охин хөтөлсөн цэнхэр дээлтэй бүсгүй тухайн цагт урд хөршөөс ирдэг байсан намхан хөлтэй хүүхдийн тэрэг түрэн алхах бол хажууд нь бор шлаф духдуулан, каракулан захтай драфан пальто өмссөн хар хүн бор цаасанд боосон юм сугавчлан явна. Авууштай нь тэр үед дэлгүүр, хоршоод дан цаасан уут, бор цаасаар бараа, бүтээгдэхүүнийг боож, савлан худалдан авагчдад олгодог байсан тул өнөөгийнх шиг гялгар уут зэрэг хог, хаягдал хаа сайгүй хөглөрч, “нисдэггүй” байлаа.
- Жүгдэр “Нийслэл хүрээ” 1912 он, х см, шороон будаг, даавуу. Богд Хааны Ордон Музей
- Манай зураач урчууд Их Хүрээ, Өргөө (Урга), Улаанбаатарын сэдэвт цөөнгүй уран бүтээл туурвиж байсан нь өнөөдөр түүхэн чухал эх сурвалж болж байна. Энд зарим нэгэн онцлох бүтээлүүдийн талаар дурдахад Олноо өргөгдсөний хоёрдугаар он буюу 1912 онд Богд хаант Монгол улсын үед Хүрээний Зоогой аймгийн нэртэй бурхач Жүгдэр “Нийслэл хүрээ” хэмээх бүтээл туурвисан нь өдгөө Богд хааны ордон музейд хадгалагдаж байдаг. Энэхүү бүтээл нь VIII Богд Живзундамба хутагтын лүндэнгээр бүтээгдсэн гэдэг бөгөөд тухайн үеийн Их хүрээний сүм дуган, хүрээ хийд, орд, харш, гэр хороолол, ойр орчмын газар нутаг, уул, ус, ой мод, ард түмний аж, байдал сэлтийг нарийвчлан, үнэн бодитойгоор дүрслэн, Монгол зургийн уламжлалт аргаар нэгэн хавтгайд багтаан зуржээ. Тухайлбал: Гандан хийд, Зүүн хүрээ, Наймаа хот, Дамбадаржаалин, Дашчойнхор, Шадүвлин хийдүүд, Богд хааны Шаравпэлжээлин ордон, Чойжин Ламын Сүм зэргийн байрлалыг тун зөв тогтоон дүрслэсэн байдаг бөгөөд, Зүүн хүрээний тойрог нь одоогийн Их тойруутай тохирч байдаг. Уг бүтээл нь одоогийн Улаанбаатар хотын план зураглал, газар зүйн байршилтай гол усны урсгал, гольдрол, уул толгодын байдлаараа ерөнхийдөө төсөөтэй, хол зөрүүгүй болсон нь ажиглагддаг.
М.Цэмбэлдорж “Шинэ хороолол” 1981 он,15х49 см, тосон будаг, картон. Монголын Уран Зургийн Галерей
Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, зураач Мятавын Цэмбэлдорж энэхүү тосон будгийн судалбарыг 1980-аад оны үед зурсан бөгөөд “Бэлгийн хороолол” гэх ЗХУ-ын буцалтгүй тусламжаар барьсан шинэхэн хорооллыг алсаас харсан байдлаар дүрслэжээ. Гантиг мэт цайран харагдах хорооллын зүүнтээ Гандан хийд, Монгол телевизийн цамхаг, хойгуур нь Чингэлтэй хайрхан хөхрөн униартана.
О.Мягмар “Их хотын бараа” 1976 он, 110х160 см, тосон будаг, зотон. Монголын Уран Зургийн Галерей
Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, зураач Очирын Мягмар уг бүтээлдээ бүтээн байгуулалт өрнөсөн их хотын өвлийн нэгэн өглөөний байдлыг харааны өндөр цэгээс харан зуржээ. Шинэхэн баригдаж буй үйлдвэрт өргөгч цамхаг ажиллаж, өндөр хүчдэлийн шугамын доогуур хуучин гэр хороолол үзэгдэх агаад түүний цаадах замаар автобус, машин цувж, шинээр ашиглалтанд орсон орон сууц, сургууль, цэцэрлэгүүд харагдах бол тэртээ алсад орших цахилгаан станцын өндөр яндангаас утаа суунаглах ажээ.
Т.Ганбат “Хотын төв” 1989 он,110х150 см, тосон будаг, зотон. Монголын Уран Зургийн Галерей
Зураач Т.Ганбат дээрхи бүтээлийг 1989 онд бүтээжээ. Үл мэдэг “Импрессионизм” үнэртсэн өнгө, будаг, гэрэл сүүдрийн өвөрмөц шийдлээр борооны дараахь шөнийн хот, талбайд буусан Соёлын төвийн шинэхэн “асар” гайхамшигтай өнгө, гэрэл цацруулан сүндэрлэнэ. ЗХУ-аас барьж, бэлэглэсэн энэхүү “асар” өдгөө манай урлаг соёлын бүхий л арга хэмжээ, тоглолт, үзэсгэлэн зохион байгуулагддаг ёстой л “Ардын цэнгэлдэх хүрээлэн” болжээ. Энэхүү цахим хуудсыг та бүхний хүртээл болгож буй Монголын Уран Зургийн Галерей 1989 оноос хойш уг “асар”-т байрлан үзэгч олондоо дүрслэх урлагийн гайхамшгийг мэдрүүлсээр байна.
Л.Бумандорж “Дэнжийн мянга” 2002 он, 84х200 см, тосон будаг, зотон. Монголын Уран Зургийн Галерей
Зураач Лхагваагийн Бумандорж сүүлийн жилүүдэд их хот тэр дундаа нийслэлийн гэр хорооллын талаархи дорвитой бүтээлүүд туурвих болсны нэг нь энэхүү “Дэнжийн мянга” бүтээл юм. Хэдэн мянганы тэртээгээс эсгий гэртээ амьдран суусаар ирсэн бидний хувьд өнөөдөр “шүдний өвчин” болоод буй гэр хорооллыг (Агаарын болон хөрсний бохирдол гэх мэт. О.Д) зураач зохиомж, дүрслэл, өнгө, гэрэл, сүүдрийн хувьд шинэлэг арга барилаар туурвисан нь өвөрмөц болжээ.
Ийнхүү манай үе үеийн зураач, уран бүтээлчид төрөлх нийслэл Улаанбаатар хотынхоо үүх, түүх, хөгжил цэцэглэлтийг дүрслэх урлагийн хэлээр түүхэнд мөнхлөн үлдээсээр байна.
Урлаг судлаач О.Доржготов
Н.Шепетильников “Өндөр сүм” 1945 он, 33х44 см, усан будаг цаас. Монголын Уран Зургийн Галерей
Н.Шепетильников “Гандан хийд” 1945 он, 33х44 см, усан будаг цаас. Монголын Уран Зургийн Галерей
1921 оны Ардын хувьсгалаас хойш манай соёл, урлаг шинэ шатанд гарч, хөгжиж эхлэв. 1940-өөд оноос Зөвлөлтийн мэргэжилтэн зураач нар Монголд ирж, уран бүтээл туурвин, манай зураач урчуудыг сурган, мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж байв. Тухайлбал: Зөвлөлтийн мэргэжилтэн Н.Бельский, И.К.Померанцев, Н.Шепетильников, А.П.Стораганов нарын уран бүтээлчид Зураг Урлалын газар, Ардын Цэнгэлдэх хүрээлэн (Бөмбөгөр ногоон театр. О.Д) зэрэг газарт ажиллаж, зураачдыг сургаж байв. Зураач Н.Шепетильников, А.П.Строгонов нар Монголд ажиллаж байхдаа тухайн цагийн Улаанбаатар хотын талаар нилээдгүй этюд, судалбар зургууд хийсэн нь өдгөө УЗГ-н сан хөмрөгт хадгалагдаж байна. Н.Шепетильников 1945 оны үеийн Гандан хийд, Зүүн хүрээ, Дамбадаржаа, Дашчойнхор хийд зэрэг голдуу хүрээ хийд, сүм дуганы талаар усан будгийн цөөнгүй судалбарууд хийж байв. Эдгээр бүтээлүүдэд өдгөө нэгэнт үгүй болсон цөөнгүй сүм хийдүүд, хүрээний хуучин гудамж, хашаа хорооны байр байдлыг дүрслэж, үлдээснээрээ судалгааны ач холбогдолтой болжээ.