Он гарсны дараахан нэгэн танил маань “Урлагаар овоглосон хүмүүс надаас бусад нь бүгд соёлын тэргүүний ажилтан шүү дээ” хэмээн санаашрангуй өгүүлж билээ.Тэрбээр Улсын драмын эрдмийн театрын тайзан дээр залуу халуун насаа өнгөрүүлсэн хүн. Тайз, дэлгэцийн олон ч бүтээлд дүрээ мөнхөлж, ард түмнээсээ өндөр үнэлгээ авсан сайн жүжигчин. Тиймээс ч олон хүн түүнийг “гавьяат” гэж боддог юм билээ. Тэтгэвэртээ гарах цаг ирэхэд түүнд дурсгалын хэдэн зураг, алтан тайзнаа өргөсөн залуу сайхан насных нь талаарх гэрэлт дурсамжаас өөр зүйл үлдсэнгүй. Тэгсэн атлаа “Ямар шагнал авах гэж урлагийн замыг сонгосон биш дээ” хэмээн өөрийгөө тайвшируулж суух аж.
Гэтэл хамгийн сүүлд л гэхэд “Шоо” хэмээн өөрийгөө овоглож, “В продакшн”-аас уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулга соёлын тэргүүний ажилтан хэмээх цолоор энгэрээ мялаалгасан. Хип хопоор хэдэн жил үглэж, бие даасан тоглолтоо хийн, цомгоо гаргасан ч түүний зүсийг нь ч мэдэхгүй хүн олон.
Мөн “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки “Валентины захидал”, “Худалч хүү”, “Бодлын хулгайч” зэрэг киноны хөгжмийг зохиож, Улаанбаатар кино наадамд нэр дэвшсэнийхээ төлөө дээрх шагналыг гардсан. Тэрбээр соёлын тэргүүний ажилтан болсныхоо дараахан “Энэхүү эрхэм хүндтэй шагналыг авснаараа цаашид илүү их зүйлийг хийх ёстой юм байна гэж хамгийн түрүүнд бодогдсон. Тиймээс цаашид илүү том зүйл бүтээх бодолтой байна” хэмээн “томорсон” байна лээ.
Хайрын тухай уянгалаг дуунуудаар хип хоп ертөнцөд арай л зөөлөн өнгө аясыг оруулж ирсэн “Outlaw” хамтлагийнхан ч мөн таван жилийнхээ ойгоор соёлын тэргүүний ажилтан болцгоов. Гэвч Оки, А.Гантулга хоёрыг бодвол тэднийг залуус аль хэдийнэ таних болсон билээ.
Илүүдэл жингээ овжин ашиглаж, өөрсдийгөө “Гурван бүдүүн” хэмээн өхөөрдөж, “1000 кг” нэртэй цомог гарган, олны танил болсон гурван залуу ч мөн энэхүү цолыг аль хэдийнэ хүртсэн. Гэтэл тэднээс нэлээд хэдэн жилийн өмнө урлагт хөл тавьж, ард түмэндээ инээд бэлэглэсээр нэр нь биш ч зүс нь олны танил болсон “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн, Б.Отгонтуяа нар тэднээс хоёр сарын дараа СТА болсон.
Яруу найрагч Н.Энхбаатар хэмээх залуу “Айргаар цэнгэгчийн орон” нэртэй цомог гаргаж, хоёр тоглолт хийснийхээ төлөө, жүжигчин Х.Манлайбаатар, Ө.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганбаяр, Б.Батзаяа нар хошин шогоос кино урлаг, шоу нэвтрүүлэг зэрэг олон салбар руу урваж хөрвөн байж арав хүрэхгүй жилийн хугацаанд СТА хэмээгдэн цоллуулах болсон. Түүнчлэн ардын дууч Д.Бурмаа, морины дуугаар занималдах А.Мөнхбат, жааз дуучин гэгддэг Б.Хулан нарын энгэрт ч энэ тэмдэг гялалзаж буй.
Хачирхалтай нь, хар тамхи, архи дарс дуулсаар байгаад сүүлдээ мансууруулах бодистой холбоотой хэргээр ял эдэлсэн “Ice top” хамтлагийн Манлай, Ice Cool буюу Очироо, Коби буюу Боогий, Татар буюу Бат-Оргил нарыг “наранд гараад” удаагүй байхад яаран сандран СТА цолоор шагнаатахсан.
Урлагаар овоглон, олны бус ч цөөн хэдэн хүний танил болж, болсон, болоогүй уран бүтээл хийж яваа хэд нь ч одоо “дүүрч” гэж бодъё. Гэтэл өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, З.Алтай, С.Ламбаа, А.Тлейхан, Д.Дондог, Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг нар СТА цолоор энгэрээ мялааж, “цементэн дээр цэцэг ургуулав”. Тэднийг Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулж, УИХ-аар батлуулан, соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд их хувь нэмэр оруулсныг нь ийнхүү үнэлсэн юм гэнэ лээ, хөөрхий.
Ингээд бодохоор, урлаг соёлын талаар чиглэлээр бичдэг сэтгүүлчид ч бас хамтарч байгаад ямар нэгэн баримт бичиг боловсруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр улиг болтол ярьж, 76-гийнхаа “чихэнд нь хонх зүүж” байгаад батлуулчихаж болох мэт санагдана. Тэгвэл өнөөх хип хоп бацаан, гадны дуучдын аялгууг хулгайлж, хэдэн клип хийлгээд, аав, ээжийнхээ мөнгөөр тоглолт хийгээд л СТА болчихдог “одонцрууд”-тай эн зэрэгцээд ирэх бус уу. Даанч Соёл урлагийн их сургуулийн үүдээр алхмагцаа л “Би бол том уран бүтээлч” хэмээн сэтгэж, цээжээ дэлдэх хүн бүрийн энгэр дамжсаар сүүлдээ бүр үнэгүйдэж, өнгөө алдан гялалзахаа больсон СТА гэх тэмдэг бидэнд хэрэггүй.
Урлагийн төлөө нойр хоол, ар гэрээ умартан олон арван жил зүтгэснийхээ хариуд энгэр дээрээ гялайх тэмдэгтэй болдог байсан үе зүүд мэт санагдах болжээ. Цомог гаргаж, тоглолт хийсэн л бол хүн дууг нь сонсож, тоглолтыг нь үзсэн, үзээгүй хамаагүй СТА болчихдог болохоор залуу уран бүтээлчид ч бүтээлийнхээ чанар чансаанд анхаарал хандуулахаа болив. Тэдний хувьд хурдхан арван хэдэн дуу гаргаж, тоглолт хийх нь л хамгаас чухал. Үүнийхээ хариуд СТА тэмдгээ энгэртээ зүүчихвэл урлагт хөл тавьсных нь хэрэг бараг бүтчих нь тэр. Овоо дориун хөдөлмөрлөж, хоёр сая гаруй хүний тал нь түүнийг зүс таньдаг болчихвол Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг том цол хүртэнэ. За тэгээд л башийгаад явчих нь тэр дээ.
Төрийн тэргүүн, эрхэм түшээд ч баяр ёслол, тэмдэглэлт ой бүрээр үнэгүйдсэн тэмдэг тарааж, хүчгүйдсэн урлагаа хэрхэн дэмжиж байгаагаа харуулна. Зүтгэж байгаа “одод”, үнэлж байгаа төр хоёр зохицож байгаа гэж ванлий, ванлий.
Эх сурвалж: Tsag.mn