Доктор, профессор, түүхч А.Очир “Ану хатны шарил Улаанбаатараас холгүй хуучин Партизаны сангийн аж ахуйн орчимд буюу одоогийн Жаргалант тосгоны орчим газарт байх магадлалтай” гэж хэлсэн байна. Аль социализмын үед ахмад настай хүмүүс нэрт түүхчид энэ тухай хэлж яриад зогсохгүй, Ану хатны шарил байгаа гэх газрыг зааж өгч байжээ. Манжийн эрхшээлийн эсрэг олон жил тэмцэж, монгол туургатан дотроос тусгаар байдлаа хамгийн олон жил хадгалсан Зүүнгарын хаант улсын төрийн хатан Ану нь 1697 оны их тулаанд амь үрэгдсэн билээ. Одоогийн Улаанбаатар хотоос зүүн тийшээ Тэрэлжийн Зуунмод хэмээх газарт Манжийн хаан Энх-Амгалангийн удирдсан 200 мянган хүнтэй гурван замын цэргийн эсрэг ойрадууд гучин мянгуулаа хатгалдан, тэнцвэргүй тулаан хийсэн юм. Ану хатан шадар цэргээ тэргүүлэн манжийн бүслэлтийг сэт цохисноор Галдан Бошигт хааныг олзлогдохоос мултлаад өөрөө бууны суманд өртөн амиа алджээ. Түүх сурвалжид Ану хатны шарилыг тээн Галдан Ховдын зүг баруун тийш гарсан гэж нэг янз тэмдэглэдэг. Хатан нь шархаа даалгүй замдаа нас эцэслэсэн гэсэн мэдээ сэлт ч байдаг юм. Хатант хэмээх үг сунжирсаар эдүгээ Архангай аймгийн Хотонт сумын нутагт Анугийн шарил буй газар гэх санал байдаг хэдий ч Галдан Бошигт хааны шадар баатар Данжила албат иргэдтэйгээ хожиж төвхөснөөс үүдэлтэй юм байна. Манжийн хаадын түүхэн баримтуудад Ойрадын Анугаас гэсэн захидал бичиг олдсон нь саявтархан монгол хэлээр хэвлэгдсэн бөгөөд энэхүү хатан төрийн үйл хэрэгт мэргэн хүн байсныг нотолно. Ану нь Дөрвөн Ойрадын голлох аймгийн нэг хошуудын Очирт сэцэн ханы охин юм. Хошууд нь хошуучлан тэргүүлэгч гэсэн утгаас үүдэлтэй, угсаатай, Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын удам, ойрадын дунд орсон аймаг ажээ. Хань нөхөр, Халх нутгийн газар шорооны төлөө алтан амиа өргөсөн хатан зоригийн домог, дууль монголчуудын дунд үеэс үед тасраагүй нь энэ цагт Ану нэртэй охид маш олон байдгаас илэрхий байна. Дэлхийд түгсэн Жанна Д Аркийн түүхээс түгээн дэлгэрүүлж чадвал илүү гарна уу гэхээс огтхон ч үл дутах хатан байжээ. Галдан Бошгот хаан алдаа оноотойгоо, хүчирхэгжин мандаж асан Манжийг олон жилээр тогтоон барьж, ялж ялагдаж явсан, Дундад Азийн олон хот балгадыг эрхшээсэн Зүүнгар улсын хаан билээ. Халуун ам бүл дотроо, Халх, Ойрад гэх зэргээр хагаралдан зөрчилдвөөс харийн идэш хоол болж асан түүхийн сануулга маш их бий билээ. Тэрэлжийн Зуунмодны тулаанд Галдан дарагдсан ч түүнээс хойш төрсөн ахынх нь хүү буюу ач дүү Цэвээнравдан, түүний хүү Галданцэрэн нар Зүүнгарын хаант улсыг залгамжлан авч, монгол туургатны тусгаар байдлыг 60 шахам жил сахин хамгаалж чадсан юм. Түүхийг хойч үе нь шүүхгүй, өөрчлөхгүй боловч алдарсан амь, татсан нум, тавьсан сум бүхэн өнөөгийн бидний монголоор ярьж, монголоор бичиж, Монголоороо үлдсэний төлөөх өртөг төлбөр, өр төлөөс билээ. Өчигдрийн түүхээ мэднэ гэдэг бол өнөөдөр оршихуйн нэг үндэс учраас том том ботиос илүү өргөн олон түмэн, хүүхэд залууст хүргэхийн тулд хувь хүмүүс нэгдэн нийлж, санаачлан зүтгэсээр “Ану хатан” кино бүтээсэн 1 дүгээр сарын 18-нд дэлгэцнээ гарах гэж байна. Кино группийнхэн Ану хатны шарилыг олж тогтоох ажлыг орхихгүй, түүхчидтэй хамтран төр засагт хандахаар зэхэж байгаа аж. Түүний зэрэгцээ тулаан болсон, Тэрэлжийн Зуунмод нь түүхт газар, дээдсийн ариун шарил оршсон нутаг хэдий ч өнөөдөр замын хажууд торойн үлдэх элсэнд дарагдаж мод нь цөөрсөн, барилгын түүхий эдийн каръер болоод байгаатай ч тэмцэхээр шийджээ.
mass.mn