Монголын уран зургийн галерейн захирал, МУЭ-ийн шагналт А.Чадраабал хоёр найзынхаа хамтаар энэ жилийн анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаад байхад нь уулзаж уран бүтээлийн талаар болон энэ онд уран зургийн галерей ямар ажил хийх гэж байгаа талаар хөөрөлдлөө.
Зураач А.Чадраабал нь Монголын дүрслэх урлагт өөрийн гэсэн дүр төрх, арга барилтай бөгөөд тус үзэсгэлэнгээрээ монголчуудын түүх соёл, бичиг үсэг, дорнын гүн ухаан, байгаль дэлхий, ан амьтны дүр дүрслэлийг орчин үеийн урлагийн арга барилаар илэрхийлсэн байна.
-Шинэ оны анхны уран бүтээлээ үзэсгэлэнгээр эхэлжээ. Үзэсгэлэнгийнхээ талаар ярилцлагаа эхэлье.
-Тийм ээ. Энэ жилийн урчуудын эвлэлийн хамгийн анхны уран зургийн үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн шагналт дүрслэх урлагийн багш Д.Батмөнх, О.Энхтайван, урчуудын эвлэлийн шагналт А.Очирболд болон миний бие нийлээд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байна. Өнгөрсөн есөн сард бид хамтарч уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ бол хоёр дахь уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн болж байгаа юм. Монголчуудын түүх соёл, бичиг үсэг, дорнын гүн ухаан, байгаль дэлхий, ан амьтны дүр дүрслэлийг орчин үеийн арга барилтай хослуулснаараа онцлог гэж тодотгож болно.
-Шинэ он гараад удаагүй байна. Өнгөрсөн оны уран бүтээлийн олз омог хэр байв?
-2012 он нэлээн сайхан жил болж өнгөрлөө. 2013 оныхоо салхийг ч сайхан гаргаж байна. Ер нь бол уран бүтээлийн олз омог их байлаа шүү.
-Хэзээнээс эхэлж уран бүтээл туурвиж эхлэв?
-Би багадаа баримал их барьдаг байсан. Цэвэр уран бүтээлийн гараагаа 2001 оноос эхэлсэн. 12 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна даа.
-Та ямар чиглэлээр уран бүтээлээ хийдэг вэ?
-Миний уран бүтээлд ер нь эцэг мал ноёрхдог. Өмнө нь би дандаа морь зурдаг байсан. Дараа нь би бухын чиглэлээр зурдаг болсон. Сүүлийн жилүүдэд буюу 2012 оноос эхлээд буур, тэмээний чиглэлээр уран бүтээл туурвидаг болсон. Ер нь уран зураг тэр тусмаа тосон будгийн уран зураг, уран баримал, бэхэн зураг гэсэн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Ерөнхийдөө орчин үеийн модерн чиглэлээр уран бүтээлээ хийдэг. Гэхдээ ерөнхий бодит дүрслэл нь тухайн амьтныхаа зан чанарыг барина. Дээр нь тухайн уран бүтээлийн хэтрүүлэг буюу урлагийн хэллэг оруулж байгаа юм. Үүгээрээ л онцлог юм даа.
-Та эцэг малаар дагнаж уран бүтээлээ хийх нь олонтаа байдаг. Яагаад энэ чиглэлийг бариад авчихав аа?
-Ямар сэдвээр бүтээлээ хийх нь тухайн уран бүтээлчийн дотоод сэтгэлийн илэрхийлэл юм даа. Эцэг мал нь нэлээн сүр хүч чадлын илэрхийлэл. Дайчин эрэмгий мэдрэмжийг төрүүлдэг гэх үү дээ.
-Аавыг тань МУЭ-ийн шагналт зураач Н.Адъяабазар гэдгийг мэднэ. Зураач болоход аавын тань нөлөө их байсан байх?
-Мэдээж хэрэг аавын минь нөлөө их байлгүй яах вэ. Аав минь надад урлаг ямар гоё байдаг, урлагийн үнэ цэнэ сайхныг мэдрүүлж өгсөн юм. Тэгээд л аавыгаа дуурайж зураач болсон доо.
-Гадаадын улс орнуудад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв уу?
-Би гадаадын улс орнуудад 13 удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Олон улсын арваад үзэсгэлэнд оролцсон. Харин гадаадад 30 гаруй хамтарсан үзэсгэлэнгээ гаргажээ.
-Дүрслэх урлаг төдийгүй, урлагийн бүхий л төрөлд дорнын уламжлал хүчтэй нөлөөлж байгаа гэж ярих боллоо. Энэ хэр үнэний хувьтай гэж бодож байна вэ?
-Урлагийн бусад төрлийн талаар би сайн мэдэхгүй. Харин дэлхийн нэр хүнд бүхий судлаачид дүрслэх урлагийн талаар өөрсдийн байр суурь, дүгнэлтийг гаргасан нь бий. Түүнд “Европын дүрслэх урлаг дээд шатандаа хүртэл хөгжчихөөд, одоо зогсонги байдалд орчихоод байна. Харин дорнын урлаг үсрэнгүй хөгжиж байна” гэсэн байдаг. Тиймээс Азийн уран бүтээлчид салбартаа тэргүүлэх болсон гэж ойлгож болно.
-Өнгөрсөн жил таны нэг бүтээлийг гадаадын хүн өндөр үнээр авсан гэж шуугиж байсан. Анхны тэрбумтан зураач төрлөө гэцгээж байсан?
-Би үүнийг анхандаа мэдээгүй байсан л даа. Тэгсэн тийм шуугиан гарсан. 2010 онд нэг гадаадын иргэн миний нэг зургийг худалдаж авч, өөрийнхөө цуглуулганд оруулж байсан юм. Тэгээд тэр хүн цуглуулганаасаа нэлээн хэдэн зургийг өндөр үнээр цааш нь зарсан юм билээ. Тэр зургууд дунд нь миний зураг байсан юм байна лээ. Түүнээс биш ганцхан миний зургийг өндөр үнэтэй авсан юм биш. Энэ бол ташаа мэдээлэл байсан.
-Гадныхан уран зураг, барималын үнэ цэнийг их ойлгодог. Харин манай монголчуудын хувьд хэр үнэлж, ойлгож байна вэ?
-Манай Монголын үзэгчид их болсон. Өнөөгийн нийгэмд хүмүүс маань урлагийн үнэ цэнийг сайн ойлгодог болжээ. Тэр тусмаа дүрслэх урлагийг сонирхогчид, дэмжигчид их болсон байна. Тиймээс бид илүү сайн бүтээлийг төрүүлэх, бүтээх хэрэгтэй болжээ. Олон хүний нүдийг баясгаж, сэтгэлийг баярлуулж явах хэрэгтэй. Уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байхад их хүн үзэж байна. Тэр хүрээгээр ч худалдан авалт нь нэмэгдсэн гэж болно.
-Та залуу хүн. Гэхдээ уран зургийн салбарт нэлээд олон жил болсон болохоор шавь нартай байх. Хэчнээн шавьтай вэ?
-Би өмнө нь УБИС-д багшилж байсан. Тэр үед хоёр анги төгсгөсөн. Тэдгээр дотроос одоог хүртэл хоёр шавь маань уран бүтээлээ туурвиж, зөвлөгөө авсаар явна. Мөн урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдэл гэж байдаг. Би тэр нэгдлийн тэргүүнээр ажиллаж байсан. Тиймээс ажлынхаа хүрээнд залуу уран бүтээлчдийг дэмжиж, гадаад дотоодын үзэсгэлэнд бүтээлийг нь оролцуулах, бүтээлийн үзэсгэлэнг нь гаргах, залуу уран бүтээлчдийн бүтээлийг бусдад сурталчлах зэргээр ажиллаж байсан. Одоо бол харин цэвэр өөрийнхөө уран бүтээлийг хийж байна. Улсын ажил хийж байна даа.
-Ааваасаа өвөлсөн зураач хүн. Хүүхдүүдээ өөрийнхөө мэргэжилд хэр уруу татаж байна даа. Хүүхдүүд чинь уран зураг, уран барималыг хэр сонирхож байна?
-Авьяас өвлөгддөг гэдэг. Том охин зурагт их сонирхолтой, зураг ч сайн зураад байгаа шүү. Өөрөө ч зураач болно гэж ярьдаг. Бага охин бол одоохондоо жаахан байна. Ид тоглоод л бужигнаж байна.
-Өөрөө зураг зурах, баримал барих зэрэг уран бүтээлээ туурвихаас гадна төрийн ажил хашиж байгаа. Мөн ажлынхаа хажуугаар нэлээн олон сонгуульт ажилтай байдаг гэсэн?
-Нутгийнхаа залуучуудын холбооны удирдах зөвлөлд 2009 оноос хойш орж ажиллаж байна. Мөн Азийн уран бүтээлчдийн холбооны Монгол дахь зөвлөлийн дарга, Азийн урлагийн музейн захирлуудын холбооны жинхэнэ гишүүн, Урчуудын эвлэлийн хорооны удирдах зөвлөлийн хорооны гишүүн гэсэн сонгуульт ажлуудыг хийж байна.
-Хэчнээн уран бүтээлтэй болоод байна вэ?
-Саяхан оны өмнө нийт бүтээлээ тоолж үзсэн л дээ. Миний тооцоолж бодсоноор 500 гаруй болчихсон. Бас мэдэхгүй, санахгүй бүтээлүүд их байгаа байх. Яг ерөнхий тоо гаргаж мэдэхгүй байна.
-Хамгийн хайртай бүтээлээ нэрлэвэл?
-Бүтээл болгондоо л хайртай. Бүтээл болгон маань л миний ойлгож ухаарсан, мэдэрсэн, судалсан бүтээлүүд. Бүгд л миний авьяас чадварыг сорьсон, бүгдэд нь л сэтгэл зүрхээ шингээсэн болохоор хайртай байдаг юм.
-Таныг уран зургийн галерейн захирал гэдгийг хүмүүс мэднэ. Уран зургийн галерей энэ онд ямар ажил хийхээр зорилт тавьж ажиллаж байна вэ?
-Энэ жил олон ажил төлөвлөж байгаа. Тухайлбал, энэ жил улс аймгийн сан хөмрөгийн тооллого явагдаж байна. Мөн Монгол болон гадаадад хоёр, гурван том үзэсгэлэн зохион байгуулна. Энэ ажлууддаа л хамгийн түрүүнд анхааран ажиллаж байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Г.Хишиг