Оюутан байхаасаа эхлээд л олон олон амжилтыг дагуулсан нэгэн загвар зохион бүтээгч залууг уншигчиддаа танилцуулъя. Түүнийг Хаймчигийн Батзаяа гэдэг. Тэрбээр дөнгөж саяхан зохион байгуулагдсан “Гоёл-2013” наадмаас үндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгчийн шагналыг хүртээд буй.
Юуны өмнө загвар өмсөгч, загвар зохион бүтээгчдийн хүсэн хүлээдэг “Гоёл-2013” наадмын үндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарсанд баяр хүргэе.
Баярлалаа.
Өөрийг чинь оюутан байхдаа олон уралдаанд амжилттай оролцож байсан гэж сонссон. Ямар уралдаанд оролцож байв?
Миний бие өмнө нь 2009 онд “Хаврын гоёл-дизайн сургалт” наадамд авангард стилиэр, 2010 онд мөн наадмаас “Алтан ураг” загвараар Гран-при шагнал хүртсэн. 2012 онд “Сити” дээд сургуулийн “Graduation show” хэмээх төгсөлтийн шоугаас “Шилдэг коллекц” шагналуудыг авч байсан юм. Загварын уралдаанаас гадна 2010 онд МОХ-ны манлайлагч оюутан алтан медаль, 2010-2012 онуудад сургуулийнхаа “Шилдэг оюутан”, МЗХ-ны тэргүүний залуу алтан медаль гэсэн шагналын эзэн болсон. Энэ утгаараа би их идэвхтэй оюутан байжээ, одоо бодоход. (инээв)
Олон улсын уралдаанд оролцож байсан гээгүй бил үү. Энэ талаараа сонирхуулаач?
Тиймээ, оролцож байсан. 2011 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан Монгол туургатны хувцас загварын “Торгоны зам” уралдаанд “Элсний хээ” загвараар оролцож Гран-при шагнал хүртсэн. Мөн 2012 онд Москва хотод болсон олон улсын үндэсний загварын “Этно-Эрато” уралдаанаас “Элсний хээ” загвараар Гран-при буюу Алтан зүү шагналын эзэн болсон.
Олон улсын наадамд анхлан шагнал хүртсэн “Элсний хээ” загварынхаа талаар сонирхуулна уу. Бусад загвараас юугаараа онцлогтой вэ?
Үндэсний хувцасны бүхий л онцлогийг шингээсэн загвар байгаа юм. Ер нь нэг загварт олон хүний хүч хөдөлмөр шингэдэг юм. Миний бие энэ загварын зураг төслийг гаргасан. Үүний цаана эсгүүрчин, оёдолчин гээд олон хүн байгаа шүү дээ. Энэ олон хүний хүч хөдөлмөр шингэж байж сая нэг загвар бий болдог юм. Би энэ элсний хээ загвартаа хайртай. Яагаад гэвэл намайг олонд таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан.
Ингэхэд яагаад загвар зохион бүтээгчийн мэргэжлийг сонгосон юм бэ?
Би Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. Арван жилийн сурагч байхаасаа эхлээд л зураг их зурдаг байсан. Түүгээр ч зогсохгүй өмсч байгаа хувцсаа төрөл бүрээр өөрчлөөд өмсчихдөг байлаа. Тухайлбал, жинсэн өмд, цамцан дээр ахуйн шингэн угаагч бодис асгаж янз бүрийн дүрс гаргаж өөрчлөн өмсдөг байв. Магадгүй энэ бүхэн маань намайг загвар зохион бүтээгч гэсэн мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх.
Удахгүй хаврын улирал айлчлан ирнэ. Тиймээс энэ хаврын загварын чиг хандлагын талаар асуухгүй өнгөрч боломгүй нь?
Дэлхий нийтийн загварын чиг хандлагыг анзаарахад хавар, намрын улиралд тод өнгийн хувцас давамгайлах нь. Ялангуяа хүмүүс хаврын улиралд байгалийн уур амьсгалыг шингээсэн хувцас сонгож өмсвөл зохимжтой.
Ингэхэд хүн загвар хөөж хувцаслах ёстой юм уу. Эсвэл өөрт зохисон хувцсаа өмсөх хэрэгтэй юу. Энэ талаар мэргэжилтэн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
Зориг гаргаж өөрийгөө өөрчлөн хувцаслаж байгаа нь сайхан хэрэг л дээ. Гэхдээ загварын чиг хандлагаас хоцрохгүй гээд хэтэрхий стиль хөөх нь бас утгагүй. Ийм үзэгдэл их ажиглагдаад байдаг юм. Хүн ер нь нас болоод биеийн онцлогтоо тохирсон хувцсаа өмсвөл л сайхан харагддаг. Зохиогүй хувцас бол хүний юм өмссөн юм шиг нэг л эвгүй харагдаад байдаг л даа.
Хүнд зохихгүй өнгө гэж байх уу. Ер нь ямар өнгөөс татгалзаж байх ёстой юм бэ?
Ямар ч өнгийн хувцастай нийцэж зохидоггүй нэг өнгө бий, миний бодлоор шүү дээ. Энгийнээр тайлбарлавал тодруулагч шиг шар өнгийн хувцас тийм ч сайхан биш ээ.
Тэгвэл эмэгтэй хүн ямар өнгийн хувцас өмсвөл сайхан харагдах вэ?
Хавар намрын аль ч улиралд эмэгтэй хүн бор шаргал өнгийн хувцас өмсвөл зохимжтой харагдана. Ер нь бор шаргал өнгийн хувцас бүсгүйчүүдийг сайхан харагдуулдаг юм.
Хамтлаг, дуучдаас хамтран ажиллах санал ирдэг үү?
2011 онд зууны манлай дуучин Сарантуяа эгчийн “Аргагүй монгол аялгуу” тоглолтынх нь хувцас дээр хамтран ажиллаж байлаа. Одоо ч гэсэн “Алтайн оргил” хамтлагийн хувцасны загварыг гаргаад л сууж байна даа.
Ингэхэд өөрөө рок стилийн уран бүтээл сонирхдог юм уу?
Яаж байна.
Өмссөн хувцсыг чинь хараад тэгж санагдлаа.
Рок хөгжим сонсдог. Тэр дундаа орчин үед язгуур урлагийг рок урсгалтай холбон бүтээлээ хийж байгаа бүх хамтлаг, дуучдын дууг шимтэн сонсдог. “Алтан ураг”, “Алтайн оргил”, “Жонон” зэрэг хамтлагийн дуунд дуртай.
Загвар зохион бүтээгчдээс хэнийг хүндлэн дууриадаг вэ?
Миний бие “Сити” дээд сургуулийн захирал А.Байгалмаа болон загварын ертөнцийн А үсгийг заасан Отгонзаяа, Энх-Оч багш нартаа баярлаж явдаг. Манай сургуулийн захирал А. Байгалмаа намайг их дэмждэг байсан. Янз бүрийн уралдаанд оролцоход материал авахаас эхлээд зардал их гардаг. Тэр бүхнийг ойлгон дэмждэг байсан юм. Энэ хүн, энэ сургуулийн багш нарын дэмжлэгээр би өдий зэрэгтэй явж байгаа юм шүү дээ. Тэгээд ч манай “Сити” дээд сургуулийн төгсөгчид сайн явдаг. Энэ нь мөн л энэ сургуулийн сургалт сайн гэдгийг илтгэх биз. Мөн би 2011 оноос “Шилмэл загвар” ХХК-д загвар зохион бүтээгчээр ажиллаж байна. Үүнийгээ мөн л нэр төрийн хэрэг гэж хүлээж авдаг даа.
Цаашдын зорилго юу вэ?
Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн загвар зохион бүтээгч болохыг хүсдэг. Энэчлэн зорилгоо дор бүр нь тодорхойлоод урагшилна гэж бодож байна. /инээв/
Ярилцсан Д.Яруу
Эх сурвалж: “ТВ7 хоног” сэтгүүл