Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Бен Аффлек: “Ялагдана гэдэг дургүй хүрмээр ч ялна гэдэг илүү аймаар юм”
Уртын дуу

Бен Аффлек: “Ялагдана гэдэг дургүй хүрмээр ч ялна гэдэг илүү аймаар юм”

Урлаг Урлаг28/01/2013Сэтгэгдэл байхгүй7 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ben_aplek776412553552013-01-28-09-56[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

“Армагедон”, “Сувдан эрэг” зэрэг киноны дүрээрээ нэрд гарч байсан Холливудын алдарт жүжигчин Бен Аффлек өөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Арго” киногоороо энэ жилийн Алтан бөмбөрцгийн хоёр гол шагналын эзэн болсон билээ. Түүний “NPR” радиод өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

 

-Миний бие Терри Гросс, Холливудын алдарт жүжигчин, бас найруулагч, кино зохиолч Бен Аффлекийг студидээ уриад байна. Тэрээр өөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Арго” киногоороо энэ жил хоёр ч Алтан бөмбөрцөгийн эзэн болсон билээ. Гол шагналууд болох шилдэг найруулагч, драмын төрлийн шилдэг киноны төрөлд тэр ялсан. Мөн Оскарт нэр дэвшсэн. 1979 оны арваннэгдүгээр сард иранууд Тегеран дахь АНУ-ын Элчин сайдын яам руу халдаж, дипломат ажилтнуудыг нь барьцаалснаар уг киноны үйл явдал эхэлнэ. Киног үнэн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд тухайн үед Америкийн зургаан дипломатч барьцаанаас зугтааж, Канадын Элчин сайдын тусламжтайгаар нуугдаж амь гарч байжээ. Аффлек энэ кинонд дипломатчдыг Иранаас зугтаалгаж, эх орондоо аюулгүй авчрах үүрэг хүлээсэн CIA-ийн тусгай ажилтан Тони Мендезийн дүрийг бүтээдэг. Киноны төгсгөлд тухайн үед Ерөнхийлөгч байсан Жимми Картер энэ ажиллагааг 1997 он буюу Ерөнхийлөгч Клинтоны үе хүртэл нууцалж байсныг тайлбарладаг. Тэгэхээр тэр болтол “CIA”-ээс гадуур хэн ч энэ түүхийг мэддэггүй байсан гэсэн үг.

-Тийм шүү.

 

-Экс Ерөнхийлөгч эцэст нь бид барьцааны бүх хүнийг эх орондоо аюулгүй авчирсан гэж хэлсэн. Гэтэл тухайн үед тэрээр Иранд үүссэн хямрал, барьцаалагдсан хүмүүсийн асуудал дээр дорвитой алхам хийгээгүй хэмээн шүүмжлүүлж, нэр хүндээ алдаж, дараагийн сонгуульд ялагдах шалтгаан нь энэ болсон шүү дээ. Үнэн хэрэг дээрээ тэр үүргээ гүйцэтгэсэн байсан. Барьцааныхныг гэрт нь аюулгүй авчирсан, биднийг дайн тулаанаас хамгаалсан байдаг. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Бид энэ талаар хэтэрхий хожимдож мэдсэн нь тоогүй. “CIA” л гэхэд кино компанийн “дүрээр” тэнд очоод, хэнд ч мэдэгдэлгүй тусгай ажиллагаа явуулсан байгаа юм. Энэ бол үнэн бодит түүх. Ерөнхийлөгч Картер үүнийг чимээгүй хийснээр, нууцалснаар ч сонгуульд ялагдаж магадгүйг таамаглаж байсан гэсэн. Гэхдээ л улс орныхоо тусын тулд гаргасан шийдвэр байсан юм билээ. Түүний Рональд Рейганд ялагдсан гол шалтгаан нь Ираны асуудал байсан гэдэг.

 

-Энэ бол таны найруулсан гурав дахь кино. Өмнө нь “Тосгон”, анхных нь “Хагацъя даа, үр минь, хагацъя” кино байсан. Анхны кинонд чинь би маш их дуртай. Танай дүү Кейси Аффлек тоглосон байдаг. 

-Баярлалаа.

 

-Жүжигчин хүн анх удаа найруулагчаар ажиллахад ямар байсан бэ?

-Их аймаар байсан. Чадах эсэхээ ч сайн мэдэхгүй байлаа. Гэхдээ энэ ажлыг марафон гүйлттэй зүйрлэж, 15 км яваад ч юм уу, дунд нь уначихаж болохгүй гэж өөртөө сануулж байсан. Ер нь одоо ч гэсэн их халгаж сүрддэг. Гэвч би хэзээнээс найруулагч болохыг хүсдэг байсан болохоор өмнө нь богино хэмжээний бүтээлүүдийг найруулж, өөрийгөө бэлтгэж байсан гэх үү дээ.

 

-Хүмүүст заавар, зөвлөгөө, тушаал өгөөд найруулагчаар ажиллана гэдэг нэг хэрэг. Харин өөрөө гол дүрд тоглож байгаа үед өөрийгөө хэрхэн чиглүүлж, “найруулдаг” вэ?

-Асуудал их гарна аа. Нэг тийм удирдах төхөөрөмж байдаг юм. Түүний тусламжтайгаар алдаагаа засаад өөрийгөө чиглүүлээд явдаг. Гэхдээ өөрийнхөө дууг олон удаа, өдөржин сонсох ямар үзэн ядмаар гээч. Үүнийг давах л хэрэгтэй болдог. Өөрийнхөө тоглолтыг найруулахын тулд олон дахин зураг авалт хийж, ажиллах шаардлага гардаг.

 

-Та жүжигчний карьераа найман настай жаахан хүү байхаасаа эхэлсэн байх аа?

-Тийм ээ. Тэгсэн.

 

-Тухайн үед ямаршуухан санагдаж байсан бэ. Тэр үед сурсан ч одоо хэр хэрэг болдог дадал чадвар гэж бий юү?


-Багаасаа кинонд тоглосон нь надад камерын өмнө хэрхэн биеэ чөлөө авч явахыг сургасан. Их эрт “нүүр хагарсан” гэх үү дээ. Тиймээс камерын өмнө огт сандардаггүй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, жинхэнэ чин сэтгэлээсээ жүжиглэлт гаргах тал дээр дутагдалтай байсан. Учир нь, хүүхэд байхад хэл гэсэн үгийг нь л хэлж, хий гэсэн хөдөлгөөнийг хийж, хар гэсэн зүгт л харна. Тэгээд жаахан ухаан суугаад ирэхээр сэтгэл хөдлөлтэй жинхэнэ жүжиглэлтэд дахиад л суралцах болно доо.

 

-Тэгвэл хэзээнээс үүнд суралцаж эхэлсэн бэ?

-Намайг ахлах сургуульд байхад Жерри Спека гээд мундаг багш байсан. Мэтт, миний дүү, бид гурвыг сайн жүжигчин болоход тэр хүн л сургасан. Жүжигчин гэдэг зүгээр үг хэлж, механик хөдөлгөөн хийхийг хэлдэггүйг тэр хүн заасан. Тийм ээ, үр дүнгээ сайн өгсөн гэж боддог.  



-Та хүүхэд байхдаа “Mickey Mouse Club”, “Batman and Robin” киноны дүрийн шалгаруулалтад ороод тэнцээгүй гэсэн. Мэтт Дэмон ч бас. Тэгэхэд өөртөө итгэх итгэлээ алдаж байв уу. Жүжигчин хүний хувьд шалгаруулалтад ороод татгалзсан хариу авах нь хамгийн хэцүү зүйлсийн нэг гэдэг.

-Тийм ээ. Энэ үнэн шүү.

 

-Тэгэхээр хүүхэд байхдаа яаж ийм зүйлийг давж гарч байсан бэ. Тэр чинь сургуулийн концерт төдий биш орон даяар цацагддаг телевизийн шоу болохоор том боломж?

-Би нэг их олон телевизийн шоунд тоглож байгаагүй ээ. Анх “Мимийн аялал”-д тоглож байсан. Өөр хэд хэдэн шоу бий. Мэтт бид хоёр олон ч шалгаруулалтад оролцож, тэнцэхдээ тэнцэж, гологдохдоо гологдож явсан. Гэхдээ одоо бодоход татгалзсан хариу авна гэдэг муу зүйл биш. Чамайг хурцалдаг. Тэр шалгаруулалтыг давахын тулд өөрийгөө дайчилдаг, илүү ихийг сурахыг хүсдэг болгодог. Харин тэгж чадахгүй бол жинхэнэ гутарч, сэтгэлээр унаж, өөртөө итгэлгүй болно доо. Амьдралын нэг төрлийн шалгуур гэх үү дээ.

 

-Хүүхэд байх үеийн шалгаруулалтын туршлага тань одоо найруулагч болчихоод шалгаруулалт хийж байхад хэрхэн нөлөөлдөг вэ?

-Маш их нөлөөлдөг. Тиймдээ ч би кинондоо хүүхэд оролцуулахыг тэвчиж чаддаггүй. Хүүхдүүдийн тоглолтыг найруулах дургүй. Шалгаруулалт хийх бүр ч дургүй. Би хувьдаа хүүхдүүдийнхээ хэнийг ч кинонд тоглохыг зөвшөөрөхгүй байх байсан. 



-Хүүхэд байхад нь гэсэн үг биз дээ?

-Тийм ээ. Гэхдээ хүсэл зорилгыг нь тэгж хорих хэцүү байх л даа.

 

-Ээж аавыгаа салахад та 12 настай байсан. Аав тань үргэлж архи уудаг байсан гэсэн. Хэцүү л байсан байх даа?

-Мэдээж хэцүү байсан. Аав өдөр бүр, бүхэл өдөржин архи ууна. Энэ бүхэн тийм ч сайхан биш байсан ч би сайн найзуудтай байсан. Кейси байна, миний дүү. Бас Мэттийг та бүхэн сайн мэднэ. Би найм, Мэтт арван настайдаа танилцаж байлаа. Одоо хүртэл салахгүй сайхан нөхөрлөж байна. Миний хамгийн сайн найз.

 

-Та 25-хан насандаа Оскарын шагналын эзэн болж байсан. Мэтт Дэмон та хоёр хамтран бичсэн зохиолоороо. “Сайн үйлсийн ангуучид”. Мөн ижил номинацаар Алтан бөмбөрцөг хүртсэн. Ямаршуухан сэтгэгдэл төрж байв?


-Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй. Би тэр үед Мэттэд “Ялагдана гэдэг дургүй хүрмээр ч ялна гэдэг илүү аймаар юм” гэж хэлж байж билээ.

 

-Хайр дурлалын асуудал. Женнифер Лопес та хоёрыг болзож эхлэхэд нэлээд шуугисан шүү. Беннифер гэдэг шинэ нэр хүртэл гаргаж ирсэн. Тийм ч удалгүй хоёр тийш болсон. Энэ талаар эргээд юу гэж боддог вэ?

-Амьдралд байх л нэг тохиол байсан. Хэвлэлээр хэт их шуугисан.

 

-Харин одоо та сайхан гэр бүлтэй. Женнифер Гарнер та хоёр болзож эхэлснээс есөн сарын дараа тэр бие давхар болсон байсан. Одоо хоёр хүү, нэг охинтой сайхан гэр бүл болсон. Тэр их сайн ээж гэж сонссон. 

-Би үнэхээр гайхалтай эмэгтэйтэй гэрлэсэн. Тэр минь сайн ээж, сайн хань. Миний энэ бүх амжилтыг тэрэнгүйгээр төсөөлөх аргагүй.

  

-Гэхдээ Женнифер таны төлөө жүжигчний карьераа гаргуунд нь хаячихсан нь жаахан харамсалтай.

-Ганцхан би шалтгаан нь болсон гэж хэлж болохгүй байх аа. Гэр бүл, хүүхдүүд гэж яривал арай зохимжтой юм болов уу.



-Та саяхан 40 нас хүрсэн. Нас ахиад ирэхээр юу бодогдож байх юм бэ?

-Тийм ээ. Би 40 хүрсэн. Эхэндээ хөгширч байна даа гээд жаахан гунигтай санагдлаа. Гэхдээ бодоод байсан чинь ид хийж бүтээх нас минь эхэлж байгаа юм байна. Тэгээд 40 нас бол төгс, гайхалтай нас гэж бодох болсон. 



-Ингэхэд сүүлийн үед нэг том цуурхал яваад байгаа. Таныг Жон Керригийн оронд Массачусетс мужийг төлөөлсөн сенатч болно гэсэн. Жон Керри АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болж байгаатай холбоотойгоор. Харин та саяхан фэйсбүүкээрээ “үгүй” гэсэн хариулт өгсөн.  Гэхдээ тийм зүйл болбол сонирхолтой биш үү?

-Сэтгэл хөдөлгөм л түүх. Хөгжилтэй.



-Тэгэхээр яагаад ийм цуурхал тарсан юм бол?

-Хэвлэл мэдээллийнхний л үүсгэсэн хэрэг л дээ. “Politico”-д билүү дээ “Хэн сенатч болох вэ гэвэл Бен Аффлек” гээд биччихсэн байсан. Тэр нь интернэтээр дороо тарчихсан. Дараа нь “Face The Nation” шоунд оролцох үеэр Боб Шейфер надаас сенатч болох талаар юу гэж бодож байна гэж асуухаар нь шууд үгүйсгэлгүй хошигноод, “Массачусетс аль хэдийнэ хоёр сенатчтай болчихсон шүү дээ” гээд хэлчихэн юм. Тэгээд л тэр.



-Ер нь улс төрд хөл тавья гэж боддог уу?

-Фэйсбүүкээр бодлоо илэрхийлсэн шүү дээ. Улс төрийг сонирхдог. Гэхдээ улс төрийн ямар нэгэн албан тушаалд өрсөлдөх бодол алга. Олон нийтийн тусын төлөө ажил, үйлст бол аль болох оролцохыг хичээж байгаа. 



Б.Тамир

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.