хөгжмөөр хичээллэж эхэлжээ. Тэр эхлээд төгөлдөр хуур тоглодог байсан ч хоёр жилийн дараа хийл хөгжимд дурласан юм. Мэдээж Ванесса хийлтэй амьдралаа холбоно гэж тэр үед төсөөлөөгүй байсан биз. Тэрээр есөн наснаасаа том тайзан дээр гарч тоглох болжээ. Ванесса Мэй сонгодог хөгжмийг орчин үеийн хэмнэлтэй хослуулсан дэлхийн хамгийн шилдэг хийлч билээ. “ОК” сэтгүүл нэрт хийлчтэй уулзаж ярилцжээ.
-Ванесса, та Италийн нэрт хийлч Никколо Паганинитэй нэг өдөр төрсөн байдаг. Энэ давхцалд хэрхэн ханддаг вэ?
-Ингэж таарсан нь их гоё. Ийм зүйл тэр бүр тохиолдоод байхгүй л дээ. Та давхцал гэж зөв хэллээ. Эцэг эх маань ингэж тааруулна гэж бодоогүй биз (инээв). Намайг найм, есөн настай байхад нэг багш маань нэр цуутай хүмүүсийн төрсөн өдрийн номыг харж байснаа “Бурхан минь, Ванесса. Чи Паганинитэй нэг өдөр төрсөн юм байна шүү дээ. Энэ чинь алдаршихын тэмдэг” гэж билээ. Паганини бол сод хүн. Харин би тийм биш.
-Үргэлж талархаж байдаг хүмүүс амьдралд тань байдаг байх?
-Тэгэлгүй яахав! Юу ч болсон хамаагүй, би багш нартаа үргэлж талархаж байх болно. Тэд миний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Чиний багш сэтгэл татам, сонирхолтой бол чи хичээлдээ дуртай байх болно. Би багш нартайгаа ихэд элгэмсэг, итгэлтэй харилцаатай байсан.
Эхлээд эцэг эх минь намайг хөгжмөөр хичээллүүлсэн. Ээж минь төгөлдөр хуурч учраас өөрийнхөө замналаар явуулахыг хүссэн. Би ганц хүүхэд нь байсан болохоор ингэж шийдсэн байх. Харин хөгжимд дурлах сэтгэлийг багш нар минь бий болгосон юм.
-Ванесса, ээж тань нэг хэсэг таны хөгжмийн менежерээр ажилласан байх аа?
-Тийм ээ. Гэр бүлийн харилцааг ажил хэрэгтэй хольж хутгана гэдэг тун амаргүй. Заримдаа сайн болж амжилтад хүрдэг, заримдаа юу ч болохгүй, ямар нэг юмаа золиослох хэрэгтэй болдог. Тун олон, итгэмээргүй асуудал, бэрхшээл байсныг нуугаад яахав. Би 21 хүрээд бие дааж, өөрөө шийдвэр гаргах цаг боллоо гэдгийг ойлгосон. Би хөгжмийн замналдаа, амьдралдаа ээжээсээ тусдаа байхаар шийдсэн. Энэ нь ээжид хүнд цохилт болж, хэтэрхий эмзэг хүлээж авсан. Тэр цагаас хойш бид харилцаагүй болсон.
-Та хийл хөгжимд багаасаа л дурласан уу?
-Хийлийн дуу их гоё санагддаг байсан. Хийл намайг дуулуулж, бүжиглүүлж, уйлуулдаг байсан. Жаахан байхдаа хийл хөгжмийг сонсоод янз бүрийн төсөөлөл үүсдэг байлаа. Хийл их дур булаам, хүний бие шиг хэлбэртэй. Хүүхэд байхад хийл ямар нэг сахиус, эсвэл хүүхэлдэй шиг санагддаг байлаа. Нэг л хайр хүрээд байдаг байсан. Дараа нь хийл хөгжим намайг улам дүүрэн болгож, мэргэжлээ болгохоор шийдсэн дээ. Найман настай байхдаа ээж аавдаа “Хийл хөгжмийг амьдралаа болгохыг хүсч байна” гэж хэлсэн. Иймэрхүү замналыг сонгоход их хариуцлага дагаж ирдэг гэж надад хэлсэн. Хийл тоглож сурахад их тохиромжтой, амархан байсан.
-Тайзан дээр анх хийл тоглосноо санадаг уу?
-Есөн настайдаа анх тайзан дээр тоглосон. Германд цуврал тоглолт хийхээр явсан. 100 орчим хүнтэй жижигхэн танхимд тоглох шилдэг хүмүүсийг сонгож авсан юм. Би гурван ч шүүлтүүрээр орж тэнд шалгарсан. Дараа нь арван настайдаа филармони оркестр хөгжимтэй хийл тоглосон.
-Ийм багаасаа тэгж тоглож явах нь хэцүү, хүнд байсан уу?
-Үгүй. Ийш тийшээ тоглолтод явахад зугаацаж наадах цаг гардаггүй. Зөвхөн хөгжимд бие сэтгэлээ зориулдаг учраас ингэж ажиллахад гоё байдаг байсан. Тавьсан зорилго өмнө минь байгааг харахад их гоё.
-Хийл хөгжмийн хичээлд хөвгүүд нь охидоос хавьгүй их байдаг байсан. Лондонд тэр олон том хөвгүүдийн дунд дорно зүгийн жижиг охин ямаршуу байв даа?
-Би 11 хүртлээ үргэлж хувиараа хичээл заалгадаг байсан. Дараа нь “Royal College of Music”-т ирэхэд би аль хэдийнэ мэргэжлийн хийлч болчихсон байсан учраас концертийн хөтөлбөрт өөрийгөө бэлтгэхэд илүү амар байсан. “Senior College”-д очиход бүгд том ах нар шиг санагддаг байж билээ. Би чинь хагас хятад, хагас тайланд хүн шүү дээ. Хоёр дахь эцэг маань англи хүн байсан. Би гурван наснаасаа эхэлж л Лондонд амьдарсан. Энэхүү орчин үеийн хотод би мэргэжилдээ өсч торнисон. Сургуульд есөн шидийн арьс өнгөтэй хүмүүс байдаг ч намайг хэн ч ингэж доромжилж байгаагүй.
-Таны дуртай хөгжимчид, хөгжмийн зохиолчид хэн бэ?
-Паганини бол агуу хийлч, надад маш их нөлөөлсөн. Чайковский, Бетховенд их хайртай. 12 настай байхдаа гаргасан цомог дээр би тэдгээрийг тоглож байсан. Мөн өнгөрсөн зуны аялан тоглолтдоо оруулсан. Поп хөгжмөөс Эрик Клэптон, Сантана их таалагддаг. Майкл Жексоны бүжиг их гоё санагддаг байлаа.
-Та ямар төрлийн хийл тоглодог вэ?
-АНУ-д үйлдвэрлэсэн Zeta цахилгаан хийлээр тоглодог. 14 наснаасаа хойш энэ хийлээр тоглож байна. 1761 онд анх үйлдвэрлэж байсан, одоо дэлхий даяар 300 орчим л байдаг.
-Танд 200 жил хадгалагдсан хийл байдаг гэж үнэн үү?
-Тэр хийлээ 1995 онд хулгайд алдаж байсан. Букинамын ордонд тоглохоос гурван сарын өмнө хулгайд алдсан ч цагдаа нар хайсаар олж өгсөн юм. Бас нэг удаа тайзан дээр бэлтгэл хийж байгаад арагшаа алхахдаа тэр хийлээ эвдэлж хаяж байлаа. Гэвч засуулаад тоглоход дуугаралт нь хэвээрээ л байгаа юм даа. Унахдаа хийлээ гараасаа салгаагүй ч хэдэн хэсэг салчихаж билээ.
Н.Мөнхжин