Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Д.Эрдэнэбат:Үздэг яруу найраг бол уран зураг
Үндэсний хөгжим

Д.Эрдэнэбат:Үздэг яруу найраг бол уран зураг

Урлаг Урлаг22/02/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uzdeg_yruu6529487102013-02-22-16-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Байгаль эх дэлхийнхээ уялдаа холбоог уран бүтээлдээ тусгадаг зураач бол Монголын урчуудын эвлэлийн шагналт Д.Эрдэнэбат юм. 



Тэрбээр цэнхэр сар үзэсгэлэнгийн танхимд энэ жилийн анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаад байхад нь түүнтэй уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө. Тэрбээр 1997 онд “Нар хиртэлт” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, 2000 онд “Миний сайхан эх орон”, 2006 онд мөн бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байжээ. 



-Сайн байна уу. Үзэсгэлэнгийн тань талаар ярилцлагаа эхэлье. Хэд дэх жилдээ бие даасан үзэсгэлэнгээ гаргаад байна даа? 

-Үзэсгэлэн маань энэ жилийг угтсан уран бүтээл юм. Бүтэн жилийн хугацаанд туурвисан шинэ бүтээлүүдээ үзэгч олондоо дэлгэлээ. Энэ нь нэг ёсондоо хийсэн бүтээсэн ажлынхаа тайланг тавьж байна гэсэн үг. Би өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ нэлээд олон жил гаргаж байна. Занаду арт галерей, урчуудын эвлэлийн хорооны галерейд гээд л хамтарсан болон ганцаарчилсан үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Гэхдээ зураач, уран бүтээлч бүр өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаад байдаггүй. Огт үзэсгэлэнгээ гаргаагүй уран бүтээлчид ч байдаг. Зураач бид нар чинь зун намар нэг баг болоод судалбар зургийн ажилд явчихдаг. 



-Та хэчнээн уран бүтээлтэй вэ? 

-Би 1992 оноос уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш 100-аад бүтээл туурвижээ. Харин энэ удаагийн үзэсгэлэндээ 60 гаруй бүтээлээ дэлгэлээ. Зуугаад гэдэг нь бага тоо сонсогдож байж мэднэ. Уран бүтээлээ 1000 хүргэсэн ч чадна. Сайн чанартай хойч үедээ үлдээх бүтээл туурвих нь л чухал. Би насан өтөл болоод үхэн үхтлээ л зургаа зурна даа. Би зурсан зураг бүрээрээ бахархдаг. 



-Таны уран зургийн үзэсгэлэнг үзээд явж байхад голчлон байгалийн сэдвээр дагнан зурдаг юм байна. Яагаад байгалийн сэдвийг уран бүтээлдээ тусгадаг вэ? 

-Хүн байгаль хоёр бол салшгүй холбоотой. Хүн бол байгалийн тогтолцоо, махбодь. Тиймээс байгалиа хайрлаж хүндэлж, байгаль эх дэлхийгээ магтан дуулж л амьдрах ёстой. Байгаль дэлхийгүй бол хүн амьдарч чадахгүй. Тиймээс байгалийн сэдвээр зураг зурдаг даа. Монгол орны байгалийн үзэсгэлэн, хоорондын шүтэлцээ, уялдааг уран зургийн хэллэгээр илэрхийлдэг. 



-Мэдээж байгалийн сэдвээр зурдаг зураач хүний хувьд нарыг голчилдог байх? 

-Тиймээ миний ихэнх бүтээл нартай байгаа. Мандаж байгаа болон жаргаж байгаа нар тухайн бүтээлийн гол илэрхийлэл нь юм. 



-Та нэг зургийг ямар хугацаанд зурдаг вэ? 

-Харьцангуй шүү дээ. Зургийг зурахаасаа илүү мэдрэх нь чухал. Хугацаандаа гол биш. Тухайлбал би “Эзэнт гүрэн” гэсэн зургаа гурван жил зурсан. Гэтэл зарим зургаа хэдхэн секундэд ч зурсан байдаг. Ер нь байгалийн сэдэвтэй зургуудаа тухайн байгаль дээр нь очоод харж, мэдэрч зурдаг. Яахав, зарим зураг дээр өөрийнхөө санааг жаахан оруулдаг. Заримд нь бага зэргийн хэтрүүлэг ч оруулсан. Гэхдээ байгалийн зургийг хэтрүүлж болохгүй л дээ. Зураг чинь түүх болон үлддэг болохоор хэт их хэтрүүлэг байж болохгүй. 



-Нутаг амьтай хүн гэж байдаг. Яруу найрагчид шүлгээрээ нутгаа магтдаг бол зураач хүний хувьд зургаараа л гаргадаг байх? 

-Би Говь-Алтай аймгийн хүн ч гэсэн Улаанбаатарт өссөн. Мэдээж зургаараа өөрийн нутаг усныхаа сайхныг харуулдаг. Үздэг яруу найраг бол уран зураг. Яруу найраг сонсоод зураг зурж чадна. Уран зургийг хараад сайхан шүлэг, яруу найраг бичиж болно. Мөн хөгжмийн зохиолчид ч уран зургийг хараад сайхан хөгжим биччихнэ. Тэгэхээр урлаг бүр л хоорондоо нягт уялдаатай. Энэ өнгө будаг, дүрслэлүүд чинь тэр чигтээ л урлаг. Тиймээс би энэ сайхан урлагийг ард түмэндээ таниулах гэж зурж байна. Түүнээс биш зүгээр нэг зураад байгаа юм биш. 



-Дуучид тайзан дээр гараад алга ташилтаар урамшдаг. Зураач хүн яаж урамшдаг вэ? 

-Зурсан зургийг минь харсан хүний сэтгэлийн үгийг сонсох сайхан. Хүмүүсийн сэтгэлийн үгээр тэтгэгддэг. Машбат, Дарамбазар, Мөнхөө гэсэн зарим зураачид миний зургийг хараад чиний зурах арга барил өөрчлөгджээ гээд байгаа. Хүн өөрчлөгдөхийн л тулд зурж байгаа биз дээ. Хэрвээ байнга л уран бүтээлээ туурвихгүй бол хөлдөж царцана. 



-Шавьтай биз. Энэ чиглэлээр зураад танаас заавар зөвлөгөө аваад явдаг шавь хэчнээн байна? 

-Шавь байлгүй яахав. Би өөрөө багштай, багшийн шавь шүү дээ. Зураг гэдэг бол амьдралд их цаг хугацаа шаарддаг болохоор шавь нараас илүү багш олонтой байдаг. 



-Таны хамгийн хайртай бүтээл юу вэ? 

-Миний хайртай бүтээл бол байгаль дээр хийсэн судалбар зургууд минь юм. Яагаад гэвэл тэдгээр зургаас эх зураг гардаг болохоор их хайртай. Мөн тухайн агшинг харуулсан зургууддаа дуртай. 



-Байгалийн зургаас гадна хөрөг зураг их зурсан байна? 

-Зураач хүн ганцхан сэдэвт баригдаад байж болохгүй. Би маш олон техникээр ажилладаг. 



-Та говийн хүн гэсэн. Тэгээд үзэсгэлэнгээ “Говийн уянга” гэж нэрлэсэн үү? 

-Монгол орон говь гэсэн сайхан нутагтай. Монголоос өөр орон говьтой байх нь ховор байдаг байх. Говь тэгээд ч үлгэрийн мэт нутаг шүү дээ. Тэгээд л “Говийн уянга” гэж нэрлэсэн. -Баярлалаа. Таньд уран бүтээлийн амжилт хүсье.



Г.Хишигсүрэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.