Соёлын Гавъат Зүтгэлтэн, зураач Ц.Нарангэрэлийн “Европоор аялсан нь” үзэсгэлэн хоёрдугаар сарын 21-нээс эхлэн нээгдсэн билээ. Үзэсгэлэнд түүний 2011 онд Итали, Франц, Герман, Австри, Швейцарь зэрэг Европын улсаар аялах явцдаа бүтээсэн 20 гаруй зургийг дэлгэжээ. Тэрбээр өмнө нь уг аяллын бусад бүтээлээ “Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэнд зураач Ц.Энхжаргал, Ш.Чимэддорж, Л.Ганболд нарын хамт гаргаж байсан юм. Харин “Европоор аялсан нь”-д өмнөх үзэсгэлэнд дэлгээгүй, ховор бүтээлүүд тавигджээ.
“Европын хотын байгалийн зургууд, ялангуяа Венецийн төрх энэ үзэсгэлэнгийн зургуудад зонхилсон. Уран бүтээлчид аялах, үзсэн харснаа зурах дуртай. Тэр дундаа урлагийн төв болсон Венецийг өөрийн өнцөг, арга барилаар дүрслэх нь олон зураачийн мөрөөдөл биз ээ. Байгалийг зурна гэдэг хуулбарлахтай адилгүй. Тухайн байгаль, юмс үзэгдлийн төрүүлсэн мэдрэмж, сэтгэгдлийг буулгана. Тэр зураг нь үзэгчид харах яруу найраг, хөгжим болж хүрдэг юм” хэмээн тэрбээр ярилаа.Үзэсгэлэн баруун дөрвөн зам дахь MaxMall төвийн тавдугаар давхарт байрлах 976 Арт галерейд гуравдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.
Б.Номин