Саяхан болж өнгөрсөн “Оскар”-ын кино наадмын шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг жүжигчин Энн Хэтэуэй “Орхигдогсод” мюзикль киноны Фантина хэмээх зовлон туулсан бүсгүйн дүрээр хүртсэн билээ. Тэрбээр энэ шагналыг хүртэх нь ч аргагүй. Энн Хэтэуэй энэ кинонд тоглохдоо жүжигчин хүнээс ямар их тэсвэр тэвчээр, нөр их хөдөлмөр шаарддагийг дэлхий дахинаа харуулсан гэхэд болно.
Жүжигчин бүсгүй дүрдээ орохын тулд урт үсээ тайруулсан төдийгүй 11 килограмм туржээ. Хамгийн гол нь тэрбээр айдсаа даван туулсан байна. Ингээд түүний “Орхигдогсод” кинонд тоглосон сэтгэгдлийг “ELLE” сэтгүүлийн сурвалжлагч авсныг хүргэе.
-Таны ээж, жүжигчин Кейт Маккалей энэ мюзиклийн Фантинагийн дүрд тоглож байсан үеийг санадаг уу. Түүнийг тайзнаа эмгэнэлт дүр бүтээхэд ямар санагдаж байсан бэ?
-Уг нь манай ээж үйлдвэрийн ажилчин охины дүрд тоглодог байсан юм. Харин Фантинагийн дүрд орлон тоглох үүрэгтэй байсан. Нэг удаа ээжид минь энэ дүрд тоглох боломж олдсон юм. Тэр үед би найман настай байсан болохоор түүний тайзан дээр тоглож байгаа нь яг л жинхэнэ юм шиг санагддаг байж билээ. Үнэн хэрэгтээ ээж минь үхээгүй гэдгийг би мэдэж байгаа ч жүжигчилсэн тоглолтын үеэр Фантина охиндоо дуу дуулж өгөх үед яг л надад хандаж байгаа мэт санагдаж байсан. Би түүнийг үхэхэд нь маш их харуусч, гашуудсан гээч.
-Киноны найруулагч Том Хупер таныг пробонд орохдоо нэг л ер бусын байсан гэж билээ?
-Пробонд орохдоо Виктор Гюгогийн энэ романы нэг хэсэг болох “Би зүүдэлсэн” гэдэг дууг дуулсан. Бүтэн цагийн турш дуулсан шүү. Яг ийм мөчид би сонсогчдыг зүүрмэглэж байна уу, үгүй юу гээд хэрхэн хүлээн авч байгааг нь ажигладаг юм. Намайг дуулж дууссаны дараа Том уйлсан. Тэр өмнө нь хэзээ ч үүнээс болж нулимс унагаж байгаагүй гэсэн. Ингээд проб амжилттай болсон ч би гадагш гараад нулимсаа тэвчиж чадаагүй. Дуундаа хэт гүн орчихсон хэрэг. Сарын дараа би энэ дүрд тоглохоор болсон доо.
-Фантинагийн дүрийг бүтээхийн тулд нэлээд их судалгаа явуулсан байх?
-Тийм ээ. Би биеэ үнэлэгчид болон бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг судлахаар олон материал цуглуулсан. Тэдний сэтгэлээ нээсэн видео ярилцлагуудыг ч үзэх хэрэг гарсан. Дэлхий дээр Фантинагийн хийдэг зүйлийг олон эмэгтэй хийж байгаа. Тэд ч бас янхан байсны оронд үхсэн нь дээр гэж боддог. Гэсэн ч хүүхдүүдээ тэжээхийн тулд үүнийг хийдэг. Дарлал, зүдгүүр бол тэдний амьдралд байдаг л зүйл. Би одоохондоо ээж болоогүй ч тэднийг сайн ойлгож байна. Тиймээс ч би зовлон зүдгүүрийг бодит, үнэн зөв гаргахыг хичээсэн.
-Энэ дүрд тоглохын тулд 11 килограмм хассан гэсэн. Яаж тэр вэ?
-Эхлээд би биеэ эрчимтэй тураахад бэлтгэж, таван килограмм хассан. Дараа нь өдөр бүр хоолоо багасгаж, дасгал сургуулилт хийж эхэлсэн. Шүд зуун тэвчих үе ч байлаа. Үүний үр дүнд дахиад долоон килограмм хассан. Дөнгөж амьтай голтой байгаа эмэгтэйн дүрийг бүтээх гэж тэр шүү дээ. Киноны хэрэгслүүд ч баатрыг үнэхээр өвчтэй, үхлийн ирмэгт ирээд байгааг харуулахад дөхөм болдог. Яг одоо кино дууссан ч надад ямар ч эрч хүч алга. Гэхдээ би хэвийн болсон.
-Жүжигчин Рассел Кроу баасан гараг бүрт зураг авалтын группээ цуглуулж байгаад найрладаг байсан гэсэн. Хөгжилтэй байсан уу?
-Тэрбээр зочид буудлын тохилог байшинд биднийг хүлээн авдаг байсан. Ингээд бүгд цуглармагц стейк шардаг байж билээ. Гэхдээ би цагаан хоолтон болохоор тэрийг яаж амсаж чадах вэ дээ. Хэдий тийм ч тусдаа салат иддэг байсан шүү. Оройн хоолны дараа бүгд өөр өрөөнд орж, төгөлдөр хуур тоглоод л, дуулдаг байсан. Энэ чинь л жинхэнэ алжаал тайлж байгаа юм.
-Хиймэл үс хийдэг хүн Фантинагийн сайхан үсийг тайрч авдаг хүнд хэсэг байдаг шүү дээ. Энэ үеэр жинхэнээсээ таны үсийг тайрсан гэсэн үү. Яг энэ хэсэгт хэрхэн бэлдсэн бэ?
-Уг нь найзууд маань энэ хэсэгт парик ашиглахыг зөвлөсөн ч би Томд өөрөө жинхэнээсээ үсээ тайруулахыг санал болгосон. Энэ бодолдоо эцсийн мөч хүртэл бат зогссон. Тэгээд кино зураг авалтаас өмнө дурсгал болгож, урт үстэй олон зураг авахуулсан даа. Харин шийдвэрлэх мөч ирэх үед би үүнд оролцох хүсэлгүй болчихож билээ. Маш их айж, чичирч байлаа. Энэ үед ийм сул дорой зан минь тоглоход тус болсон. Том “Бид чамайг бэлэн биш байвал албадахгүй. Яагаад гэвэл ухарч няцах зам байхгүй” гэсэн.
Би камерын өмнө сууж, Николя Слоун миний үсийг тайрч байсан үеийг санаж байна. Хурц иртэй хутганы шир шир хийх чимээг сонсож, үс минь багц багцаар доош унахыг мэдэрч байлаа. Энэ бүхэн гурван минут л үргэлжилсэн байх. Би толгойдоо хүрээд үзтэл үс байхгүй болсон байлаа. Бас кинон дээр Фантина шүдээ хүртэл зардаг. Харин азаар би шүднээсээ салаагүй шүү. Энэ зураг авалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн. Түүнээс хойш би богино үстэй явж байна даа. Гэхдээ би нэг л зүйл хэлж чадна.
Хэрвээ үсээ тайруулж, турж, зураг авалтын үеэр дуу дуулсан тэнэг эмэгтэй болоход бэлэн биш байвал энэ дүр бусдын сэтгэлийг татаж чадахгүй л болов уу.
Э. Мөнхзаяа