МУГЖ Дуучин Д.Ширмэнтуяатай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Таныг хүүхэд байхын л дуулж явдаг охин байсан гэх. Бүр арван хэдтэй “Морин хуур”-ын эзэн болсон гээд л шагших хүмүүс их байдаг?
-Цэцэрлэгт байх үеэ бол бүүр түүрхэн санадаг юм. Харин сургуульд ороод дуулах авьяасаа хөгжүүлсэн гэж боддог. Манай суманд дуу хөгжмийн багш Батсайхан гэж хүн дөнгөж төгсч ирээд байлаа. Багш их олон уралдаан тэмцээн зохионо, тэр бүгдэд алгасалгүй орно. Одоо надад тэр уралдаануудад түрүүлсэн их олон баярын бичиг, диплом бий. Тэр үе намайг их хөгжүүлсэн гэж боддог. Бүр сумынхаа найз охидтой нийлэн “Энхийн уриа” гээд хамтлаг хүртэл байгуулчихсан явав. Тэгээд наймдугаар ангиа төгсөөд аймагт очиж элсэлтийн шалгалт өгөөд Багшийн сургуулийн хөгжмийн ангид орж байлаа. 1993 оны “Морин хуур” наадмын тэргүүн байр хүртэхдээ дөнгөж 19 нас шүргэж явлаа шүү дээ.
-Таны анхны дуу “Сэтгэлийн цагаан хун” хит болж байхад бага байжээ?
-Хөгжмийн зохиолч Ц.Галхүү багш Булганы театрын даргыг дагуулаад ангид ороод ирэв. Нэг жүжгийн дуу дуулчих хүүхэд хайж яваа нь тэр байж. Гэтэл Ц.Галхүү багш шууд намайг зааснаа, “Энэ охиноор дуулуул” гэв. Тэгэхэд 16 настай байсан. Гэсэн ч “Сэтгэлийн цагаан хун”-даа бодол, сэтгэлээ шингээж дуулсан шүү. Хатуу багш нарын шүүлтүүрээр орж байж, Монголын радиод бичүүлж байсан юм.
-Ийм хэв маягийн дуунаас яаж уртын дуунд оров?
-Манай Булган айраг цагаатай, дуу хууртай л нутаг. Гэхдээ би багадаа уртын дуу нэг их дуулж байгаагүй. Алдартай дуучид хэлдэг дээ. Аль багаасаа л хонины бэлчээрт дуулж явсан гэж. Харин бидний үеийнхэн алдартай дуучдыг дагаж дуулж байж сурна, ийм дуучин л болохсон гэж мөрөөддөг байсан. Би Ц.Чимэдцэеэ эгчийн дууг сонссоор байгаад дуучин болсон. “Ээжийнхээ ачийг яалаа даа”, “Ганга нуурын эрэг дээр”, “Тэнгэр ээж минь өршөө” гэх тэр сайхан дуунуудыг нь радиогоор сонсоод дагаж дуулдаг байв. Тэгээд СУИС-ийн уртын дуучны ангид сурч төгссөн. Ц.Дэлгэр багш маань нэг удаа хэлж байна аа, “Чи уртын дуучин болъё л гэж байгаа бол нэг хэсэгтээ зохиолын дуугаа хая. Амьсгаа эвдрээд заасан юм завхарна” гэдэг юм байна. Тэгэхэд бас ч үгүй олны танил болчихсон, хөгжмийн зохиолчдоос уран бүтээлийн санал ид ирж байсан үе. Тэгээд багшийнхаа хэлсэн үгийг бодоод энэ бүхнийг хойш тавьж, зөвхөн уртын дуугаараа дагнаж, таван жил зүтгэсэн дээ. Тэгээд нэг өдөр бодлоо. Ер нь хэр хэмжээнд багшийнхаа заасныг сурав, өөрийгөө нэг шалгаад үзчих юмсан гэж битүүхэн хүссэн. Гэтэл ашгүй залуу уртын дуучдын улсын уралдаан зарлагдаж, загатнасан газар маажна гэгч боллоо. “Тунгалаг тамир” айзам уртын дуу, “Асрын өндөр”, “Уяхан замбативийн наран” дуунуудыг дуулж тэргүүн байр хүртээд, “За, би ямар ч байсан хоосонгүй байна шүү. Сурсан юмтай боллоо” гэж бодож билээ.
-Ц.Дэлгэр багш тань шавь нараасаа сүүлд гавьяат болсон санагдаж байна?
-Тийм ээ. Багшийгаа сая гавьяат болоход үнэхээр их баярлалаа.
-Н.Норовбанзад хэмээх агуу дуучныг энэ цаг үе үгүйлж байх шиг санагддаг уу. Энэ чадалд нь хүрээд дуулчих юмсан гэж шунаж бодож л байсан биз?
-Хүн хүний хоолойн тембр гэж байна. Н.Норовбанзад багшийн хоолой бол шувуу жиргэж байгаа юм шиг маш нарийн. Минийх бол өтгөн. Би Ц.Дэлгэр багшийн шавь, Н.Норовбанзад багшийн шавь нь Ц.Дэлгэр багш. Тэгэхээр би шавийн шавь байгаа юм. Зөвлөх багшаар ажиллаж, үе үе хичээл орно. Нэг өдөр дуучин Б.Батмэнд бид хоёр төгсөлтийн тайлан тавих гээд бэлтгэл хийгээд, миний хоолой тэгсэн нэг л гарч өгдөггүй ээ. Тэгтэл Н.Норовбанзад багш сургуулилт дээр ирж үзсэнээ “Болохгүй л байна даа. Алив нэг өнгө өгөөдөх дөө” гээд эхэлтэл нөгөө ивлэхгүй байсан хоолой маань хачин сайхан гарч билээ. “Алтан богдын шил” дууг багштай дуулсан тэр мөч мартагддаггүй юм. Н.Норовбанзад багш биднийг “Уртын дуугаа дуулахгүй алганд хууртаад л явна уу” гэж зэмлэнэ.Үзэгчид зохиолын дууг арай илүү хүлээж аваад алга ташна, уртын дууг дахиулдаг ч үгүй байсан болохоор алганд хууртаад байна уу гэж тэгж айхтар хэлж байгаа юм.
-Д.Амаржаргал дуучин та хоёр хэзээнээс хамтран дуулах болсон бэ. Удахгүй та хоёрын хамтарсан тоглолт болох гэж байгаа гэж сонссон?
-2000 оны үеэр юм. Нэг өдөр Ц.Өлзий-Орших гавьяат Д.Амаржаргалыг чуулга дээр дагуулж ирж дуулуулав. Дажгүй материалтай баритон хоолой гарч байх юм. Гэхдээ бас ажиллах хэрэгтэй байна шүү, энэ тэр гээд би зөвлөчих аястай. Тэгэхэд би чуулгадаа ороод хэдэн жил болчихсон, догь амьтан байсан байхгүй юу. Ингээд Амаржаргал манай чуулгад ороод удаагүй байтал хормейстер Буян-Орших багш “Та хоёрын хоолой тохирмоор юм байна” гээд “Ойрхон л байж шүү дээ” дууг өгсөн юм. Тэр дуугаараа олны танил болж, хамтран дуулснаас хойш 13 жил болсон байна. Гуравдугаар сарын 8-нд “Мөнхөд дурсагдах ижий” тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд хийнэ. “Ханийн дуу”, “Ойрхон л байж шүү дээ”, “Хослох зүрхний уянга” зэрэг хит дуунаас гадна, тус тусын шинэ уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхээр зэхэж байна. Тоглолтод Б.Батмэнд С.Цогтсайхан, Нарантуяа, О.Баянмөнх, Л.Чаминчулуун гавьяат нар орно. Энэ нь бидний хоёр дахь тоглолт. Анх “Чи бидэн хоёр” гэдэг тоглолтоо Бөхийн өргөөнд хийж байлаа.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Г.Хишигсүрэн