– Охиныг нь авна гэнэ
– Хүслэнг үү?
– Тийм. Гол нь охиндоо ч биш. Кафед нь болоод байгаа байхгүй юу Охиныг нь үрчлээд авчихвал тэрний эзэн болно гэж тооцоолсон хэрэг.
– Тэр том үйлдвэртэй хүн тэр муу жаахан кафегаар яах гэсэн юм болоо?
– Үгүй ээ, харин тийм л шуналтай болсон байхгүй юу. Бүр авах идэхийн дон. Би түүнд зөвшөөрөөгүй юм. Анх талийгч кафегаа өөрийн болголоо гээд бид хэд сууваа даа. Тэгээд дараа нь би Надмидад манай Сувдаа мөн сүрхий юм. Өөрийн гэсэн хөрөнгөтэй болчихлоо. Тэгээд бид гурав жаахан хөөрөөд суучихсан гэсэн чинь л юун сүртэй юм. Тэрийг ямар хөрөнгө гэдэг юм. Миний машин ямар үнэтэйг мэдэх үү? Ийм хоёрхон машины мөнгө цуглуулчихаад хөрөнгө гэлээ гээд л баахан ихэрхэв. Тэгэхээр нь ийм юм ойлгохгүй байхдаа яадаг юм. Чи ямар тэглээ гээд хоёр машинаа зэрэг унаж чадах биш гээд хэлчихсэн чинь уурлаад тэр шөнө намайг ээрч өдсөөр байгаад хэрэлдэж байгаа юм даа.
– Ямар ичдэггүй юм бэ?
– Ичих ч бүр өнгөрсөн. Сүүлдээ охиныг нь авъя гэж хэл гээд, би үгүй гэсний төлөө зодуулав. Зодохдоо аль хүн харахгүй суга цавь, гарын дотор талаас чимхэж, базна. Тэгээд намайг хашгирах гэхээр ам таглаад дарчихна. Хоёр хүүхдэдээ сонсгохгүй гэж тэр.
– Аан, тэгээд чи бүр нэг хэсэг хачин болчихсон юм байна ш дээ.
– Сүүлдээ бүр та нартай уулзахаас халшираад, хоёр хүүдээ ч хэлж чаддаггүй. Гэрийнхэндээ хэлэх гэхээр манай хоёр дүү Надмидаас хэдэн төгрөг зээлчихсэн байдаг. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болсон. Та нар бод л доо. Нарийн бичгээ хүртэл талийгчийн кафе руу явуулж судлуулсан байгаа юм даа.
– Зэвүүн муу новш вэ?
– Тэр ч бүү хэл нөгөө солгой Аюуш гэдгийг хүнээс асуулгасан гэсэн.
– Аан тийм, дуу хураагч дээр нэг тийм юм байсан шүү. Ингэхэд тэр яаж Аюушийг нь мэддэг юм? гэж намайг асуухад
– Би л нэг удаа хэлчихгүй юү дээ. Хөөрхий, Сувдааг маань тэгж зоддог байсан гэнэ. Тийм балиар хүн энэ орчлонд бас байдгаа гээд түүнд яриад байсан чинь харин яг хажууд байж байсан байдаг байгаа. Тэгээд сүүлд талийгаач дээр өөрөө очно гэхээр нь би түрүүлж очиж битгий өгөөрэй Сувдаа минь. Манайд л охиноо өгч болдоггүй юм шүү. Надмид кафег чинь үгүй хийгээд охиныг чинь гудамжинд хаячихаасаа сийхгүй хүн гэж хэлэхэв дээ. Талийгаач бүр итгэддэггүй. Тэгэхээр нь хамаг хувцасаа тайлж бүр хөх няц болсноо үзүүлсэн ш дээ гээд Анхмаа уйлах гэснээ нулимсаа цааш нь залгилаа. Тэр сүүлийн хэдэн сарын дотор нулимсаа тэвчиж сурсан бололтой.
Энэ бүхнийг сонсож суухдаа өнгөрсөн хугацаанд хоёр найзын минь амьдралд чухам юу болоод өнгөрснийг ойлгож зогсохдоо өөрийгөө мөн ч өчүүхэн байна даа гэж бодлоо. Би ер нь ямар гээчийн амьтан юм бэ бүү мэд. Би тэдний хажууд үнэхээр юу ч үзээгүй байлаа. Зөвхөн талийгаачийг өөртөө хүүхдээ өгөхгүй нь гэж гол гонсойсондоо Сүхээг үзэн ядаж, орчлонд ганцхан өөрийгөө аз заяагүйд тооцон ганихарч, өөрөө өөрийгөө л өрөвдөж, өөрөө өөртөө зовлон зохиож явсан байлаа. Гэтэл найзууд минь нэг нь үхэлтэй, нөгөө нь амьдралтай тэмцэж явсан байна шүү дээ. Анхмаа үнэхээр гайхалтай тэвчээртэй бүсгүй юм. Хүслэнгийн төлөө, түүний ирээдүйг буруу хувь тавилан руу оруулчихгүйн төлөө бараг шөнө болгон зодуулж, нүдүүлж, зулгаалгаж байсан байх юм.
– Наад нүүр ам чинь бүүр . . .
– Одоо овоо гайгүй болчихоод байгаа нь энэ. Талийгаачийг өнгөрсөн орой намайг бүр нэвширтэл балбасан ш дээ. Овоо хүнд харагдахгүй газар зоддог байснаа тэр орой хамаагаа алдсан. Бодвол эцсийн боломж нь ингээд дууслаа гэхээр тэгсэн байх
– Чи яаж тэсэв ээ?
– Тэсэх ч гэж дээ. Би чадахгүй ээ, чадахгүй араатан минь гэж хэлснээ л санадаг. Нэг сэрсэн чинь хоёр хүү маань нүүрэн дээр нойтон алчуур тавьж байсан. Бас болоогүй ээ хүү маань манай дүү нар луу ярьсан байсан. Тэр хоёр ирж бид гурвыг авсан.
– Ирсэн үү? тэр араатан, чиний араас . . .
– Ирсэн. Ажил дээр хүний амь яригдаад байхад чи энүүгээр ингэж маяглалаа. Дүү нарыг чинь өрөнд бариулж, шоронд хатааж дөнгөнө шүү би гээд өнөө л хэлдэгээ хэлж байсан гэтэл Сүхээ сая нэг ам нээж
– Тэр одоо тэгж чадахгүй. Чи сална гэж шийдсэн бол шүүх эмнэлэгт очиж акт гаргуул. Тэгээд гомдол гаргаж салах өргөдлөө өгч болно. Харин би тэр ажлынх нь хүний ар гэрийнхэнтэй уулзана. Болороо Хүслэнгийн ээж болж байгаагийн хувьд талийгаачийн өмнөөс гомдол гаргаж болно. Дуу хураагчид бичсэн хэсэг нь хуулийн өмнө нотлох баримт болохгүй ч үндэслэл болж чадна. Ер нь тэгээд иймэрхүү хүмүүс ихдээд ирвэл бид яаж тайван амгалан амьдрах юм гэлээ.
* * *
– Хөгшөөн! Хэд хоног наад бичиг цаасаа завсарлахаас болохоо байлаа гэж өвгөн хэллээ.
– Юу . . .? Яагаад билээ? Мөдхөн дуусах гэж байхад . . .
– Манайх нүүх боллоо. Дараагийн долоо хоногт. Манай байрныхан аль хэдийн нүүгээд эхэлчихсэн шүү дээ. Одоо бидний ээлж болоод байна. Гэр орныхоо юмыг эмхлүүлэхгүй бол болохгүй нь. Манай новш гэж яасан ч их юм гэж байна.
Нээрээ, манайх нүүх болжээ. Тэгээд л нэг жаахан ухаан орж гэр орноо янзаллаа. Нэг байрандаа удсан болохоор айлын новш гэдэг өдөр хоногоор хураагдаж байдаг юм хойно манайх хэрэгтэй, хэрэггүй юмаар дүүрсэн байв. Хэдэн өдөр ноцолдоод, хүргэдүүд машин олж ирэх тэр өдөр л арай гэж гайгүй болов. Хүүхдүүд бужигналдан юмаа зөөсөөр байр маань хоосорлоо. Хоосон болохоор бараг амьсгаа хүртэл цуурайтна. Гадаа нарны элч хариад намрын шинж бүрнээ орж. Мөдхөн моддын навч хаялах шинжтэй. Цаг нь ирж байгаа хойно тэгэхээс яахав. Машинд суун явахдаа хуучин байраа эргэн, эргэн харсаар булан тойрлоо. Цээжинд үл мэдэг гуниг хуйргансаар байх ажээ.
* * *
Удалгүй бид Хүслэнгээ өдрийн цэцэрлэгт өглөө. Хүслэн маань баярлаж байгаа гэж учир алга. Өдөр болгон гэртээ харьдаг байх нь охины минь мөрөөдөл байсан шиг байгаа юм. Гэтэл тэр мөрөөдөл нь биелэх агшинд өдөр бүр хамт байхыг хүссэн ээж нь байхгүй болчихсон байдаг. Орчлон хорвоо гэдэг угаасаа нэг хүслийг биелүүлэхдээ нөгөө хяслыг бий болгодог юмаа даа янз нь. Гэхдээ би Хүслэндээ яг ээж шиг нь байхыг хичээсээр ирсэн. Тийм ч байж чадсан гэж боддог юм. Энэ нь нэгд, найзынхаа өмнө хүлээсэн үүрэг, хоёрт гэвэл Хүслэн маань миний охин шүү дээ. Одоо энэ том охин маань юм шүү дээ. Нэг өглөө би охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр алхаж явтал Хүслэн
– Нөгөө, нөгөө . . . Сүхээ ах нь ирж байна гэлээ. Хартал Сүхээ гудамжны нөгөө талаас гүйсээр ирж амьсгаагаа дараад надад нэг хайрцагтай юм гаргаж өгсөн нь сүйн бөгж байсан юм. Амьдралдаа ийм юм авч үзээгүй. Кинонд л ийм юм байдаг гэж бодож явсан би бүр сандарч орхив. Сүхээ
– Аав чинь байсан бол өдийд “Засаж болдог алдааг, алдаа гэдэггүй юм” гэж хэлэх байсан байх. Тэгэхээр Болороо минь надад нэг боломж өгөөч гэсэн юм. Яг л кино шиг. Би бөгжийг шууд авч чадсангүй. Цээжинд нэг л сайхан гэгэлгэн цагаан аялгуу хадах шиг. Баяр ч төрөх шиг. Гэхдээ би юү гэхээ хэлж мэдэхгүй байв. Хүслэн намайг харж зогссоноо
– Болороо эгчээ авчихаач, Сүхээ ах нь гуйгаад байна ш дээ гэхэд нь сая нэг ухаан орж
– Ямар сонин газар, ямар сонин цагаар өгдөг юм бэ? гэхэд тэр
– Харин ч зөв үе. Одоо яг өглөө болж байна. Бидний амьдрал өглөө шиг эхэлж, нар шиг мандвал сайхан. Энэ гудамжаар ажилдаа яаран, яаран яваа хүмүүс шиг амьдрах чин хүсэл бид гуравт гурвууланд минь байгаа гэсийм. Тэр ухаалаг мөртлөө сэтгэлийг минь урвуулах увидастай үг хэлж зогссон залуу чинь одоо энэ манай өвгөн шүү дээ. Энэ өдрийг хэзээ ч мартдаггүй юм. Яаж ч мартах билээ дээ. Бид гурав цааш хөтлөлцөн алхлаа.
Хүслэн цангинасан дуугаар
– Тэр манай хуучин цэцэрлэг гэж замын эсрэг тал руу заав. “24-ийн цэцэрлэг” гэсэн хаягтай тэр байшин руу нэгэн ээж хүүгээ хөтлөн хоцорсон бололтой гүйж ирснээ хаалга балбаж байв. Цэнхэр халаадтай бүдүүн багш хаалгаа тайлж байгаа харагдана. Тэр бас л уурлаж байсан байх. “Ганц Сувд” кафе маань онгойж үйлчлэгч үүднийхээ хогийг цэвэрлэнэ. Хажуугийн нотариатч үүдээ нээчихсэн бидэн рүү даллаж байв. Тэр өглөөг би ямагт бодож явдаг. Нэг л тийм амьдрах итгэл, сэтгэл, хүсэл нэгдсэн өглөө байсым. Ер нь бол бид гурвын өглөө байсан даа. Сэтгэл цадах гэдэг сайхан юм билээ. Хүслэн
– Нөгөө, нөгөө . . . шинэ ангийн хүүхдүүд намайг аавгүй, аавгүй гэж шоолохгүй тэ? гэхэд Сүхээ
– Үгүй дээ охин минь, Одоо чамайг хэн ч дахиж тэгж шоолохгүй гэхэд Хүслэн
– Бас ээжгүй гэж дуудахгүй. Яагаад гэвэл ээж миний чихэнд “Миний охин Болороо эгчийгээ “Ээжээ” гэж дуудаж болно гэж хэлсэн” гэлээ.
Миний хамрын угаар шархираад явчихлаа. Тэр, сүүлийн өдөр талийгаач Хүслэнтэй уулзахдаа охиныхоо чихэнд тийм л юм шивнэж байсан байж шүү дээ. Эх хүний сэтгэл гэдэг ямар агуу юм бэ?
Өвгөн бид хоёр охиндоо хачин их хайртай. Хайргүй байхын ч аргагүй. Бид хоёрын амин зүрх юм шүү дээ. Тэгж их хайрласны хариу юмуу, Хүслэн минь булган сүүлтай байж ерөөсөө зургаахан сарын дараа бага охиноо олсон юм. Ёстой гайхамшиг гэж л тэр байлаа. Хувь заяа гэдэг тийм, ийм гээд хэлчихэж болдоггүй зураг юм шиг байгаа юм. Магадгүй би зөвхөн энэ хүнээс л хүүхэдтэй болох хувьтай байсан байх л даа. Энэ охиноо би бурханы хишиг гэж боддог. Ер нь ч тийм. Харин өвгөн маань түүнийгээ талийгаачийн сүнс хэмээн бодож “Сувдаа” гэдэг нэр өгсөн дөө.
– Яагаад ийм нэр өгвөө? гэж асуухад
– Чи биднийг дуусан дуустал манай гэрт энэ нэр дуудагдаж байг гэсийм.
Тиймээ, энэ нэр манайд дуудагдсаар л байна. Хэдэн жилийн дараа кафегаа буцааж орон сууц болгосон. Ахлах тогооч маань яг ижилхэн үйлчилгээтэй кафег өөрөө нээсэн байсан. Тэр, энэ бүгдийг Сувдаа эгчээсээ сурсан юм шүү дээ гэж хэн хүнд хэлж, ярьж явдаг гэсэн. Хүслэн маань тэр үеийн миний байранд, Сувдаа маань тэр үеийн өвгөний байранд тус тусдаа амьдарцгааж байна. Харин энэ байрандаа өвгөн бид хоёр өдий хүртэл амьдарч байна даа. Одоо л хэзээ мөдгүй нураах болчихлоо. За за өөрийнхөө амьдралд тохиолдсон хамгийн эмзэг, хамгийн сайхан, хамгийн торгон хэсгээ бичлээ.
* * *
Өчигдөр бид Хүслэнгийн олсон түрээсийн байранд нүүж ирлээ. Өнөөдөр өвгөнтэйгээ очиж байрыг минь нураахыг харлаа. Дээрээс нь эхлээд тракторын том шанагаар татаад нурааж байна лээ. Тоос шороо бужигнуулан нурж байгаа байшин маань яг л уйлж байгаа юм шиг санагдсан. Манайх нэг давхар болохоор хамгийн сүүлд нурж таарав. Цонх нь наранд гялтганаад яг л надаас нэг юм гуйгаад байгаа харц шиг өрөвдөлтэй. Нэг мэдсэн чинь өвгөн маань
– Хөгшөөн! одоо уйлаад яахав. Оронд нь цоо шинэ байшин барьчихна гэж аргадлаа.
Тийм дээ. Тэнд цоо шинэ байшин баригдаж, цоо шинэ амьдрал, цоо шинэхэн түүх эхлэнэ. Би түүнийг гарцаагүй мэдэж байна. Гэхдээ мэдээж хүний л түүх байх болно.
Эртээдхэн нэг өдөр намайг
– Шинэ байраа яах вэ? гэж асуухад өвгөн
– Тэр чинь эзэнтэй шүү дээ гэсэн. Тийм л дээ. Энд Хүслэн минь амьдарна. Сувдаа минь охиноо ямар хүн болж, үр удам нь ямархан түүхтэй, эцэг эхийнхээ гал голомтон дээр хэрхэн амьдарч байгааг тэндээс харж байгаа. Хэзээ нэгэн цагт би ч гэсэн тэнд очно. Тэгэхдээ найз нь чамдаа бүгдийг ярьж өгнөө . . .
* * *
Би дурсамжаа бичээд дуусчихлаа. Гэхдээ хүүхдүүддээ бараг уншуулахгүй байхаа. Тэд маань өөрсдийнхөө жамаар амьдарч, өөрсдийнхөө дурсамжийг бий болгох болно. Бидний дурсамжаар тэд маань амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бичсэнээ урчих л байхаа даа . . . Би амьдралд хайртай. Гэр бүлдээ, хүргэд, охидууддаа, зээ нартаа бас өвгөндөө хайртай. Тэр дундаа энэ бүгдийг надад бэлгэлсэн найз Сувдаадаа бүр ч их хайртай. Хүмүүн бид хайраас хайр дамжин амьдардаг юм байна . . .
Тэтгэвэрт гарсан жилийн хавар, зун, намар.
Төгсөв. Зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2012 он