Уламжлал шинэчлэл хоёрыг хооронд нь сүлж, хөгжмийн мэдрэмжээр амилуулсан нэгэн тоглолт тун удахгүй Улсын Филармонид болох гэж байна. Энэ бол “Арга Билэг” хамтлагийн “Дээлт” тоглолт. Энэ сарын 22, 23, 24-нд болох тоглолтынхоо бэлтгэлд тэд аль хэдийн оржээ. Парис, Нью-Йорк, Берлин, Москва, Сиэтл, Денвер, Санкт-Петербург, Астана, Сөүл, Шанхайн үзэгчдэд бие даасан тоглолтоо тоглож байсан хамтлагийнхан энэ удаад Улаанбаатарынхаа үзэгчдэд уран бүтээлээ толилуулахаар шийджээ.
Үндэсний хөгжмийн зэмсэгээр жаз уран бүтээл туурьвидаг нь энэ хамтлагийн онцлог. Тиймдээ ч этно-жаз хамтлаг гэж өөрсдийгөө тодорхойлдог. Ардын дуу болон орчин цагийн хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлийг этно-жаз хэв маягаар найруулж тоглохын зэрэгцээ өөрсдийн зохиосон уран бүтээлийг мөн энэ урсгалаар туурьвидаг хамтлаг маань эдүгээ “Дээлт”, “Дэв” гэсэн 2 цомогтой.
Тэдний анхны цомог “Дээлт” нь хамтлагийн уран бүтээлийн онцлогийг сонсогчдод таниулж өгсөн нэрийн хуудас болсон бол “Дэв” цомог нь хамтлагийнханы үзэл бодол, ур чадварын түвшин, сэтгэлгээний царааг таниулсан бүтээл болсон. “Дээлт” цомогт этно-жазаас өөр easy-listening гэж хэлдэг хэв маягийн дуунууд ч багтсан байдаг. Та энэ цомгийн “Саруул тал” дууны найруулгыг сонсоод үзээрэй. Гэхдээ бага зэрэг гүнзгий хөгжимд дуртай сэтгүүлч миний хувьд “Дэв” цомогт илүү дуртайгаа энд дурьдмаар санагдлаа. Магадгүй underground хэв маягийн ч гэж хэлж болохоор “Дэв” цомгийн “Өгүүлэл”-д би их дуртай.
Хамтлагийн ихэнх хөгжимчид “Морин Хуурын Чуулга”-д данстай, өнөө цагийн Монголын үндэсний хөгжимчдийн өнгө төрхийг илэрхийлж байгаа уран бүтээлчид гэж болно. Хөгжим бүжгийн коллежийн үндэсний хөгжмийн ангийг төгссөн цагаасаа эхлэн өнөөг хүртэл “Морин Хуурын Чуулга”-д хөгжимчнөөр ажиллахын зэрэгцээ жаз урсгалыг шимтэн сонирходог тэдний хувьд этно-жаз урсгал нь тохиолдлын гэхээсээ илүүтэйгээр жам ёсны сонголт байсан уу гэлтэй. Хамтлагийнхан “Ардын урлаг, жаз хөгжим хоёр хослож болно, болохгүй гэж тогтсон үзэл санаа хаана ч байхгүй. Энэ хоёрыг хослууллаа ч гэсэн ямар түвшинд байх ёстойг бид өөрсдөө ч мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан ардын урлагаа ч орхигдуулахгүй, мөн жаз хөгжмийг ч үлдээхгүй гэсэн нэг тийм хамтлагийн гэмээр үзэл бодол бидэнд байдаг” хэмээн ярьдаг. Аргагүй л түүх соёл, ёс заншил, уламжлалаа дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ өөрсдийн үзэл санаагаа тунхаглах дуртай байдаг уран бүтээлчдийн л амнаас гарах үг ч юм уу.
Энэ удаагийн тоглолт юугаараа онцлогтой болох бол? хэмээн бодож би бээр өөрийнхөө таамгийг хөврүүлж сууна. Ямар ч байсан үндэсний хөгжмийн зэмсэгээр этно-жаз стилийг яаж илэрхийлж болохыг үзүүлэх байх. Мөн бидний чихэнд хоногшиж үлдсэн “Морин Хуурын Чуулга”-ын урын санд байдаг дан хөгжмийн бүтээлүүдийг шинэчлэн найруулж тоглох нь эргэлзээгүй. Тэгэхээр “Цагаан суврага” ч юм уу эсвэл чуулгын тоглолтоо эхлүүлдэг “Монгол аялгуу” зэрэг бүтээлийн шинэ найруулгыг бид үзэж магадгүй л юм. Тоглолтоо дан ганц үндэсний хөгжмийн зэмсэгээр тоглоод байна гэж бүү бодоорой. Тухайн уран бүтээлийг илэрхийлэх бололцоотой гэж үзсэн хөгжмийн дуугаралт, бусад цохилуур хөгжмийн зэмсэгүүдийг тэд ашигладаг. Тийм болохоор тоглолтын зарим нэг хэсэгт сонин содон дуугаралт, шийдэл гарах байх. Уран бүтээлийнхээ өгүүлэмж, хэлэх гэсэн санаагаа бүжигтэй хослуулан улам илүү тодруулж үзэгчдэд хүргэдэг онцлогоо энэ удаад бас л давтах болов уу. Гэхдээ ямар бүтээл дээр вэ? гэдгийг очиж үзэх л үлдэж байна.
Хамгийн сүүлд өнгөрсөн оны 10 сард хамтлагийнхан Нью-Йорк, Сиэтл, Денвер хотод болсон жаз хөгжмийн фестивальд оролцоод иржээ. “Жаз урсгал та бүгдийн үндэсний хөгжмөөс үнэртэж сонсогдож байгаа нь бидэнд их сонин байна” хэмээн тоглолт үзсэн үзэгчид сэтгэгдлээ илэрхийлж байжээ. Энэ нийтлэлээ би “Монголын жаз уу, харуудын этник уу?” хэмээн нэрлэсэн нь жаз хөгжмийн урсгалд Америкийн харуудын оруулсан хувь нэмрээс үүдсэн хэрэг. “Арга Билэг” хамтлагийн уран бүтээлийг сонсохоор тэд нарт энэ асуултыг тавьмаар санагддаг юм. Гэхдээ жаз эсвэл үндэсний хөгжим гэсэн бүхэл бүтэн хөгжмийн урсгалыг үгүйсгэж байна гэж намайг битгий бодоорой. Хөнгөн зугаа төдийд л хамтлагийнханаас асуух гэсэн юм шүү би. “Арга Билэг” хамтлагийг би олон жил сонсоогүй, тийм ч улаан фен нь биш. Гэхдээ тодорхой хэмжээнд энэ хамтлагийг үнэлж, сонсдог. Багахан ч гэсэн хүрээнд өөрсдийн сонсогчдыг бий болгож чадсан хамтлагийнханы уламжлал, шинэчлэл хоёрыг сүлж, мэдрэмж сэтгэлгээгээр бий болсон уран бүтээлүүд илүү олон сонсогчдод хүрэх болтугай.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn