Драмын театрын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Ц.Баясгалангийн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Тэрээр “Би Эдит Пиаф” байна” моно жүжгийг амжилттай бүтээж “Гэгээн муза” наадмын “Нэг хүний жүжиг” төрөлд нэр дэвшиж байна. Түүнтэй амьдрал уран бүтээлийнх нь тухай сонирхоё.
-Нэг хүний жүжиг шинэ содон, бас хүмүүсийн анхаарлыг ч ихээхэн татсан бүтээл болсон. Харин таны хувьд санасандаа хүртэл тоглож чадсан уу?
-Монголдоо анх удаа моно буюу нэг хүний мюзикл жүжгийг амжилттай тавилаа. Ямар болох бол, чадах болов уу гэсэн багахан хэмжээний сандрал байсан. Гэхдээ үзэгчдийн намайг хайрласан, урам өгсөн харцнаас бүхнийг ойлгосон. Энэ жүжиг надад ололт амжилт дагууллаа. 2014 онд болох Францын соёлын өдрүүдэд оролцох урилга ирсэн. Энэ бол уран бүтээлч хүнд маш том боломж шүү дээ.
-Цаашдаа энэ төрлөөр тоглох уу?
-Олон газраас хамтарч ажиллах санал тавьсан. Ер нь баар, рестораны байдалд тохируулаад хүмүүст оюуны таашаал өгч яагаад болохгүй гэж. Зөвхөн драм талаа барихгүй, дуу хөгжимд тулгуурласан жүжиг тоглохыг маш их хүсч байна. Гэхдээ драм байсан болохоор миний жүжиг хүмүүст илүү хүрсэн нь мэдээж.
-Таньд нэг хүний жүжиг тоглох саналыг хэн анх тавьсан бэ?
-“Гэгээн муза” наадам энэ жилээс акдеми болж байгаа. Өөрөөр хэлбэл, олон улсын чанарт шилжиж байна гэсэн үг.”Нэг хүний жүжиг” гэсэн төрлийг шинээр бий болголоо. Тиймээс зохион байгуулагчид илүү анхаарал хандуулж байна. Гадаадаас олон уран бүтээлч өрсөлдөнө. Тиймээс акдеми өнгөрсөн арваннэгдүгээр сард энэ төрлийг сонирхож байгаа уран бүтээлчид, оюутнуудын дунд сургалт явуулсан юм. Дэлхийн шилдэг зохиолуудыг орчуулж, бидэнд санал тавьсан. Тэр дундаас миний сэтгэлд хүрч, догдлуулсан нь “Би Эдит Пиаф байна” зохиол.
-Энэ зохиолоор үзэгчдэд юу хэлэхийг хүссэн юм бол?
-1915-1963 оны үед амьдарч байсан түүхэн хүн. Маш сонирхолтой, унаж боссон амьдралтай бүсгүй. Гудамжны хатуу ширүүн амьдралаас алдрын титмийг өмсөж чадсан ухаалаг эмэгтэй. Хэрцгий хүнд тэгсэн мөртлөө ялгуун гайхалтай амьдрал түүнийх байсан. Түүний тухай кино бий. Өөрөө ч дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн. Эдит Пиаф судалж, киног нь үзэхэд өөрийн эрхгүй нулимс урсч байсан. Тэр жижигхэн биетэй, турьхан эмэгтэйд хүнийг чин сэтгэлээсээ хайрлах агуу сэтгэл цогцолсон. Түүний хэлсэн үг байдаг. “Би дурлалгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй. Энэ дурлалын хүчээр миний дуунууд төрсөн юм” гэж. Үнэхээр түүний дуунуудыг сонсоход бага нас нь хэрхэн өнгөрсөн, анхны эр хүн нь хэн байсан, амьдралын хүнд хэцүү үед хажууд нь хэн байсан зэрэг бүх л түүхийг нь мэдэж болно. Тийм ч учраас хатуу бүхнийг зөөллөж амжилтанд хүрч чадсан. Тэр бүхэн нь миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөсөн. Дүрийг нь бүтээхсэн гэж хүсч тэмүүлсэн.
-Дүрийн судалгаа хийж байхад Эдит Пиафын амьдрал, таны амьдрал хоёрт төстэй зүйл байв уу?
-Яаж төстэй байхав. Тэр чинь агуу хүн шүү дээ. Харин уран бүтээлч гэдгээрээ төстэй байж болох юм. Уран бүтээлч хүн бүхэн зорьсондоо хүрэх гэж тэмүүлдэг. Эдит Пиаф зан ааш минийхээс тэс өөр. Би бол маш хүмүүжилтэй. Сурган хүмүүжүүлэгч гэр бүлд өссөн хүн шүү дээ.
Миний амьдралд дандаа л “Болохгүй, болохгүй” гэсэн дүрэм үйлчилдэг байсан. Харин түүний амьдралд, ядаж үгийн санд нь ч “болохгүй” гэдэг үг байгаагүй. Маш эрх чөлөөтэй, хүссэнээрээ амьдардаг, хүссэнээрээ хайрлаж дурладаг, цаг ямагт өөрийнхөөрөө байж чаддаг задгай амьдралтай бүсгүй.
-Тайзан дээр олуулаа тоглодог. Харин хажууд чинь хэн ч байхгүй ганцаараа тоглоход ямар байсан бэ?
-Тайзны бүтээл хамтынх байдаг. Хажуудаа жүжигчинтэй, харилцаад тоглоно гэдэг өөр. Ганцаараа тоглоно гэдэг бас л шинэ мэдрэмж байсан. Жүжигчнээс чансаа шаарддаг юм билээ. Бүх зүйлээ шавхсан. Анх зохиолоо авчихаад найруулагчаа сонгох гэж нэлээд бодсон. Ямар найруулагч надтай хамтарч энэ зохиолыг ойлгож, хүмүүст хүргэж чадах вэ гэдэг асуултын өмнө ирсэн. Тэгээд Ч.Баатар найруулагчийг сонгосон. Агуу сэтгэлгээтэй хүн шүү дээ. Яг энэ чиглэлээр мэргэшсэн гэж болно. Миний саналыг сайхнаар хүлээж авсан. Миний сонголт зөв байсан.
-Жүжиг дотоод хүнд чинь хэрхэн нөлөөлөв?
-Санаж, бодож, хичээвэл бүх зүйл болдог юм байна. Миний дотор нэг мөрөөдөл байсан юм. Тэр нь мюзиклд тоглох. Би санасандаа хүрлээ. Гэхдээ уран бүтээлч хүн хэзээч цаддаггүй. Дахиад бүхэл бүтэн том мюзиклд тоглох хүсэл байна.
-Өөртөө амралт өгөхгүй нь ээ?
-Амрах эрхгүй болчихоод байна./инээв/ Олон зорилгыг өөртөө тавьсан болохоор хөдөлмөрлөх хэрэгтэй. Уг нь манай уран бүтээлчид нэг жүжигт ажиллаад хэсэг хугацаанд амарч, алжаалаа тайлдаг. Миний хувьд амрах боломж олдохгүй л байна. Франц хэл сурах том ажилтай/инээв/. Бас жүжгийнхээ дуунуудыг дуулж сурмаар байна.
-Ингэхэд та яагаад дуучин болоогүй юм бэ?
-Манай аав их сайхан дуулдаг хүн байлаа. Дуу миний хобби. Аавыгаа миний урлагийн замыг нээж өгсөн гэж боддог. Биднийг үлгэрээр хүмүүжүүлсэн. Үлгэрийнхээ дүрүүдэд хувирч, өөрөө гол дүрийн баатар болоод тоглодог байсан нь санаанаас гардаггүй. Багадаа орос дуу дуулдаг байсан. Анх “Чингис хаан” рок дуурийн Хуагчин эмгэний дүрд дуулсан.
-Аавынхаа үгэнд ордог сайн охин байж чадсан уу?
-Сурган хүмүүжүүлэгч хүн байсан болохоор хүнд худлаа ярьж болохгүй, шударга бай гэж сургадаг байсан. Би аав, ээжийнхээ үгнээс гарч үзээгүй. Тэднийхээ заасан замаар л амьдарч байна. Тэглээ гээд алдсан зүйл байхгүй. Ер нь эцэг эхчүүд үр хүүхдийнхээ ирээдүйн замыг харчихсан юм шиг дандаа л зөв зөвлөгөө өгдөг шүү дээ. Одоо ч ээж минь намайг бэлтгэлтэй байгаад шөнө ирэхэд сэтгэл нь зовниж цаг хэд болж байгааг мэдэж байна уу гээд сууж байдаг юм.
-Тэгвэл ээж шигээ сайн ээж байж чадаж байна уу?
-Яг одоохондоо манай гэр бүлд юу болж байгааг мэдэх сөхөөгүй л ажиллаж байна. Хүү минь арваннэгдүгээр ангид орчихлоо. Энэ хугацаанд ээжийнхээ үүргийг шаггүй биелүүлсэн гэж боддог. Хүүгээ ганцаардуулж, хайраар дутааж байгаагүй. Гэхдээ эмээ эгч хоёрынх нь хүч их байсан.
-Хүн бүхэн өөрийн гэсэн замналтай. Та үүнд итгэдэг үү?
-Би ч гэсэн өөрийнхөө замналаар л амьдарч байна. Хүн бүхэнд өөр өөрийн төөрөг гэж байдаг гэдэгт итгэдэг. Анх сургуулиа төгсчихөөд “Орчин үе” театрт хэдэн жил ажилласан юм. Тэр үед Б.Мөнхдорж найруулагч “Чи драмын театрт л байх ёстой, Т.Цэвээнжав эгчийн залгамж болж тэнд ажилла” гэж намайг урьж байсан. Гэхдээ би Т.Цэвээнжав эгчийн хаана нь ч хүрэх болоогүй.
-Та харьцангуй орой гол дүр бүтээсэн юм шиг санагддаг?
-Маш олон жилийн дараа бүтээсэн. Яагаад гэвэл бидэнд одооных шиг ийм хурдан олонд танигдах боломж байгаагүй. Жилд ганц нэгхэн жүжиг л тавьдаг байсан. Зурагт радио ховор, клип гэдэг зүйл байгаагүй. Хэрвээ одоогийнх шиг ийм олон боломж байсан бол ганц нэг клипэнд тоглож, хүмүүсийн наана цаагуур гүйж байгаад олны танил болчих шанс байсан байх. Бидний үеийнхэнд тийм боломж байгаагүй. Олон сайхан жүжигчид дарагдсан. Тэр болгон гол дүр авч чаддаггүй байлаа. Миний хувьд ихэвчлэн туслах дүр бүтээсэн. Тэглээ гээд шантраагүй. Бусад жүжигчид маань хувийн продакшн байгуулаад явж байхад би театраа сахиад л үлдсэн. Ц.Гантөмөр багш маань “Чи драмын театртаа л байх хэрэгтэй шүү, чи драмын л хүн”гэж байнга захидаг байсан. Багшийнхаа сургаалийг л дагасан. Үгнээс нь гарах зориг зүрх хүрээгүй. Олон жил юу ч хийхгүй байна даа гэж дотроо бачуурч явсан. Гэхдээ жижиг дүрүүд бүтээгээд л байсан. Одоо бол тэр бүхэн надад асар том туршлага болж байна. Жижиг дүрээр том зүйл хэлж болдгийг ойлгосон.
-Магтаал шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Шүүмжлэлийг хүлээж аваад, өөртөө дүгнэлт хийдэг. Миний яг юу болохгүй байна, яавал засах вэ гэж боддог. Харин магтуулахаар ичээд байдаг юм /инээв/.
-Амьд урлагаас юуг мэдэрч байна?
-Амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэмжийг авдаг. Тайз бол амьд урлаг. Хүмүүстэй шууд харилцдаг. Ямар нэгэн хуурамч зүйл байхгүй. Үзэгчдэд уярал ухаарлыг өгдөг.
-Таны дутагдал юу вэ?
-Ёстой хэцүү асуулт байна. Тэр талаар бодож байгаагүй юм байна. Би тайван талдаа. Энэ нь хааяа дутагдалтай чанар болчих гээд байх үе бий.
-Ганцаардлын тухай ямар бодолтой явдаг вэ. Та нь ганцаарддаг уу?
-Ганцаардах үе гаралгүй яахав. Хааяа ганцаардах дуртай. Ганцаардах, ганцаараа байх хугацаанд олон зүйлийг боддог. Харин одоо ганцаардах зав гарахгүй явна.
-Жүжигчин гэдэг нэр хүндийг ямар үнэ цэнээр олж авсан бэ?
-Хувийн амьдралаа хойш нь тавьж байж, энэ нэр хүндийг олж авсан юм шүү. Хэрвээ гэр бүлээ гээд явсан бол өдийд ямар хүнтэй учраад, яаж явах байсныг мэдэхгүй. Аягүй бол чи хурдан ирээч, үр хүүхдээ асар, надад хоол хийж өг гээд араас хашгирах ч байсан юм билүү.
-Харамсдаггүй гэж үү?
-Одоохондоо харамсах сэтгэл төрөхгүй байна. Би хараахан хөгшрөөгүй байна. Уран бүтээлээ хийгээд явж байгаа болохоор энэ тухай бодож амжаагүй юм байна шүү.
Ч.Гантулга