Тун удахгүй Олон улсын инээдмийн баяр болох гэж байна. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг энэ өдрийг угтан хошин урлагийн дунд үеийн төлөөлөл болох “Х-ТҮЦ” продакшны захирал, СТА жүжигчин Н.Ононг урьж, ярилцлаа. Хүүхэд болон эмэгтэйчүүдийн дүрийг чадварлаг бүтээдэг энэ эрхэмд монголчууд дэндүү хайртай
. -Та аль нутгийн хүн бэ гээд ярилцлагаа эхэлбэл дэндүү хуучинсаг үзэлтэй санагдах болов уу?
-Үгүй ээ. Би Улаанбаатар хотод төрсөн. Гарал угсаа маань Хэнтий аймгийн Бат-Ширээт сумын Онон гурван харуулынх. Бат-Ширээт сум хилийн залгаа шүү дээ. Манай өвөг эцэг маань харуул занги. Дараагийн үе нь лам хүмүүс байсан.
-Сүүлийн үед удам судар, ургийн бичиг хөтлөхийг чухалчилдаг болж. Харин таны хувьд өвөг дээдсээ хэр мэддэг вэ?
-Нэг их олон үеэ мэдэхгүй. Өөрөөсөө дээшээ гурван үеэ л мэддэг. Манайхан ургийн бичиг хөтөлдөггүй. Энэ бол том эмгэнэл шүү. Гэтэл ах дүү нар маань модны мөчир шиг салбарласан байгаа. Тэр олныг би мэдэхгүй. Харин хүүхдүүдээ тусдаа гарахад нь цаад хүмүүсийнх нь ураг төрлийг сайн лавлаж, асуух хэрэгтэй байх гэж би эхнэртэйгээ ярьдаг. Цус ойртох аюултай шүү дээ. Энэ тал дээр миний үеийн залуус илүүтэй анхаарах хэрэгтэй.
-Та аав, ээжээсээ хэдүүлээ вэ?
-Миний аав, ээж хоёр хоёулаа эмч мэргэжилтэй. Би айлын отгон хүү. Дээрээ ганц эгчтэй.
-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ. Ямар түүх өгүүлэх бол…?
-Түүх энэ тэр байхгүй. Би нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг дүүргэсэн. Аравдугаар ангиа төгсөөд л гэнэт жүжигчин болъё гэж шийдсэн. Хүмүүс шиг багаасаа мөрөөдөж байгаагүй.
-Манай улсад хошин урлагийн хамтлаг, продакшнууд байгуулагдаад 20 орчим жилийг ардаа үджээ. Харин хөгжлийн шатаар нь хэмжвэл хэр зэрэг байна вэ?
-Шинэ цагийн хошин урлаг гэвэл илүү оновчтой байх. Түүнээс хошин урлагийн төрөл аль дээр буюу хүн үүссэн тэр цагаас эхлээд л бий болсон зүйл. Харин хүмүүс хошин шог гэж ярьдаг. Түрүү үед бүрэн утгаар нь биш байгууллагууд урлагийн үзлэгийг шог гараа гэх мэтээр нэрлэж байсантай холбоотой байх. Харин шинэ цагийн хошин урлаг үүсээд 20 орчим жил болж байна. Маш их гэнэдэж, алдаж онодог насан дээрээ явна даа.
-Цаашид хошин урлагийн хөгжлийг ахиулахын тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байна?
-Зах зээлийн жамаараа өөрөө хөгжөөд явах ёстой. Цаашид бодлогын чанартай зүйлийг хийх шаардлагатай байгаа. Гэхдээ бидний хувьд бодлогын чанартай зүйл хийх ямар ч цаг зав алга. Одоо бол цэвэр уран бүтээлдээ анхаарлаа хандуулж явна. Магадгүй нас ахисан үед бодлогын чанартай зүйл рүү орох байх.
-Таныг хошин урлагийн дунд үеийн төлөөлөл гэдэг. Гарын шавь бий юу?
-Надад шавь бэлдэх гэсэн ойлголт байдаггүй. Урдах ажлаа дийлэхгүй байна. Юун хүний хувь заяагаар тоглох вэ. Харин манай продакшны залуучууд бид нараас тодорхой хэмжээнд суралцаж яваа байх.
-Х-ТҮЦ продакшныг Онон, Аглуу, Одноо гуравгүйгээр төсөөлөхөд бэрх гэдэг. Тэгэхээр залуу жүжигчдийн авьяас, чадварыг хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна?
-Манай продакшнаас залуучууд тодорхой хэмжээнд ур чадвартай болоод жигүүр ургаад л гардаг. Тиймээс зааж, сургаж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгодог шүү.
-Танай продакшны ойрын болон хэтийн төлөвлөгөөг сонирхвол?
-Продакшныхаа төлөө өөрийгөө золиослох зүйл их гарах юм. Манай продакшныхан ирэх сарын 18-наас эхлэн Тайваний алдарт зохиолчийн туужийг жүжгийн зохиолд оруулан тоглох гэж байгаа. Энэхүү зохиолд манайхан бүгдээрээ тоглоно. Гаднаас Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Ш.Дэлгэржаргал, жүжигчин Н.Ялалт нар урилгаар оролцож байгаа. Харин миний хувьд арын ажлыг нь амжуулж байна. Жүжигт тоглохгүй. Арын албаны ажил ч үнэ хүндгүй. Яг л гэрийн эзэгтэйн ажил шиг. Хоёр дахь томоохон бүтээлдээ оролцож чадахгүй болоод байна. Өмнө нь би “Аянгын бороо” жүжигт хүртэл арын албанд ажилласан. Тиймээс өөрийгөө зайлшгүй хойшоо тавих шаардлага гараад байгаа. Түүнчлэн бид олон нийтийн мэдэхгүй сонгодог бүтээлийг хүргэх дуртай. Түүнээс хүмүүсийн мэддэг зүйлийг нөгөө талаас харуулаад хийхийг хүсдэггүй. “Х-ТҮЦ” продакшны хувьд Дорно дахины сонгодог бүтээлийг илүүтэй хүргэе гэдэг зорилгыг баримтлан ажиллаж байна.
-“Х-ТҮЦ” продакшныхан урын сандаа хэчнээн бүтээлтэй болж байна вэ?
-Тэр тоог нарийн сайн мэдэхгүй. Би ийм нарийн тоо гаргах дургүй. Одоо цаг зав тааруухан байна. Тэтгэвэрт гарчихаад бүтээлүүдээ эмхэтгэхээс дээ.
-Та уран бүтээлийн чанарт шалгуур тавьдаг уу?
-Хамгийн чухал нь уран бүтээлийн чанар шүү дээ. Зах зээл гэдэг бол өөрийн хувийн л асуудал. Хөндлөнгөөс хүн орох хэрэггүй. Гэхдээ 10 хоногт багтаагаад кино хийж байна. Өнөөдөр өөрт нь болж байгаа юм шиг боловч өрөөл бусдад хортой. Тиймээс уран бүтээлчийнхээ нэр хүндийг байнга хадгалж, нандигнаж явах ёстой. Нийгэмдээ зөвөөр үлгэр дуурайлал үзүүлж явах хэрэгтэй.
-Сүүлийн үед хошин урлагийн хамтлаг, продакшн олширч байна. Тэднээс ялгарахын тулд ямар онцлогтой байх ёстой вэ. Ер нь танайхны хувьд ямар онцлогоороо ялгардаг гэж боддог вэ?
-Манайх их онцлогтой. Би энэ онцлогийг хэлэхгүй. Манайх, танайх ийм онцлогтой гээд ярихаар ёс зүйн хувьд онцгүй байх. Харин анх продакшнууд үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд ямар нэгэн онцлог харагддаггүй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам хувь хүмүүс нь өөр учир өөрийн гэсэн ялгарах онцлогтой болж эхэлсэн. Продакшнуудын онцлогийн талаар би дүгнэлтийг өгч чадна. Гэхдээ олон нийт өөрийн гэсэн үнэлэмж, үнэлгээг өгөөд сууж байгаа. Магадгүй энэ талаар тэтгэвэрт гарахдаа ярина.
-Одоо хэлэхээр яагаад байна. Тэтгэвэрт гарсан хойноо ярьвал хожимдох юм биш үү?
-Болохгүй. Тэр үед л ярина. (инээв)
-Жүжигчин Ононгийн бүтээсэн зүйл энэ гээд ярьвал сонин байна?
-Энэ продакшны хийж, бүтээж байгаа бүхэн надтай хамааралтай. Мэдээж зуун хувь биш шүү дээ. Тиймээс чанартай, сайн бүтээл хийхийг зорьж явна. Магадгүй алдаж, онох зүйл байгаа байх.
-Уран бүтээлч хүний мөрөөдөл ч олон хүний сонирхлыг татах байх шүү?
-Уран бүтээлчийнхээ хувьд асар их мөрөөдөлтэй. Хэлбэл намайг шоолох байх. Тиймээс хэлэлгүй өөртөө үлдээчихье. Харин хувь хүнийхээ хувьд амар амгалан сайхан амьдрах. Дан ганц би гэлтгүй бүх хүн ингэж мөрөөддөг. Иймээс манай улс бушуухан хөгжөөд ард иргэд нь амар амгалан сайхан амьдраасай. Олон нийт дандаа л уур уцаартай, хөмсөг нь атиралдсан алхаж явна. Энэ бүхэн ахуйгаасаа хамааралтай. Тэгэхээр төр засаг маань хурдан учир зүйгээ олоод, зөв гольдрилдоо ороод яваасай. Мэдээж тодорхой хэмжээнд өөрчлөлт гарч байгааг үгүйсгэхгүй. Дэвшлийг нь нэрлэвэл Монгол Улс тамхинаас татгалзаж чадлаа.
-Та тамхины тухай хуулийг хэр хэрэгжүүлж байна?
-Хэрэглээ их багассан. Татаад байх газар нь алга. Энэ бол их зөв зүйтэй шийдвэр. Тиймээс тамхиа хаяна. Тамхиа хаяхгүй бол хожмоо хүүдээ боль гэж хэлэх үндэслэлгүй болно. Гэхдээ би гэртээ хүүхдүүдийнхээ дэргэд тамхи татдаггүй. Монголчууд хуулийг хэрэгжүүлдэг болжээ. -Хошин урлагийнхны зарим бүтээл шүүмжлэл дагуулах нь бий
Дуулж чадахгүй байж дуулдаг. Бүжиглэж чадахгүй байж бүжиглэдэг. Өөрөөр хэлбэл, бүжигчин, дуучин биш байж гэх зэргээр шүүмжилдэг. Харин та үүнийг юу гэж боддог вэ?
-Ер нь би хийж, бүтээж байгаа хүнийг шүүмжлэх их дургүй. Хийж, бүтээж, хөдөлмөрлөж чадахгүй байж шүүмжилдэг хүмүүс больчих л хэрэгтэй. Жүжигчин хүн дуулж, бүжиглэж болохгүй гэсэн зүйл хаана байна вэ. Мөн улсаас бид ямар ч дэмжлэг авдаггүй. Бараг салбарын яамаа хаана байгааг ч мэддэггүй. Тиймээс бид өөрсдийгөө л болгож явна. Данц ганц хошин урлагийнхан ч гэлтгүй чөлөөт уран бүтээлчид бүгд хамрагдана. Жинхэнэ зах зээлийн мөн чанараар явж байна. Тиймээс ямар нэгэн алдаа, оноо байгаа шүү дээ. Хийж хэрэгжүүлж, бүтээж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрт алдаа бий. Алхаж байгаа юм чинь алдахгүй яах юм бэ. Харин алхахгүй суугаад байвал бүдрэхгүй байх л даа.
-Хошин жүжгийн зохиолч гэж манайд байдаггүй. Зохиолоо та нар өөрсдөө бичдэг үү?
-Хошин урлагийн төрлөөр бичсэн зохиол алга. Зохиол нь олдохгүй байна. Олдсон ч зохиол нь гологдож байна. Хүн инээлгэнэ гэдэг амар ажил биш. Тиймээс энэ төрлийг бариад авах хүн ховор байна шүү дээ.
-Жүжгийн зохиол, найруулга тал дээр та бүхэн хэрхэн ажилладаг вэ?
-Өөрсдөө чадах чинээгээрээ л болгож байна. Гэтэл улсын байгууллага өөрийн гэсэн зохиолч, найруулагчтай байна. Бүх зүйл дээр өөрийн гэсэн хүнтэй.
-Дуучид дууны үг, аяаа өөрсдөө бичээд дуулчихдаг болж. Харин та жүжгийн зохиол бичиж үзсэн үү?
-Маш тааруу. Оролдож үзсэн. Бүтэхгүй юм байна билээ. Би бодохдоо Оросод сургууль төгссөнтэй холбоотой байх гэж боддог. Учир нь монгол хэлний үгийн сангийн баялаг муутай. Гэхдээ төгссөн сургуулийн буруу биш л дээ.
-Та хэр их ном уншдаг вэ?
-Өмнө нь дандаа орос ном уншдаг байсан. Жүжигчний ангид ороод л монгол ном уншдаг болсон. Одоо бол уншина шүү.
-Ар гэртээ, үр хүүхэддээ цаг зав гаргахдаа хэр вэ. Аль эсвэл цэвэр уран бүтээлийн мөрөө хөөж байна уу?
-Манай эхнэр надад тэг тавих байх. Хүүхдийн сурлага, хүмүүжил, ар гэрийн бүхий л асуудлыг эхнэр маань хариуцдаг.
-Урлагийн ажил үнэхээр хэцүү, хүнд мэргэжил гэх зэргээр яриад хүмүүс их халаглах юм. Таны хувьд?
-Хэцүүгүй зүйл гэж юу байх вэ дээ. Хамгийн чухал нь сэтгэл. Хэрвээ сэтгэл зүрхээ зориулж чадахгүй бол урлагийн ажил явахгүй. Тиймээс бүхий л бүтээлийн сайн мууг үзэгчид л дүгнэнэ.
-Таныг хүүхэд болон эмэгтэйчүүдийн дүрд тоглодог болохоор үзэгчид их хүндлэх юм. Дүрээ ийм сайхан амьдруулж чадаж байгаагийн нууц юу байна вэ?
-Нэг мэдсэн чинь хүүхэд, эмэгтэйчүүдийн дүрд их тоглодог болчихсон байна билээ.
-Эмэгтэй хүний дүрийг бүтээгээд байхаар гэр бүлийн тань хүн яаж хүлээж авдаг вэ?
-Манай гэрт урлагийн тухай ямар ч яриа өрнөдөггүй.
-Тийм үү. Их сонин юм. Яагаад?
-Би ярих сонирхолгүй. Учир нь манай гэрт надаас өөр урлагийн хүн байхгүй. Хоногийн 24 цаг урлаг яриад байж болохгүй шүү дээ. Тиймээс гэртээ гэр бүлийнхээ талаар л ярих ёстой. Уран бүтээлчдийн гэр орон нь нэг л өөр байдаг. Өөрөөр хэлбэл, тоглолтын үеийн зураг гэх мэт зүйл байдаг. Харин манайд бол байдаггүй.
-Хүмүүс мэргэжлээ үр хүүхэддээ өвлүүлнэ гэж ярьдаг. Харин та үүнийг юу гэж боддог вэ?
-Манай том охин эдийн засгийн чиглэлээр сурдаг. Хүү маань урлагийн хүн болох сонирхолтой. Гэхдээ би болж өгвөл өөр мэргэжлийн хүн болоосой л гэж бодож байна. Урлагийн мэргэжил сайхан хэрнээ ямар ч цаг нар байдаггүй. Цаг наргүй хөдөлмөрлөж байж, үр дүн гардаг.
-Сэдвээсээ жаахан хазайхад сүүлийн үед Монголоо гэх омогшил их төрөх болжээ. Хүн болгон л ингэж ярьж байна. Гэхдээ зөв омогшихоосоо илүүтэй хэт их туйлшраад байгаа юм шиг санагдах юм?
-Эх орноо гэдэггүй монгол хүн байдаггүй байх. Ялангуяа манайх шиг цөөхүүлээ хүмүүс илүү үндсэрхэг үзэлтэй. Том гүрнүүдэд ийм үзэл байдаггүй байх.
-Таныг морь уядаг гэж дуулсан юм байна. Хэзээнээс морь уяж, уралдуулж эхлэв?
-Миний өвөг эцэг болон аав маань морь уядаг байсан. Би морь уях гэж үзсэн. Сүүлдээ морь уяна гэдэг чинь мөнгөтэй хүний ажил юм байна гээд больсон. Гэхдээ уналганы цөөн хэдэн адуу байгаа. Би зурагтаар хурдан морины уралдаан ч үзэж чаддаггүй. Хүй долоон хутагт ч очдоггүй. Аавтайгаа байсан үе маань сэтгэлд дэндүү ойрхон буудаг болохоор очиж, үзэж чаддаггүй. Маш их эмзэглэл төрдөг. Морьд маань нагац ахынд маань байдаг. Хүүгээ өнгөрсөн жилээс эхлээд сар гаруй хугацаанд морьтой ойрхон байлгах болсон. Энэ жил хүртэл хүүгээ явуулна. Хүү маань ч бас сонирхолтой байгаа. Эр хүн чинь морины болоод монгол ахуйн дөртэй байхгүй бол болохгүй. Орчин үеийн хүүхдүүд хэт глобальчлагдаад байна. Тиймээс Монголоо гэх сэтгэлгээ нь үгүй болно. Би хүүгээ унаганд чирэгд, хөлөө гишгүүлэхээр ямар аймаар өвдөг болохыг мэдэр гэдэг юм.
-Хүү тань хэдэн настай вэ?
-10 настай. Манай хүү гадаад хэлний сургалттай сургуульд сурдаг. Тиймээс монгол ахуйгаасаа хөндийрчих вий гэсэн болгоомжлол төрдөг. Тиймээс хөдөө явуулдаг.
-Тантай ярилцаж суухад дэндүү зөөлөн уяхан хүн юм даа гэсэн сэтгэгдэл төрж байна?
-Миний ойр дотны болоод надтай зөрж байгаа хүн бүр сайхан амьдраасай гэж би сэтгэлээсээ хүсдэг. Зурагт үзээд сууж байхад зүрх эмтэрмээр зүйл их гарна. Гэвч би их азтай хүн. Аав, ээж хоёр маань сэхээтэн. Зах зээлийн үеийн картын бараатай байхад хэцүү байсан гэлцдэг. Гэхдээ би үүнийг мэдрээгүй.
Аав, ээж хоёр маань намайг хоол унд, хувцас хунар, эдэлж, хэрэглэх зүйлээр дутааж үзээгүй. Хүмүүс ямар амьдрал туулсан, үзсэн нь хамаагүй. Их л ухаантай амьдрах ёстой. Хүн мөнх сайхнаараа явахгүй. Тиймээс үг, үйлдэл, бодолдоо хүртэл ухаантай байх ёстой.
-Сүүлийн үед бөө, удган их төрж байна. Гартаа, хүзүүндээ том эрхи зүүсэн хүнийг бөө, удган, лам гэсэн нүдээр харах юм. Таны гарт хүртэл том бор эрхи байна?
-Энэ эрхийг сүсэг бишрэлийн үүднээс зүүсэн. Бурханч лам Г.Пүрэвбат багшийн хоёр жил гартаа зүүсэн эрхийг нь гуйж авсан юм.
-Та бид хоёрын яриа өндөрлөж байна. “Инээдмийн баяр”-аар ямар арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-СТӨ-нд тоглолтоо хийнэ. “Улаанбаатар палас”-т хошин урлагийнхны нэгдсэн тоглолт болно. Энэ ажлыг Н.Ариунболд, Ц.Хүсэлбаатар хоёр маань хариуцан ажиллаж байна.
Б.Пүрэвжав