Нэгэн хэсэг дууны шүлгийн “мөнгөний машин” гэгдэн "энэ Ган-Очир мөнгөний төлөө “Ган үзэг”-ээ хэн нэгний захиалгат дуугаар худалдаж байна" хэмээн их л ярьсан.Харин тэрээр энэ бүхний хариуд юу ч хэлэлгүй чимээгүй өнгөрөөсөн нь цагийн шалгуурт шалгагдаж түүний бичсэн дууны шүлэг бүхэн хит болсон дуу болон мэндэлсэн гэхэд буруудахгүй. Дан ганц дууны шүлэг бус сэтгэл зүрхэндээ тээж явсан найргийн учигаа хэлхэж дурлаж хайрлаж явсан “яруу найргын гэгээн дурлалдаа” зориулсан бүтээлээ туурвижээ. Харин энд нэгэн зүйл сонирхуулж хэлэхэд тэрээр номоо бичихдээ эхнэрээсээ “виз” авсан гэнэ шүү. Ингээд түүний шинэ уран бүтээлийн талаар танд хүргэе.
– Номын нээлтийг сонирхолтой хийнэ гэж дууллаа?
– Бусдын адил л хийнэ. Гэхдээ миний энэ ном их онцлогтой. Эхнэрээсээ зөвшөөрөл авч дурлалын эзэддээ зориулсан гэх үү дээ. Яруу найрагчийн дурлал ямар гэгээн байдаг түүнийг нь ойлгодог.Эр хүний гэргий тэр дундаа яруу найрагчийг ойлгон бүтээл туурвилд нь хэрхэн ханддагыг энэ ном маань харуулсан бүтээл болж яадсан болов уу. Тэгээд энд нэг зүйл хэлэхэд миний номын зураг чимэглэл тэс өөр болж чадсан байх. Учир нь интернэт орчингоос ч юм уу хаа нэгтээгээс хуулбарласан зураг чимэглэл ороогүй. Дандаа судсаар нь ид залуу насны гал халуун цус гүйж яваа залуу уран бүтээлчийн шүлгэнд минь зориулж зурсан зурагнууд бүр тодруулж хэлбэл шүлэг бүрт зориулж зурсан зураг, яруу найрагч анд нөхдийнхөө зурагнуудаар чимсэн. Үүгээрээ маш их онцлогтой болсон болов уу. Тиймээс ирэх сарын эхээр Интерномд нээлтээ хийнэ. Харин их л онцлог болох байх
– Юугаараа онцлог гэж?
– Тэр бүхнийг яруу найраг, утга зохиолд хайртай бүхэн ирээд харах байх. Нэг ном бичлээ гээд түүнийгээ зүгээр л хэн нэгний халаасны өрөөнд тоосонд даруулаад орхих биш тэр номоороо дамжуулаад ухаарал, гэгээн бүхнийг мэдрүүлэх тал дээр анхаарч ажилласан. Тиймдээ ч номын танилцуулгыг дан ганц үзэг нэгт нөхдийнхөө хүрээнд бус утга зохиолд хайртай хэн бүхэнд зориулсан болохоор нэг бодлын хэтэрхий даруухан, нөгөө талаасаа хэт тэсрэлттэй хийнэ гэж төлөвлөж байгаа.
– “Үүлсийн галбир” гэж нэрлэсэн тухайд?
– Бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн тэр гайхамшигт цогц болсон бие галбир энэ орчлонгийн одоо тэр харагдаж байгаа үүлс шиг галбирлаг, тэгээд ч тэр л байгаль эхийн гоо үзэсгэлэнт галбир хүмүүний биенд шингэж яруу найрагчийн бодол ухаанд хөг нэмдэг, гуниг жаргал хослон тээдэг. Тэр бүхнийг олон жил бодож явснаа буулгах гэж хичээсэн гэх үү дээ. Тэгээд ч энэ номыг бичих гэж олон жил бодсон. Гоо үзэсгэлэнд татагддаггүй яруу найрагч бүү хэл эр хүн эмэгтэйчүүд ч бас байхгүй. Хүний тэр гоо үзэсгэлэнт галбирыг байгаль эхээр харуулах нэгэн учиг болгон зангидаж тэртээд сүрэглэн хөвөх үүлсийн галбираар төлөөлүүлсэн гэж хэлж болно.
– Тэгэхээр таны номонд “эртний” хайр дурлал чинь буусан гэж хэлж болох нээ?
– Нэг талаасаа тийм нөгөө талаасаа найз нөхдийнхөө тухай бичсэн шүлэг ч их байгаа. Тэгээд ч яруу найргийн,хайр дурлалыг найрагч хүн номондоо тусгах цаг хэзээд байдгийг, тэр дундаа үзэсгэлэнт байгаль дэлхий,бүсгүй хүн хоёрыг магтах нь мөнхийн сэдэв гэгддэг ч их л бодож байж гаргасан ном болсон.
– Найрагчийг найрагчийн гэргий л ойлгодог гэж нэгэнтээ хэлсэн. Тэр үг тань биелэлээ олсон хэрэг үү?
– Тийм. Яруу найрагчийн гэргий хамгийн дотно шүүмжлэгч байдаг.
– Олон бүсгүйд дурлаж явсан уу?
– Яруу найрагаар бол зөндөө зөндөө. Харин амьдрал дээр ганц. Тэр нь миний гэргий
– Эхнэрээсээ “виз” авч бичсэн хэрэг үү?
– Тийм гэж хэлж болно. Бичсэн шүлгийн ноорог болгоныг минь эхнэр маань уншиж утга зохиол, яруу найрагтай минь хардах үе байсан л байх. Харин надад энэ амьдралдаа хоёр сайхан үрдээ итгэдэг болохоор тийм хэрэггүй хар даанч миний ханьд байдаггүй болохоор энэ номоо бичихэд минь харин ч их тусласан.
Д.Батсүх