УИХ-ын гишүүн асан Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч Л.Одончимэдтэй ярилцлаа. Энэ удаад түүнтэй улс төр, эдийн засаг бус харин “онигооны авдар”-аас нь уудлалцсан юм.
-Таныг онигоо гэдэг үгийг анх хэвлэлд нийтлүүлсэн. Баруунаас онигоо импортлож, бас монгол хошин яриаг ном болгосон гэж И.Цэрэнжамц гуай ярьж байсан. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол таны тухай “Онигооны авдар” гэсэн нийтлэл бичиж байсан санагдаж байна. Эндээс яриагаа эхлэх үү?
-Түрүүчийн тогтолцооны үед чинь элдэв хошин шог ярих бараг хориотой. Шог яриа нь дандаа дарга нараа шоолсон бас зөвлөлтийн удирдагчийн тухай голдуу байлаа. Тэгээд олны дунд элдэв юм яривал хэн нэг нь цааш нь матчихдаг сонин үе байлаа шүү дээ. Эсвэл онигоо гэж дандаа бүсэлхийнээс доош яриа гэж ойлгох үе ч байсан. 1969 онд Москва, Ленинград, Киев, Бакуд нийт зургаан сар сурч, орос ах нараас онигооны авшиг хүртсэн юм. Дараа нь Прагад гурван жил суралцаж пийвний газарт Зүүн Европын холимог онигоонд мэргэшсэн гэж болно. “Тоншуул”-ыг амьд байхад “Нутаг нутгийн шог” буланг анх нээж хөдөөний явган шогийг нийтлүүлж эхэлсэн. Гэхдээ “Тоншуул” үхчихээгүй, унтаж байгаа. 1990-ээд оны эхнээс “Гурван бөхтэй тэмээ” нэртэй цуврал дөрвөн ном гаргасан. Анхны номын өмнөх үгэнд богино өгүүллэгийн мастер Ж.Лхагва “онигоо” гэдэг үгийг анх хэрэглэсэн юм. Тэгээд л би онигоо гэдэг үгийг монгол шиг хэрэглэж эхэлсэн. Дараа нь “Шигшмэл-300”, “Шилдэг 1000” онигооны ном гаргалаа. Нутгийн шогдоо суурилаад “Хоржоонтой дурсамж” ном бичив.
Өөрийнхөө дурсамжийг шог хошин өнгөөр бичиж болох нь уу гэж туршсан юм. Д.Цоодол тэр номыг уншаад намайг “Онигооны авдар” гэсэн шүүмж бичсэн. Дараа нь “Тоншуул”-ынхан инээдмийн өдрөөр онигооны тэмцээн явуулж эхэлсэн юм. И.Цэрэнжамц намайг “Чи л монголд онигоо тараасан” гэдэг юм. Тэр өөрөө харин онигооны профессор. И.Цэрэнжамц маш их уншдаг, сэтгэл зүй судалдаг, философич хүн. Хүмүүс зүгээр л нэг марзан амьтан гэж боддог байж магадгүй. Тэгвэл И.Цэрэнжамц хэнтэй ч, ямар ч сэдвээр ном хаялцвал чадна шүү.
-Онигоог ер нь чухам юу гэж үзмээр юм бэ. Бусад оронд хэр их дэлгэрсэн байдаг юм бол?
-Онигоо гэдэг нь болсон үйл явдлаас сэдэвлэж ончтой зохиосон, эсвэл үйл явдал өөрөө онигоо болж үлдсэн, гэнэ алдаж, эсвэл хошигнож хэлсэн үг гээд олон зүйлээс бүтдэг. Онигоо өөрөө ёс зүйтэй, ярих газартай, дэлхийд хүндтэй сонирхолтой ухагдахуун. Ер нь Т.Галсангийн хэлсэнчлэн үхрийн махыг үнхэлцэгт нь чихсэн, зузаан романыг зургаан үгэнд багтаасан ард түмний оюун ухааны хамгийн шигшмэл дээж нь. Бас ухааруулах өнгө аястай.
Ер нь дээж үг хэллэг олон байдаг бол онигоо хүнийг инээлгэж ухааруулдгаараа, бас мартагддаггүйгээрээ онцлогтой. Онигоо бүрт заавал нэг бодох юм бий. Хошин шогийн өндөр мэдрэмжтэй монголчууд өдөр тутам онигоо зохиож, онигоонд орж, эсвэл хэн нэгнийг оруулж байдаг. Онигоо бол чөлөөт сэтгэлгээний нэг илрэл. Ажиглаад байхад онигоо тив, тивээрээ, улс орноороо янз янз хөгжсөн байдаг. Хятад, Япон, Солонгос гээд азийн орнуудад онигоог бараг мэдэхгүй. Тэдэнд онигоо яривал яг л үнэн гэж ойлгоно. Тэдэнтэй тоглож болохгүй. Японы парламентын гишүүдэд “Би 100 адуутай, өглөө мориор ажилдаа явдаг” гэж ярихад шууд л “хай, хай” гээд л үнэмшээд байх жишээтэй.
Солонгосын парламентын гишүүн найз нөхөд миний “1000 онигоо” номыг хэвлэж өгье гээд орчуулаад өгсөн чинь, УИХ-ын гишүүн, сайд хүн ийм ном гаргаж болдог юм уу гээд хэвлэлийнхэн нь айгаад гаргаж өгөөгүй. Америк онигоо гэж үлбийсэн юм байдаг. Уг нь дэлхийн дээрэмчид цугларч байгуулсан тэр оронд их сайн онигоо баймаар юм. Европт бол арай дээр. Гэхдээ л сул. Инээд хүрмээргүй юманд элгээ хөштөл хөхрөлдөөд байх жишээтэй. Болгар, Польш, Чехэд арай дээрээ. Тэд ядахдаа онигооны ном гаргадаг. “Уулынхан” хочтой Кавказынхан хамгийн сайн онигоотой. Тэнд монголчуудын мөр бий.
За тэгээд Оросууд сайн. Онигоог жаахан юм балгах үед эхэлж үүсдэг гэж яригддаг тал ч бий. Харин алба, амины ажил бүтээх гэж бусадтай сэтгэлээ нээхэд онигоо түлхүүр болж өгдөг. Орчин үед соёлт хүн төрөлхтний өдөр тутмын харилцааны хамгийн сайн хэрэглээ гэж болно.
-Онигоог чухам хэн зохиодог юм бэ. Таныг бас онигоо зохиодог, бусдыг онигоонд оруулдаг гэж их ярьдаг юм билээ?
-Онигоо миний хобби. Надад номын цуглуулга, янз бүрийн хэл дээр бичсэн олон мянган онигоо бий. Онигоо бол ардын аман зохиолын нэг хэлбэр. Яг л ардын дуу шиг. Амнаас ам дамждаг эзэн биегүй. Далан худалч, Бэлэн Сэнгэ, бадарчингийн яриа, Дундад Азийн Насрединүүд, Оросын Сидоров, Вовка, еврейн Рабинович бол онигооны баатрууд. Харин амьдрал дээр хэн нэгнийг тэдний оронд тавьж шоолж шоглох нь элбэг. Мэдээж аль ч онигоо нэгэн цагт үүсч дэлгэрсэн байдаг. Хэн, хэдийд гэдгийг хэлэх боломжгүй.
Өнөөдөр бидний ярьж байгаа эзэнтэй онигоонууд яваандаа эзэн нь мартагдаж, сургамж нь үлдэнэ. Хуучин тогтолцооны үед салбар бүрт, байгууллага бүрт онигоотой хүмүүс байсан. Ардын армийн “Ху” Аюуш, “шаариг” Наваан, жолооч Баянхонгорын Намсрайжав, Дундговийн Цөмөө, Дорноговийн Бавуу, Лазан Баа, жолооч Николай гэвэл нутаг усныхан андахгүй. Москвад хэвлэгдсэн 5000 онигооны номонд Дундговийн Цөмөөгийн онигоо орсон. Тэр онигоотой хүмүүс гэдэг бол хурц оюун ухаантай, үг хэллэг сайтай, сайхан сэтгэлтэй, гэнэн цагаан, хөгжилтэй, нийгмийн дунд орж амьдарсан хүмүүс байдаг. Тэдний ажил нь их бүтдэг.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан шиг, цэцийн Ж.Бямбадорж шиг, анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай шиг хүмүүс байдаг. Хэн ч зохиохгүй бол онигоо гарахгүй. Шог зохиолчид онигоог улам баяжуулдаг нь ойлгомжтой. Хэн хүнгүй л онигоо гаргана. Харин сайн онигоо нь шалгарч үлддэг. Эзэнтэй шог яриа, хөгтэй явдал сүүлдээ онигоо болж түгдэг. Ж.Бямбадоржийн “Америк хутга”, П.Очирбат гуайн “Дондовыг дуранд” гээд их сайн онигоонууд бий. За тэгээд говийнхон л хамгийн гоё онигоо гаргадаг. Дуу хуурын өлгий Дундговь гэдэг шиг.
-Одоо тэгээд онигоо зохиодог, ярьдаг хэн байна вэ?
-Монголчууд өдөрт хэдэн арван онигоо гаргадаг. Онигоо нь оюун сэтгэлгээний тэсрэлт маягаар гарах нь их. Нэг яригдаад өнгөрчих нь их тул хүмүүс ажиглахгүй орхидог. Харин зохиолчид хүний яриаг их сайн тогтоож авдаг. Тиймээс ажиглагдахгүй өнгөрснийг тэд л амьдруулдаг. Тэгээд давс хужирыг нь тааруулаад тараана. Санааг нь тосч аваад өөрсдөө боловсруудаг. Амьдралаас санаа аваад зохиох нь ч их. Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай хамгийн нарийн уран шооч хүн байлаа.
За тэгээд Т.Галсан гэж зээрийг босгохгүй бор нуруугаар нь буудна гэдэг шиг яг онож хэлдэг профессор хүн. Д.Цоодол бол яруу найрагчаасаа дутахгүй шог зохиолч, жинхэнэ аюултай хүн. Одоо өсч яваа хүн бол Арлааны Эрдэнэ-Очир. Тэр их хол явна аа.
-Таныг улс төрд орж ирснээс хойш Төрийн ордон хавиас онигоо их гарсан гэж ярьдаг?
-Уурлаж бухимдсан, нэг их гоё цэцэн цэлмэг, ухаалаг үг хэлэх гэж будилдаг хүмүүсийг ажиглаж суухад гоё байдаг. “Нэг ангийнхан” гэсэн хоёр ном гаргасан. Тэр бүхэн бол Төрийн ордон хавиас олсон олзоор бүтсэн номууд, гишүүдийг бараг бүгдийг нь багтаасан “Ромбу гаригийн зочин”, “Дутуу цохиулсан шар”, “Нэгэн боодогны паян” гээд сонин бүтээлүүд төрсөн. Тиймээс намайг зарим нь чуулган дээрээ онигоо зохиож байсан мэт даапаалдаг юм. Их инээдэмтэй юм ярьсан бололтой хөгжилдөж сууснаа намайг ороод очингуут дуугаа хураацгаадаг нь онигоонд оруулна гэж боддогтой холбоотой байсан юм билээ.
-Одоо тэгээд та улстөрчдийн тухай онигоо сонсч, бас зохиож байна уу?
-Ордон хавиар бараг явахгүй юм даа. Хааяа нэг орж, ганц хоёр өрөөгөөр явахад танил дүү нар юм яриулах гэж өднө. Юм ярьж байж л хариуд нь юм сонсдог болохоор жаахан суувал олз омогтой байж магадгүй. Хэрүүл тэмцэлтэй ч гэсэн амьдрал үргэлжилж байгаа болохоор сайнтай муутайгаа цэцэглэнэ. Ер нь чуулган дээр хэрэлддэг шигээ дандаа муудалцаад байдаггүй. Завсарлаад л өрөө өрөөгөөрөө орж инээд ханиаж, идэж ууж дөрвөн жилийг бардаг юм. Хамгийн их муудалцдаг Ц.Нямдорж, Л.Гүндалай хоёр шатар тоглоод онигоо яриад л сууж байдагсан. Тэгээд хөдөө гадаа, алс гүрэн рүү хамт явахад сайхан нөхөд болдог. Тэндээс л гол түүхий эд гарна л даа. Залуусын цаг ирж байна. Тэдэндээ бас бэлэг барих санаатай байгаа.
-Та өөрийн онигооноос манай уншигчидтай хуваалцаач?
-Дээдэс, улстөрчид түмний нүдэнд ил байж өдөр болгон зурагтаар гардаг болохоор онигоонд орох нь илүүтэй. Америк, Орос хоёр нөхөр уулзаад аль оронд нь ардчилал илүү хөгжиж байгаа талаар бие биендээ гайхуулж гэнэ.
Америк нь:
-Манайд ардчилал дэндүү өндөр хөгжсөн. Цагаан ордны өмнө очоод Обама сөнөтүгэй! гэж гурван удаа хашгирахад яах ч үгүй гэв.
Гэтэл орос нь:
-Манайх илүү юм байна. Манайд бол Кремлийн өмнө очоод Обама сөнөтүгэй гэж зуун удаа хашгирахад яах ч үгүй гэсэн онигоо байдаг. Манайхан дотор бусдыг шоглох хочлоход их дуртай оролцсон мөртлөө өөрийнхөө тухай ярихаар дургүй хүмүүс бий. Равжаа хутагт “Ууртай хүнтэй тоглох хэцүү” гэж хэлсэн бий. Сонссоноо хэлье л дээ. “Халдахыг халдав хар халзанд нь” гэж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тухай нэлээд онигоо гарсан байна лээ. Далай лам, манай Ерөнхийлөгч хоёр гадаадад дайралдаад эрэгтэйчүүдийн барааны дэлгүүрээр явж бэлэг сэлт худалдаж авцгаажээ.
Гэтэл Далай лам нэг гоё сам авч байхад нь Элбэгээ ерөнхийлөгч:
– Та одоо халимаггүй байж самаар яах нь вэ гэхэд Далай лам – Уучлаарай, Элбэгдорж гуай таныг түрүүнд хүзүүний ороолт авахад чинь би юм хэлээгүй байхаа гэсэн гэнэ. Манайхны хэн нь ч бодож олсон юм уу бүү мэд. Төрийн гурван өндөрлөг гэж сонин нэг үг бий. Өндөрлөг гэж газар юм уу, цамхагийг л хэлдэг. Н.Энхбаяр, Д.Бямбасүрэн, С.Баяр, М.Энхболд гээд өндөр хүмүүс алба хашиж байх үед нүд дассан хөдөөний өвгөн гурван өндөр хүн л байх хуультай юм гэж боддог байж.
Гэтэл Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг нар төрийн тэргүүнд гараад ирэхийг хараад:
-Та минь ээ, энэ чинь одоо нөгөө хууль номондоо таарч байгаа юм уу гэсэн гэдэг. Бие нь жижигрэх тусмаа ухаан нь нарийсдаг гэж бас үнэн үг бий. С.Оюун сайд хотын утааг багасгах гэж зөндөө үзээд барсангүй. Эрүүл агаарт гарч ирье гээд хөдөө очоод машинаасаа буугаад хэд гүнзгий амьсгалсан чинь муужраад унав. Хамт явсан хүмүүс нь тэвдэж, яах ч учраа олохгүй бужигнаж байтал нэг морьтой өвгөн ирэв. Настай хүний үгийг сонсоё гээд,
-Өвөө, манай сайд ухаан алдчихлаа яахав гэвэл
-Тэгдэг юмаа, хүүхдүүд минь. Манай хүү гэж нэг том дарга бий. Эртүүд машинтай давхиж ирээд бас ингэж муужирч унасан. Элдвээр оролдоод бүтээгүй. Тэгэхээр нь машинд нь буцааж оруулаад, шалаанкаар яндангийн утааг нь хэд сайн хаазалсан чинь босоод ирсэн. Цэвэр агаарын хордлого гэж сүрхий эд билээ. Э.Бат-Үүл баатрын үс нь харлаад иржээ. Бүгд л гайхаад үсээ будчихсан юм байлгүй гэж бодож. Гэтэл өглөө бүхэн ажилдаа явган явсаар хотын утаанд үс нь харлаж эхэлсэн юмсанж. Хөвсгөлд бурхнаар бөөлжиж, чулуугаар шээдэг охин тодроод ирсэн чинь Н.Алтанхуяг сайд:
-Энэ барам тэгээд А-92-оор шээж байхгүй шал дэмий юм гэсэн гэнэ. Харин Ө.Энхтүвшин дарга болохоор -Бэлэн Ерөнхийлөгч “гаргаад” өгдөггүй юм байх даа гэж. Томчуулын хэлсэн оновчтой хошигнол ер мартагддаггүй юм. МАХН 2000 онд Засгийн газар байгуулах гээд бужигнаж байсан үе. Намын бүлгийн хурал болоод сайд нарт нэр дэвшүүлж байлаа. Нэр дэвшүүлж дуусаад харсан чинь дандаа нас тогтсон, эрчүүд байв. Гэтэл залуу хүн оруулах, эмэгтэй хүн сайд болгох, бас казакийн ард түмний төлөөлөл байх ёстой гээд маргалдлаа. Энэ үед П.Жасрай гуай:
-Залуухан, казак эмэгтэй хүн нэгийг оруулбал болох юм байна гээд инээлдэцгээж билээ. П.Алтанхуяг сайд ер нь яваандаа их олон шог яриа гаргаж мэдэх нийтэч, хөдөлгөөнтэй хүн шиг харагддаг. Дорноговьд очоод хурлын дарга нь Ганбаатар, аймгийн дарга нь Ганхуяг, орлогч нь Галбадрах гэж танилцуулахад:
-Танайхан чинь бүгдээрээ Гаа-тай юм аа гэж хэлээд инээлгэсэн. Гаа гэдэг үгийг задалбал их сонин яриа үүсэх магадлалтай. Манайхан чинь гаатай, жаатай, аатай гэж ярьдаг биз дээ. Ц.Оюунгэрэл сайд нэг хэсэг Монголыг шувуугаар дэлхийд таниулна, шувуугаар аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярьсан даа. Тэр үед нь “Шонхор сайд” гэж нэр өгсөн байсан. “Шонхор сайд” гэдгээс санаа аваад томчуулыг “цатгалан болжмор”, “хашир болжмор”, “гэнэн болжмор”, “алтан гургалдай”, “ангаахай” гээд дандаа шувуу болгосон наргиан үүссэн юм билээ.
-Уншаад байхад танай нутгийн онигоо л хамгийн амттай юм шиг санагддаг. Та ганц хоёрыг хэлэх үү?
-Манай аймгийн “Ялалт” сонинд Намжилдорж гэж бидний хошин шогийн ухааныг сэдрээж өгсөн нарийн шооч хүн байлаа. Одоо энэ Б.Догмид, талийгаач Ж.Лхагва бид тэр хүнээс анх хошин шог гэдгийг сонссон. Архи ч анх амссан байх. Лхагваа маань Оросд сургуульд явж, зуны амралтаар ирээд онигоо урсгадаг болж, 1963 оноос л бид орос онигоог анх сонссон. Лхагваа маань ээжийгээ хүртэл онигоонд оруулдаг тийм шооч хүн. Манай хөдөөний ахмадууд юмыг их тааж, цээж бангаар хэмжиж ярих дуртай. Лхагваа арав төгсөөд хойшоо сургуульд явах болж, ээж нь хүүгээ үдэхээр хот руу вагонд хамт сууж. Галт тэрэг хөдлөөд нэлээд явсны дараа ээж нь:
-Хүү минь, энэ вагон чинь арай зүүнтэйгүүр давхиад байгаа юм биш биз! гэсэн онигоо бий. Үнэндээ Шандаас хөдөлсөн галт тэрэг нэг хэсэг зүүн хойшоо чиглэдэг юм л даа. Манай үеийнхнээс дандаа онигоо зохиож, онигоонд орж гарч явдаг “Маазын хаан” Никоош гэж дал шүргэж яваа хөгжилтэй эр бий. Мал эмнэлгийн хашаанд халаадтай хүмүүс баахан нохой цуглуулчихсан гаслуулж байж. Хажуугаар нь машинтай давхиж явсан Никоош:
-Та нар яаж байгаа улс вэ?
-Аймгийн даргын шийдвэрээр нохой засч байна.
-Хэцэс, эрийг нь ингэж тамлаж байхын оронд эмд нь эспирааль тавьчихгүй, яасан ухаан муутай лүднүүд вэ гэчихээд хөдөлсөн гэдэг. Никоош, өвсний тээвэрт цуваагаар Мөнххаан руу явж. Шөнөжин давхиад өглөө эрт утаа гарч байгаа айлд бууцгааж. Айл ч цай, хоол хийх аястай. Гэтэл Никоош, хойморын авдар дээрх жааз, хувцасны шүүгээний нүүрний шилний цаана Гагарины янз янзын зураг хийснийг харж сууснаа:
– Танайх чинь Гагарин гуайн хөдөө гэр үү гэж асуужээ. Энэ үгийг сонссон гэрийн эзэн уурлаж:
-Та нар хөдөөний ядарсан айлыг доромжиллоо гээд тэднийг хөөж явуулж. Нөхөд нь харин чамаас болж цай хоолгүй боллоо гэж Никоошийг загнасан гэдэг. Никоошийн цувааныхан Өмнөговь руу Тавантолгойн нүүрсэнд гарчээ. Бас л шөнөжин давхиад өлсөж ядарч. Айл амьтны бараа алга. Зээр элбэг.
-Никоош оо, яаж юм олж идэх вэ?
-Тэр зовлонгүй ээ, хэдүүлээ зээрийн мах иднэ.
-Юун зээр вэ, буутай хүн алга.
– Буугаар яах юм
– Тэгээд яаж алах гэж
– Хараал хийгээд унагачихгүй юу
-Зээрийг хараагаад алчихаж чадах юм уу?
-Хүнийг болдог юм чинь, зээрийг болох байлгүй дээ. Ингээд өлсөж явсан хэд инээлдэж хээр цай уугаад хөдөлсөн гэдэг. Дорноговь “Ухнаа” олонтой. Эмэгтэй Ухнаа ч байдаг. Сайхандулаан сумын Ухнаа гуай гэж бэлэн хошин үгтэй, олон онигооны эзэн байдаг юм. Хувьдаа машинтай тэдний хүү нь нэг өдөр хүний машинд суугаад гэртээ ирж. Үүнийг харсан Ухнаа гуай:
-За чи чинь одоо өөрийнхөө машиныг яачихаад Гүррагчаа шиг хүний кабинд сууж явдаг билээ! гэсэн гэдэг. Олон хүүхэдтэй наргианч тэр буурайн тухай онигоо нэг бүтэн ном болно. Хавар оройхон, борцноос залхсан сумын төвийн өвгөн шөл ууя гэж шийдээд төлөг шалбалжээ. Өглөө нь түмпэнтэй гэдэс эргүүлж суутал хөрш нь орж ирээд баахан харж сууснаа:
-Чамайгий чинь сур элдэж байна уу, овоодоо гэсэн чинь төлөгний гэдэс шувтарч байгаа юм уу даа гэж даапаалсан байгаа юм даа. Мал ногоонд цадаагүй байхад эцэнхий төлөгний амь хороолоо гэж шоглож байгаа нь тэр. Өөрсдийгөө Айл хэсэх ажилтай Аяга цайны цалинтай Ам халах дуртай Алд биеийн хулуутай гэж өөрсдийгөө нэрлэдэг хөдөөний өвгөчүүлд их юм бий дээ.
-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Өөрийнхөө уран бүтээлийн таван боть номоо хэвлэлд бэлтгэж байна. Түүний гурав нь хошин шогийн ном. -Танд баярлалаа, амжилт хүсье. -Та нарт ч баярлалаа. Инээдмийн баяраар өрцөө өвдтөл, өмднийхөө тэлээг тасартал инээгээрэй.
Л.Нинж