20-н жилийн түүхт ойн тохиож буй “СИТИ” дээд сургуулийн харьяа “Урлагийн сургууль”-ийн багш оюутнуудын хамтын бүтээл Английн хөгжмийн алдарт зохиолч Эндрю Лойд Веберийн "Исүс Христ Сүперстар" рок мюзикл өчигдөр УДЭТ-ын тайзнаа амжилттай тоглогдлоо. Энэхүү мюзиклийг Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг СИТИ”дээд сургуулийн Эстрад хөгжмийн тэнхимийн, дэд профессор Ж.Батсайхан анхлан санаачилсан бөгөөд тус мюзикл тоглогдох үеэр түүнтэй ярилцсанаа ушигчиддаа хүргье.
– Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг ийм эрхэм хүнтэй ярилцаж байгаа маш их баяртай байна. Таны ажил амьдралын гараа хэрхэн эхлэж байсан талаар ярилцлагаа эхлүүлье.
– Монголд рок поп урлагийн үндсийг тавьсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагчдийн нэг гэж хэлүүлж яваадаа ах нь их баяртай байдаг юм. Би 1997-1998 оноос багшилж эхэлсэн. СУИС, “МХТКХДС”, “Монголжингоо” гээд хэд хэдэн сургуульд багшилж байлаа. Одоо бол “СИТИ” сургуулийн эстрад хөгжмийн тэнхимийн багшаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа дэлхийн алдартай гурван мюзиклийг тавих санаачилга гаргаж оюутнуудаар тоглуулж байлаа. Гурвууланг нь төгсөх оюутнуудын дипломын ажлаар хийлгүүлж байв. Хамгийн анх Английн хөгжмийн зохиолч В.Хюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” мюзиклийг франц хэл дээр тавьсан. Мөн Эндрю Ллойд Веберийн энэ "Cats" мюзиклыг өнгөрсөн сард амжилттай тоглсон юм. Харин энэ удаад бол "Исүс Христ Сүперстар" рок мюзиклээ сургуулынхаа ойд зориулан амжилттай тоглож байна даа.
–Эдгээр жүжгүүдийг сонгох болсон шалтгаан юу байв. Ер нь монголын үзэгчид хэр хүлээж байх шиг байна.
– Би 1970-аад оны үеэс оюутан байхаасаа л мюзиклийг сонирхож эхэлсэн. Эдгээр мюзиклийг байнга сонсдог байлаа. Яахав манайд янз бүрийн олон арван мюзиклүүд тавигдаж байсан л даа. Гэхдээ дэлхийн сонгодгууд хэмээгддэг “Парисын дарь эхийн сүм”, “Cats”, "Исүс Христ Сүперстар" зэрэг мюзиклүүдийг оюутнууд тэр дундаа “СИТИ” дээд сургуулийн оюутнууд монголд анх удаа амжилттай тоглож байгаа нь үзэгчдэд үнэхээр таалагдаж байгаа юм.
-Энэхүү дэлхийд алдартай мюзиклүүдийг монголын үзэгчдэд толиулахаар бэлтгэл сургуулилтаа хэдий хугацаанд хийсэн бэ.
– Анх удаа тоглохдоо бол 3 сар гаруй хугацаанд бэлдэж байсан. Энэ удаад бол 45 хоног тууштай бэлтгэл хийгээд тоглолоо. Ер нь бол дэлхийн мундаг мюзиклүүдийг хэдэн жилээр бэлтгэдэг л дээ. Аан манай сургуулийн хувьд бол урлагийн байгууллага биш учраас хичээл, сургалтын хажуугаар мюзиклийн бэлтгэлээ хийсэн. Бидний хувьд мэдээж бага хугацаа биш болохоор нөр их хөдөлмөр зарцуулсан гэж бодож байна.
– Сүүлийн үед манайд мюзикл их хөгжиж байгаа. Ер нь мюзиклийн талаар манайхны ойлголт ямархуу санагддаг вэ?
-Мюзикл баруунд их моод болж байна. Монголд яг мюзиклийг гардан тавьсан түүх байдаггүй. Манай оронд 1970-1980-аад оны сүүлээр мюзикл биш рок опера тоглолт хийдэг байсан. Дэлхийн сонгодог мюзиклийг бол төдийлөн тавьж байгаагүй. “СИТИ” дээд сургуулийн оюутнуудын маань тоглосон “Cats” мюзикл бол анхдагч болж байгаад баяртай байна. Хожим бодоход монголын урлагийн түүхэнд тэр дундаа мюзиклийн түүхэнд оюутнуудаараа мюзикл тоглуулсан түүх надаар эхлэх байх гэж бодож байна.
Монголчууд мюзиклийн тухай ойлголт бага. Улаанбаатар хотын хэдэн хувь нь хөдөө орон нутгийнх байдаг билээ. Тэгээд ч манай мундаг сэхээтнүүд бүгд гадаад руу гарсан. Дэлхийн сонгодог бүтээлийг ойлгож үзэх хүн цөөхөн байна. Нөгөө талаар хүүхдүүдэд багаас нь хөгжмийн боловсрол олгох бодлого алга. ЕБС-иудад хөгжмийн хичээл бараг орохгүй шахуу байна. Хүүхэд багаасаа л хөгжмийн боловсролтой байж мундаг урлагийн хүн болно. Харин өнөөдрийн мюзикл тоглолтоос ажиглахад хүүхдүүд их анхааралтай үзэж байгаа харагдсан.
– Мюзиклийг заавал эх хэл дээр нь тавих ёстой байдаг юмуу. Монгол хэл дээр орчуулан тоглож болно биздээ.
– Мюзикл бол цэвэр сонгодог талын биш хөнгөн жанрын төрөлд багтдаг. Мюзиклийг дуулж бүжиглэж, мэргэжлийн түвшинд тоглоно. Ямар ч мюзиклийг эх хэлээр нь тавих хэрэгтэй. Сонгодог бүтээлийг тухайн орны хэлээр нь дуулах ёстой гэсэн бичигдээгүй дүрэм бий. Тухайлбал, Италийн дуурь байлаа гэхэд итали хэлээр нь дуулж байж л үзэгчдэд хүрнэ. Даяаршиж буй энэ нийгэмд орчуулж дуулбал сонирхолтой байж болох юм. Манай оюутнууд их авьяастай. Сая "Исүс Христ Сүперстар" рок мюзиклийг тоглоход франц хэлээр 45 хоногийн дотор сурчих жишээтэй. Ер нь хөгжимчин, дуучин хүн ямар ч хэлэнд ойр байдаг. Дуучин хүн ямар ч хэлээр дуулж чаддаг учраас хэл бол асуудал биш.
– Таны цаашдын уран бүтээлийн зорилго юу байна. Ер нь ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
– Мюзикл хамгийн өндөр хөгжсөн орон Америк, Франц байдаг. Гадаадын уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл хийхэд болохгүй зүйлгүй гэж бодож байгаа. Бид сургуулийнхаа 15 жилийн ойгоор Монголд тоглогдсон мюзиклүүдийн хөгжмийн зохиолчдыг урьж авчрах гээд амжсангүй. Саяхан Чех, ОХУ-ын уран бүтээлчдээс манай сургуультай хамтарч мюзикл тавих санал ирсэн. Магадгүй ирэх жилээс хамтарсан мюзикл тавих байх.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-Танай сайтын хамт олонд ч гэсэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе баярлалаа.
Ярилцсан Э.Цэнд-Аюуш