Дарьганга нутгийн сод хүү, нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны охин Д.Индра аавынхаа царай зүс хийгээд, үзэл бодлыг нь биеэрээ төлөөлөн үлдсэн тэрбээр 2009 онд СУИС-ийг “Соёл судлаач” мэргэжлээр дүүргэж, одоо сургуульдаа багшилж байна.
-Өөрийг тань нэрт яруу найрагч О.Дашбалбарын охин гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй байх. Харин өөрөө аавыгаа хэр сайн мэдэх вэ?
-Намайг 13 настай байхад миний аав бурхны орноо одсон. Тийм учраас аавыгаа маш сайн мэддэг. Төрсөн нутаг нь болон Монголынхоо бусад нутгаар хамт явдаг байсан. 1996 оны сонгуульд 9 настай жаахан охин аавыгаа дагаад л явж байлаа.
-Аавын төрсөн нутаг аргагүй л сайхан шүү?
-Тэгэлгүй яахав. Миний ээж Д.Халтар мөн Дарьганга нутгийн бүсгүй. Төмөр замчдын Нэгдсэн эмнэлэгт олон жил их эмчээр ажилласан. Одоо “Анима” хувийн эмнэлгээ ажиллуулж байгаа. Эмэгтэйчүүд болон нөхөн сэргээх эмчилгээг дагнадаг юм. Ер нь бид аавынхаа төрсөн нутагт жил бүр очдог.
2011 онд Наран суманд “Амьддаа бие биеэ хайрла”, “Наранбулаг” шүлгэнд нь зориулсан хөшөө босгосон. Боржин чулуун дээр сийлсэн алдартай шүлгүүдийг нь төрсөн нутгийнх нь бүлээн салхи мөнхөд илбэн таалж байгаа учраас миний аав мөнхөд амьд байх болно.
-Аавынхаа ямар зан чанарыг нь өвлөсөн гэж боддог вэ?
-Ямар ч хүнийг хүн гэдэг талаас нь ханддаг, эх орон, ард түмэндээ дэндүү их хайртай зэрэг хамаг л сайхан чанар нь надад өвлөгдсөн гэж боддог.
-Аавынхаа ах дүү нар, бас үр хүүхдүүдтэй нь хэр зэрэг ойр дотно байдаг вэ?
-Аавынхаа дүү нартай байнгын холбоотой байдаг. Зарим нь Төв аймгийн Баянчандманьд амьдарч байгаа. Аавын маань дүү О.Балжинням ах сумын Засаг даргаар ажилладаг. Д.Гангабаатар ах, Д.Мөнгөндалай эгч нартай мэнд устай явдаг. Д.Гангабаатар ах одоо Америкт амьдарч байгаа.
-Аливаа хүнийг сайн, сайхан явахад дагаж хошуурагсад их байдаг. Одоо тэр хүмүүстэй эргэх холбоо ямар түвшинд байдаг бол?
-Аавтай минь нэг нутаг усанд төрж өссөн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ах болон яруу найрагч Д.Хулан, Г.Мөнхцэцэг нартай ойр дотно байдаг. Шавь нартай нь ч холбоотой.
-Та аавынхаа олон зүйлийг дуурайж өвлөсөн гэлээ. Бодоход шүлэг бичдэг байх даа?
-Үнэндээ дуурайгаагүй ганц зүйл нь тэр. Түүндээ ч дуртай. Харин сайн уншигч гэж бүрэн хэлж болно. Аавынхаа бичсэн тэр сайхан шүлгүүдийг давж бичиж чадахгүйгээс хойш цаас, цаг гарзадсан хүн байхыг хүсээгүй.
-Ингэхэд аав, ээжээсээ хэдүүлээ билээ…?
-Айлын ганц хүүхэд. Гэхдээ, би өөрийгөө айлын ганц хүүхэд гэж ер боддоггүй. Яагаад гэвэл надад олон ах, эгч нар байна. “Чамайг ямар ч явсан, миний нэр сүүдэр шиг дагана. Тийм учраас муу зүйлээс хол хөндий байж, хүнд тустай үйл хийж яваарай” гэсэн аавынхаа захиасыг л сэтгэлдээ ямагт тээж явдаг юм.
-Өөрөө орос 3 дугаар сургуулийг дүүргэсэн. Гадаад оронд явж суралцах бодол байдаг уу?
-Боловсролыг хаана ч эзэмшиж болно шүү дээ. Заавал Англи, Америкт суралцсанаараа мундаг том хүн болчихдог юм биш. Ер нь гадаад, дотоод гэдэг ойлголт угаасаа утгагүй зүйл.
-Гэр бүлийн хувьд… ?
-Найз залуутай. Тэр маань Залуу зохиолчдын холбооны тэргүүнээр ажилладаг, яруу найрагч, сэтгүүлч хүн бий. МУБИС-ийг утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн юм. Би чинь хүү, охин хоёртой шүү дээ. Миний хүүхэд гэхээсээ илүүтэй, ээжийн л хүүхэд. Өөрөөр хэлбэл сэтгэлийг нь дэвтээж, амьдралынх нь утга учир болж байгаа хоёр доо.
-Удахгүй О.Дашбалбар найрагчийг дурссан томоохон арга хэмжээ болно гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-5 дугаар сарын 3-нд Тусгаар тогтнолын ордонд аавын маань уран бүтээлийг бүхэлд нь хамарсан эрдэм шинжилгээний бага хурал, яруу найргийн наадам болно. Бүтэн өдөр үргэлжлэх энэ арга хэмжээг “О.Дашбалбар судлал төв”, Сүхбаатар аймгийн “Оюутны хөгжлийн холбоо”, “Залуу зохиолчдын холбоо”, “Яруу сэтгэгч нийгэмлэг” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулна.Яруу найрагч, сэтгүүлч, улс төрийн болоод шашны зүтгэлтэн зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр оюутан, судлаач, эрдэмтэд өөр өөрсдийн үзэл бодол, дүгнэлтийг хийнэ. АНУ-ын Индиана мужаас хүртэл оролцох хүсэлтээ илэрхийлсэн хүн бий. Энэ үеэр 20 яруу найрагч II шатанд шалгаран үлдэж, шилдэг 10 илтгэлийг шалгаруулна.
-Өмнө нь ийм арга хэмжээ болж байсан байх аа?
-Тийм ээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээ уламжлал болон жил бүр үргэлжилнэ. Цаашид 5 боть номыг нь шинээр гаргана. “Аавынхаа уран бүтээлийг соёлын биет өв болгохын тулд “Соёл судлаач” мэргэжлийг сонгон эзэмшсэн гэдгийг дашрамд хэлэхэд таатай байна.
МЗЭ-ийн шагналт зохиолч Гомбын Баатарнум
Эх сурвалж: “Соёмбо” сонин