Шинэ, сонин, содон бүгдийг бид хавраас мэдэрдэг. Энэ хаврын шинэ бас сонин содон зүйлийг “Найзууд” театр эхлүүллээ.
Их хотын эрхэмсэг, ганган залууст зориулан тэд “Гэнэтийн бэлэг” хэмээх романтик жүжгээ тайзнаа тавиад байна. Нэрнээсээ эхлээд содон бас сонирхол татсан жүжгийн гол дүрийг бүтээсэн Э.Ууганбаяртай ярицлаа.
–Шинэ жүжгээ тайзнаа тавьж байгаад баяр хүргэе. Жүжгийн нэр сонин бас содон санагдлаа. Яагаад ингэж нэрлэх болсон талаар яриагаа эхлэхүү?
-Энэ жүжиг дэлхийн маш олон орон тавигдаж байсан. Харин энэ удаа манай улсад орчуулан тавьж байна. Гэхдээ шууд орчуулаад тавьж байгаа гэхээс илүү монголчилж тавьж байна. Энэ зохиолыг манай зохиолч Ж.Оргилсайхан бидэнд “Нарийн ногооны салат” гэдэг нэртэйгээр бичиж өгсөн юм. Харин бид хавар болж байгаа учраас залуучууддаа “Гэнэтийн бэлэг” нэрээр баръя гэж шийдсэн. Манай бүрэлдэхүүний хувьд ч гэсэн ойрд тайзан дээр харагдаагүй хүмүүс тоглож байгаа. Дуучид, бүжигчин, жүжигчин гээд бүгд гэнэтийн байсан учраас “Гэнэтийн бэлэг” гэж нэрлэсэн. Хэзээ, хаана, хэнд, юу барьж байгаагаас хамаараад гэнэтийн болдог. Харин манай жүжигт бүгд гэнэтийн бүх зүйл нь ээдрээтэй болж байгааг харуулдаг.
–Энэ жүжгээрээ залууст юуг харуулахыг зорив. Романтик гэхээр нэлээд уянгын жүжиг байгаа болов уу. Жүжгийн онцлог нь юувэ?
-Дөрвөн насны бүсгүйчүүдийн хайр дурлал, амьдралд хандах хандлагын талаар захиалж бичүүлсэн зохиол. Энэ жүжгээрээ 19, 29, 39, 49 настай бүсгүйчүүдийн амьдрал хайр дурлалыг харуулсан. Миний хувьд хайр дурлалаа бизнес гэж ойлгосон залуугийн дүрд тоглож байгаа. Энэ бол хамаагүй ярих, оролдох сэдэв биш. Хүний дотоод сэтгэлд нууц байдаг зүйлийг хошин инээдмийн болгон ил гаргаж байгаагаараа онцлог. Мөн түүнийгээ илэрхийлж гаргахдаа дуу бүжгээр илэрхийлсэн. Дуутай, бүжигтэй, инээдмийн бас хөнгөн гунигтай жүжигтээ жанр тодорхойлох хэрэг гарсан. Ингээд найруулагч, продюссертэйгээ ярьж байгаад романтик гэж нэрлэсэн. Романтик гэдэгт бүх утга агуулагдаж байдаг.
–Таны хувьд тайз дэлгэцийн нэлээд олон бүтээлийн гол дүрд тоглосон. Харин энэ удаа өмнөх дүрүүдээс ялгарах онцлог юу байв?
-Хүмүүс намайг дандаа л шалиг, шоучин залуугийн дүрд тоглож байх юм гэж шүүмжилдэг. Яг үнэн хэрэгтээ ганц олдож байгаа залуу насандаа тоглож л байя гэж боддог шүү. Энэ жүжгийн хувьд бүсгүйчүүдийг ашиглаж байна гэж боддог өөртөө илтгэлтэй дэврүүн залуу жүжгийн төгсгөлд өөрөө хэрхэн ашиглуулж байсныг өгүүлдэг Цэнгэл гэдэг залуугийн дүрд тоглож байна. Ер нь бодоод байхаар эмэгтэйчүүд эрчүүд намайг ашигласан, хуурсан гэх үгийг их хэрэглэдэг. Гэтэл үгүй. Эрчүүд чинь зүрх сэтгэлтэй. Хүйсийн ялгаатай боловч ижилхэн шүү гэдгийг харуулахыг хичээсэн. Миний хувьд эрчүүдээ өмөөрч дуугарах гэж хичээлээ. Дандаа л муу хэлүүлээд байдаг. Эрчүүд хайр халамж, эрх мэдэл, эрч хүчийг хүсдэг. Тэгвэл яагаад энэ бүгдийг өөрийн болгож болохгүй вэ гэдэг үүднээс энэ дүрд ажиллаж байна. Гэхдээ ээж, ахдаа хайртай их хотын нэгэн залуугийн дүрд тоглож байна. Миний өмнө бүтээж байсан дүрүүдээс юугаараа өөр байгааг үзэгчид тунгаах биз.
–Хамтран тоглогчидтойгоо харилцахад хэр байв. Жүжигт Киви хамтлагийн дуучин Ука бас тоглож байгаа. Ойлголцоход ямар нэгэн саад бэрхшээл учрав уу. Магадгүй мэргэжлийн жүжигчин биш учраас ажиллахад асуудал байвуу?
-“Найзууд” театр болон манай гэр бүлийн бүтээл учраас дүрийн сонголтыг би хамт хийсэн. Хүмүүс “Яагаад энэ жүжигчдийг сонгож авсан юм бэ. Мэргэжлийн бус хүн тоглуулж байна” гэж асуудаг. Гэтэл бүгд мэргэжлийн хүмүүс. Ука гэхэд л дуурийн дуулаачийн ангийг төгсч байгаа. “Guys”-ийн Лхагвааг дуучин, реппер гэдэг. Гэтэл Лхагва бол мэргэжлийн жүжигчин. Тэгэхээр бүгд л мэргэжлийн хүмүүс. Хүмүүс өөрт нь хамгийн түрүүнд хүрсэн сэтгэгдлээрээ аливаа юмыг хүлээж авдаг учраас тэгж ойлгоод байх шиг байна.Бүгд тайзан дээр ажилладаг туршлагатай хүмүүс. “Киви”-ийн Укатай ажиллахад хувийн зан чанар болоод зохион байгуулалт сайтай байдаг учир хамтарч ажиллахад урамтай. Мэдэхгүй зүйл гарахад нь бид мэргэжлийн хүмүүс учир зааж өгдөг. Ер нь бид бүгд харилцан бие биенээсээ суралцдаг залуу уран бүтээлчид юм. Мэргэжлийн байна уу мэргэжлийн бус байна уу гэдгийг үзэгчид дүгнэдэг. Түүнээс биш хэн нэгний хийрхлээр хэлдэг зүйл биш. Тийм учраас өөрийн гэсэн байр суурьтай, үзэгчидтэй, хийж бүтээсэн зүйлтэй мэргэжлийн хүмүүс хамт нэг тайзан дээр тоглож байна. Бидний ганц зөвшөөрүүлж байгаа зүйл нь мюзикл. Яагаад гэхээр бид дуулж, бүжиглэж байна.
-“Найзууд” театрын хоёр дахь уран бүтээл тайзнаа тавигдаж байна. Жүжгийг үзэгчид хэр хүлээж авч байна?
-Үзэгчид жүжигчдийг гарч ирэх бүрт алга ташиж байгаа. Дуугаа дуулаад дуусахад нь алга ташиж байна. Бараг тус тусдаа номер үзүүлж байгаа юм шиг хүмүүс хүлээж авч байна. Ялангуяа шууд үнэнийг тайзан дээрээс ямар нэгэн байдлаар нууж хаахгүйгээр гаргаж байгаа учраас үзэгчид омогшиж алга ташиж байна. Тиймээс манай жүжиг үзэгчдэд хүрч байгаагийн нэг илрэл гэж бодож байгаа.
–Танай театрын дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу?
-Жүжгээ амжилттай тоглож дуусаад кино хийнэ. Тайзны уран бүтээл 30-35 мянган хүнд хүрдэг. Харин бид үзэж амжаагүй хүмүүстээ зориулж кино хийхээр төлөвлөсөн.
www.URLAG.mn