Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Б.Баяр: Баримтат киногоор өөрсдийгөө харуулах гайхамшигтай түүх, соёл бидэнд бий
Үндэсний хөгжим

Б.Баяр: Баримтат киногоор өөрсдийгөө харуулах гайхамшигтай түүх, соёл бидэнд бий

Урлаг Урлаг30/04/2013Сэтгэгдэл байхгүй7 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
img.php734168982013-04-29-12-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тун удахгүй "Усны гудамж" хэмээх олон ангит киногоо үзэгчиддээ толилуулах гэж буй Найруулагч, продюссер Б.Баяртай ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.

–Та чамгүй олон баримтат кино хийчихсэн байх аа. Бас баримтат кинонууд тань гадаа­дын олон кино наадамд амжилт­тай оролцдог…

-Яахав гайгүй оролцчихно оо. Би бол баримтат киноны найруу­лагч хүн. Бүх Оросын кино урла­гийн дээд сургуульд (ВГИК) баримтат кино найруулагч мэргэжлээр су­ралцсан. Миний анхны баримтат кино бол 1997 онд хийсэн "Усчин" кино юм. Анхны энэ кино маань олон улсын баримтат кино наадмын тэргүүн шагналыг авч байлаа. Түүнээс хойш яг өөрийн­хөө нэрээр овоглож хийсэн бүтээл гэвэл 16 байна. Захиалгын, энэ тэр киногоо оролцуулахгүйгээр шүү дээ. Сүүлийн үед "Сар анх мандсан нутаг", "Хаадын хаан" зэрэг ба­римтат кино хийсэн. Заримыг нь олон улсын наадамд оролцуулах бодол байгаа.

–Тэгвэл манай кино урлаг, тэр дундаа баримтат киноны хөгжил ямар байна гэж боддог вэ?

-Манай баримтат киноны хөг­жил мундаг шүү дээ. Ер нь нийгэмд болж байгаа явдлыг хараад, сон­соод, уншаад байхад киноны хөгж­лийг хэдэн видео киногоор дүгнэх гээд байх шиг байгаа юм. Видео кино шүү. Тэгэхээр кино гэж юу вэ, видео кино, фильм гэж юу вэ гэх зэрэг ойлголтуудаа ялгаж салгачих хэрэгтэй юм. Нийгэмд кино урла­гийн хөгжил ийм тийм гэж их ярьж байгаа хэрнээ баримтат киног ор тас орхичихсон. Тэгэхээр баримтат киног кино биш гэж үздэг хүмүүс ч их байдаг юм шиг харагддаг. Ба­руу­ны өндөр хөгжилтэй оронд техник технологийн хөгжил дээр суурилан хийгдэж байгаа кино­нуудын дэргэд манай видео кино­нууд бол хүүхдийн тоглоом л гэсэн үг. "Аватор", "Терминатор" зэрэг киног манай ямар кинотой харь­цуулж болох вэ?. Энэ талаар яри­хад улс төр, нийгэм, эдийн засгийн байдал зэрэг олон асуудлыг хөн­дөн ярих хэрэгтэй болдог учраас ингээд зогсоочихъё. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр манайхан уран сайхны киногоор дэлхийн зин­даанд өрсөлдөх болоогүй ээ. Ха­рин баримтат киноны төрөл бол бидэнд хавьгүй ойр. Сэдэв байна, хаана ч байхгүй гайхамшигтай монгол ахуй, түүх соёл маань байгаад байна шүү дээ. NBA-ийн сагсан бөмбөгчдийг өөрсдийн сагсчидтайгаа, эсвэл хөлбөм­бөгийн шигшээ багаа Реал Мад­ридтай жишээд үз. Уран сайхны киноны хөгжил ч ийм л байна. Би Монгол үндэстнээ муулж, эх орноо үгүйсгэх гэж байгаа юм огт биш. Гэвч, гашуун боломж, үнэн ийм л байгаад байгаа юм. Тэгэхээр эхний ээлжинд баримтат киногоо түлхүү­хэн тордоод өгөх юм бол бидэнд бас гарц байгаа юм биш үү гэсэн санаа миний цээжинд үргэлж явдаг юм.

–Та "Усны гудамж" нэртэй олон ангит киноны продюссерээр ажиллаж байгаа гэв үү. Энэ киноныхоо тухай ярихгүй юу?

-"Усны гудамж" кино маань телевизээр гараад байгаа сериа­луудаас арай өөр төрлийнх болох юм. Юугаараа өөр байх вэ гэхээр тухайн нийгэмд болж байгаа үйл явдлууд кинонд тусгагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, "Хөвсгөлд нэг бурхан гаргадаг хүүхэн байна гэнэ ээ" гэдэг ч юм уу эсвэл саяхан нэг их нойтон цаг унасныг кинондоо тусгадаг ч юм уу. Телевизийн урлаг өндөр хөгжсөн АНУ, Герман, Англи зэрэг оронд ийм төрлийн сериал кинонууд их хийгддэгийг мэдэх юм. Нийгэмд болж байгаа үйл явдлууд киноны баатарт тохиолдож байгаа явдал болон зэрэгцээд явчихна гэсэн үг. Энэ утгаараа шууд драм­тай кино гэж нэрлэгддэг. Үүнийг манай кино баг туршаад хийж үзэж байгаа юм. Эхний ээлжинд 30 ангитай хийхээр төлөвлөөд байна.

–Ийм төрлийн киноны ач хол­богдол нь юу байх бол?

-Нийгэм гарч байгаа эерэг сөрөг үйл явдлуудыг киноны баатрууд маань өөр өөрсдийн үзэл бодол, харж байгаа өнцгөөс тайлбарлана. Тэгэхээр кино үзэж суугаа хүмүүс нээрээ ч тийм юм болов уу, тэгвэл зүгээр юм даа гэх зэргээр нэг асуудлын талаар нийгмийг хамар­сан хэлэлцүүлэг өрнөж ч болохоор байгаа юм. 

–Кино хэзээнээс гарч эхлэх вэ?

-Ирэх сарын эхээр гарч эхлэх болов уу. Шууд драмтай, жүжигч­дээс өндөр түвшний ур чадвар, хурд шаардаж байгаа учраас мэр­гэжлийн чадварлаг жүжигчдийг сонгож байна. Үндсэн драматург кинонд байна. Гэхдээ шинэ содон үйл явдал нийгэмд өрнөвөл бушуу­хан тэрийг тусгаад оруулчихна. Өдөр тутмын сонин, телевизийн мэдээ шиг шуурхай байдлаар нийгмийг тольдоно гэсэн үг байхгүй юу.

–Манай кино урлагийн салбар, холбогдох байгууллагын үйл ажиллагаа зэрэгт хийж бүтээж байгаа хүний дуу хоолой, үзэл бодол хэрэгтэй юм шиг санагд­даг. Та яагаад оролцдоггүй юм бэ?

-Надад тэгэх сонирхол одоо­хондоо алга. Анзаараад байхад, манайхан нэг нэгийгээ их доош нь хийдэг, бие биеэ ухаж төнхдөг юм билээ. Надад тийм орчин хэрэггүй шүү дээ. Би хүнтэй дайсагнал­цалгүйгээр уран бүтээлээ хиймээр байна. Бас хүний араар сайн муу хэлж явмааргүй байна. Жишээл­бэл, би нэг хүнтэй жаахан уран бүтээлч яриа өрнүүлж, санал со­лилцох гэхээр болдоггүй, таар­даггүй. Энэ одоо юу хийж гий­гүүлсэн болоод ингэдэг юм гээд хорхойтой шүдэндээ зуучихна. Тэгээд байдал улам даамжирдаг юм шиг билээ. Тэгэхээр би тийм байдал руу зүтгээд яах юм гэж боддог.

–Гэхдээ дөнгөж цухуйж гарч ирж байгаа залууст мэдлэг чад­вартай хүний туслалцаа дэмж­лэг үргэлж хэрэгтэй байдаг. Тэдэнд яагаад мэддэг чаддагаа зааж өгч, баримтат киноны уран бүтээл илүү давуу талтай шүү гэж хэлж өгч болохгүй гэж?      

-Яг зөв. Ингээд санал бодлоо солилцох хэрэгтэй шүү дээ уг нь. Би ч ингэж боддог. Миний хийсэн олон баримтат кино бий. Хэрвээ баримтат киног сонирхож байгаа хүнд бол хангалттай суралцах, судлах материал надад байна. Манай мэргэжлийн нэг гоё юм нь хэнд ч хийсэн бүтээсэн нь ил харагддаг. Ер нь тэгээд хүнийг хэлснээр нь биш хийснээр нь дүг­нэдэг шүү дээ. Баяр найруулагч юу хийсэн юм, баримтат кинондоо юу тусгасан юм гэдгийг бэлхнээ хар­чихаж болно. Үндэсний телевизэд ажиллаж байхдаа 10 гаруй нэвт­рүүлэг санаачлан хийсэн байдаг. Одоо тэднээс гурав нь л үзэгчдийн сайн мэддэг байнгын үзэх дуртай нэвтрүүлэг болсон байна билээ. Баяр гэж хүний кино урлагт хийж байгаа хөрөнгө оруулалт, оролцоог хийж бүтээсэн бүхнээс минь л хараасай гэж хүсч байна. Үнэхээр надтай уулзаж асуух зүйлээ асуу­сан залуустаа, уран бүтээл хий­хээр зорьж байгаа хүүхдүүдэд би чин сэтгэлээсээ тусална.

–Та сүүлийн үед эзэнт гүрний монголчууд гэсэн сэдвийг ба­римтат кинондоо  түлхүү тусгах болсон байна лээ?

-Бараг тэгж ойлгож болох байх. "Эзэнт гүрний монголчууд" гэдгийг захын хүн ярьдаг болж, жаахан хүүхэд хүртэл Добу мэргэн, Дува сохорын тухай ярьж, түүх соёлоо эргэн судлах хандлагатай болж байна. Энэ үед би "Эзэн гүрний Монгол" гэж дахин улиглахгүйгээр шинэ түүхийг нээх хүсэлтэй байна. Тухайлбал, Атилла хааны тухай Европын зургаан оронд баримтат киноны зураг авсан. Атилла бол баруун Хүннүгийн хаан байсан. Хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс мөн л юм бол Атилла мон­голчуудад хамаатай. Тиймээс би "Хаадын хаан" гэсэн баримтат кино хийж байгаа. Чингис хааны тухай социалист нийгэмд юу гэж ярьдаг байлаа. Нэрийг нь ч дуудах хорио­той байсан. Түүнтэй адил Атилла хааны тухай  түүхийг католик ша­шинт­нууд зориудаас гуйвуулсан юм билээ. Энэ тухай баримтыг Итали, Герман, Унгерийн түүхч эрдэмтэд ярьж байна. Атилла хаан бол тухайн цаг үеийнхээ сор бол­сон удирдагч, гайхалтай хаан бай­сан. Түүний тухай таагүй түүхүүд бол католик шашинтнуудын явуул­га байсан гэдгийг хүлээн зөвшөөрч эхлээд байна. Тиймээс би тэр гадаадын эрдэмтдийн ярьж байгаа түүх баримтуудыг кинондоо тусгаж өөрсдөөр нь энэ үгийг хэлүүлсэн. Тэгэхгүй бол монголчууд сагсуурч байна гэж хэлж магадгүй шүү дээ. Адгийн наад зах нь намайг өөрийн­хөө хувийн үзэл бодлоор сайхан залж байна даа гэх хүн байхыг ч үгүйсгэхгүй. Тэдний өмнөөс би гадаадын нэр хүндтэй судлаач эрдэмтдээр "бамбай" хийж байгаа юм. Тэдний ярьж буйгаар Атилла хаан намхавтар нуруутай, онигор нүдтэй, сархгардуу хамартай, тачир шингэн сахалтай байсан гэж сур­валж бичигт бичсэн байдаг юм билээ. Тэгэхээр яах аргагүй монгол хүн байсан шиг байгаа юм. Манай­хан ч өөрсдөө мэдэхгүй түүхийг гадаадын эрдэмтэд баримттайгаар ярьж байгаа. Яагаад гэвэл суурин иргэншлээр олон зуун жил амьдарч яваа хүмүүс сурвалж бичгүүдээ сайн хадгалж авч үлдсэн байдаг юм байна. Гэтэл нүүдэлчин удамтай бидэн шиг хүмүүст дорвитой сурвалж бичиг бага үлджээ гэхэд хилсдэхгүй.

Олон олон нээлтүүдийг бид баримтат кинотойгоо хамт хийж болохоор байгаа.

–Манайд гарч байгаа ихэнх сериал Солонгосынх. Тэднийг "Савангийн дуурь" гэдэг. Харин та юу гэж боддог вэ.   

-Би нэг ч сериал үзэж байгаа­гүй. Тэр ч бүү хэл Венесуэлийн "Халтар царайт" киног ч үзэж байгаагүй. Яа­гаад гэвэл сериал кино хүний оюун ухаанд хар тамхи шиг нөлөөлдөг гэж миний нэг найз надад хэлснээс болоод үзэх сэдэл төрөхөө боль­чихсон юм. "Халтар царайт" кино гарч байхад гаднах орчин харин надад их сонин байдаг байсан юм. III, IY хорооллын хөл хөдөлгөөн, дуу чимээ агшин зуур нам гүм болж тахалд өртчихсөн хот шиг бол­чихдог байж билээ.

 Харин өнөө үед бол сериал кино хэрэгтэй л байна шүү дээ. Хүмүүс тэндээс өөрт хэрэгтэй ямар нэг зүйлийг олж авч л байгаа. Савангийн дуурь гэж гоочилж бай­гаа ч гэсэн тэднийг дуурайж ихэнх телевизүүд дэргэдээ сериал кино хийцгээсэн шүү дээ. Тэднийг одоо гоочлохоор "ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө" гэгчээр ёс зүйн хувьд муухай байхгүй юу. Япон, Солонгосын сериал дунд сайхан, хүний амьдралд хэрэгтэй кино байдаг болоод л хүмүүс их үздэг биз. Цаашид харин бид өөрийнхөө хийж байгааг чанаржуулах хэрэгтэй юм.

ЯРИЛЦСАН Г.ЛХАГВАДОРЖ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.