Бид энэ удаагийн дугаарын зочноороо УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Т.Хуланг урилаа. Түүнтэй ярилцахаар Улсын драмын эрдмийн театрыг зорьсон юм. Бидний яриа түүний ажлын өрөөнд буюу олон өнгийн нүүрний будаг, гоо сайхны хэрэгсэл, сүрчиг бүхий том хавтастай толины өмнө өрнөсөн нь энэ билээ.
–Эх орны талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Энэ дэлхий дээрх хүн бүхэн өөрийн эх оронтой. Минийхээр эх орон гэдэг хүний хамгийн нандин, эрхэмлэн дээдэлж явах ёстой зүйл нь юм. Сэтгэл зүрхэндээ байнга эх орноо бодож, хайрлаж явах хэрэгтэй. Хүн эцэг эхээ хайрладаг шиг, эх орноо байнга дээдэлж, сэтгэл зүрхнээсээ тахиж явах ёстой болов уу. Энэ бол миний эх орон, зөвхөн минийх юм гэж бодох нь зөв байх. Гэхдээ манайхан, “эх орон, эх орон” л гээд байдаг. Яг үнэндээ яаж хайрлаад, эх орныхоо төлөө юу хийгээд байгаа юм бүү мэд. Ойлгомжгүй. Зарим хүмүүсийн эх орон гэдэг нь зөвхөн “үг” байдаг. Үнэхээр эх орныхоо төлөө сэтгэл зүрх нь цохилж байна уу гэдэг эргэлзээтэй. Зүгээр л яриад байдаг. Ер нь аливаа зүйлийг хэлэх амархан. Хийх л хэцүү. Эх орныхоо төлөө сэтгэл зүрхээрээ байна гэдэг, түүнийгээ хайрлана гэдэг арай өөр зүйл байх болов уу. Миний хувьд эх орон гэж энд тэнд яриад явахаасаа илүүтэй өмнөх ажлаа чанартай хийхсэн гэж зорьдог. Бүхий л уран бүтээлээ сэтгэл зүрхээрээ хөдөлмөрлөн бүтээж, хүнд хүрсэн аятайхан зүйл хийе гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг юм. Энэ л миний эх орондоо хайртайг минь гэрчилнэ. Би үүгээрээ л хайраа илэрхийлнэ. Ард түмэндээ чанартай бүтээл хүргэе. Тэр бүтээлээрээ дамжуулж би эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд бага ч атугай нэмэр оруулъя гэж санадаг даа.
-Анх хэзээ хилийн дээс алхаж байв. Яг тэр мөчид хүн бүхэнд эх орон, өөрийн нутаг гэдэг зүйл илүүтэй бодогддог шиг байгаа юм. Нэг л өөр мэдрэмж төрдөг шүү дээ?
-Тийм шүү. Хилээр гарчихаад эргээд харахад миний нутаг нэг л сайхан харагдана. Харин цаашаа болохоор агаар нь хүртэл өөр үнэртэй байх шиг санагддаг юм билээ. Байгаль нь бүр ч ондоо. Энэ мэдрэмж хүн бүхэнд л төрдөг байх. Миний эх орон надад сайхан. Тэр сайхан нутгийн минь бүрэн бүтэн байдлыг, тайван цагтай нь хамт манаж байгаа хилчидтэйгээ уулзалгүй удсан байна. Ойрын жилүүдэд гадагшаа дотогшоо явж хилээр гарсангүй. Гэр бүл зохиож, эх хүн болоод нэг жил болж байна. Хүүхэд маань удахгүй нэг ой хүрнэ.
-Ингэхэд ээж болох хэр санагдаж байна. Бүсгүй хүний хувьд анхны хүүхдээ төрүүлж байсан тэр хормыг насан туршдаа санаж явдаг юм билээ?
-Үнэхээр хамгийн сайхан агшин бол тэр. Хүүхдээ төрүүлж байхдаа, “Би хамгийн агуу уран бүтээлийг энэ хорвоо ертөнц дээр бүтээж байна” гэж бодсон шүү. Юутай ч зүйрлэшгүй хамгийн агуу бүтээл бол хүүхэд юм. Ер нь эх хүн болгон ингэж боддог байх. Эмэгтэй хүн бүхэн нэг л өдөр ээж болдог. Энэ хорвоогийн хамгийн агуу бүтээлийг туурвигчид нь ээжүүд юм. Хүмүүс, “Эмэгтэй хүн бүхэн л төрдөг шүү дээ. Тийм сүртэй зүйл юу байна” гэж бодож болох юм. Гэхдээ эрэгтэйчүүд хэзээ ч бүсгүйчүүдийн эх хүн болж байгаа тэр өвдөлт, түүний дараах аз жаргал хоёрын алиныг ч мэдрэхгүй. Бас ойлгох ч үгүй. Хүүхэд гэдсэнд бүрэлдсэн тэр цагаас л эх хүн аз жаргалаа мэдэрч эхэлдэг. Миний хүүхэд эх орны ирээдүй гэж сэтгэдэг. Маш ихээр хайрлаж, хоол ундаа ч гэсэн хүүхдийнхээ төлөө зориулж эхэлдэг юм билээ.
-Та бид өмнө нь нэг ярилцаж байсан. Тэр үеэс Т.Хулан багагүй өөрчлөгдсөн санагдлаа. Намба суухын зэрэгцээ улам үзэсгэлэнтэй болсныг хэлмээр байна?
-Баярлалаа. Ер нь их өөрчлөгдсөн шүү. Хүмүүс амиа хичээх гэж ярьдаг даа. Ганц бие, ээж болоогүй байхад хүнд энэ шинж их давамгай байдаг бололтой. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч, өөрийгөө л тордож явдаг. Гэтэл ээж болонгуут хамгийн түрүүнд хүүхдээ боддог болчихдог юм билээ. Ажлын завсраар бага зэрэг цаг гарсан ч хүүхэдтэйгээ хамт байхыг хүсдэг. Дэлгүүр орсон ч хүүхэддээ л зориулж юм авна. Мөн эмэгтэй хүний сэтгэлийг илүү их бодож ойлгодог болсон. Хамгийн гол нь ээжийгээ маш их ойлгож, улам хайрламаар санагддаг юм билээ. Ер нь их зүйл өөрчлөгддөг юм байна шүү.
-Тэгвэл хэр сайн эзэгтэй болж байна вэ?
-Хүмүүс хэлдэг л дээ. Ялангуяа уран бүтээлч, цаг наргүй ажилтай хүмүүс, “Гэр бүлээ бараг л хаяж байна. Зөвхөн ажлаа л хийе. Гэр бүл гэж зүйл бараг мартагдлаа” гэдэг. Энэ нь нэг талаар үнэн л дээ. Харин миний хувьд ингэхийг хүсдэггүй. Яагаад гэр бүлээ орхигдуулах гэж. Ажлаа ч сайн хийнэ, эхнэрийнхээ үүргийг ч хангалттай биелүүлэх хэрэгтэй шүү дээ. Нэг талаар энэ чинь эмэгтэй хүний үүрэг. Миний хувьд сайн ээж, гэрийн эзэгтэй, хүний хань байхын тулд маш их хичээж байгаа. Цаашид ч тийм байх болно.
-Монголчуудын сайхны тухай ойлголт бий шүү дээ. Сайхан эмэгтэйн тухай бүр нарийн өгүүлсэн байдаг. Харин орчин үеэ дагаад үүнд багагүй өөрчлөлт орж байх шиг. Таныхаар сайхан эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?
-Минийхээр сайхан хүн гэдэг нүднээсээ гэрэлтэх шиг санагддаг. Хүний сайхан нь нүдэндээ байдаг. Харахад нэг их хөөрхөн, ганган хээнцэр биш хэрнээ харах тусам хайр булаадаг хүмүүс бий шүү дээ. Хүн бүхэн хүндэлдэг, бас өөрөө ч бусдад гэм хоргүй тийм хүн надад их сайхан харагддаг юм. Харин их сайхан хүн чанартай, шударга хөдөлмөрч хүнийг би сайн хүн гэж хэлнэ.
-Таныг хүмүүс өхөөрдөм, эгдүүтэй бүсгүй гэхийн зэрэгцээ өсч яваа чадалтай уран бүтээлч гэж үнэлдэг. Гэхдээ жүжигчин бүсгүй маань өөрөө амьдрал дээр хэн байхыг эрмэлздэг бол?
-Хүнийг аль өнцгөөс нь харж байгаагаас болдог биз. Хүмүүс намайг ер нь “охин” гэж хардаг шиг байгаа юм. Эгдүүтэй охин, хөөрхөн хүүхэд мэтээр ярьдаг л даа. Мэдээж энэ бүхэн надад сайхан таатай санагдана. Хүмүүс намайг сайхнаар харж байвал сайн хэрэг. Гэхдээ би одоо эх хүн боллоо. Цаашид уран бүтээлдээ эх хүний мөн чанарыг харуулсан дүр бүтээхийг эрмэлзэж байгаа. Тэр утгаараа одоо надад “охин” хэмээх тодотгол тохирохгүй юм шиг санагддаг. Гэхдээ хүн өхөөрдөөд тэгж бодож байвал гоё л доо.
-Бүсгүй хүн бүхэн өөрийн гэх гоёлтой. Гэхдээ би энд ээмэг зүүлт, дэгжин цүнхний талаар асуугаагүй юм шүү. Ер нь та өөрийгөө юугаар чимэхийг хүсдэг вэ?
-Би дотоод мөн чанараараа л гоёхыг хүсдэг. Ганган дэгжин байхыг тэр бүр чухалчлаад байдаггүй. Угаасаа тэр тал дээр нэлээд хайнга хүн. Тиймээс гадаад тал дээрээ анхаар гэж олон хүнд шүүмжлүүлдэг. Гэхдээ энэ надад тийм чухал биш. Гол нь хүн дотроосоо л гэрэлтэж байх ёстой гэж боддог. Өөрийнхөө дотоод мөн чанарыг илүү их хөгжүүлэхийг зорьдог. Би ер нь гүн ухаанч, философи талын хүн л дээ. Бодох бясалгах дуртай. Ном уншсан ч тэр чиглэлийнхийг нь түрүүлээд шүүрч авдаг. Ингээд бодохоор хүн энэ хорвоод ухаажих гэж ирдэг шиг санагддаг. Тийм ч гэж номноос уншсан. Ингэхээр би оюун ухаанаа л хөгжүүлэх ёстой болж таарна. Би ухаантай байх хэрэгтэй. Амьдралыг ухаарах ёстой юм шиг л санагддаг даа. Миний гоёл гэвэл миний энэ бодол, өөртөө олсон ухаарал минь юм.
-Миний төсөөлж байснаас арай өөр “жанрын” хүн байна шүү. Үнэндээ гүн ухаан сонирхдог гэж санасангүй л дээ?
-Тэгээд ямар хүн гэж санасан хэрэг вэ? /Инээв/. Хүмүүс ер нь намайг жаахан хүүхэд шиг л хардаг юм. Охинлог талаас нь ч гэмээр юм уу даа.
-Тэгвэл таны хүүхэд нас хэрхэн өнгөрөв. Гүн ухаан сонирхдог гэхээр хэрхэвч хөдөлгөөнтэй, сахилгагүй охин байгаагүй биз?
-Тэгэлгүй яахав. Ер нь их дотогшоо, аливааг эргэцүүлж бодох дуртай, даруухан охин байсан. Сургуульд ороод ч тэр дуугүй, аливааг бодоод л явдаг сурагч байлаа. Хичээлдээ их сайн, багшийн асуусанд л хариулдаг, илүү дутуу үггүй хүүхэд байсан юм. Илүү үг ган хийхгүй гэдэг дээ. Яг л тийм хүүхэд гээд төсөөлөхөд болно. Нэг их нээлттэй хүүхэд байгаагүй.
-Тийм хүүхэд жүжигчний мэргэжлийг хэрхэн сонгов. Магадгүй таны амьдралд бяцхан “хувьсал” авчраа байлгүй?
-Ёстой тэгж хэлж болох юм байна шүү. Би их өөрчлөгдсөн. Эхлээд яагаад энэ мэргэжлийг сонгох болсон талаараа ярья. Миний ээж Улсын багшийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн хүн байдаг. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Сургуулиа төгсч ажлын талбарт гараад л өөр чиглэл рүү орчихсон юм билээ. Гэхдээ ээжийн маань оюутан байхдаа тоглосон нэг кино байдаг юм. Түүнийг нь би багаасаа үзэж өссөн. Цэргийн баярын өдрөөр үргэлж гардаг даа. Та бүхэн мэдэх байх. “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” гэж богино хэмжээний кино бий шүү дээ. Тэр кинонд МУГЖ Б.Батзаяа ахын найз бүсгүй болж тоглодог юм. Ээжийнхээ тоглосон киног багаасаа үзэж өссөн. Энэ үеэс л жүжигчин болох мөрөөдөл минь эхэлсэн. Бас ээжийнхээ ажиллаж чадаагүй тэр салбарт хүч үзэн, өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгоё гэж зорьсон. Ингээд л эргэлт буцалтгүйгээр энэ мэргэжлээ сонгосон хэрэг. Би багадаа их зарчимч, цэвэр цэмцгэр байдалд дуртай хүүхэд байлаа. Миний өссөн орчин ч тийм. Ямар нэгэн зүйл энд байсан бол тэр газраа л байх ёстой гэж боддог хүүхдийн амьдрал огт өөр хэв маягт орсон л доо. Хооллох, амрах тодорхой цаг гэж байхгүй. Хүн амарч байхад ажиллаж, ажиллах үед нь амрах гэх мэтээр хүн ойлгоход төвөгтэй хэмнэлд шилжсэн гэж болно. Ингээд эхний хоёр жил өнгөрөхөд гэрийнхэн маань намайг сургуулиас гаргах гэж байсан юм шүү дээ. Гэхдээ сүүлдээ ойлгож бүр дэмждэг болсон. Ар гэрт нь юу ч тохиолдсон жүжигчин хүн тайзан дээр байх үүрэгтэй. Надад асуудал гарлаа гээд би бэлтгэлээ таслах эрхгүй. Нэг хүн байхгүй бол тухайн жүжгийг бэлтгэж болдоггүй юм. Хэдий надаас бусад нь байсан ч бүтдэггүй. Тиймээс би энд, тайзан дээрээ байх л ёстой. Үүгээрээ жүжигчний мэргэжил хатуу хэцүү. Гэхдээ энэ миний сонгосон бас дурласан амьдрал. Харин одоо миний гэр бүл хамгийн сайн зөвлөгч бас шүүмжлэгчид юм. Миний хань, ээж, эмээ өвөө нар маань надад хамгийн их урам өгдөг. Нөхөр маань найруулагч хүн учраас надад их сайн зөвлөдөг шүү. Бидэнд хийхээр төлөвлөсөн уран бүтээл олон бий. СУИС хэмээх урлагийн халуун тогооноос би огт өөр хүн болон гарч ирсэн. Хүний дотор байгаа нууцлаг мөн чанарыг жүжигчний мэргэжил ил болгодог юм билээ. Миний дотор байсан бага зэрэг сахилгагүй, хөдөлгөөнтэй чанар маань энэ дөрвөн жилд илэрсэн гэж болно. Ер нь би өмнөхөөсөө огт өөр хүн болсон. Үүнийг гэрийнхэн маань ч хэлдэг. Гэтэл сая эх хүн болоход миний өмнөх зан давамгайлаад гараад ирсэн. Эргээд нөгөө юм боддог, дуу цөөтэй төв шинжиндээ орсон гэх үү дээ.
-Ингээд сургуулиа төгслөө, хүсч мөрөөдсөн мэргэжлийнхээ үнэмлэхээ ч гардлаа. Жүжигчний хувьд хэрхэн “хөлд оров”. Анхны уран бүтээл юу байв?
-Төгсөх ангидаа хошин урлагийн “Х-түц” продакшинд хэсэг хугацаанд ажилласан. Тайзан дээр ч багагүй гарлаа. Гэхдээ миний анх бие дааж, томоохон үүрэг гүйцэтгэж оролцсон уран бүтээл минь “Чиний эзгүйд” хэмээх уран сайхны кино юм. Хүмүүс мэдэх байх. 2005 оны кино шүү дээ. Тухайн үед анх удаа гол дүр авсандаа багагүй тулгамдаж байлаа. Ер нь их хариуцлагатай том ажил санагдаж байсан. МУГЖ С.Сарантуяа эгч намайг энэ киноны гол дүрд тогло гэж сонгосон юм. Тэр кинонд би ээж болж тоглосон л доо. Ээж болж “жүжиглэсэн” л хэрэг шүү дээ. Өөрөө эх хүн болж үзээгүй хүн жүжиглэж л таарна. Тэр киноноос маш олон жилийн дараа л сая ээж боллоо. Мөн “Сарны нулимс” кинон дээр эх хүн болж тоглосон. Тухайн үед эх хүний мэдрэмжгүй учраас хөндлөнгийн хүмүүсийг үрээ хэрхэн энхрийлж, эрхлүүлж байгааг харж дүрийн судалгаагаа хийж байлаа. Гэхдээ дотроосоо мэдрээгүй юм гэдэг цаанаа л “хуурамч” байдаг юм билээ. Тэгэхээр тааруу тоглосон байж мэдэх юм.
-Хүмүүс таныг “Сарны нулимс”-ын Цоомоо гэж дуудах нь элбэг юм билээ. Тэр дүрд тань ч их хайртай байдаг. Энэ дүрийнхээ талаар яриач?
-Хүмүүс намайг Цоомоо гэхээр маш танил хүлээж авдаг шүү. Энэ бол миний хайртай дүрүүдийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ хамгийн хайртай нь “Чиний эзгүйд” киноны Сэргэлэнгийн дүр л дээ. Анхны гэдэг утгаараа ч тэр биз. Харин Т.Хулан гэж жүжигчинг олонд илүү таниулсан нь “Сарны нулимс” киноны Цоомоогийн дүр юм. Тиймээс энэ дүрдээ маш их хайртай. Кинондоо тоглож байхад бэрхшээл багагүй байсан. Төрүүлсэн хүүхдээ хүнд өгдөг хэсэг бий. Тэгэхэд эх хүн болоогүй байсан учраас тухайн үеийн өөрийн мэдрэмжээрээ л тоглосон. Харин одоо харж байхад тэнд, энд алджээ гэдэг нь харагдаж байдаг юм.
-Дэлхийн сонгодог жүжгийн зохиолуудаас дүр бүтээж залуу насаа мөнхлөхсөн гэх бодол бий биз?
-Байлгүй яахав. Надтай хамгийн ойр нь Жульеттагийн дүр шиг санагддаг юм. Энэ дүрд нэг тоглоод, өөрийнхөө залуу насыг үлдээхсэн гэж боддог юм. Жүжигчин хүний харагдах тал гэж бий. Энэ талаасаа Жульетта надад арай ойр санагддаг. Миний өөрийн бодож явдаг дүр гэвэл энэ байна. Мөн дараа нь Монголын түүхэн жүжиг, кинонд тоглохсон гэж хүсдэг. Монгол кинонд түүхэн дүр бүтээхийг хүсдэг дээ.
-Олны танил байх хааяа хэцүү байдаг уу?
-Анх их эмзэглэдэг байсан. Хүмүүст огт гэм хийгээгүй хэрнээ элдвээрээ хэлүүлнэ. Муу үгээр доромжлуулна. Дээр нь зүгээр л сайхан залуу хүмүүс шиг гудамжаар хамаагүй явж болдоггүй. Бага зэрэг хайнга зан гаргаад, чөлөөтэй хувцаслаад гарчихвал бараг нүүрэн дээр минь, “энэ тэгчихэж” гээд л шивэр авир хийгээд эхэлдэг юм. Тэр нь их төвөгтэй. Манайхан ер нь хүнийг гадаад үзэмжээр нь их дүгнэдэг улс шүү дээ. Би өөрийгөө од гэхгүй. Сайхан, сайн уран бүтээл туурвихсан гэж хичээж яваа залуу жүжигчин. Гэлээ ч олны дунд явахад биеэ зөв авч явахаас эхлээд багагүй хүндрэл тулгардаг л юм.
-Таны сүүлд тоглосон киноны дүрүүд таниас тэс өөр хүн шиг харагдаад байгаа. “Хайрын рекорд”, “Намрын синдром” зэрэг киноны дүр, “Сарны нулимс”-ны Цоомоотой огт төсгүй шүү дээ?
-Хүмүүст тэгж санагдаж байгаа бол маш сайн хэрэг. Би өсч яваа залуу уран бүтээлчийн хувьд өөрөөсөө огт өөр дүр бүтээх хэрэгтэй. Дандаа л сайн, даруухан охин байх утгагүй шүү дээ. Сүүлийн гурван жилд тоглосон “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Мама миа” зэрэг киноны дүрүүд бол надаас тэс өөр. Гэхдээ өөрийг чинь ингээд асуухаар бодлоо л доо. Ихэнх дүрээ би өөрөөсөө болгох гэж хичээдэг. Цоомоогийн дүр надтай төстэй ч, огт адилгүй шинж байгаа. Жишээлбэл би хэзээ ч төрүүлсэн хүүхдээ хүнд өгөхгүй. Үүгээрээ бид ялгаатай. Сүүлийн кинонууд надаас үнэхээр өөр. “Хайрын рекорд”-ын тэр охины дүр гэхэд их хээнцэр хэрнээ нэлээд сахилгагүй охины дүр шүү. Гэхдээ манай мэргэжил бас нэг гоё давуу талтай. Тэр нь юу гэхээр би амьдрал дээр тэр бүр сахилгагүйтээд байж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр дүр дээрээ би сахилгагүйтэж болно. Ямар дүр бүтээмээр байна, яаж өөрийгөө өөрчилмөөр байна, тэр бүхнээ дүрдээ шингээж болдгоороо миний мэргэжил сайхан.
-Оюуны хөдөлмөр гээч хүнийг хэзээ ч амраадаггүй бололтой. Яаж өмнөхөөсөө өөр сайныг бүтээхэв, яавал би өөрөөр сэтгэхэв гэж бодсоор тархи нь амардаггүй юм шиг харагддаг. Ер нь жүжигчид хэзээ арай жаахан амсхийдэг юм бэ?
-Шинэ уран бүтээл туурвихын тулд жүжигчнээс ямар их хөдөлмөр, шаналал, ажлын ачаалал шаарддаг гэж санана. Нэг ажил хийх гээд эхлүүлчихсэн байх үед тархи хэзээ ч амардаггүй гэдэг үнэн. Шөнө унтаж байхад хүртэл нөгөө “зүйл” маань бодогдож л байна. Ингээд нэг уран бүтээл дуусч нээлтээ хийх тэр мөч л бидний амралт болдог. Тэр үед хачин гайхалтай тайвшрал мэдэрдэг юм. Дараа нь үзэгчдийн чин сэтгэлийн алга ташилт, урмын үг сонсох мөч уран бүтээлчид бүхнээс том шагнал байдаг. Ингээд нэг сайхан амармаар санагдана. Гэвч дараагийн уран бүтээл гэж мөн л өмнөх шигээ том даваа хүлээж байдаг юм даа.
Эх сурвалж “Эх орны манаа” сонин