Зохиолч Б.Галсансүх
Зохиолч Б.Галсансүх
1972 онд Хэнтий аймагт төрсөн. ОХУ -ын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн.2003 онд "Хүн судлал" номоороо"Яруу найргийн төлөөх зуун жилийн дайн" МЗЭ -ийн шагнал, 2005 онд "Сэтгэл гэдэг эрхтэн" номоороо Алтан өд шагнал авч байжээ. Түүний "Хүн судлал" номыг утга зохиолд шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг. Манай уншигч сонсогчид түүнийг “Бурханд хэлэх зөвлөгөө” шүлгээр нь илүү таних болсон. Тэрээр “Постпанк” урсгалыг дэлгэрүүлсэн яруу найрагч юм. Б.Галсансүх ихэнхдээ философи сэтгэлгээг тусгасан уран бүтээл туурьдагаараа бусдаас ялгардаг. Түүнийг билиг танхай яруу найрагч Р.Чойномтой төстэй бичлэгтэй гэдгийг уншигчид хэлдэг. Ингээд та бүхэндээ түүний бичсэн ер бусын гэмээр зохиолуудаас түүвэрлэн хүргэе
Р. ЧОЙНОМД БИЧСЭН ЗАХИДАЛ
I
Таягтай хүн зам хөндлөн гарч явах шиг
Тийм нэг мэдрэмжийг таны шүлэгнээс олох юм.
Цагдаад цагдуулж, хуягуудад хараалгуулж
Цайгаа ууж, тамхиа татаж тайван суухдаа
Тагнуул, туршуүлуудын цалингаа бүрэн авах хэрэгсэл
Таньд байсан тэр тэвчээрийг тэнгэр минь надад одоо л хайрла?
Хүсэл мөрөөдлөө хүндэтгэж, үзэл бодлоо тунхаглаж
Хүний араар нуугдаагүй, хүүдэгнэж "нэрээр" алдрыг олоогүй
Хүн байхын гайхамшигийг мэдрүүлсэн хүч чадлаа надад өг?
"Увайгүй тэнэгүүдийг улсын мөнгөөр Европоор нэг тараасаны
Уршиг хор бол одоогийн улс төрчид, улс төрийн хэрүүл" гэж
Хашгирч хэлэх, хар хятадыг үзэн ядах, тал нутгаа
Хамгаас илүү хайрлах ховордсон сэтгэлийг надад өг?
Ганцаардлыг ганцаараа би эдлээгүй гэж хэлье
Газар дор хүйтэн байна уу? Газар дээр хүйтэн байнаа.
Бичсэн захиа минь Таньд хэзээ ч хүрэхгүй гэж бодоход
Билэггүй муухай байнаа. Бичсэн шүлгийг чинь энд
Билэггүй хумүүс худалдаад баяжиж байнаа. Цас орж
Бороо шивэрч, салхи сэрчигнээд байгаль дэлхий сайхан байнаа.
II
Хамаг Монголыг хагаралдуулж байгаа хэдэн сонины эзэд
Хятадын эрлийз, хурлийзууд
Таны тухай таатай мэдээ нийтэлсэнээс
Цаг агаарын мэдээ хэвлэвэл цаас борлогдохыг мэднэ.
Цалингаа авсан сурвалжлагчид нь "Цзы Гун"-ы дасгал хийнэ.
Халх шүлгийн чанарыг хар савхин дээлээр хэмждэг болоод
Хэдэн өвөл өнгөрсөнийг хүндэт ах таньд хэлэхэд юутай хүнд.
Яс үзээд шүлс нь асгардаг Павловын нохой шиг энэ амьдралаас
Яруу найргийн "Туршлагын туулай" дүү чинь яг үнэндээ бол залхаад
Үхэж далд орохын түмэн хүслэнд автавч муу хүн үхдэггүйн үлгэрээр
Үхтлээ л амьдрах юм шиг байна.
Мөддөө очиж чадахгүй нь. Мишигийн Цэдэндорж, Нямбуугийн Нямдорж, Данзангийн Нямсүрэн Миний хайртай ах нарт мэндийг минь дамжуулаарай.
III
Гулранс шулгээ уншиж, Инжинаш номоо бүтээж, Равжаа дуугаа дуулж
Ганцаардсан Нацагдорж гомдлоо тайлж, Таны шүлгээ бичиж явсан
Монгол хэл маш алгуурхнаар мөхөөд мөхлийг нь харж
Монгол биш хүмүүс маш ихээр баясаад муухай байхад
Монголд амьдрах ойд төөрсөн юм шиг ойлгомжгүй санагдаад
Монгол хүмүүс мод шиг санагдаад мохож явахад
Хөшүүн, хойрго, хөлдүү юм шиг хөгшин ард түмнийг минь
Хөх тэнгэр минь гэсгээж хайрла? Гэгээрүүлж хайрла?
Хүүхэд засварын газар
Том хүн шиг
Томоотой байвал
Хүүхэд засварын газар
Хүргээд өгчихнө шүү
Мөрөөдлөө ярьж
Мөөмнөөсөө гарахгүй бол
Хөлөн дээр минь гишгэж
Хөөрч дэвхцэхгүй бол
Жаахан хүүхэд засварын газар
Жинхэнээсээ аваачиж өгнө шүү
Бороо ороход
Баярлаж гүйхгүй бол
Солонго татахад
Сонирхож харахгүй бол
Дэргэд ойрхон байгаа
Дэггүй хүүхэд засварын газар өгчихнө шүү
Гэтэж мяраагаад
Гэнэт цочоовол
Урхидаж хуураад
Уйлтал зовоовол
Том хүн засварын газар
Торонд хийгээд тушаачихна шүү.
Ганцаардал
Ганцаардан шаналдаг өрөө минь – Ганц нүдтэй
Ганц тэр нүдээр – Гадагшаа намайг
Харахад эмнэлэгийн хана шиг цас
Харааг минь ядраана. Хүсээгүй байхад
Бэлэглэсэн хайр чинь хачин хүнд юм
Бэлэглэсэн хайрыг чинь би даахгүй байна
Нойрны эмнүүд шиг цас надаас бусдыг нь
Нойрсуулахад хорвоогийн хязгаарт хүргэх
Хос мөнгөн далавчийг ганц нүдтэй өрөөндөө
Харанхуй шөнөөр ухаанаа гарган урлахад
Хүрээд ир гэсэн хайр чинь
Хөнгөн юм. Хөнгөн хайрыг чинь би хүсэхгүй
Байна. Олон ангит цуврал зүүд шиг
Барагдаж дусахгүй бүрхэг өглөө бүхнийг
Базаж хуниад хогийн хувинд хийгээд
(Бүгдийг нь) чүдэнз зураад шатаачихмаар
Санагдахад Оюун ухаанлаг хайр чинь
Сохор юм. Сохор хайр чинь надад
Сонирхолгүй байна. Сонирхолгүй (уучил)
Сохор хайр чинь уйдсан үед санагдах юм
Хүлээлт
Хүсэл минь зангираад булчин шиг чинэж
Хайр минь хүлээлтэндээ нуруу шиг чилж
Дур минь дэлбэрэх гээд дарс шиг шуугиж
Дэр минь ганцаардаад хун шиг өнчирч
Уулга алдах учралыг удаан хүлээж байна
Үүд минь баярласандаа хэрээ шиг бархирах
Үг минь догдолсондоо сувд шиг бөмбөрөх
Цай минь хөөрч хүүхэд шиг дэвхцэх
Цонх минь цочирдож толь шиг хөлрөх
Үйл явдлыг үсээ цайтал хүлээж байна
Уруул минь үнсэлтийг чинь үгүйлэн хагасаж
Ухаан минь цэнгэлийг хүсэмжлэн хагасарч
Мэдрэхүй минь үнэрээр чинь дутагдаж
Мэдрэл минь аалиар чинь амьсгалах гэж
Хайраар чинь цанган хүлээж байна
Бараа бараагаа харалцсандаа балмагтах
Биеэ барьж чадахгүй тэврэлдэх
Зүрхээ дарж үгээ мартах
Зүүдээ гүйцээж магнай хагарах
Аймаар учралыг амьсгаагаа түгжин хүлээж байна.
* * *
Хүүхэн хүн гэдэг бол загас юм
Харин би бол загасчин юм
– Үмхэж байна уу?
– Үмхэхгүй байнаа Амьдрал гэдэг бол арал юм
Айдаа би бол аялагч юм
– Ганцаараа аялах хэцүү байна уу?
– Ганцаардахгүй хэцүү юм Мөнгө гэдэг будаа юм
Миний бие бол тагтаа юм
– Тонших будаа хэрэгтэй юу?
– Өгөөд үз л дээ Үхэл гэдэг бол тэнгэр юм
Үүрийн цолмон бол би юм
– Харваагүй л байна уу?
– Харвадаггүй од гэж бас байх юм…
Сэтгэл
Миний сэтгэл гонзгой урт – улаан хоолой шиг
Мушгирч уурлахаараа пөмбийж хавагнаад томболздог
Баярлахаараа агшиж сунаад агшиж сунаад агшиж сунаад
Байдгаараа тэлээд тэлээд тэгээд, тэгээд сөөчихдөг
Гомдохоороо үрчийж хорчийгоод хальс шиг болж хатаад
Гол дээр тоглож байгаа хүүхэд шиг сураггүй болчихдог
Хорсохоороо хачин шар ногоон өнгөтэй болж хувираад
Хороо шахаж байгаа могой шиг чивчрээд хагарчихдаг
Тайван байхдаа гонзгой урт юм л унжийгаад талимаараад
Таньдаг хүн мэндэлж байгаа юм шиг тайван байдаг
Атаархахаараа… Аа нэн аюултай татвас татвас хийгээд
Амьсгаа нь давчадсан хүн агаар эрэх шиг аль ч учраа олохгүй
Догдлохоороо дэндүү гоёо дороо цовхчин ийш тийшээ санжигнаад
Долоон өнгөөр солонгороод даанч дэндүү гоё, гоё, гоё
Хүлээхээрээ миний сэтгэл хааяа нэг, хааяа нэг хөдөлснөө
Хүлээтэй юм шиг хөдөлгөөнгүй хөхрөөд хүлээгээд л байдаг
Миний сэтгэл баярладаг, гомддог, догдлодог, атаархдаг
Миний сэтгэл муухай, сайхан, хорсдог, уурладаг, хүлээдэг
Миний сэтгэл өөр яадаг билээ? Гунигладаг, эрхэлдэг, эмзэглэдэг
Миний сэтгэл заримдаа надад сэтгэл байхгүй юм шиг санагддаг.
Мастурбаци
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сайхан хүүхний зураг
Сармагчинд байхгүй ч
Гавал байна
Гар байна
Ганцаардал байна
Галзуу дур байна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сармагчинд
Сармагчингийн
Сүрэг байвч
Саах хэрэг гарна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Ганцаардахад
Гар байна
Гавал байна
Галзуу дур байна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Хүн сүрэг
Хажууд байвч
Харин саах
Хэрэг гарна.
“Маркиз Дэ Садын богинохон зөвлөгөө”
Тамхи нас богинсгохгүй. Тайвширцгаа. Татацгаа.
Тэр чинь худлаа үг. Тэгээд мэдсээр байж, Бүү шаналцгаа.
Архи амьдралд гай болохгүй, Айх хэрэггүй, Ууцгаа.
Алтан дэлхийг хаая гэсэн согтуу харах сайхан.
Өндөрөөс бүү ай, Алив үсэр, Харай, Шунга.
Өргөн дэлхийн агаарыг шүхэрчин шиг амталцгаа
Хүйтнээс бүү ай, Гарч зугаалцгаа, Мэдэрцгээ
Хөрст дэлхийн амьсгалыг хүйтэн чулуун дор мэдрэнэ гэж байхгүй.
Бүсгүйчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа.
Эр хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар мэдрэхгүй.
Эрчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа.
Бүсгүй хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар амсахгүй.
Шүтээндээ мөргөцгөө. Залбирцгаа. Сүсэглэцгээ.
Шүтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна.
Хэрэлдэцгээ, Зодолдоцгоо, Алалцацгаа, Үхцгээ.
Хэн ч энэ ертөнцөд дахин төрөхгүй
Тэвэрлдэцгээ, Эвлэрцгээ, Уйлцгаа, Инээцгээ
Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгүй.
БИ…
Би… буриад, хүү, эцэг, ах, гон бие
Бас яруу найрагч, тамхичин, сэтгүүлч
Мөрөөдөгч, азгүй нууц амраг, анархист,
Мөнгөнд дурлагч, уншигч, тэнүүлчин
Даарамтгай ч халуунд дургүй, юм угаах дуртай
Гэнэтхэн гуниглагч, хуурамч даруу загнагч, салхинд зугаалагч
Муур хочит, муухай аашт, сайхан зант
Үүд тогшигч, үрэлгэн загнагч, үүрээр унтагч
Үүл шохоорхогч, үсээ засуулагч, өмд худалдан авагч
Хөгжим сонсогч, худлаа яригч, ханиад хүрэгч
Харандаа үзүүрлэгч, өрөө хөлслөгч, өрөнд баригдагч
Явган зорчигч, яриасагч чалчаа биш
Яаруу адгуу ч хойрго бус хааяа найрлагч
Шашингүй үзэлтэн ч шинжлэх ухаан ч биш панк
Шуугиан таригч, чимээгүй амьдрагч, сар шүтэгч.
Шинэчлэлийг гүйцэтгэг ч уламжлалыг судлагч мөн идеалист
Шөнө зүүдлэгч, чихэр идэгч, сахлаа хусагч….
Хувь заяатайгаа би …
Хувь заяатайгаа би эвлэрэх дургүй нь сайхан
Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан
Цагийн юм цагтаа гэдэг үг
Цээжнээс минь гардаггүй нь сайхан
Зовлон болоод ганцаардал гэдэг үг
Зөвхөн надад хамаатай байх нь сайхан
Ярихын аргагүй сэтгэлийн хөдлөл
Янз янзын үед илрэх нь сайхан
Хүссэн бүхэн шаналал болж
Хүсээгүй зовлонг надад авчирах нь сайхан
Өнө эртнээс надад зориулж бэлтгэсэн
Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан
Эдэлж эдэлсэн энэ жаргалаасаа болж
Эрлэгт очоогүй байх нь сайхан.
Харин тэр үед би харамсалгүй
Харамж шан адил зовлонгоо дааж чадах нь сайхан.
Символист- хүн судлал
Цусны минь эргэлтийн аясыг дагах
Цэнхэр наран, улаан саран эрээлжлэх
Сүнс минь биедээ эргэж ирэлгүй, оролгүй
Сэтгэлийг минь хийсгэж салхилангуй, амарлингуй
Ирээдүй минь бүдэг цайвар, шаналангуй
Итгэл муутайхнаар бие минь сүнсээ хүлээнгүй
Дусаад тогтсон харанхуй буланд "би" биеэ орхичихсон
Дээвэр дээр сүнс минь од тоолоод суучихсан
Зүүд минь хоёр биеийн завсар ганцаардчихсан
Зорих зам минь өмнөөс хоёр тийш одчихсон
Оюун санаа, сэтгэл зүрхний минь амь цогийг
Ойрмог тохиох үйл явдлууд цэнэглэх байх …
Сүүлийн үед бүх л бие минь хүндрэн өвдөөд
Сүнс минь биендээ ирж байх шиг …
Хар аяндаа бие минь сульдан алдраад
Хоёр дахиа мэндэлж байгааг минь
Хэн ч анзаарахгүй байх шиг …
Сентминталист – хүн судлал
Зөрөх нэгэн нүдийг минь хараагүй бол
Зовлонг минь ойлгоход бэрх …
Зүрхний шигдээснээс илүү хүчийг
Зөвхөн тамхи надад өгөх …
Зөвлөх андын үгнээс илүүг
Зайлуул энэ бор дарснаас олох …
Хүрэх газрын холд
Хуучин цамц минь хань болох …
Өнгөрсөн бүхний сайхныг
Өнөөдөр нулимс минь гэрчлэх …
Учрах зовлонг тосоход
Уур хилэн, бардам сэтгэл минь туслах …
Зорьсондоо тэмүүлэх хүнд
Зам тавин өвс болж туслах …
Өнгөрсөн, одоо, ирээдүйд
Өөрөө өөрийнхөөрөө үлдэх …
Сонгодог авангард – хүн судлал
Нэг дэлбээ, хоёр дэлбээ, гурван дэлбээ
Надад цэцгээр мэргэлэх сайхан байна.
Үхэх үү? Эсвэл амьдрах уу?
Үйлийн үр үү? Эсвэл зурсан зураг уу?
Нэг амьдрал, Урьдах амьдрал, Хойд амьдрал
Надад энд амьдрах сайхан байна.
Тэгээд Үхэх үү? эсвэл Амьдрах уу?
Тэндхийн диваажин дээр үү? эндхийн там дээр үү?
Нэг мөрөөдөл, нөгөө хүсэл, өөр найдвар
Надад өөр зүйл хэрэггүй нь сайхан байна.
Амьдрах уу? Тэгвэл үхлийг үзэн яд.
Үхэх үү? Тэгвэл амьдралыг үзэн яд.
Нэг хайр, бас шохоорхол, нууц тачаал
Намайг энэ бүхэн нь хүрээлдэг нь сайхан байна.
Үйлийн үр үү? Тэгвэл хүлцэн тэвч.
Зурсан зураг уу? Тэгвэл ерөөлөөрөө болог.
Нэг амьдрал, өөр мөрөөдөл, бас шохоорхол
Надад цэцгээр мэргэлэх сайхан байна.
Үхэх үү? амьдрах уу? найдах уу? хайрлах уу?
Үйлийн үрээ эдлэх үү? Нөгөө хүслээ гүйцээх үү?
Гэгээн гуниглал минь
Гэгээн гуниглал минь
Гадны хүн орж болохгүй гэсэн бичигтэй тэнцүү.
Тунгалаг инээд минь
Тамирдсан сэтгэлийг минь илааршуулахгүй.
Ариун хайр минь
Авсанд орсон хойно үнэд орно.
Харанхуй ганцаардлыг минь
Хэн ч анзаарахгүй.
Цайлган бачуурал минь
Цаг хугацаатай тэмцэлдүүлнэ.
Хөнгөн алхаа минь
Харалган болгосноос цаашгүй.
Зүүрмэглэх төдий нойр минь
Зүүд гэдэг өвчнийг сэдрээнэ.
Хувирамтгай сэтгэл минь
Хорин дөрвөн цагт
Хэлэхийн аргагүй нэг л зүйлд
Хувьсгалч шиг зовно.
Хувирашгүй шаналана.
Өөрийгөө таних гэж оролдсон минь
Өвчин болж хувирав.
Өргөс шиг авчихаж болохгүй энэ өвчин
Үхсэн хойно ч салахгүйг би мэдэв.
Ганцаараа амьдрахад
Толь ичихгүй, Тогоо шаналахгүй
Таваг эвшээлгэхгүй, TV гомдохгүй
Хутга айхгүй, Хайч хялалзахгүй
Хундага шартахгүй, Халбага хөгшрөхгүй
Хана хөлгүй, Хаалга хумсгүй
Хивсэнцэр зүүдлэхгүй, Хөнжил хөлдөхгүй
Цай цангахгүй, Цоож унтахгүй
Цахилгаан зуух даарахгүй, Цамц даарахгүй
Цонх зугтаахгүй, Цүнх зугтаахгүй
Ус буцалгагч уйдахгүй, Унтраалга уурлахгүй
Уртасгагч учирлахгүй, Утас уйлахгүй
Данх ядрахгүй, Далавч минь бутрахгүй
Давс гашлахгүй, Дэр халууцахгүй
Сандал сандрахгүй, Сэрээ сэрэхгүй
Саван сахалгүй, Сойз нүдгүй
Салхивч онгойхгүй, Сам салхилахгүй
Ширээ чихгүй, Шал хэлгүй
Шүүр шүүрс алдахгүй, Шанага шилрэхгүй
Аяга амрахгүй, Алчуур инээхгүй
Амьдралд дасахгүй, Номнууд ярилцахгүй
Чийдэн шүдгүй, Чигчлүүр сэнжгүй
Чи минь байхгүй, Би бухимдахгүй "