Эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн
Эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн
Анхны ардын уран зохиолч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Дорнод аймгийн Матад суманд эгэл малчин Цэндийн хүү болон мэндэлжээ. 1986 онд 78 насандаа таалал болсон.
Тэрээр 1933-1938 онд Ленинград хотын Дорно дахиныг судлах институтэд суралцсан. Сургуульд явснаас нэг жилийн хойно, хол хүний нутагт унасан газар, угаасан усаа санагалзан
1933 онд, 25 насандаа “Хоёр настай Ро” Монголын уран зохиолын алтан санд орсон шүлгээ одоогоос яг 72 жилийн өмнө,
1934 онд, 26 насандаа “Буурал Ижий Минь” эрхэмсэг шүлгээ,
1936 онд, 28 насандаа “Зугаацахаар мордсон нь” гайхамшигт шүлэг, найраглалаа,
1937 онд, 29 насандаа А.С.Пушкин шүлгээ тэрэлж, Пушкиний шүлгээс орчуулж,
1938 онд, 30 насандаа “Наалинхай хоёр нүд чинь” шүлгээ бичин үлдээжээ.
Нэгэн насанд багтамгүй, нэгэн хүний оюун ухаан дийлэмгүй нөр их бүтээлийг амжуулсан алдарт эрдэмтэн маань Орос-Монгол толь, Алтан загасны үлгэр, Монголын Нууц товчоо, түүний нэгэн чацуутан болох Игорийн Хорооны тууж, Пушкиний Олег цэцний дуулал, Хүрэл хөшөө зэрэг гайхамшигт бүтээлийн хажуугаар Монголын 1000 жилийн хураангуй түүх, Монголын өв соёлын сор болгоныг хураасан “Зуун билиг” номоо туурвижээ. Сурсан эрдэм, бүтээл зохиол нь, тухайлбал Пушкиний бүтээлээс орчуулсан нь хожмоо шоронд хоригдох, алтан амиа ч алдах дөхсөн шалтаг болохыг мэдсэнгүй. Хоёр настай Ро шүлэг нь тэр жаахан охиний болон Монголын ард түмний 70 жилийн түүхийг хүүрнэсээр…
1938 онд, 30 насандаа сургуулиа дүүргээд Монголдоо буцан ирсэн ч удалгүй шоронд орсон. Тэрээр Хрущевийн өөрчлөлтийн үрээр үг хэлэх эрхтэй болж 1962 оны Намын Бүгд хуралд хэлэхээр бэлдсэн үгэндээ “1938 оны 11-р сарын 4-ний шөнө намайг баривчилж ардын дайсан хэмээн шоронд хорьсон. Пушкиний Олег цэцний дуулал шүлгийг орчуулсан, хувьсгалын эсэргүү Бямбын Ринченгийн хүүхэн Нямаагийн орчуулсан ах дүү Гримийн үлгэрийг худалдаж авч эсэргүүний ар гэрийг санаатай дэмжсэн, эсэргүү мэргэн гүн Гомбожав, буриад Цэвээн Жамсранов нарын эсэргүү бүлгийн гишүүн, хувьсгалын эсэргүү гэмт хэрэг үйлдсэн гэх хуурамч шалтагтай. Гүтгэж алахад арай болохгүй байсан болтой . 1940 онд аргагүй цагаадан шоронгоос гарсан. Шоронд зарим шүдээ хэмх цохиулж, чийг өвчнөөр өвчилж, бөөсөнд баригдаж байсан. Бузар чононууд элдэв жигшүүртэй муухай арга хэрэглэн элдвээр зовоож, бүтэн 10 хоног унтуулахгүй тамлан байцааж байсан. Олон сайхан хүмүүс ингэж зодуулж зовж байснаас худал хэрэг хүлээгээд хурдан үхсэн дээр гээд алуулахаар ачигдаж байсныг үзсэн. Тэд нар надад захин ач үрд минь, ард түмэнд минь үнэнийг мэдэгдэж үзээрэй гэж захисан. Одоо тэдний гэрээсийг би уламжилж байна. Манай намыг өөдгүй хүмүүс бузар хэргээ далдлах бүрхүүл болгон ашиглаж байна. Манай нам төрийн удирдлага ард түмнээсээ тасраад урьдын хаад ноёдоос ч илүү эрх мэдлийг эдэлдэг боллоо. Ард түмнээсээ ингэж тасарсан хүмүүс 1937 оны үеэс хоёр бузар ажлыг хийсэн. Нэгд, Монголын бүх сэхээтнийг хүйс тэмтрэн хядсан. Хоёрт Монголын өв уламжлалыг баллан сүйтгэсэн. Хууль завхаруулсан, соёлын өвийг устгасан ялт хэргийн тухай, ард түмнээс нууж хийсэн бузар үйлийг ард түмэнд таниулах хэрэгтэй. Энэ хэргийг аль болохоор нууж дарах санаатай хүмүүс байна…”гэжээ.
Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн бээр 1990 оны ардчилалаас даруй 30 жилийн өмнө ийнхүү Монголд ардчилалын төлөө үнэн үг чөлөөтэй хэлэхийн төлөө тэмцэлдэж, Монгол Улсын Их Сургуулийн индэр дээрээс Үнэн сонин бол ард түмнээ хуурч мэхэлсэн манай намын бузар хуудас, манай нам бол ард түмнээ алж талж ирсэн хар мөртэй хэмээн зоригтой шүүмжилж чаджээ.