Энэ удаагийн дугаарын зочноор ардын урлагийг сурталчлах, хөгжүүлэх, өвлүүлэхийн төлөө сэтгэл, зүрхээ зориулж яваа залуу уран бүтээлчдийн нэг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргалыг урилаа.
-Уртын дуучдыг хөдөө төрж өссөн нь сайхан хоолойтой, хотод дөрвөн хананы дунд өссөн хүн уртын дуу дуулахад учир дутагдалтай мэтээр ойлгох нь бий. Таны хувьд хотын унаган хүүхэд, яаж яваад уртын дуучин болчихов?
-Тиймээ, би Улаанбаатарын унаган охин. Аав Төв аймгийн Баяндэлгэр, ээж Завхан аймгийн Идэр сумын хүн. СУИС-д анх орохдоо л ардын дуучин болно гэсэн зорилгыг өөртөө тавьсан байсан. Шалгуултал намайг дуурийн ангид хуваарилсан.
Өглөө нь дуурийнхаа хичээлд суучихаад үдээс хойш нь Ц.Дэлгэр багшийн ангийн үүдэнд хаалганых завсраар лекцийг нь хальт хульт сонсч зогсдог байлаа. Зааж байгаа дуунуудыг нь ангийнх нь хүүхдүүдтэй зэрэгцээд сурчихна.
Тэгж явсаар хүссэн ангидаа орж Дэлгэр багшийнхаа удирдлагад төгссөн. “Хотын хүүхэд уртын дуучин болно гэж юу байх вэ” гэдэг үгийг ганц нэг хүнээс сонсч байсан. Тухайн үедээ эмзэглэж байсан ч өөртөө тавьсан зорилго, хүсэл эрмэлзлэл маань хөтөлсөн.
Мөн намайг жилийн дараа ч гэсэн уртын дууны ангид элсүүлж авсан Ц.Дэлгэр багшдаа баярладаг. 2000 онд сургуулиа төгссөнөөс хойш өнөөг хүртэл ардын урлагийн том төв болсон Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад ажиллаж байгаадаа туйлын их баяртай байдаг.
-Танайд урлагийн хүн байв уу
-Монголчууд “Наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай” гэлцдэг. Миний аав, ээж сайхан дуулдаг. Одоо нас сүүдэр 70 гарч яваа ч дугараа ирэхэд хангинатал дуулна шүү. Тэгэхээр манайд удмын жаахан юм байсан байх. Харин мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж яваа нь би.
-Үндэсний эрдмийн дуу бүжгийн чуулгын босго өндөр, шалгуур нь хатуу гэж сонссон. Түүнд тэнцэж дуучнаар ажиллах хүртэлх зам дардан байгаагүй байх?
-Гурван удаа шалгуулж байж дуучнаар орсон шүү. Эхний удаад шалгаж үзээд шууд авья гээгүй. Дахиж шалгуулаарай гэж байсан. Тухайн үед авчихмаар байсан ч орон тоо байхгүй байсан уу ямар ч гэсэн тэгж хэлээд буцаасан. Бид ангиараа очиж шалгуулсан юм. Гурав нь тэнд дуучнаар орсон. Одоо ангийнхан дотроосоо яг дуучнаар ажиллаж байгаа нь би.
-Мэргэжлийн байгууллагын босгыг алхахад тосч авсан багш хэн бэ?
-Үндэсний дуу бүжгийн чуулгын хамт олон бүгдээрээ бидний багш. Энэ дууг ингэж дуул, тэр дуунд тэрийг нь анхаар гээд тал талаас зааж зөвлөнө. Бид ч “Алив Нэргүй эгч ээ, хэлээд өгөөч”, “Амгалан эгч ээ туслаач” гэнэ.
Одоо ч асууж зөвлөгөө авах зүйл гардаг. Аль ч салбарт, ямар ч хүн байнга суралцаж.байдаг шүү дээ. Хамт олон, ахмад үе маань биднээс өмнө ардын урлагийн амт, үнэрийг мэдэрсэн хүмүүс. Захаасаа аваад бидэнд багшилж байгаа юм чинь.
Олон зүйлийг зааж, сургаж, дадлагажуулж өгсөн. Одоо ч хэлж, ярьж байдаг юм. Ардын урлагийг нуруундаа үүрч яваа сайхан хүмүүстэй хамт ажиллаж байгаадаа залуу уран бүтээлчийн хувьд бахархахын зэрэгцээ сэтгэл дүүрэн явдаг.
-Дуучин болохоор гараагаа эхэлж байсныг бодвол өнөөдөр урын сандаа олон. дуутай болсон байх?
-СУИС-ийг төгсөхөд нэг жил 7-8 дуу сурдаг юм. Нэг жил дуурийн ангид сурсан болохоор үлдсэн таван жилийг тооцвол 40 дуутай. Чуулгад ороод урын сангаа баяжуулсан. Мартагдсан дууг гаргаж ирэх, сэргээн дуулахад анхаарсан.
Мөн ард түмний дотор нийтлэг дуулагддаг дуунуудыг бүгдийг сурах хэрэгтэй. Оюутан байхад “Жаахан шарга”, “Энх мэндийн баяр” дууг заалгасан ч тэр дуунуудаар шалгалт өгөлгүй төгссөн. Сүүлд чуулгад ороод судалж сурсан.
Сүхбаатар аймагт нутгийнх нь дуу “Жаахан шарга”-ыг дуулахад халуун дотно хүлээн авч байсан. Тэгэхээр нутаг нутгийн дууг дуулж сурах нь чухал. Тоглолтоор явж байхад “Чи тэр дууг мэдэх үү” гээд асуудаг юм. Монголчууд дуучин ард түмэн шүү дээ.
Мөн ард түмний дунд төдий л түгээгүй нууцлагдмал үлдсэн дуунууд, тэдгээрийг дуулдаг буурлууд бий. Тэдэнтэй уулзаж судалгаа хийх, урын сангаа баяжуулахад багагүй анхаарч, өөрийгөө хөгжүүлж байна.
-Урын санд чинь зохиолын дуунууд хэр олон байна?
-60-70-аад оны сайхан дуунууд бий. “Хаврын шөнийн бодол”, “Би чамд хайртай” зэрэг дуунд понограм хийлгэсэн. Дуучин хүн би дуурийн дуулаач, эсвэл уртын дуучин гэж. баригдалгүй олон төрөлд өөрийгөө сорьж, хөглөж хөгжүүлж чаддаг байх хэрэгтэй болов уу.
Ингэж бодоод ардын урт, богино дуу, зохиолын дууг дуучин хүний хэмжээнд, мэргэжлийн дуучны хэмжээнд дуулж чаддаг байх зорилго тавьсан. Түүндээ хүрч, зорилгоо биелүүлж яваа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?
-Олон оронд уртын дуу, ардын урлагаа сурталчилсан. Өнгөрсөн жил Японд цунамид нэрвэгдсэн оюутнуудад туслах. хандивын тоглолтод эх орноо төлөөлж оролцсон. Гэр оронгүй болсон хоёр оюутны сургалтын төлбөрийг олоход дуу хоолойгоо өргөж сэтгэлийн дэмээр хөглөсөн.
Энэ жил ОХУ-д болсон ардын хөгжмийн наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхаа “Хөсөгтөн” хамтлагтай хамт оролцлоо. Өнгөрсөн сард Туркт болсон Олон улсын хөгжмийн 30 дахь удаагийн наадамд улсаа төлөөлж оролцоод ирлээ.
Цагаан сараар нэлээд хэдэн дуунд понограм хийлгэсэн. Заавал ардын хөгжим гэлгүй өөр хэмнэлд оруулж дуулвал сонирхолтой юм уу гэдэг үүднээс хоёр дууг урын сандаа оруулсан.
-Уламжлалыг хадгалахын зэрэгцээ шинэчлэлийг хэрхэн хослуулах талаар энэ салбарын тогоонд буцалж яваа залуу уран бүтээлчийн хувьд юу гэж үзэж байна?
-Хөдөлмөрлөж байгаа нэгийгээ хайрлаж, хүндэлж байх хэрэгтэй. Хүн чадахгүйгээс чадахаа хүртэл зүтгэж бүтээдэг шүү дээ. Рок, попынхноос эхлээд залуучууд тэр чиглэлд ихээхэн шинэчлэл хийж, ардын урлагаа хүмүүст хүргэж байна.
Уран бүтээлчид өөрийгөө байнга хөгжүүлж байх ёстой. Үеийн үед мартагдахгүй үлдэх ганц юм чинь ардын урлаг юм байна гэдгийг эстрадын дуучид маань мэдэрч байгаад баярладаг. Ардын урлаг мөнх оршиж, олон сайхан уран бүтээлчид түүнийг сурталчилж яваасай гэж хүсдэг.
Хэлийг нь мэдэхгүй ч урлагаар нь ойлгоно гэдэг шүү дээ. Аливаа улс орныг тольдох зүйл нь урлаг юм. Нөгөөтэйгүүр, би зарим зүйлд хэтэрхий хэлбийхгүй юм сан гэж боддог. Ардын аялгуу, ардын манер, айзам нугалааг зөв хадгалж явбал дараа дараагийн уран бүтээлчдэд хэрэгтэй.
Тэд бидний үлдээснийг сонсч түүгээр сургуулилт хийж сурна. Тийм болохоор ахмад үеийнхнийхээ нуруундаа үүрч ирсэн ардын урлагийн амт үнэрийг тэр чигээр нь цогц авч үлдэж, дуулж явахсан, өвлүүлж үлдээхсэн гэж боддог. Энэ үүднээс ардын дууны цомог гаргахаар бэлтгэж байгаа.
-Танай үеийнхэн хэний өв сангаас суралцаж байв?
-Эмэгтэй дуучид Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад, Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ, А.Нэргүй, гавьяат жүжигчин С.Сүглэгмаа нарын бичлэгийг сонсч сурч байсан. Алдарт дуучин Б.Лхамжав, Ж.Дорж-дагва, Д.Баттөмөр нарын алтан фонд дахь бичлэг, ардын дууны өвийг сонсч, судалж суралисан.
-Хувь уран бүтээлчийн зүгээс ардын дууны өв сангаа авч үлдэхсэн, үлдээхсэн гэж зорьдог юм байж, төрийн зүгээс анхаарал, оролцоо хэр байдаг вэ?
-Үнэнийг хэлэхэд төрөөс анхаарч, хэрэгжүүлж байгаа бодлого ардын урлагийн чиглэлд бага байдаг. Ардын урлагт дуртай, хайртай хүмүүсийн нуруун дээр явж ирсэн, одоо ч тэр хэвээр байна.
Ардын дуу, уртын дууны тэнхимийн багш нарын сэтгэл дотор байдаг ганц зүйл тэр учраас энэ хүртэл явж ирсэн. Түүнээс биш төрөөс дэмжиж тусалдаг, ардын урлагаа авч яваа, хөгжүүлж байгаа хүмүүсээ гэх бодлого хаягдчихсан. Гэхдээ байдал өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.
-Урлагт зүтгэж явахад цаг зав хэр гарах юм бэ. Ар гэртээ анхаарах боломж хэр байдаг вэ?
-Бусад салбарынхан ямар байдаг вэ түүнтэй л адил. Би урлагийнх гээд цаг завгүй, гэрийн бараа харахгүй байна гэж үгүй. Гэрийн ажлаа хийнэ, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гээд бүхий л ажлыг уран бүтээлийнхээ хажуугаар амжуулна.
-Ардын дууны тоглолт хийх гэж байгаа гэж дуулсан. Хэд дэх тоглолт вэ?
-Уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолтоо “Энх мэндийн баяр” нэртэйгээр энэ сарын 17-нд хийх гэж байна. Ардын дуунууд голчлон дуулна. Өнгөрсөн жил миний тоглолтыг үзсэн хүмүүс сэтгэл өндөр байсан.
“Сүүлийн жилүүдэд амьд хөгжимтэй ардын дууны тоглолт үзсэнгүй” гэсэн үгийг олон хүнээс сонсч урамшсан. Мөн миний дуу хоолойг сонсоогүй хүмүүст өөрийгөө таниулах үүднээс энэ жил дахин тоглолт хийхээр бэлтгэж байна.
-Тоглолтын тухай сонирхуулахгүй юу?
-Өнгөрсөн жилийн тоглолтод дуулсан дуунуудаа давтахгүй. Тэр тоглолтод 20 гаруй дуу дуулсан бол энэ жил дахин 20 дууг шинээр дуулна. Зохиолын дууг ийм хэмжээнд дуулдаг юм шүү гэсэн үүднээс уран бүтээлийн сангаас оруулсан.
Уртын дууг дуэть маягаар дуулсан уран бүтээлч манайд байхгүй. Тиймээс “Жаргалтайн дэлгэр” дууны шувуу, өвгөн хоёрын харилцаа дууг СУИС-ийн уртын дууны багш Б.Батболдтой хамтран дуулна. Ардын харилцаа дуу ч бий.
Уртын дууг хөөмийтэй хослуулж сүүлийн үеийн хөгжмийн шинэчлэлийг харуулсан бүтээлээ сонирхуулна. Чуулгын маань их найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, хөгжмийн гоцлоочоор Ч.Отгонбаяр хуучир хөгжмөөр оролцож байгаа. Мөн миний тоглолтод хүү маань дуулна.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Нэг хүүтэй, энэ жил 12 хүрнэ.
-Урлагийн хүн болох нь ээ?
-Ер нь дуулах их эвтэй, дуунд дуртай. Багын сонсгол сайтай. Аав, ээж хоёрынхоо дуунуудыг зэрэгцээд сурчихдаг байсан юм.
-Ингэхэд хөгжмийн зохиолч Н.Баасандорж та хоёрыг урлагийи сайхан гэр бүлийн нэг гэдгийг мэднэ. Гэвч сүүлийн үед тусдаа амьдрах болсон нь харамсалтай гэж фенүүд чинь ярихыг сонслоо. Энэ мэдээлэл хэр бодитой вэ?
-Тусдаа амьдраад жил шахам болж байна даа Гэтэл хүмүүс асуугаад л байдаг. Хүний сэтгэл жолоогүй гэдэг, ханилж байсан ханьдаа буруу өгч чадахгүй. Тэр хүн сэтгэлээ дагаад явсан болохоор хүүгээ өсгөж уран бүтээлээ хийгээд явж байна.
Болох байх гэж бодож байгаа шүү дээ, амьдрал баян болохоор. Ер нь хэлэхэд, салж сарнисан хүмүүс хэн хэндээ буруу өгөх гээд яах вэ. “Бурууг өөрөөсөө хай” гэж үг бий. Би аливаад тайван хүлээцтэй ханддаг “амьдрал баян” гэдэг үгийг хэлэх дуртай. Болохгүй юм болохгүйгээрээ л дуусдаг шүүдээ.
-”Хотын хөөрхөн охиныг сургууль дээрээ, багшийнхаа ширээний хажуугаас олж харсан” гэсэн дурсамжийг Н.Баасандоржийн ярилцлагаас хэдэн жилийн өмнө уншсанаа санаж байна. Оюутан цаг, анхны хайрын гэгээн сайхан дурсамж хэн хэний чинь сэтгэлд гэрэлтэж үлдсэн байх?
-Бид нэг багшийн шавь, оюутан байхдаа амьдралынхаа анхны алхмыг эхэлсэн. Сайхан хүүтэй.
-Тэгэхээр цаашид хамтарч хийсэн уран бүтээлээ яах вэ?
-Сэтгэл эмзэглэж байгаа нэг зүйл тэр л байна. Салаад явахад хамт дуулсан дуу өнчирдөг юм байна. Бид хамтдаа олон сайхан уран бүтээл хийж олны хүртээл болгож чадсан. Хүний амьдрал таашгүй, би тэгж явна гэж бодож болдоггүй юм байна.
Сайхан байсан амьдрал нэг л өдөр гэнэт өөр болчихсон. Хүний сэтгэлийг хорьж болдоггүй юм байна. Муу муухай үгээр хэлж давшлаад яах вэ гэж бодоод л үлдсэн.
-Уран бүтээлчид өмнөхөөсөө илүүг хийх зорилго тавьж бүтээж туурвидаг. Цаашид ямар зорилго тавьж байна?
-Цагийн юм цагтаа гэдэг. Яг одоо бол цомог гаргах, тоглолт хийхдээ анхаарлаа хандуулчихаад явж байна. Цаашид бодож төлөвлөсөн зүйлүүд бий, түүнийгээ тэр үед нь л ярья.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
Ч.Олдох
Эх сурвалж: “Өөр мэдээ” сонин