Амьдралд мартаж боломгүй дурсамжууд их ээ. Хүн ихэвчлэн хар муу дурсамжыг сэтгэлдээ хадгалдаг бол сайн сайхан дурсамжууд нэг л мэдэхэд замхарчихсан мартагдчихсан одчихсон байдаг. Миний энд өгүүлэх дурсамж ч мөн адил миний амьдралын мартагдашгүй нэгэн хэсэг түүх билээ. Хайр дурлал үзэн ядалт уур хилэн гээд л… Энэ бүгд хөврөн хөвөрсөөр үдэш бүрийн зүүдэнд минь зочилно. Хар дарна. Уйлагнана.. тэр л намуухан шөнийн нулимсны амт цусанд минь холилдож ирт сүхний хангинах чимээ бодлоос үл салах нь юутай шаналгаатай.
Энэ өдөр эхэлсэн он цаг тэр гэрэлт өдрийг би мартчихсан эсвэл хэзээ ч санаж байгаагүй байх. Аль нь ч байсан орчлонд хүн болон мэндлэх тэр өдөр аав минь цонхон доороо хос улиас мод тарьсан юм. Манайх 5 давхар байрны 2 давхарт амьдардаг байлаа. Мэдээ орсон цагаасаа л тэр моддын доор тоголж салхилж эрхлэн өссөн билээ. Бие минь өсөх бүрийд эр улиас ч мөн адил томрон томорсоор нэг л мэдэхнээ манай цонхноос хэтэрч 3 давхарыг өнгөрсөн байлаа. Харин эм улиас тийм ч өндөр ургасангүй ээ. Социалист нийгмийн үе л дээ. Нэг өдөр байрны дарга авгай мөн манай доод болон дээд айлын хүмүүс сүх хөрөө барьсаар эр модыг хэтэрхий өндөр ургасан тул тайрахаар болов. Балчир хүү байсан болохоор цонхоо нээн чагнавал мод нарыг халхалж гэрт нарны тусгал үл оруулах тул тайрахаар болсон гэнэ.Энэ л тэдний хувьд томоос том шалтаг байв. Тэр үед сэтгэлд минь ямар мэдрэмж төрсөнийг одоо бас л би сандаггүй гэлээ гэхдээ маш ихээр уйлан аав ээж ах эгч гээд л бүгдэнрүү нь тэр дор нь утас цохьлоо. Гар утас гэж байх биш албан байгууллагын хүнд сурталыг арай ядан ялан дийлж хэл хүргэлээ. Эгээ л дотны хүнд маань ямар нэг зүйл тохиолдсон мэт сандрав. Тэрхэн зуур хөрөө шурхийх чимээ орчныг бүрхэхэд би цонхоороо болиоч гэж хашгирсан боловч хүмүүсийн пар пар хийх дуу болон хөрөөний шаржигнаанд нам дарагдав. Ганц би хүчрэхгүйг мэдээд дуу хураагуур авчран болиоч болиоч гэх дууг хураан хамаг чангаар нь тавин өөрөө дагаж орилсон ч тусыг эс олвоо. Юу ч хийж чадахгүйдээ бухимдан хамаг л нулимсаа урсган суухад гэнэт чимээ дарагдан хэрүүл хийх нь сонсогдов. Зүрх минь хүчтэй цохилж цонхоор хартал хөөрхий аав минь тэр олон хүнтэй муудалцан тэмцэлдэж байлаа. Би ч зориг орон гэрээс гарч гүйн аавдаа очиж тэврүүлэхэд аав минь битгий уйл гээд духан дээр минь зөөлөн үнсэж билээ. Дараа нь ах ээж эгч минь ирлээ. Ямартай ч тэр өдөр бид хайрт улиасаа аварч үлдэж чадсым. Түүнээс хойш он цаг урссаар л моддын дор болзох түүн дээр B+E= love гэж сийлэх гээд л маш олон аз жаргалт өдрүүд өнгөрсөөр л… Эр улиас өдрөөс өдөрт хурдан томорсоор байшингаас ч өндөр болсон байлаа.. тэр гунигт өдрийг хүртэл. Хорооны дарга модыг тайрах тушаал гаргажээ. Ахиад л сүх хөрөө болсоор хэдэн залуус хийх ажилгүй авгай нар эгээ л дүүжлүүрийн ялтаг хороохыг сонирхох мэт харгис нүдээр харан зогсоно. Аз болж би тэр үед насанд хүрсэн залуу болсон байлаа. Бид гэр бүлээрээ гарч хориглож тэмцэлдэв. Ардчилал гарсан байсан учраас бас ч гэж хамгаалахад амар байсан билээ. Тэр даруйдаа байгаль орчны яамруу утасдаж байцаагчыг ирүүлэхийг гуйлаа. Тэр зуур модод айдас дарагдан биднийг хамгаалнаа гэж итгэн байсан бизээ хөөрхий. Цагаан цамц зангиа зүүсэн хүн ирж хороон дарга байрны дарга нартай уулзаж ярилцсаны эцэст эр модыг… түүнийг тайрахаар болов. Энэ үг яг л анд нөхрийг минь буудаж алах тогтоол унших мэт зүрхэнд минь тусч ухаан минь балартан өнөөх байцаагчын нүүрэн дундуур буулгаад авах нь тэр. Би бүүр алчихмаар санагдаж байсныг нуух юун. Аав минь намайг тэвэрч болохгүй хүү минь гээд гэрлүүгээ дагуулаад явахад 40 жил цэрэг байж хатуу ширүүн хал пал үзсэн аавын минь нүднээс нулимс унан байхыг анх удаа харсан юм. Юу болж байгааг харахыг хүсээгүй учир хөшигөө хаан хөгжимөө чанга тавин гуниглан бүхнийг мэдрэхгүй гэж хирэндээ л хичээн суулаа. Тэд ч ажлаа дууссан бололтой. Аав минь өрөөнд орж ирэн : Амьдралд хэцүү зүйл их гэвч тэвчээртэй бас ухаалаг байснаар л ялдаг юм шүү. Хийсэн бүхэнд хариуцлага гэж байдаг юм. Ирсэн бүхэн буцдаг юм шүү дээ гээд толгойг минь илээд гарахад дотор минь бага ч гэсэн онгойх шиг болов. Тэр шөнө би унтаж чадсангүй. Гадаа намуухан бас тогтуухан.. Салхины исгэрэх чимээ ч үгүй байлаа. Цонхоор харвал тайрч хаясан мод түүний хажууд гуниглах эм улиас…
Харахаас зүрх шимширч нулимс асгарч тэсэлгүй нүүрээ буруулан алхахад модны шаржигнах чимээ ард дугарах шиг болов. Хүчтэй салхи үгүй тогтуун байтал юун чимээ билээ арай ахиад нөгөөхийг нь гэсэн аймшигт бодол зурсхийн бууж эргэн цонхон дээрээ очтол сарын бүдэгхэн туяанд эм улиасны бөгтийсөн дүрсийг үзэгдэв. Яг л хугаран унаж буй мэт хэтэрхий доош бөхийжээ.Эргэн тойрон хүх хар үгүй байтал…… Гар минь салганаж тэрхэн зуурын ухаан самуурч нэг л мэдэхнээ сүх барьсаар эм улиасны хажууд би зогсож байв. Цорын ганц холтсон дээр түүний саглагар үзэмжит бие тогтон байлаа. Эцсийн ганц амьсгаа аван тэр чигт нь сүхээрээ дэлсэж орхиход ийш тийш модны хэлтэрхий үсэрч эм улиас хайрт хосынхоо дээр үхэдхийн унав.
Гарыг минь дагаж хүйтэн нулимс урссаар………….
Ээнэгшсэн дассан нөхдөө санан мод уйлж байна
Эргэн хүрээлэх хожуулыг харан мод гуниж байна
Эмээх айдасдаа дассан мод ганихарч байна
Ээлжээ хүсэн бодолд дарагдаж байна
Өчигдөрхөн байсан андуудаа дурсан мод уйлж байна
Өмөлзөж санан гэр бүлээ мод үгүйлж байна
Өнхрөөд нэг нэгээрээ хорогдох бүрхэг өдрүүдэд шаналаад
Өрнийн шаргал наранг цор ганцаар угтана
Хурын дусалыг хүсээд ч ирэхээ байжээ
Хулчийж шаналсан сэтгэл нь уйлсаар хатчихжээ
Хүмүүн бидний нүгэлийн хар мөрөнд
Хөөрхий мод гоморхон уйлж байна
Өнчирч үлдсэн мод уйлж байна
Өнө мөнхийн бус хорвоод заяагаа дагаж байна
Ижий ааваа санан уйлах хүүхэд шиг
Эхэр татан мод уйлж байна.
М.Батнайдвар